A

A

A

Бүлэг: 1979

                       Сонгуулийн ерөнхий хорооны

                                                                             2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн

                                                                             14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ,

ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Энэхүү журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д заасан цахим орчин ашиглан ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч болон тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллага нь цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн хугацаанд энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөнө.

1.4."Цахим орчны үйлчилгээ эрхлэгч" гэдэгт цахим хуудас, цахим хэрэглүүр /аппликэйшн/, платформ, цахим орчин ашиглаж контент[1]-ийг олон нийтэд хүргэх этгээдийг ойлгоно.

1.5."Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн цахим хуудас" гэдэгт нэр дэвшигчийн өөрийн болон улс төрийн нам, эвслийн эзэмшиж, ашигладаг вэб сайтыг ойлгоно.

1.6."Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас" гэдэгт цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хаяг /пэйж хуудас, профайл/-ийг ойлгоно.

1.7."Бусад цахим хуудас" гэж цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн удирддаг, эсхүл эзэмшдэг вэб сайтыг ойлгоно.

1.8."Эрх бүхий байгууллага" гэж Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын байгууллага, цагдаагийн төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамаарна.

1.9.Тус журмаар зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтална.

 

Хоёр. Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчим

 

2.1.Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл /нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа/-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэсэн байна. 

2.2.Цахим хуудас нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хийсэн сонгуулийн сурталчилгааг нийтэлнэ.

2.3.Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу бүртгүүлнэ.

2.4.Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт "Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн" гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна.

 

Гурав. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл

 

3.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн тус бүр нэг цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтанд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.

3.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.

3.3.Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 3.2-т заасан маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж ирүүлэх бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.

3.4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн мэдээллийг бүртгэл хийснээс хойш нэг хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

3.5.Харилцаа холбооны зохицуулах хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтан нь цахим хуудасны бүртгэлтэй холбоотой мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэгтэй.

3.6.Цахим орчны үйлчилгээ  эрхлэгчийн бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн албан ёсны цахим хуудсанд сонгуулийн жил дуусах хүртэл хугацаанд байршуулна. 

 

Дөрөв. Эрх бүхий байгууллагын чиг үүрэг

 

4.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим орчинд шуурхай хангуулах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана.

4.2.Эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээллийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 7 хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

4.3.Цахим хуудсанд нийтлэгдсэн сонгуультай холбоотой мэдээ, мэдээллийг хянан шалгасан эрх бүхий байгууллага нь хууль бус үйлдлийг тогтоож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд шийдвэрийг албан бичгээр нэн даруй хүргүүлнэ.

4.4нэ журмын 4.3-т заасан шийдвэр бүхий албан бичгийг цаасаар болон цахимаар хүргүүлнэ.

4.5.Эрх бүхий байгуулагын шийдвэр бүхий албан бичигт дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

4.5.1.шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын нэр, хаяг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба албан бичгийн огноо, дугаарыг тодорхой заасан байх;

4.5.2.шийдвэр гаргасан шалтгаан, нөхцөл байдал, хуулийн үндэслэл, зүйл, заалт болон хуульд заасан хэрэгжүүлэх технологийн арга хэмжээг тодорхой тусгасан байх;

4.5.3.хууль зөрчсөн зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байршуулсан цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргах.

4.6.Эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэр бүхий албан бичиг нь журмын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд Харилцан холбооны зохицуулах хорооноос энэхүү журмын 6-р бүлэгт заасан арга хэмжээг зохион байгуулна.

4.7.Харилцаа холбооны зохицуулах хороо нь авсан арга хэмжээний талаарх мэдээллийг шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад цахимаар мэдэгдэнэ.

4.8.Эрх бүхий байгууллага нь энэхүү журмын хүрээнд авсан арга хэмжээний талаарх тайланг тухайн жилдээ багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

 

Тав. Нам, эвсэл, нэр дэвшигч болон үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүрэг

 

5.1.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:

5.1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс гүйцэтгэх удирдлага болон сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамтран ажиллах техникийн багийн гишүүдийн овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;

5.1.2.сонгуулийн сурталчилгаа эхэлснээс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангах;

5.1.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, 47.11 дэх хэсэгт заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө туршилтыг хийх, техник технологийн бэлэн байдлыг хангасан байх;

5.1.4.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь зөрчилтэй домэйн нэрийн жагсаалт /black-list.mn/-ыг өөрийн сүлжээнд даруй хязгаарлах;

5.1.5.зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутамд шинэчлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэн даруй шинэчлэх;

5.1.6.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь домэйн нэрийн сервер (Domain Name Server)-тээ болон сүлжээний хамгаалалтын төхөөрөмж (Firewall)-дөө "black-list"-ийн домэйн нэрт харгалзах АйПи(IP) хаягаас ирэх домэйн нэрийн асуулга, хүсэлтийг зөвшөөрөх, хариулах боломжийг бүрдүүлсэн байх;

5.1.7.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй домэйн нэрийн серверүүд (Domain Name Server)-ийн АйПи (IP) хаягуудыг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;

5.1.8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан эрх бүхий байгууллагуудад шаардлагатай мэдээллийг боломжит хэлбэрээр гаргаж өгөх, технологийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх;

5.1.9.Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр гаргаж хүргүүлэх;

5.1.10.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн нэг удаагийн холболт дахь бүх хандалт нэг гадаад АйПи (IP) хаягаар дамжих боломжийг бүрдүүлэх бөгөөд харгалзах /гадаад, дотоод/ хаягуудын мэдээллийг 1 сарын хугацаанд хадгална.

5.2. Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:

5.2.1.сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу явуулах;

5.2.2.энэ журмын 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэх техник, технологийн боломжийг хангасан байх;

5.2.3.нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах;

5.2.4.сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

5.2.5.домэйн нэр ашиглан мэдээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж буй бүх төрлийн вэб сайт нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх;

5.2.6.Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр гаргаж хүргүүлэх.

5.3. Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь дараах үүрэгтэй:

5.3.1.сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу явуулах;

5.3.2.нам, эвсэл, нэр дэвшигч нь цахим хуудас болон цахим шуудангийн мэдээллээ аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

5.3.3.нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах.

 

Зургаа. Сонгуулийн сурталчилгааны хяналт

 

6.1.Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана.

6.2.Энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд энэ журмын 4.5-д заасан шаардлага хангасан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

6.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.2-д заасан шийдвэр бүхий албан бичгийн дагуу дараах арга хэмжээг авах талаар цахим орчны үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэнэ:

6.3.1.шийдвэрт дурдсан контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах;

6.3.2.шийдвэрт дурдсан цахим хаяг, цахим хуудасны хандалтыг сонгуулийн сурталчилгааны хугацаа дуустал хугацаанд хаах, эсхүл түр хязгаарлах.

6.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.3-д заасан мэдэгдлийг тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно. 

6.5.Зөрчил гаргасан цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.3-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд нэн даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. 

6.6.Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг цахим орчны үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ:

6.6.1.тухайн цахим орчны  үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн сурталчилгааны дүн гарч дуусах хүртэлх хугацаанд, эсхүл зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд түр хязгаарлах; 

6.6.2.шийдвэрт дурдсан хууль зөрчсөн контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах;

6.6.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан технологийн арга хэмжээ авах.

6.7.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.6-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд нэн даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ.

6.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллагаас цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн зөрчил арилсан талаарх шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд хандалтыг сэргээх технологийн  арга хэмжээг нэн даруй авна.

 

Долоо. Гомдол маргаан шийдвэрлэх

 

7.1.Цахим орчин ашиглан явуулсан сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана.

7.2.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь иргэн, хуулийн этгээдийн гомдол маргааныг хүлээж авах шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд ил тод байршуулна.

7.3.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргаантай холбоотой асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад хандаж болно.

7.4.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайланг сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд нээлтэй мэдээлнэ.

 

Найм. Хариуцлага

 

8.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---о0о---                                              


 

 


[1] Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.8."контент" гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;