- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар А/214
Улаанбаатар хот
ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт зах, худалдааны төв болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хавсралтад заасны дагуу шинэчлэн тогтоосугай.
2.Бараа, бүтээгдэхүүний татан авалт болон түгээлтийг авто замын хөдөлгөөний ачааллын өглөө, оройны оргил цагаас бусад цагт зохион байгуулах, Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг тогтмол цэвэрлэж ажиллахыг хавсралтад заасан зах, худалдааны төв болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Амгалан), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Х.Эрдэнэбилэг), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (П.Эрхэмбулган) болон дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Ц.Төрхүү)-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Батцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хуваарь батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
