A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛТАНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 03 дугаар

сарын 06ы өдрийн 104 дүгээр

       тогтоолын хавсралт

 

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ,
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛТАНД

МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3-т заасны дагуу багш, ажилтанд улсын төсвөөс мөнгөн тэтгэмж (цаашид "тэтгэмж" гэх) олгохтой холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.

 

Хоёр.Тэтгэмж, тавигдах шаардлага

 

2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дараах багш, ажилтанд доор дурдсан хэмжээгээр мөнгөн тэтгэмжийг олгоно:

 

       2.1.1.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтанд  эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний;

 

       2.1.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2-т заасан багшид таван жил тутамд нэг удаа арван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний;

 

       2.1.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.3-т заасан ажилтанд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний.

 

2.2.Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид "сургалтын байгууллага" гэх)-д томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил          (36 сар) ажилласан байна.

 

2.3.Доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан жилд хамааруулан тооцно:  

 

      2.3.1.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

 

      2.3.2.хууль, тогтоомжийн хүрээнд гэр бүлийн гишүүнийг 3 хүртэл сараар сахиж, асарсан хугацаа;

 

      2.3.3.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа;

 

      2.3.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан хугацаа;

 

      2.3.5.тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан хугацаа;

 

      2.3.6.байгууллагын захиалгаар, төрийн зардлаар 6 хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

 

      2.3.7.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил (12 сар) хүртэлх хугацаа. (Засгийн газрын 2024 оны 193 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

 

2.4.Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан сургалтын байгууллага хооронд сэлгэн болон шилжиж ажилласан бол тухайн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд үндэслэн тасралтгүй ажилласанд тооцож, сүүлийн ажиллуулж байгаа байгууллага, албан тушаалын энэ журамд хамаарах нөхцөлөөр тэтгэмжийг тооцож олгоно. 

 

2.5.Энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан хугацаанд хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг тооцохгүй бөгөөд тухайн ажилтны ажилдаа эргэн орсон хугацаанаас үргэлжлүүлэн тооцно. (Засгийн газрын 2024 оны 193 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

Гурав.Тэтгэмж олгох

 

3.1.Тухайн сургалтын байгууллага тэтгэмж олгох шаардлага хангасан ажилтны тасралтгүй ажилласан хугацааг тооцож, төсвийн төсөлд саналаа тусган аймаг, нийслэлийн боловсролын газар, дээд шатны төсвийн захирагчид холбогдох хуульд заасан хугацаанд  доор дурдсан баримт бичгийг хүргүүлнэ:

 

      3.1.1.тэтгэмж авах шаардлага хангасан багш, ажилтны талаарх албан бичиг;

 

      3.1.2.багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлт;

 

      3.1.3.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;

 

      3.1.4.энэ журмын 2.3-т заасан нөхцөлийг гэрчлэх баримт бичиг.

 

3.2.Тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас тогтоосон албан тушаалын үндсэн цалингийн хэмжээгээр тооцно.

 

3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэмж олгоход шаардагдах зардлыг улсын хэмжээнд нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.

 

3.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.1.1-д заасан тэтгэмжийн хөрөнгийг аймаг, нийслэлийн боловсролын газар, 2.1.2, 2.1.3-т заасан тэтгэмжийн хөрөнгийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан багш, ажилтанд олгох ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангана.

 

3.5.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар энэ журмын 2.4-т заасны дагуу сэлгэн болон шилжиж  ажилласан багш, ажилтны хүсэлтийг дээд шатны төсвийн захирагчид уламжилж, төсөвт байгууллага хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлүүлнэ.

 

Дөрөв.Бусад

 

4.1.Сургалтын байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтан энэ журмын дагуу тухайн албан хаагчийн тасралтгүй ажилласан хугацааг үнэн зөв тооцох үүрэг хүлээнэ.

 

4.2.Тэтгэмж авах эрх бүхий багш, ажилтны албан тушаалын үндсэн цалинг буруу тодорхойлох, хуурамч бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн тэтгэмжийн хэмжээг буруу тогтоож олгосон болон энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

----о0о----