- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 121
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.13, 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-д доор дурдсан агуулга бүхий 4.2.3, 2.14, 2.15 дахь заалт тус тус нэмсүгэй:
"4.2.3.асрамжийн газарт тухайн сард шинээр ирсэн хүүхэд бүрийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг түр түдгэлзүүлэх талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
2.14.Асрамжийн газар нь хүүхдийн бие даан амьдрах болон санхүүгийн мэдлэг, боловсрол олгох үүрэг хүлээнэ.
2.15.Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлахорон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь, хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь хүлээлгэн өгнө."
2.Мөн журмын 2.9 дэх заалтад "Банк нь уг байршсан хүүхдийн мөнгөний 20 хувийг энэ журмын 2.13-т заасан харилцах дансанд шилжүүлнэ." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
3.Мөн журмын 4.4 дэх заалтын "дүгнэлт," гэсний дараа "аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамж," гэж нэмсүгэй.
4.Мөн журмын 2.13 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.13.Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд тухайн асрамжийн газар нь хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна."
5.Мөн журмын 4.4 дэх заалтын "4.2.2-т" гэснийг "4.2.2, 4.2.3-т" гэж өөрчилсүгэй.
6.Мөн журмын "2.14" гэсэн дугаарыг "2.16" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх