A

A

A

Бүлэг: 1979

                                 

 

 

 

 

 

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,

ХЯНАЛТ ТАВИХ, РАДИО, ТЕЛЕВИЗИЙГ БҮРТГЭХ,

БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь радио, телевизээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 заасан радио, телевизэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид хамаарна.

1.3.Радио, телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, дамжуулахад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.4.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах харилцаанд хууль дээдлэх, ил тод, түргэн шуурхай байх, тэнцвэрт байдлыг хангах зарчмыг баримтална.

1.5.Энэхүү журмыг Монгол Улсын Их хурлын ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийн үеэр радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих харилцаанд дагаж мөрдөнө.

Хоёр.Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа болон мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх

2.1.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох санал гаргахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.11, 46.12, 46.18, 46.28 дахь хэсэгт нийцүүлэн дараах зарчмыг баримтална.

2.1.1.сурталчилгааны нэвтрүүлгийг аль нэг сувгаар, мэтгэлцээний нэвтрүүлгийг үндсэн сувгаар төлбөргүй нэвтрүүлэх;

2.1.2.сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцож хуваарилах ба үүнд оргил цаг болон сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдийн цаг мөн хамаарах;

2.1.3.сурталчилгааны нэвтрүүлгийн дарааллыг тооцохдоо сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагаас эхлэн тоолох зарчмаар хуваарилах;

2.1.4.хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны цаг хуваарилахгүй байх.

2.2.Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримтлах аргачлалыг баталж, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн саналыг харгалзан тогтооно.

2.3.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгоход баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч болон олон нийтэд ил тод мэдээлнэ.

2.4.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, уг саналыг боловсруулахад баримталсан аргачлал, дэгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэх)-нд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

2.5.Зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4, 46.12 дахь хэсэг, энэ журмын 2.1-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө баталж, Олон нийтийн радио, телевизэд хүргүүлнэ.

2.6.Олон нийтийн радио, телевиз нь энэ журмын 2.5-т заасан сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн батлагдсан хуваарийг нийтэд мэдээлж, цахим хуудастаа байршуулна.

2.7.Олон нийтийн радио, телевиз нь мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.17 дах хэсэг болон энэхүү журмын 2.2-т заасан мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг баримтлах ба оролцогч, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт тодорхой илэрхийлнэ.

2.8.Мэтгэлцээний нэвтрүүлэг нэвтрүүлэх хуваарь, цагийг урьдчилан хөтөлбөрийн хуваарьт оруулсан байна.

2.9.Мэтгэлцээний нэвтрүүлгийг бусад хөтөлбөр, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, "Мэтгэлцээн" гэсэн бичиглэлийг дэлгэцийн аль нэг буланд тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.

2.10.Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, нэр дэвшигчийн нэрийг, нам, эвслээс нэр дэвшсэн бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.

2.11.Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Олон нийтийн радио, телевизийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.

2.12.Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн төв байгууллагын албан ёсны мэдээ, мэдээлэл, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.15, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгын дагуу төлбөргүй нэвтрүүлнэ.

2.13.Олон нийтийн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх болон сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 46.19-ийг баримтлах ба өөрийн редакцын бодлого, зохицуулалтын хүрээнд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасныг сахин, мөрдөж ажиллана.

Гурав.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах

3.1.Зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.11 дэх хэсэг болон энэхүү журамд нийцүүлэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио, телевизийн жагсаалтыг эзэмшлийн талаарх мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

3.2.Хэрэв радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн нэрийг энэ журмын 3.1-д заасан хугацаанаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдсэн байна.

3.3.Энэ журмын 3.1-д заасны дагуу гаргасан жагсаалтад орсон радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг маягтын дагуу гаргаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д заасан баримтын хамт санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд хүргүүлнэ.

3.4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-т заасан цагийн хуваарийг гаргаж ирүүлэхдээ мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, 46.28-д заасан шаардлагад нийцүүлж, сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, зар сурталчилгааны цагийг сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх нийт хугацааны туршид хөтөлбөрийн сүлжээнд хуваарилж, төлөвлөсөн байна.

3.5.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.2-т заасан зар сурталчилгаа нэвтрүүлэх гурваас доошгүй гэрээний үнэн, бодитой байдлыг мэдэгдэл гаргаж буй радио, телевиз хариуцна.

3.5.1.Гэрээнд тухайн гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан үйлчилгээний үнэ тарифыг хавсаргана. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо радио, телевизүүдээс нэмэлт тодруулга авч болно.

3.6.Зохицуулах хороо нь радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бүртгэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 заасан баримт бичгийн бүрдүүлбэр, төлөвлөлтийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд нийцсэн эсэхийг нягтлан, шалгана.

        3.7.Зохицуулах хороо дараах шаардлага хангасан радио, телевизийг бүртгэнэ:

3.7.1.энэ журмын 3.1-д заасан жагсаалтад орсон;

3.7.2.мэдэгдэл, мэдэгдэлд хавсаргасан баримт бичгийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэт ирүүлсэн;

3.7.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д заасан шаардлагыг хангасан;

3.7.4.сонгуулийн сурталчилгаа явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, 46.28 нийцсэн.

3.8.Энэ журмын 3.7-д заасан шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээгүй радио, телевизийг бүртгэхээс татгалзана.

3.9.Радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бүртгэхээс татгалзах нөхцөл бүрдсэн тохиолдолд үндэслэлийг тодорхой зааж, тухайн радио, телевизийн цахим хаягаар 48 цагийн дотор хариу мэдэгдэх бөгөөд радио, телевиз нь зөрчлийг арилгаж хуульд заасан хугацаанд дахин бүртгүүлэхээр мэдэгдлийг шаардагдах баримт бичгийн хамт ирүүлж болно.

3.10.Зохицуулах хороо энэ журамд заасны дагуу хянаж, бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлнэ. Жагсаалтыг өөрийн цахим хуудсанд байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

3.11.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийг бүртгэснээс хойш радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд Зохицуулах хороо тухайн радио, телевизийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгоно. Энэ талаар тухайн радио, телевизэд мэдэгдэж, энэхүү журмын 3.10-ийн дагуу өөрийн цахим хуудсанд байршуулж, нийтэд мэдээлнэ.

3.12.Монгол Улсын Их хурлын ээлжит бус болон нөхөн сонгуулийн үеэр энэ журмын 3.10-ийн дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй байх ба сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хүсэлтэй радио, телевиз энэ журмын дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл гаргаж, бүртгүүлэхээр ирүүлж болно. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо бүртгүүлсэн радио, телевизүүдээс нэмэлт тодруулга авна.

Дөрөв.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн эрх бүхий радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх

4.1.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн эрх бүхий радио, телевиз /цаашид "эрх бүхий радио, телевиз" гэх/ нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, захиалагч, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид байршуулж, радиогийн тухайд  нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дурдана.

4.2.Эрх бүхий радио, телевиз нь энэ журмын 4.1-т заасныг хангаагүй, сонгуулийн сурталчилгаа гэдгийг тодорхой илэрхийлээгүй, захиалагч, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны болон сонгуулийн сурталчилгааны бус дараах нэвтрүүлэг гаргасан бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамааруулж тооцно. Үүнд:

4.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчид хамаарах захиалагч, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдаагүй төлбөрт, захиалгат нэвтрүүлэг, зар сурталчилгаа нэвтрүүлсэн бол;

4.2.2.захиалагч, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой бичээгүй, дурдаагүй аливаа нэвтрүүлэгт улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа, зураг, дүрс, нэрийг үзэгч, сонгогчдод сонгуулийн сурталчилгаа гэж ойлгогдохуйц байдлаар харуулах, дурдах, байршуулах, дууны үгэнд дурдсан бол;

4.2.3.сонгуулийн сурталчилгааны бус нэвтрүүлэг, арилжааны сурталчилгаа зэрэгт нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа, зураг, дүрсний бичлэг, яриа нь орсон бол.

4.3.Эрх бүхий радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.12 заасны дагуу сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүргийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

4.3.1.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цаг, үнийн саналыг батлан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, нийтэд мэдээлэх;

4.3.2.энэ журмын 4.3.1-т заасан саналыг баримтлан гэрээ байгуулахдаа ижил нөхцөл, боломж олгох ба оргил цаг болон сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдийн цагийг мөн ижил боломж, нөхцөлтэй олгох;

4.3.3.зөвхөн нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг дагнан нэвтрүүлэхгүй байх.

4.4.Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасан хугацааг хянахдаа нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны хугацаан дээр тухайн нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хугацааг оруулж тооцно.

4.5.Эрх бүхий радио, телевиз нь энэ журмын 4.1, 4.3-т заасан зарчмыг баримтлан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэ журамд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй.

4.6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6, 46.7 заасан сонгуулийн сурталчилгааны хоногт гарах нийт хугацаанд тухайн нэвтрүүлгийн давталт хамаарна.

4.7.Эрх бүхий радио, телевизийн нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хугацааг Зохицуулах хорооноос баталсан "Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам", "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д заасан зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.

4.8.Эрх бүхий радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16 заасан сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэн нийлүүлсэн мэдээг мэдээллийн хөтөлбөрөөс тусад нь энэ журмын 4.1-т заасныг баримтлан нэвтрүүлнэ.

4.9.Хүүхэд, теле-худалдааны төрөлжсөн болон төлбөртэй радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй ба сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизээр бүртгэхээс татгалзана.

4.10.Сонгуулийн талаарх дараах нэвтрүүлэг, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй болно. Үүнд:

4.10.1.сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар болон сонгуулийн үйл явцын тухай радио, телевизийн өөрийн редакцын бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, тойм;

4.10.2.сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгаа;

4.10.3.улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг;

4.10.4.бүх шатны сонгуулийн байгууллагын албан ёсны мэдээ.

4.11.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.17 заасны дагуу улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр нэвтрүүлэхдээ оролцогчдод ижил асуулт тавих, хариултын тэнцүү хугацаа тогтоох зэрэг мэтгэлцээний тогтсон дэгтэй байх ба оролцогчийн нэрийг, нам, эвслийн төлөөлөл, нэр дэвшигч бол нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийн хамт тодорхой илэрхийлнэ.

4.12.Телевиз нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл болон улс төрийн мэтгэлцээн бэлтгэн хүргэхдээ хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна.

4.13.Эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд зогсоохдоо өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан сонгуулийн сурталчилгаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 заасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлагыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл хязгаарлах арга хэмжээ авсан байна.

4.14.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн үйл явцын мэдээлэл, энэ журмын 4.10.2, 4.10.4-т зааснаас бусад сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, сурвалжилга, тойм, эсхүл сонгуульд оролцогч нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, мэтгэлцээн, хөтөлбөр, дуу, ярилцлагыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна.  

4.15.Эрх бүхий радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-т заасан сурталчилгааны цагийн төлөвлөсөн хуваарьт өөрчлөлт оруулах тохиолдолд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.12, энэ журмын 4.3-т заасан зарчмыг хангаж, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шалтгааны талаарх холбогдох баримтыг бүрдүүлсэн байна. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо радио, телевизүүдээс тодруулга авна.

4.16.Эрх бүхий радио, телевиз сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Өргөн нэвтрүүлгийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална.

4.17.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз нь хэрэв Зохицуулах хорооноос сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн бичлэг хийх талаар урьдчилан мэдэгдэж, хуваарийн хамт хүргүүлсэн тохиолдолд заасан хугацаанд эфирийн нийт цагийн бичлэгийг тогтмол, тасалдалгүй бичиж, хуваарийн дагуу ирүүлнэ. 

4.18.Радио, телевиз нь өөрийн редакцад баримтлах бодлого, зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-ийн хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

4.19охицуулах хороо нь радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гарсан нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасныг зөрчсөн тухай ирүүлсэн гомдол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас гаргасан хүсэлтийн дагуу холбогдох баримт, мэдээллийг хянан үзнэ. Гомдлыг энэ журмын 6.3, 6.4-т заасны дагуу гаргана.

4.20.Зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т заасан мэдээний хоногт гарах таван минутын хугацааг энэ журмын 4.19-д заасан үндэслэлээр хянахдаа дараах зарчмыг баримтална:

4.20.1.Хугацааг тооцохдоо мэдээний нэвтрүүлэгч тухайн мэдээг танилцуулж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцох;

4.20.2.Мэдээллийн хөтөлбөр дундуур дамжуулж буй сонгуулийн сурталчилгааны бус цаг үе үйл явдлын шинжтэй сурвалжилга, мэдээгээр нэр дэвшигчийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбоотой мэдээ, сурвалжилга гарах, мэдээ, сурвалжилга дундуур тухайн нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол сэдвээс үл хамаарч зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн цагийг тухайн нэр дэвшигчид ногдох мэдээний 5 минутад хамааруулж тооцох;

4.20.3.Мэдээллийн хөтөлбөр дундуур дамжуулж буй сурвалжилга, мэдээгээр нам, эвсэлтэй холбоотой мэдээ, сурвалжилга гарсан, тухайн мэдээ, сурвалжилга дундуур нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол нэр дэвшигчийн яриа өгсөн цагийг тухайн нэр дэвшигчид ногдох мэдээний 5 минутын хугацаанд, бусад цагийг тухайн нам, эвсэлд ногдох мэдээний 5 минутын хугацаанд тус тус хамааруулж тооцох;

4.20.4.Мэдээний хоногт гарах нийт хугацаанд тухайн мэдээний давталт хамаарах.

Тав.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг

5.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

5.1.1.үйлчилгээнийхээ байнгын тасралтгүй ажиллагааг бүрэн хангаж, радио, телевизийн сувгийн дуу, дүрсийн чанарыг санаатайгаар бууруулахгүй байх, радио, телевизийн дохио, сигналыг таслахгүй байх, сувгийн дарааллыг өөрчлөхгүй байх зарчмыг хангаж ажиллах;

5.1.2.үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж өгөх зориулалттай промо суваг, нүүр хуудас (постер)-аар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх;

5.1.3.интернэтэд суурилсан олон суваг дамжуулах үйлчилгээ (ОТТ)-д энэ журмын 5.1.1, 5.1.2 мөн адил хамаарна.

5.2.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.15 заасан өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд телевизийн хөтөлбөр дамжуулалтыг хязгаарлах тухай Зохицуулах хорооны албан бичгийг үндэслэн тухайн телевизийн хөтөлбөрийн дамжуулалтыг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нэн даруй авна.

5.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.6, 48.12-т заасны дагуу радио, телевизийн хөтөлбөрийн дамжуулалтыг хязгаарлах тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт, албан бичиг, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд радио, телевизийн хөтөлбөр дамжуулалтыг хязгаарлах тухай Зохицуулах хорооны албан бичгийг үндэслэн тухайн радио, телевизийн хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжих эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт, албан бичигт заасан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нэн даруй авна.

Зургаа.Сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт

6.1.Зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллана.

6.2.Зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 46 дугаар зүйлийн 46.2, 46.6, 46.7, 46.10, 46.11, 46.16, 46.17, 46.26, 46.28, 48 дугаар зүйлийн 48.8, 48.10 дахь хэсгийн хэрэгжилтэд мониторингийн аргаар хяналт тавьж ажиллана.

6.3.Радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаа хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу цагдаагийн байгууллага, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана.

6.4.Гомдолд радио, телевизийн нэр, хөтөлбөр, нэвтрүүлгийн нэр, нэвтрүүлсэн огноо, нэвтрүүлэг эхэлсэн, дууссан цаг, минут, нэвтрүүлгийн үргэлжилсэн хугацааны талаарх мэдээлэл, нэвтрүүлгийн аль хэсэгт зөрчил гарсан эсэхийг цаг, минутаар тодорхой заах бөгөөд холбогдох бусад баримт, мэдээллийг дурдаж, хавсаргасан байна.

6.5.Энэ журмын 6.3-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийн дагуу Зохицуулах хороо гомдолтой холбоотой баримт, холбогдох бүртгэл, мэдээллийг нэн даруй гаргаж өгнө.

6.6.Зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийх явцад хууль тогтоомж, журам зөрчсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн, эсхүл радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой гомдол хүлээн авсан тохиолдолд гомдол, мэдээллийг хянан үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох тайлбар, баримт, мэдээллийн хамт шилжүүлнэ.

6.7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 46 дугаар зүйлийн 46.6, 46.7, 46.10, 48 дугаар зүйлийн 48.8, 48.9, 48.10-д заасныг зөрчсөн талаар эрх бүхий байгууллага тогтоосон, тухайн зөрчлийн талаарх дүгнэлтийг ирүүлсэн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.15-д заасан өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт ирсэн, эсхүл Зохицуулах хорооноос хяналт хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлсэн бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 46 дугаар зүйлийн 46.25, 46.26, 48 дугаар зүйлийн 48.12, 48.16-д тус тус заасны дагуу холбогдох арга хэмжээг Зохицуулах хороо авч хэрэгжүүлнэ.

6.8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.24-ийн дагуу энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хорооны зүгээс эхний удаад сануулах, зөрчлийг дахин давтан гаргавал радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл цуцлах шийдвэрийг гаргана.

6.9.Зохицуулах хороо нь хяналт тавихад ашиглаж байгаа мэдээ, мэдээллийг энэ журамд зааснаас өөр зорилгоор ашиглахгүй.

6.10.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, мөн хуулийн 39.7 заасан хугацаанд холбогдох баримтын хамт өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

6.11.Зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хяналт тавьж ажилласан талаарх тайланг санал хураалт дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

6.12.Эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, энэхүү журмын хэрэгжилттэй холбоотой хяналтын дүн мэдээ, ирүүлсэн гомдол болон хууль, журамд заасан зөрчлийн талаарх дүгнэлт, шийдвэрийг цахим шуудан, факсаар нэн даруй холбогдох газарт хүргүүлэх бөгөөд албан бичгийг шуудангаар эсхүл биеэр хүргүүлнэ.

Долоо.Хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

--oOo--