- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 11 дүгээр хавсралт, Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээг 12 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж, 2024 онд орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A