- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- БАРИЛГЫН УГСРАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25 –ний өдрийн А/800 дугаар захирамжийн хавсралт
БАРИЛГЫН УГСРАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь барилгын хууль тогтоомж хэрэгжүүлэх, барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх, барилгын талбайн болон орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Журам нь Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акттай нийцсэн.
1.3. Энэхүү журмыг Увс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, барилгын үйл ажиллагаа эрхлэх хөдөлмөрийн харилцаанд орж буй нийт иргэд заавал дагаж мөрдөнө.
Хоёр. Барилгын үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалтад тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага
2.1. Хөрөнгө оруулагч болон захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан /цаашид ХАБЭА гэх/-г томилох, талбайн зохион байгуулалтын зургийг тусад нь хийж батлуулах, гүйцэтгэгч тал батлагдсан зургийг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд барилгын үйлдвэрлэлийн талбай нь хууль тогтоомжид зааснаас гадна дор дурдсан шаардлагыг хангасан байна.
2.1.1. Журмын 2.1-д дурдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талбайн зохион байгуулалтын зурагт барилгын үйлдвэрлэлийн талбайн зам гарц, ажиллагсдын түр байр, хоолны болон бие засах газар, материал хураах талбайн байршил, машин механизм байрлуулах болон тэдгээрийн орох гарах гарц, аюултай бүсийг тодорхойлсон тэмдэг тэмдэглэгээг харуулсан байх бөгөөд уг схем зургийг 2хЗм-ээс багагүй хэмжээтэй, бүгдэд харагдахуйц байхаар ил байрлуулсан байх;
2.1.2. Барилгын талбайн орох хаалганы орчимд журмын 2.1.1-д заасан схем зургаас гадна дор дурдсан мэдээллийг агуулсан мэдээллийн самбарыг олон нийтэд харагдахуйц байрлуулсан байна. Үүнд:
2.1.2.1. Баригдах барилгын тухай мэдээлэл;
2.1.2.2. Барилгын захиалагч, ерөнхий гүйцэтгэгч компаний нэр, хаяг, холбоо барих утас;
2.1.2.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэр, холбоо барих утас;
2.1.3. Үйлдвэрлэлийн талбайн ажлын хэсэг нь барилгын ойролцоох гаднах орчинд зорчих иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангасан, тэдний нэвтрэх боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байна. Үйлдвэрлэлийн талбайн хамгаалалтын хашаа нь 1,8 м-ээс багагүй өндөртэй, хотын өнгө үзэмжид нийцсэн байх ба хүн зорчих хэсэгт хамгаалалтын үргэлжилсэн саравчтай байна. Саравч нь гадны ачааллын үйлчлэлийг даахаар тооцогдон хийгдсэн байна.
2.1.4. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх болон дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байх;
2.1.5. Гэрэлтүүлэг нь ажиллагсдын ажиллах нөхцөлийг бүрэн хангахуйц бүх талбайг жигд, нүд гялбахгүйгээр тод гэрэлтүүлж байх;
Гурав. Барилгын үйл ажиллагаанд оролцогчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиг үүрэг
3.1. Барилгын захиалагч нь Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дор
дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1. Захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг захиалагч байгууллага бүрэн хариуцана.
3.1.2. Журмын 3.1.1-д дурдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөнд барилгын үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалт болон үйлдвэрлэлийн дамжлагыг төлөвлөхөөс гадна дараах нөхцөлүүдийг заавал тусгасан байна. Үүнд:
3.1.2.1. Барилга үйлдвэрлэлийн нийтийг хамгаалах хэрэгслүүд буюу түр гадна хашаа, барилга угсралтын үед ашиглах барилгын түр гадна шат, унах аюулаас хамгаалах түр хашлага, хаалт, тороос, ажилчдын түр ахуйн байр, аюулын бүсийг тогтоосон түр хашлага;
3.1.2.2. Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм /БнбД 81-94-12/-ийн 4.6.6-д заасан барилгын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зардлыг заавал тусгасан байна.
3.1.3. Журмын 3.1.1, 3.1,2-д заасан төлөвлөгөөний биелэлт, түүний санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавина.
3.1.4. Захиалагч, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн хяналтаас тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжийн дагуу хангаж ажиллах.
3.1.5. Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардагдах хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар төлөвлөгөө гарган батлуулах.
3.1.6. Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан тогтмол ажиллуулна.
3.1.7. Осол гарах нөхцөл бүрдсэн болон гарсан үед гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3.1.8. Ажлын талбай дээр ажиллагсдын ариун цэвэр, ахуйн үйлчилгээний байр /өлгүүр, гутал хувцас солих, гар нүүр угаах, хооллох, амрах, дулаацах, бие засах болон бусад/-аар хангах, хяналт тавих;
3.1.9. Онцгой буюу эрсдэлтэй үед ажиллах нөхцөлд ажилтанд ажил үүргийн онцлогт нь тохирсон нэмэлт хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах;
3.1.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнтэй адилтгах үйл ажиллагааг зохион байгуулах;
3.1.11. Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах;
3.1.12. Ажилтны эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх багаж хэрэгслээр хангах;
3.1.13. Барилга угсралтын үе шатны ажлуудыг зэрэг явуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.
3.1.14. Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад зарцуулах хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, зарцуулаагүй үлдээсэн бол буцаан шилжүүлэх.
3.2. Туслан гүйцэтгэгч нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.1. Ерөнхий гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хангаж ажиллах;
3.2.2. Өөрийн ажиллагсдын ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд бүрэн хэрэглүүлж хэвшүүлэх;
3.2.3. Ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нөхцөлийг тодорхой тусгаж өгөх;
3.2.4. Барилгын ойр орчмын хаалт, хамгаалалт, байгууламжуудыг эвдэж гэмтээхгүй байх, тэмдэг тэмдэглэгээ, схем зураг, санамжийг дагаж мөрдөх, анхаарал болгоомжтой хандах;
3.2.5. Өөрийн ажил үүрэгт хамааралгүй бүсэд нэвтрэхгүй байх.
3.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, багийн чиг үүрэг, тавигдах шаардлага:
3.3.1. Ажил олгогчийн өмнө ажлаа хариуцан тайлагнах;
3.3.2. Тухайн ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааврыг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулах;
3.3.3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар сургалтын хөтөлбөр боловсруулж, ажилтнуудад сургалт зохион байгуулах;
3.3.4. Журмын 3.2.1-д заасан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу сар тутамд хийх ажлыг нарийвчлан төлөвлөж, хөрөнгө зардлын хэмжээг тооцож батлуулах;
3.3.5. Ажилтныг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангуулах;
3.3.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж хөдөлмөрийн таатай орчин бий болгох, гарч болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээ авах талаар ажил олгогч болон бусад нэгж, хэсгийн удирдлага, албан тушаалтанд шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
3.3.7. Учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэлх хугацаагаар зогсоох;
3.3.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, журам, хууль зөрчсөн ажилтан, албан тушаалтанд арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх талаар ажил олгогчид санал тавьж шийдвэрлүүлэх;
3.3.9. Эрх бүхий байгууллагаас батлагдсан "Ажлын байрны тодорхойлолт"-д заасан осолд дөхсөн тохиолдол бүрийг бүртгэж, гарсан ослыг ажлын байр шалтгаанаар нь судалж, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.3.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж сертификаттай мэргэшсэн байна.
3.4. Барилгын үйл ажиллагаанд оролцож буй ажилтан холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
3.4.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам"-д заасны дагуу сургалтад хамрагдах;
3.4.2. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах, мөрдөх, зааварчилгаа аваагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах;
3.4.3. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдах, хангахыг шаардах;
3.4.4. Ажил олгогчоос олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд тогтмол хэрэглэж хэвшсэн байх;
3.4.5. Ажиллах болон амрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөлөөр хангагдах, хангахыг шаардах;
3.4.6. Ажлын байранд учирч болзошгүй аюул, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах үед ажил олгогчид яаралтай мэдэгдэх;
3.4.7. Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, бусдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлага тавих, болзошгүй тохиолдолд өөрийгөө хамгаалах, бусдад анхны тусламж үзүүлэх үүрэгтэй.
3.5. Энэхүү журмын 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5-д дурдсан барилгын үйл ажиллагаанд
оролцогчид болон иргэд, олон нийт дараах үүргийг хүлээнэ.
3.5.1. Энэ журмын 1.2-т заасан болон бусад хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг чанд мөрдөж сахих;
3.5.2. Ажлын байранд болзошгүй ослын үед мэдээ, дохио өгөх, холбоо барих арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх;
3.5.3. Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах;
3.5.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, багийн тавьсан шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй.
3.5.5. Гүйцэтгэгч байгууллага нь ажиллагсдаа гэнэтийн осол, эрсдэлээс хамгаалсан сайн дурын даатгалд хамруулж болно.
Дөрөв. Иргэд, олон нийтийн эрх, үүрэг
4.1. Барилгын үйл ажиллагаанд иргэд дараах эрх, үүрэгтэй оролцоно.
4.1.1. Барилгын үйл ажиллагаа эрхлэгчдэд хөдөлмөрийн болон нийтийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлага тавих;
4.1.2. Нийтийн аюулгүй байдал алдагдсан, өөрийн болон нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл тухайн барилгын захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч болон бусад холбогдох байгууллагад гомдол, мэдээлэл, шаардлага гаргах;
4.1.3. Барилгын үйл ажиллагаатай холбоотой гэм хор учирсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тухайн буруутай этгээдээс гэм хорын хохирлоо шаардах;
4.1.4. Барилгын талбайд нэвтрэх зайлшгүй шаардлагатай этгээд /байранд захиалга өгсөн иргэн, хяналт, шалгалтын хүмүүс гэх мэт/ тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах;
4.1.5. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх, хамгаалах дуулга малгай болон шаардлагатай үед бусад хамгаалах хэрэгсэл заавал хэрэглэх;
Журмын 4.1.4-д заасны дагуу барилгын талбайд нэвтэрсэн үед тухайн байгууллагын ажилтны хамт, байрлуулсан схем зургийн зөвшөөрөгдсөн маршрутын дагуу явж танилцах;
4.1.6. Барилгын ойр орчмын хаалт, хамгаалалтыг эвдэж гэмтээхгүй байх, тэмдэг тэмдэглэгээ, схем зураг, санамжийг дагаж мөрдөх, анхаарал болгоомжтой хандах;
4.1.7. Үндэслэлгүйгээр барилгын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Тав. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа
5.1. Ажилтныг ажилд гаргахдаа тухайн өдрийн ажлын чиг үүргийг тодорхойлж, гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг уг ажлыг хариуцсан хэсгийн ахлагч хүн бүрд өгч гарын үсэг зуруулж баталгаажуулна. Тухайн өдөр хэрэгжүүлэх ажил үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөгдсөн ажил үүрэгтэй нь холбоотой зааварчилгааг давтан өгч гарын үсэг зуруулж баталгаажуулна.
5.2. Ажилтны ажлын цагийн бүртгэл хөтөлж, ирсэн, явсан цагийг тухай бүр тэмдэглэж, ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.
5.3. Барилгын үйлдвэрлэлийн талбайд зайлшгүй шаардлагаар гадны хүн, зочид, төлөөлөгчдийг нэвтрүүлэх тохиолдолд хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлаг өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт
6.1. Барилгын үйлдвэрлэл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг дараах байдлаар зохион байгуулна.
6.1.1 Тухайн барилгын ХАБЭА-н ажилтан өдөр бүр ажил эхлэхийн өмнө болон ажлын явцад хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг анхан шатны хяналтын дэвтэрт тэмдэглэж, тэдгээрийг арилгах арга хэмжээг төлөвлөж, хариуцах, гүйцэтгэх ажилтныг тодорхойлж, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Долоо. Барилгын үйлдвэрлэлийн талбайд байх бичиг баримтууд
7.1. Барилгын үйлдвэрлэлийн талбайд дараах бичиг баримтыг заавал байлгана.
7.1.1. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;
7.1.2. Ерөнхий болон туслан гүйцэтгэн аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
7.1.3. Аж ахуйн нэгж, байгууллагын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ;
7.1.4. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл;
7.1.5. Талбайн зохион байгуулалтын зураг;
7.1.6. Инженер, техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдын мэргэжлийн үнэмлэх;
7.1.7. Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх;
7.1.8. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадалгаа;
7.1.9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээний төлөвлөгөө, зардлын тооцоо;
7.1.10. Барилгын ажлын талбайн журнал;
7.1.11. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх дэвтэр;
7.1.12. Ажилтны цагийн бүртгэлийн дэвтэр;
Найм. Хориглох зүйл
8.1. Барилгын үйлдвэрлэлд оролцогчид болон иргэдэд холбогдох хууль тогтоомжид
зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно.
8.1.1. Барилгын талбайн гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбайн хаалт хамгаалалт, тэмдэг тэмдэглээ, камержуулалт бүрэн хийгээгүй тохиолдолд барилгын үйлдвэрлэлийн ажил эхлүүлэхийг;
8.1.2. Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг;
8.1.3. Туслан гүйцэтгэгч нь тухайн объект дээр өөр туслан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг;
8.1.4. Хашлагагүй захын хийц буюу 1.5 метрээс дээш өндөрт ажиллахдаа хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг;
8.1.5. Гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэхийг;
8.1.6. Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтан ажилд гаргахыг;
8.1.7. Шөнийн цагаар ажилласан ажилтан амраахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулахыг;
8.1.8. Материал, бүтээц, хийц эдлэхүүнийг хашаа, мод, барилга, түр байгууламжид налуулан байрлуулахыг;
8.1.9. Барилгын үйлдвэрлэлийн талбайд орчныг бохирдуулах,
8.1.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг;
8.1.11. Барилгын талбайд гүйцэтгэгчийн зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагүйгээр нэвтрэхийг;
8.1.12. Барилгын үйлдвэрлэлийн талбайд өргөх, зөөх механизмыг оосорчид, дохиочингүйгээр ажиллуулахыг;
8.1.13. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн ажилчдаар ажил гүйцэтгүүлэх, засвар үйлчилгээ хийлгэхийг;
8.1.14. Барилгын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, хамгаалах дуулга өмсөөгүй гадны хүн, ажил гүйцэтгэх чадваргүй буюу тухайн талбайд ажиллах ёсгүй ажилтныг нэвтрүүлэхийг тус тус хатуу хориглоно.
8.1.15. Барилгын захиалагч тал зөвшөөрөл өгөөгүй байхад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийг;
8.1.16. Нийтийн эзэмшлийн зам, талбайг Зөвшөөрлийн тухай хуулиар эрх олгогдсон этгээдийн зөвшөөрөлгүйгээр хаалт хамгаалалт хийх, сэтлэх, буулгах;
8.1.17. Захиалагч, гүйцэтгэгч хамтран эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийг;
Ес. Хариуцлага
9.1. Энэхүү журмыг зөрчсөн тухай хууль, хяналтын байгууллагын дүгнэлт, шийдвэр гарсан тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлэх үйл ажиллагааг түр зогсооно.
9.2. Энэхүү журмын 9.1-д заасан зөрчлөө арилгахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн тохиолдолд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
9.3. Журмын хэрэгжилтэнд холбогдох хяналтын байгууллага хяналт тавьж буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A