A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН, ШҮҮХ БОЛОН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ХООРОНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

 


 

Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/43, А/72 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

 

ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН, ШҮҮХ БОЛОН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ХООРОНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцохтой холбоотой харилцаа болон дор дурдсан эрхийг хязгаарлах ажиллагааг зохицуулахад оршино. Үүнд:

 1.1.1.зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг (цаашид торгох шийтгэл гэх) хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах;

 1.1.2.Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 (Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих), 11.19 дүгээр зүйлийн 10 (Татварын тухай хууль зөрчих), 14.4 дүгээр зүйлийн 3 (Автозамын тухай хууль зөрчих), 14.7 дугаар зүйл (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих)-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааг тус тус зохицуулна.

Хоёр.Эрхийг хязгаарлах үндэслэл, ажиллагаа

2.1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн мэдээллийг үндэслэн дараах эрхийг хязгаарлах ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

 2.1.1.торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрх;

 2.1.2.торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны А/42, А/71 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал"-ын 2.2 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй бол төлж дуусах хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

2.2.Энэхүү журмын 2.1-д заасан тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах ажиллагааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий алба хаагч, бусад эрхийг хязгаарлах ажиллагааг цагдаагийн байгууллагын алба хаагч хэрэгжүүлнэ.

2.3.Цагдаагийн болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий алба хаагч нь тухайн хүн, хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг шалгаж, торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, энэ талаар "Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан" (цаашид бүртгэл, мэдээллийн сан гэх)  бүртгэнэ.

2.4.Цагдаагийн байгууллагын алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтад хяналт, шалгалт хийх явцад энэхүү журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т заасан дор дурдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:

 2.4.1.торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг хууль, аргачлалаар тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа тээврийн хэрэгсэл;

 2.4.2.бүртгэл, мэдээллийн санд торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг хууль, аргачлалаар тогтоосон хугацаанд төлөгдөөгүй төлөвт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл.

2.5.Энэхүү журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахдаа тухайн тээврийн хэрэгсэл нь жолоочийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн эсэхийг заавал тогтоосон байна.

2.6.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахдаа аюулгүй ажиллагааг хангаж, холбогдох хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангасан тусгай талбайд хүргэх, эсхүл хууль тогтоомжид заасан бусад аргыг хэрэглэж болно.

2.7.Цагдаагийн байгууллагын алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааны өмнө тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч, техникийн ажилтан, эсхүл тусгай талбай хариуцсан алба хаагчид тэмдэглэл үйлдэж, хүлээлгэн өгнө.

2.8.Үзлэг хийх явцад ачаа тээшинд түргэн муудаж чанараа алдах, хөлдөх хүнсний бүтээгдэхүүн болон эд зүйл байгаа тохиолдолд жолооч (эзэмшигч, өмчлөгч)-д тухайн эд зүйлсийг хүлээлгэн өгөх, хуулиар хориглосон ачаа бараа илэрсэн тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авч, тэмдэглэлд тусгана.Үзлэгийн явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

2.9.Цагдаагийн байгууллагын алба хаагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан талаарх баримтыг жолоочид олгоно. Хэрэв жолооч нь баримт авахаас татгалзсан тохиолдолд энэ талаар тэмдэглэл үйлдэж, тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан талаар материалд хавсаргана.

2.10.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд даруй бүртгэнэ.

2.11.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дор дурдсан тохиолдолд хязгаарлахыг хориглоно. Үүнд:

 2.11.1.гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа;

 2.11.2.замын хөдөлгөөнд оролцоогүй.

2.12.Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг тусгай талбайд хүргэх, хадгалах, хамгаалах үүрэг гүйцэтгэж буй байгууллагын үйл ажиллагаа болон бусад аргаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавина.

2.13.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон төлбөрийг төлсөн даруйд энэхүү журамд заасан эрхийн хязгаарлалт дуусгавар болно.

2.14.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдон гарсан зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Гурав.Эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох

3.1.Эрх бүхий албан тушаалтан  (Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, Татварын улсын байцаагч, Авто замын хяналтын улсын байцаагч) нь энэхүү журмын 1.1 дүгээр зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээ, төлбөр, түүний төлөлт, шийтгэл биелүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд тухай бүр, үнэн зөв байршуулна.

3.2.Цагдаагийн болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий алба хаагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эсэхийг шийдвэрлэхийн өмнө бүртгэл, мэдээллийн санд нэвтэрч, тухайн хүн, хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгах эрхээр хангагдана.

3.3.Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бүртгэл, мэдээллийн санд нэвтэрч, тухайн хүн, хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгах эрхээр хангагдана.

3.4.Эрх бүхий байгууллагын алба хаагч эрхийг хязгаарласан талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нэн даруй бүртгэнэ.

3.5.Шүүх, прокурор эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

Дөрөв.Бусад

4.1.Шүүх бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас энэхүү журамд заасан ажиллагаатай холбоотой мэдээллийг гаргуулан авч болно.

4.2.Прокурорын байгууллага бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагаа болон энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.

4.3.Журамд заасан эрхийг хязгаарлах ажиллагаатай холбоотой гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

4.4.Эрх бүхий байгууллагын алба хаагч нь мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулах, задруулахыг хориглоно.

4.5.Энэхүү журмыг зөрчсөн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--оОо--