- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОРИН ХУУРЫН УЛСЫН ЧУУЛГЫГ ӨРГӨТГӨХ, МОРИН ХУУРЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 59
Улаанбаатар хот
МОРИН ХУУРЫН УЛСЫН ЧУУЛГЫГ ӨРГӨТГӨХ, МОРИН ХУУРЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 09 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын филармонийн "Морин хуурын чуулга"-ыг "Морин хуур найрал хөгжим" болгон өргөжүүлсүгэй.
2.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим"-ийн орон тоо, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
3.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим" болгон өргөжүүлсэнтэй холбогдсон нэмэлт зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.
4.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим"-ийн уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсгийг шинэчлэх зардалд шаардагдах 1,943,000,000.0 (нэг тэрбум есөн зуун дөчин гурван сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.
5."Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд тус тус даалгасугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн урлагийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
