A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлж батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгасугай.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 540,000 (таван зуун дөчин мянга) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА