A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 259 дүгээр тушаалын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ПАСПОРТЖУУЛАХ ЖУРАМ

 

                                                      Нэг. Ерөнхий зүйл

 

         1.1. Энэхүү журмаар Монгол Улсын хэмжээнд шинээр барьсан, ашиглаж байгаа, өргөтгөсөн, шинэчилсэн, засварласан, хүчитгэсэн барилга байгууламжид чанар, аюулгүй байдлын түвшингээр ашиглалтын гэрчилгээ олгох болон төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж паспортжуулах /цаашид паспортжуулалтын дүгнэлт гэх/ үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.

         1.2. Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, гэнэтийн осол, аюулын улмаас ноцтой эвдрэл гэмтэл үүссэн барилга байгууламжийн төлөв байдал, бат бэх, найдвартай ажиллагааны түвшин, аюулгүй ажиллагааг тогтоох, ашиглалтын гэрчилгээний төрлийг өөрчлөхөд энэхүү журмыг баримтална.

         1.3.Ашиглагдаж байгаа барилга байгууламжийг баталгаажуулсан паспортжуулалтын дүгнэлт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн удирдах үндэслэл болно.  

 

   Хоёр. Ашиглалтын гэрчилгээний төрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа

 

          2.1. Барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу ногоон, шар, улаан гэсэн төрөлтэй байна.  

          2.2. Өмчлөгч нь журмын 2.5, 2.6, 2.9-д заасан барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг шинээр авах, нөхөн авах, гэрчилгээний төрлийг өөрчлүүлэх асуудлаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргана.

          2.3. Өмчлөгчөөс гаргасан хүсэлтийг энэхүү журмын 2.2-т заасан байгууллагууд судалж, барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгох эсэх асуудлыг ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэж, албан бичгээр болон цахим хэлбэрээр хариу хүргүүлнэ.  

          2.4. Өмчлөгч нь дутуу, шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн тохиолдолд татгалзсан хариуг албан бичгээр хүргүүлнэ.

          2.5. Барилгын тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан /бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй/ барилга байгууламжид тухайн нутаг дэвсгэрт барилга байгууламжийн техникийн хяналт хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.7.1, 2.7.2-т заасан баримт бичгийг үндэслэн ашиглалтын гэрчилгээ олгоно.

          2.6. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан /улсын чанартай/ барилга байгууламжид барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 2.7.1, 2.7.2-т заасан баримт бичгийг үндэслэн ашиглалтын гэрчилгээг  олгоно.

          2.7. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг дараах баримт бичгийг  үндэслэн олгоно:

           2.7.1.аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн паспортжуулалтын дүгнэлт;

                     2.7.2. шинээр барьсан, өргөтгөсөн, шинэчилсэн, засварласан, хүчитгэсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын дүгнэлт;

          2.8. Энэхүү журмын 1.2заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэхүү журмын 2.7.1, 2.7.2-т заасан баримт бичгийг үндэслэн 2.5, 2.6-д заасан байгууллагууд барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг олгоно.

         2.9. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ нь барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдалтай нийцэхгүй нь гэж өмчлөгч нь үзвэл дахин паспортжуулах талаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлнэ.

         2.10. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээний төрөл нь барилга байгууламжийн бодит төлөв байдалтай нийцэхгүй нь паспортжуулалтын дүгнэлт болон дахин паспортжуулсан дүгнэлтээр тогтоогдвол өмчлөгчийн хүсэлтийг үл харгалзан дээрх байгууллагууд гэрчилгээний төрлийг өөрчилнө.

        2.11. Барилга байгууламжийн өмчлөгч нь өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасны дагуу барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийлгэж бүртгүүлнэ.

        2.12. Барилга байгууламж нь батлагдсан зураг төсөл, баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, барилга байгууламжийн техникийн хяналт хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллагаас нэмэлт шалгалт хийж болно.

        2.13. Тухайн нутаг дэвсгэрт барилга байгууламжийн техникийн хяналт хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжид, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 32.1.5-д заасан /улсын чанартай/ барилга байгууламжид олгосон ашиглалтын гэрчилгээний мэдээллийн санг үүсгэн бүртгэнэ.

 

                   Гурав. Ашиглаж байгаа барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны зохион байгуулалт

 

         3.1. Тухайн нутаг дэвсгэрт байршилтай ашиглагдаж байгаа төрөл бүрийн  зориулалттай барилга, байгууламжийн ашиглалтад хяналт тавих, бүртгэх, паспортжуулах үйл ажиллагааг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

         3.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, паспортжуулалтын дүгнэлт гаргах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын түвшин, төлөв байдлыг хэлэлцэн шийдвэр гаргах үүрэг бүхий 5-аас доошгүй гишүүдээс бүрдсэн орон тооны бус паспортжуулалтын зөвлөл/ цаашид "зөвлөл" гэх/-тэй байна.

         3.3. Зөвлөлийг аймаг, нийслэлийн тухайн асуудал хариуцсан албан тушаалтан ахалж, зөвлөлийн бүрэлдэхүүнд барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын дарга, тухайн нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналт хэрэгжүүлдэг байгууллагын дарга, барилгын техникийн улсын хяналтын улсын /ахлах/ байцаагч, барилгын салбарын мэргэжлийн зэрэгтэй инженерийг оролцуулан байгуулна.    

3.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвлөлийн дотоод үйл ажиллагааг зохицуулах журмыг баталж мөрдүүлэх ба журамд тус зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох, хүлээх хариуцлагын асуудлыг тусган хэрэгжүүлнэ.

3.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын түвшин, төлөв байдалд гаргасан паспортжуулалтын дүгнэлтийг  хянан шалгаж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагыг шаардагдах багаж хэрэгслэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах үйл ажиллагааг зохион байгуулна. 

         3.6. Өмчлөгч нь барилга байгууламжийг паспортжуулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана.

         3.7. Энэхүү журмын 1.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд паспортжуулалтын дүгнэлт гаргуулах хүсэлтийг Улсын онцгой комиссоос барилга, хот байгуулалтын Улсын албанд /Барилга, хот байгуулалтын яам/, аймаг, нийслэлийн онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана.

         3.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийг паспортжуулах ажлыг хуульд заасан хугацаанд зохион байгуулж паспортжуулалтын дүгнэлтийг өмчлөгчид албан бичгээр хүргүүлнэ.

         3.9. Барилгын тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан /бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй/ барилга байгууламжийг паспортжуулах хүсэлтийг хүлээн авсанаас хойш  хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өмчлөгчид хариу хүргүүлнэ.  

         3.10. Энэхүү журмын 3.9-д хамаарах барилга байгууламжийг паспортжуулах ажлыг зураг төсөл боловсруулах, эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулж гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

        3.11. Энхүү журмын 3.10-т зааса хуулийн этгээд нь доорх шаардлагыг хангасан байна:  

                 3.11.1. барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн хүрээнд зөвлөх инженерийн зэрэгтэй, бусад төрлийн инженерүүд мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх;

                 3.11.2. барилгын норм дүрэм боловсруулахад 10-аас доошгүй удаа оролцсон, хянан тохиолдуулсан, санал өгсөн, төсөл хэрэгжүүлсэн зэрэг туршлагатай байх;

                 3.11.3. үл эвдэх аргаар судалгаа, шинжилгээ хийх багаж, тоног төхөөрөмжтэй байх;

                 3.11.4. барилга байгууламжийн паспортжуулалтын дүгнэлт гаргах үйл ажиллагаанд 3-аас доошгүй удаа оролцсон байх;

                 3.11.5. мэргэжлийн хариуцлагын даатгалтай байх.    

 

                        Дөрөв. Барилга байгууламжид паспортжуулалтын дүгнэлтийг баталгаажуулах үйл ажиллагаа  

 

        4.1. Барилга, байгууламжид паспортжуулалтын дүгнэлт гаргах үйл ажиллагааг тухайн хуулийн этгээдийн барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер ахалж, барилга байгууламжид хэмжилт, судалгаа, туршилт хийх аргаар гүйцэтгэнэ.

        4.2. Дээр дурдсан үйл ажиллагаанд "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" /БНбД 22-01-21/, "Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар" /БД 31-103-23/, "Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар" /БД 31-101-00/, "Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар" /БД 31-102-00/, "Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал" /БД 22-105-18/, "Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал" /БД 22-107-18/, "Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал" /БД 22-106-18/, "Авто зам, гүүр, инженерийн хангамжийн сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал" /БД 22-104-18/ болон холбогдох бусад норм ба дүрэм, зааврыг мөрдөнө.

        4.3. Паспортжуулалтын дүгнэлт нь дараах хэсгээс бүрдэнэ:

        4.3.1. зөвлөлийг ахалсан албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр  баталгаажсан нүүр хуудас; 

        4.3.2. паспортжуулалтын дүгнэлт гаргасан хуулийн этгээдийн нэр, тэмдэг, зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн гарын үсэг, тэмдэг бүхий хуудас /нүүр хуудасны ар талд/;

       4.3.3. гарчиг;

       4.3.4. паспортжуулалтын дүгнэлт гаргах үндэслэл;

       4.3.5. барилга, байгууламжийн түүх;

       4.3.6. биет үзлэг, хэмжилт, судалгаа, туршилтын үр дүнгийн тайлан

       4.3.7. үндсэн бүтээцэд хийсэн инженерийн тооцооны үр дүн;

       4.3.8. инженерийн байгууламж, шугам сүлжээний эрсдэлийн үнэлгээний үр дүн

       4.3.9. барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдлын нэгдсэн дүгнэлт;

       4.3.10. цаашид авах арга хэмжээний санал;

       4.3.11.хавсралт материалууд: буурь хөрсний инженер геологийн судалгааны дүгнэлт, лабораторийн  шинжилгээний үр дүн, барилга, байгууламжийн гүйцэтгэлийн болон хэмжилтийн  зураг төсөл, барилгын үндсэн хийц бүтээц, инженерийн байгууламж, шугам сүлжээний төлөв байдлын фото зураг, ашигласан материал, тооцооны программ хангамж, тоног төхөөрөмжийн жагсаалт, үзлэг хийгдэх үед дагалдан гарах бусад ажлын тайлан.

        4.4. Паспортжуулалтын дүгнэлтийг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг өмчлөгчид, үлдэх хувийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажлын 30 хоногийн дотор цаасаар болон цахим хэлбэрээр (PDF файлаар) хүлээлгэн өгнө.

    4.5. Паспортжуулалтын дүгнэлт нь барилга байгууламжийг буулгах, өргөтгөх,  шинэчлэх, засварлах, хүчитгэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.

        4.6. Энэхүү журмын 1.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Барилга, хот байгуулалтын улсын алба, аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийг паспортжуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана.  

        4.7. Зөвлөл нь буулгасан барилга байгууламжийн паспортжуулалтын дүгнэлтийг хүчингүй болгоно.

        4.8. Паспортжуулалтын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага төрийн захиргааны байгууллага мэдээллийн сан үүсгэж бүртгэнэ.

 

 

                                      Тав. Барилга, байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны санхүүжилт

 

         5.1. Төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны санхүүжилтийг өмчлөгчийн өмчийн хэлбэрээс хамааруулан төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцаж улсын болон орон нутгийн төсөвт  тусгах замаар шийдвэрлүүлнэ.

         5.2. Энэхүү журмын 5.1хамаарахгүй барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагааны санхүүжилтийг өмчлөгч хариуцна.

         5.3. Барилга, байгууламжийг паспортжуулах үйл ажиллагаанд биет үзлэг,   хэмжилт, судалгаа, туршилт, инженерийн тооцоо хийх ажлын зардлыг "Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтийн төлөв байдалд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын жишиг үнэ" болон холбогдох бусад жишиг үнийг мөрдөж тооцно.

Зургаа. Хориглох зүйл

 

         6.1. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

         6.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн аваагүй, эсхүл паспортжуулаагүй барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ олгохыг хориглоно. 

 

Долоо. Архивлах

 

          7.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон аймаг, нийслэлийн барилга байгууламжийн техникийн хяналт хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллагын архивт барилга, байгууламжийн ашиглалтын гэрчилгээний хуулбар хувийг  жил бүрийн 12 дугаар сард хүлээлгэн өгч хадгалуулна.

         7.2. Зөвлөл нь паспортжуулалтын дүгнэлтийн эх хувийг өмчлөгчид хүлээлгэн өгч, барилгын хувийн хэрэгт хавсарган хадгалуулна.  

         7.3. Паспортжуулалтын дүгнэлтийн үлдэх хувийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын архивт жил бүрийн 6, 12 дугаар сард цаасаар болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгч хадгалуулна.  

 

Найм. Бусад

 

      8.1. Ашиглалтын гэрчилгээ олгохтой холбоотой санал хүсэлт, гомдлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд тус байгууллагаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл шүүхийн  байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

    8.2. Паспортжуулах үйл ажиллагаа, паспортжуулалтын дүгнэлттэй холбоотой хүсэлт, гомдлыг  аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзвэл шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

      8.3. Барилга байгууламжийн шар өнгийн гэрчилгээтэй буюу паспортжуулалтын дүгнэлтээр  засварлах, шинэчлэх, хүчитгэх шаардлагатай болох нь  тогтоогдсон барилга байгууламжид  аюулгүй байдлын түвшинг хангуулж, ногоон өнгийн гэрчилгээг олгосноор ашиглалтын үйл ажиллагааг эрхэлнэ.

         8.4.Өмчлөгч нь барилга байгууламжийн улаан өнгийн гэрчилгээтэй буюу паспортжуулалтын дүгнэлтээр ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхгүй. 

   8.5. Өмчлөгч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажсанаас хойш ажлын 30 хоногийн дотор барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ авч үйл ажиллагаа эрхэлнэ.

                                                        

                                                Ес. Хариуцлага 

 

         9.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага оногдуулна.

         9.2. Өмчлөгч нь барилга байгууламжийг гэрчилгээжүүлээгүй буюу барилга байгууламжийн аюулгүй байдлын түвшингээр шар болон улаан өнгийн гэрчилгээтэй барилга байгууламжид ашиглалтын үйл ажиллагаа эрхэлсэнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хүлээнэ.   

   9.3. Барилга байгууламжийг паспортжуулах ажлыг чанаргүй, эсхүл буруу гүйцэтгэсэнээс  үүсэх үр дагавар, үйл ажиллагааны холбогдох зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.

      9.4. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн үнэн зөвийг тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан байгууллага, комиссын бүрэлдэхүүнд оролцон ажилласан гишүүд хариуцна.

 

                                                   --------------000-------------