- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 02 дугаар
сарын 28-ны өдрийн 83 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгоход энэ журмыг баримтална.
Хоёр.Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн
урамшуулал олгоход тавигдах нөхцөл
2.1.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.
2.2.Төрийн захиргааны албан хаагчийн дараагийн мөнгөн урамшуулал авах хугацаа нь эхний 5 жил тоологдож дууссан өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоологдоно.
2.3.Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно.
Гурав.Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй
ажилласанд тооцох хугацаа
3.1.Дараах хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно:
3.1.1.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа;
3.1.2.байгууллагын захиалгаар төрийн зардлаар 6 хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;
3.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа;
3.1.4.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
3.1.5.гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд дайчлагдан ажилласан хугацаа;
3.1.6.сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан хугацаа;
3.1.7.баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гаргасан, гэмт хэргийн шинжгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа.
3.2.Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцохгүй.
3.3.Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан төрийн захиргааны албан хаагчийн энэ журмын 2.1-д заасан тасралтгүй ажилласан хугацааг тооцохдоо уг албан хаагчийн хууль тогтоомжийн дагуу ажилдаа эргэн орсон хугацаанаас үргэлжлүүлэн тооцно.
3.4.Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан тооцож, тодорхойлно. Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.
3.5.Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад баримт бичиг байна.
Дөрөв.Мөнгөн урамшуулал олгох
4.1.Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана.
4.2.Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан урамшуулал авах нөхцөл хангасан төрийн захиргааны албан хаагчийн Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянасны үндсэн дээр тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын удирдлагад танилцуулна.
4.3.Байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-т заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.
Тав.Бусад
5.1.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.
5.2.Төрийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн төрийн захиргааны байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд мөнгөн тусламж олгохгүй.
5.3.Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж, мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан албан хаагч нас барсан тохиолдолд мөнгөн урамшууллыг түүний гэр бүлд нь олгоно.
5.4.Төрийн захиргааны албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн цалингийн дундаж, төрийн жинхэнэ алба тасралтгүй хаасан хугацааг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.
5.5.Төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дундаж, төрийн жинхэнэ алба хаасан тасралтгүй хугацааг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшууллын хэмжээг буруу тогтоож олгосон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A