- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, НЯГТЛАН ШАЛГАХ, ДАВХАРДАЛ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ, ТАНИЛЦУУЛАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/11, А/22 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, НЯГТЛАН ШАЛГАХ,
ДАВХАРДАЛ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ, ТАНИЛЦУУЛАХ,
СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, түүнд өөрчлөлт оруулах, танилцуулах, хүргүүлэх, сонгогч шилжихэд энэ журмыг баримтална.
Хоёр. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах
2.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/-ын орон нутгийн хэлтэс /цаашид "Улсын бүртгэлийн хэлтэс" гэх/ иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг үндэслэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог баг, хороо бүрээр гаргаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хугацаанаас өмнө сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
2.2.Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлсэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэл /цаашид "цахим сан" гэх/-д тусгана.
2.3.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.2-д заасан мэдээллийг 3 хоногийн дотор нэгтгэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын эх хувийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.4.Энэ журмын 2.2-т заасны дагуу тусгасан мэдээллийг 5.1.1-т заасны дагуу шалгаж дуусмагц төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр сонгуулийн хэсгийн дугаарыг улсын хэмжээнд давхардахгүй байхаар тогтоох бөгөөд уг шийдвэрийг 5.1.2-т заасны дагуу шалгасны дараа ажлын 5 өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
2.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.4-т заасны дагуу тогтоосон сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг цахим санд давхардал, зөрчилгүй оруулна.
2.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.5-т заасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн дараах мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгана:
2.6.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэдийг тухайн сонгуулийн хэсэгт бүрэн бүртгэсэн эсэх;
2.6.2.сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг давхардалгүй, үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэсэн эсэх;
2.6.3.сонгуулийн эрх бүхий иргэний улсын бүртгэл, түүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан эсэх;
2.6.4.сонгуулийн эрх бүхий иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тусгасан эсэх;
2.6.5.тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй иргэн нас барсныг бүртгэсэн бол тусгасан эсэх;
2.6.6.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосныг бүртгэсэн бол тусгасан эсэх.
2.7.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.6-д заасан мэдээллийг цахим санд үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан тухай илтгэх хуудсыг иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.
2.8.Төрийн захиргааны байгууллага 2.2, 2.4, 2.6-д заасан мэдээллийг нягтлан шалгасны дараа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар /регистрийн дугаар/, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон сонгуулийн хэсэг тус бүрээр гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.
Гурав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах,
түүнд өөрчлөлт оруулах
3.1.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.8-д заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн сонгууль дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулна.
3.2.Энэ журмын 3.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулахдаа тухайн сонгогч өөрийн иргэний бүртгэлийн дугаар эсхүл регистрийн дугаарыг ашиглан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжийг хангасан байна.
3.3.Төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.1-20.6.3 дахь заалтад заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр "Тайлбар" хэсэгт "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ.
3.4.Төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.4, 20.6.5, 20.6.6 дахь заалтад заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэнэ.
3.5.Төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.8 дахь заалтад заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг цахим санд нягтлан шалгаж, хэрэв зөрчилтэй бол зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9.1, 20.9.2, 20.9.3, 20.9.4 дахь заалтад заасан өөрчлөлтийг цахим санд тусгаж, нягтлан шалгана.
3.7.Улсын бүртгэлийн хэлтэс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг, энэ журмын 3.3, 3.4, 3.6-д заасны дагуу өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө цахим сангаас 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч, 1 хувийг улсын бүртгэлийн хэлтэст авч үлдэнэ.
3.8.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.6-д заасан өөрчлөлтийн талаарх мэдээ, 3.7-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэж, сонгуулийн хэсгийн хороонд хүлээлгэн өгсөн тухай тайланг сонгуулийн санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
3.9.Улсын бүртгэлийн хэлтэс, итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 3.7-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэгт заасан дараах өөрчлөлтийг эх нотлох баримтыг үндэслэн нягтлан шалгасны үндсэн дээр цахим санд тусгаж, энэ тухай итгэмжлэгдсэн ажилтан Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ:
3.9.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
3.9.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хүйс зэрэг иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.9.3.нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.9.4.хуулийн 20.6 дахь хэсэгт заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт;
3.9.5.сонгогчийн шилжилттэй холбоотой өөрчлөлт.
3.10.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.9-д заасан мэдээллийг үндэслэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 6"-г хэвлэж, итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй мэдээлнэ.
3.11.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.9-д заасан өөрчлөлт, гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийг сонгогчдын нэрийн жагсаалтад сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө оруулна.
3.12.Улсын бүртгэлийн хэлтэс өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг /Маягт 1/-ийн дагуу цахим сангаас 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгнө.
3.13.Итгэмжлэгдсэн ажилтан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.6 дахь хэсэгт заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг үндэслэн "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт"-ыг Маягт-2 дагуу гаргана.
3.14.Сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүрэн бүтэн, нууцлал аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад сонгуулийн хэсгийн хорооны дарга хяналт тавьж ажиллана.
3.15.Энэ журмын 3.7, 3.12-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдөр дуусмагц сонгуулийн хэсгийн хорооны дарга тухайн шатны сонгуулийн хороонд, итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүлээлгэн өгнө.
Дөрөв. Сонгогч шилжих
4.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан дараах этгээд сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих хүсэлтээ "Сонгогч шилжих хүсэлт Маягт-4"-ийн дагуу шилжин очих сонгуулийн хэсгийн хорооны улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана.
4.1.1.сонгуулийн байгууллагын ажилтан;
4.1.2.мэдээллийн технологийн багийн гишүүн;
4.1.3.мэдээллийн технологийн даамал;
4.1.4.санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч;
4.1.5.итгэмжлэгдсэн ажилтан;
4.1.6.нэр дэвшигч;
4.1.7.нэр дэвшигчийн менежер;
4.1.8.нэр дэвшигчийн шадар туслагч.
4.2. Сонгогчийн шилжилтийг бүртгэхдээ дараах баримтыг үндэслэнэ.
4.2.1.Журмын 4.1.1-4.1.5-д заасан сонгогч бол тухайн байгууллагынх нь албан бичгийг;
4.2.2.Журмын 4.1.6-4.1.8-д заасан сонгогч бол эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэх.
4.3.Сонгогчийн шилжин очсон сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан "Сонгогч шилжих хүсэлт Маягт-4"-ийн дагуу сонгогчийг тухайн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэн сонгогчдын нэрийн жагсаалтын "Тайлбар" хэсэгт "Шилжин ирсэн" тухай нэмэлт тэмдэглэгээ хийнэ.
4.4.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.3-д заасан сонгогчид "Сонгогч шилжин ирсэн тухай хуудас-Маягт 5"-ыг бичиж, түүнийг холбогдох хэсгийг олгох бөгөөд сонгогчийн шилжилтийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтэст нэн даруй хүргүүлнэ.
4.5.Улсын бүртгэлийн хэлтэс шилжин ирсэн сонгогчийн мэдээллийг үндэслэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа Маягт 6"-г тухай бүр хэвлэж, итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлнэ.
4.6.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 4.5 дахь хэсэгт заасны дагуу цахим санд үүссэн лавлагааг үндэслэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа Маягт 6"-г тухай бүр хэвлэж, шилжин явсан сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүргүүлнэ.
4.7.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4.6-д заасан лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын "Тайлбар" хэсэгт тухайн сонгогчийг шилжсэн тухай "Шилжив" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ.
4.8.Энэ журмын 4.1.1-4.1.5 дахь хэсэгт заасан сонгогч шилжих тухайн байгууллагын албан бичиг, 4.1.6-4.1.8 дахь хэсэгт заасан сонгогчийн бүртгэлийг аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос шуурхай гаргуулан авч, сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлж, сонгогчийн шилжилтийг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлыг аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга хариуцна.
4.9.Аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга энэ журмын 4.8-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
Тав.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт
оруулах ажиллагаанд хяналт тавих
5.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын байгууллагатай хамтран сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах, хүргүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан дараах ажиллагаанд хяналт тавина:
5.1.1.энэ журмын 2.2, 2.5-д заасны дагуу цахим санд тусгасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сантай тулган шалгах;
5.1.2.энэ журмын 2.4-т заасан сонгуулийн хэсгийг улсын хэмжээнд давхардахгүй зөв дугаарласан эсэх;
5.1.3.энэ журмын 2.8, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.9-д заасан мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд тусгагдсан эсэх;
5.1.4.энэ журмын 3.10, 4.5, 4.6-д заасны дагуу хэвлэсэн "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 6" тус бүрийн нотлох баримт хууль, журамд нийцсэн эсэх;
5.1.5.сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг сонгуулийн хэсэг тус бүрийн компьютерт хуулах үйл ажиллагаа;
5.1.6.сонгогчдын нэрийн жагсаалт хэвлэх үйл ажиллагаа;
5.1.7.сонгогчийн бүртгэлийн тоног төхөөрөмж, иж бүрдлийг шалгах, хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл ажиллагаа;
5.1.8.Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа.
5.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч хянаж, баталгаажуулна.
5.3.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах, хүргүүлэх үйл ажиллагаанд зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэнэ.
Зургаа. Сонгогчийн мэдээллийг тулган шалгах
6.1.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тухайн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
6.1.1.төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд олгосон нэвтрэх кодоор сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарт нэвтэрч, тухайн сонгуулийн хэсгийн нээлтийн тайланг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;
6.1.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагаа эхэлмэгц тухайн сонгуулийн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн мэдээллийг сонгуулийн хэсгийн хорооны даргаас авч, саналын хуудас хүлээн авсан гарын үсэг зурсан нийт сонгогчийн тоог сонгуулийн хэсгийн хорооны даргын мэдээлсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоотой тулгах;
6.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарт иргэний бүртгэлийн дугаар эсхүл регистрийн дугаараар бүртгэж, Сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;
6.1.4.энэ журмын 6.1.3-т заасан ажиллагааг хийсний дараа санал авах байранд ирсэн сонгогчийн бүртгэлийг эхлүүлэх;
6.1.5.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулан таниулж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасны дагуу бэхэн тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгаж, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарын зураг, бусад мэдээлэлтэй тулган, зөрчилгүй бол Сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
6.1.6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт заасан сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон тохиолдолд сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа дахь мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар /регистрийн дугаар/, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг өөрт байгаа сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, жагсаалтын "Тайлбар" хэсэгт тэмдэглэл үйлдэх;
6.1.7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.8 дахь хэсэгт заасан гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа дахь мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар /регистрийн дугаар/, байнга оршин суугаа газрын хаяг, зургийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар дахь мэдээлэлтэй тулгаж, жагсаалтын "Тайлбар" хэсэгт тэмдэглэл үйлдэх;
6.1.8.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн ирц бүртгэлийн программаас сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд өгч, 1 хувийг өөрт үлдээх.
6.2.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.1-д заасны дагуу сонгогчийн мэдээллийг тулган шалгахад тухайн сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарт бүртгэгдээгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгохгүй.
6.3.Сонгогчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагааны хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.
6.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний үндэсний энгийн гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг уншуулан таниулж, мэдээллийг тулган шалгасны дараа сонгуулийн хэсгийн хорооны дарга болон түүнд олгосон кодоор "Түр хасав" нэмэлт тэмдэглэгээг сэргээж, сонгогчдын нэрийн жагсаалтын "Тайлбар" хэсэгт энэ тухай тэмдэглэнэ.
6.5.Энэ журмын 6.4-т заасан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгосныг баталгаажуулж гарын үсэг зурна.
6.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 6.5-д заасан сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
6.7.Төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарт нэвтрэх, сэргээх, нээх, хаах, түгжих кодыг сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгсөн байна.
6.8.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн нээлтийн, явцын, хаалтын тайланг эрх бүхий төрийн байгууллагаас тогтоосон хугацаанд хэвлэж, Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлнэ.
Долоо. Бусад
7.1.Улсын бүртгэгч "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа"-г хэвлэж, лавлагаанд өөрийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсэг зурах бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.
7.2.Улсын бүртгэлийн хэлтэс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээлгэн өгнө.
7.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
- оОо -
Текст томруулах
A
A
A