- Нүүр
- Сайдын тушаал
- ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16 – ны өдрийн А/66 дугаар тушаалын хавсралт
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид сургууль гэх/-д дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэн суралцагчид суралцахад шаардагдах сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт /цаашид Элсэлтийн шалгалт гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалт /цаашид монгол хэл, бичгийн шалгалт гэх/-ыг зохион байгуулах, олон улсын шалгалт өгсөн шалгуулагчийн дүн оноог элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
Хоёр. Элсэлтийн болон монгол хэл, бичгийн шалгалтын бүтэц, агуулга
2.1.Элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна.
Тайлбар: Энэ журмын 2.1 дахь заалтыг 2025 оныг дуустал мөрдөнө.
Тайлбар: Энэ журмын 2.2 дахь заалтыг 2026 оноос мөрдөнө.
2.2.1."Суралцах чадварын шалгалт"-ын агуулга нь ерөнхий боловсролын монгол хэл, бичиг, математикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг, чадварыг үнэлэхэд чиглэсэн нэгдмэл шалгалт байна.
2.2.1.1.элсэгч бүр "Суралцах чадварын шалгалт"-ыг заавал өгсөн байна.
2.2.1.2."Суралцах чадварын шалгалт"-ын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
2.2.1.3.Шалгуулагч нь "Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.
2.2.1.4."Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
2.2.2."Судлагдахууны 2 түвшинт шалгалт" нь англи хэл-I, англи хэлний олон улсын шалгалт, математик-I, II, монгол хэл-I, II, орос хэл-II, байгалийн ухаан-I, II, III, нийгмийн ухаан- I, II, III гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна.
2.2.2.2."Нийгмийн ухаан-I" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон судлах, түүх, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-II" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлийг сонгон судлах, нийгмийн ухаан, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-III" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн хичээлийг сонгон судлах, түүх, нийгмийн ухаан хичээлийг заавал судлах, хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.
2.2.2.3.Монгол хэл-II, математик-II, орос хэл-II шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, математик, орос хэлний судлагдахууны сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.
2.3.Элсэгч сонгосон мэргэжил /хөтөлбөр/-ээс хамааран "Ур чадварын шалгалт" өгнө.
Тайлбар: Энэхүү заалт нь тус журмын 2.1, 2.2 дахь заалтад хамаарна.
2.3.1."Ур чадварын шалгалт"-ыг элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, сэтгэц, зан үйлийн байдал, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.
2.3.2.Элсэгчийн ур чадварын шалгалтын оноо нь тухайн шалгалтыг өгсөн сургууль, мэргэжлийн хувьд л хүчинтэй байна.
2.5. Элсэлтийн шалгалт өгч буй бүх иргэн монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр уншиж, бичих чадвар, эх зохион найруулан бичих чадвар гэсэн 4 агуулгын хүрээнд байна. Тус шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
2.6.Шалгуулагч нь "монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.
2.7."Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
2.8.Элсэлтийн шалгалтын батламж хуудас нь цахим хэлбэртэй байх ба шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байна.
Гурав. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт
3.1.Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна.
3.2.Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан байгууллага элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.1.Элсэлтийн шалгалтын товыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно
3.2.2.Элсэлтийн шалгалтыг зохион байгуулах удирдамжийг батлах
3.2.3.Элсэлтийн шалгалтыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, үр дүнг нэгтгэн тайлагнах
3.2.4.Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацааг товлож, онлайнаар бүртгэх ажлыг зохион байгуулах
3.2.5.Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хураамжийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр шинэчлэн тогтоох
3.2.6.Элсэлтийн шалгалтын судлагдахуун бүрээр блюпринтийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх
3.2.7.Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтын сэдэв даалгаврыг дээд боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын төлөөллийг оролцуулан баталсан блюпринтийн дагуу боловсруулах
3.2.8.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хангах
3.2.9.Элсэлтийн шалгалт, монгол хэл, бичгийн шалгалт сэдэв даалгавар боловсруулах, хэвлэх, савлах, хадгалах, хүргүүлэх, илгээх ажил нь албаны нууцад хамаарах ба нууцлалыг ханган аймаг, дүүрэг дэх шалгалтын байранд хүргүүлэх, илгээх, хадгалах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх
3.2.10.Илгээхэд бэлэн болсон нууц баримт бичгийн лац, битүүмжлэлийг нууц хамгаалах ажилтан шалгаж, тусгай шуудангийн албанд хүлээлгэн өгөх
3.2.11.Шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг хангах
3.3.Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас өгөгдсөн удирдамж, заавар чиглэлийн дагуу дэмжлэг үзүүлэн дараах үүргийг хэрэгжүүлэн хамтран ажиллана.
3.3.1.Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчдийг цахим бүртгэлд бүрэн хамруулах, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг орон нутагтаа зохион байгуулах.
3.3.2 Элсэлтийн шалгалт зохион байгуулах шалгалтын байрыг тухайн жилийн төгсөгч, шалгалтад бүртгүүлэгчдийн нийт тоонд баримжаалан бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, орчныг бэлтгэх.
3.3.3.Элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын байранд ажиллах зохион байгуулагч, хянагч багш нарыг тавигдах шаардлагын дагуу сонгох, бэлтгэх, үүрэгжүүлэх.
3.3.4 Элсэлтийн шалгалт зохион байгуулахаар Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас томилогдон ирсэн багтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.
3.4.Шалгалтыг Улаанбаатар хотын цагаар орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.
Дөрөв. Шалгалтын үр дүнг мэдээлэх, тайлагнах
4.1. Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтын үр дүнг анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо, амжилтын чанарын индекс гэсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргана.
4.2. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.
4.3. Элсэлтийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.
4.4. Шалгалтын үр дүнг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар дамжуулан шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нээлттэй мэдээлнэ.
4.5. Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтыг бүрэн зохион байгуулж дууссаны дараа шалгалтын үр дүнг шалгуулагч бүрээр гаргаж, дээд боловсролын сургалтын байгууллагад цахимаар хүргэх бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, системийн нууцлалыг ханган мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.
4.6. Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь элсэлтийн шалгалтын статистик дүн мэдээг тайлангийн цахим систем ашиглан нийтэд нээлттэй мэдээлнэ, мөн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Тав.Шалгуулагчийн эрх үүрэг
5.1.Элсэлтийн шалгалтыг бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.
5.2.Шалгуулагч нь энэ журмын 2.1, 2.2-д заасан хичээлээс 2 ба түүнээс дээш хичээлийг сонгон өгч болно.
5.3.Тусгай хэрэгцээт шалгуулагч элсэлтийн шалгалтад хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлт бүхий албан бичиг баримтад үндэслэн Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад өргөдөл гарган шаардлагатай орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангуулна.
5.4.Элсэлтийн шалгалтын бүртгүүлэгч нь бусдаас үл хамааран өөрийн хүсэлтээр хичээл сонголтыг хийнэ.
Зургаа. Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх
6.1.Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг олон улсын шалгалтын үнэлгээг дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.
6.2.Олон улсын хөтөлбөрөөр хичээллэн, ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх болон элсэлтийн шалгалтад хамрагдаж, аль өндөр үнэлгээгээрээ сургуульд элсэн орж болно.
6.3.Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрүүд
6.3.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:
6.3.1.1.Кембрижийн АS/A түвшний дараах хөтөлбөрийн олон улсын шалгалт
№ | Кембрижийн AS, А түвшин | Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх | Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
1 | English 9093, 9695, 8695, 8021 хөтөлбөр | Англи хэл | Англи хэл-I |
2 | Mathematics 9709, 9231 хөтөлбөр | Математик | Математик-II |
3 | Physics 9702 хөтөлбөр | Физик | Байгалийн ухаан-I |
4 | Chemistry 9701 хөтөлбөр | Хими | Байгалийн ухаан-II |
5 | Biology 9700 хөтөлбөр | Биологи | Байгалийн ухаан-III |
6 | Geography 9696 хөтөлбөр | Газар зүй | Нийгмийн ухаан-III |
6.3.1.2.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн хоёр түвшний шалгалт
№ | IB | Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх | Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
1 | English SL, HL | Англи хэл | Англи хэл-I |
2 | Mathematics SL, HL | Математик | Математик-II |
3 | Physics SL, HL | Физик | Байгалийн ухаан-I |
4 | Chemistry SL, HL | Хими | Байгалийн ухаан-II |
5 | Biology SL, HL | Биологи | Байгалийн ухаан-III |
6 | Russian SL, HL | Орос хэл | Орос хэл-II |
7 | Geography SL, HL | Газар зүй | Нийгмийн ухаан-III |
6.3.2.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:
№ | Шалгалт | Элсэлтийн шалгалт 2025 оныг дуустал мөрдөх | Элсэлтийн шалгалт 2026 оноос мөрдөж эхлэх |
1 | TOEFL /IBT/ | Англи хэл | Англи хэл-I |
2 | IELTS | Англи хэл | Англи хэл-I |
3 | PTE | Англи хэл | Англи хэл-I |
4 | SAT-Math | Математик | Математик-II |
5 | SAT-Evidence-Based Reading and Writing | Англи хэл | Англи хэл-I |
6.4.Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургууль төгссөн болон төгсөх ангид суралцаж байгаа, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй Монгол улсын иргэн, оюутан, суралцагчид хамрагдах боломжтой.
6.5.Үнэлгээ дүйцүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
6.5.1.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна.
6.5.2.Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажсан байна.
6.5.3.Оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй байна.
6.6.Үнэлгээг дараах алхмуудын дагуу дүйцүүлнэ. Үүнд:
6.6.1.Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
6.6.2.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацааг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын www.eec.mn цахим хуудсаар тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс өмнө зарлаж зохион байгуулна.
6.6.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас"-ыг цахимаар олгоно.
6.6.4.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар ирүүлнэ. Үүнд:
6.6.4.1.Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт
6.6.4.2.Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
6.6.4.3.Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөр болон шалгалтын сертификат, дүнгийн хуудасны хуулбар
6.6.4.4.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/
6.6.4.5.Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/
6.6.5.Оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлтийн хариуг энэ журмын 6.6.2-т заасан цахим хуудсаар орж харна.
6.6.6.Оюутан, суралцагчдын дүйцүүлсэн оноог элсэлтийн шалгалтын үндсэн жагсаалтад оруулахгүй ба харгалзах хичээлийн жагсаалтад онооны дагуу байршуулж тусад нь жагсаалт үүсгэн Боловсролын үнэлгээ, арга зүйн төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагад хүргэнэ.
6.7.Үнэлгээг дараах аргачлалаар дүйцүүлнэ. Үүнд:
6.7.1.Олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээг баталгаажуулах сертификат нь дүйцүүлэх үнэлгээний гол баримт бичиг болно.
6.7.2.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг (AS, А) элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд суралцагчдын олон улсын шалгалтын дүнгийн хуудсан дээрх тоон (percentage uniform mark) болон үсгэн хэлбэрээр бичигддэг үнэлгээг дүйцүүлэхэд ашиглана.
6.7.3.Кембрижийн олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дараах утгуудад харгалзуулан тооцно.
АS түвшин | a /90-100/ | a /80-89/ | b | c | d |
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C |
А түвшин | А* | А | B | C | D |
Элсэлтийн шалгалт | A | A | A- | B | B- |
6.7.4.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн стандарт түвшний үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд
IB /SL-стандарт түвшин/ | 7 | 6 | 5 | 4 |
Элсэлтийн шалгалт | A- | B | B- | C |
6.7.5.Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн ахисан түвшний үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд
IB /HL-ахисан түвшин/ | 7 | 6 | 5 | 4 |
Элсэлтийн шалгалт | A | А- | B | B- |
6.7.6.TOEFL, IELTS болон PTE шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд /оноогоор/
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C | C- |
TOEFL /IBT/ | 102-120 | 94-101 | 79-93 | 60-78 | 46-59 | 35-45 |
IELTS | 7.5-9 | 7 | 6.5 | 6 | 5.5 | 5 |
PTE | 76-89 | 66 | 56 | 46 | 36 | 29 |
6.7.7.SAT-ийн үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхэд
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C | C- |
SAT | 800 | 750 | 700 | 650 | 600 | 550 |
6.7.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C | C- |
Үсгэн үнэлгээтэй дүйцүүлбэл | A | A- | B | B- | C | C- |
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C | C- |
Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл | 90-100% | 80-89% | 70-79% | 60-69% | 50-59% | 40-49% |
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C |
Тоон үзүүлэлтээр дүйцүүлбэл | 5 | 4.5 | 4 | 3.5 | 3 |
Элсэлтийн шалгалт | A | A- | B | B- | C | C- |
Оноогоор дүйцүүлбэл | 90-100 | 80-89 | 70-79 | 60-69 | 50-59 | 40-49 |
6.7.9.Олон улсын шалгалтад авсан үнэлгээг Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана.
6.7.10.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийн тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцож гаргана.
6.7.11.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн 2 жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ.
6.7.12.Дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Долоо: Өргөдөл, гомдол гаргах, хүлээн авах, хариу өгөх
7.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
7.2.Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно.
7.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэж авна.
7.4.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг биечлэн болон утсаар, цахим шуудангаар, дүрст дуудлага ашиглан өгч болно.
Найм: Бусад
8.1.Элсэлтийн шалгалтын үр дүн нь сургалтын байгууллага болон багш, хувь хүнд хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
8.2.Элсэлтийн шалгалтын бүртгүүлэгч нь өөрийн эрхийн хүрээнд хичээл сонголтыг хийх бөгөөд сургуулийн удирдлага болон багш нар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
8.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A