A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:

1/2.2.14 дэх дэд заалт:

"2.2.14.мал, амьтны гоц халдварт өвчин болон ургамлын гадаад хорио цээртэй өвчний халдвар, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэн тархах эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх."

2/"2.6.9.4, 2.6.9.5 дахь дэд заалт:

"2.6.9.4.мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлага, аюулгүй байдлыг баталгаажуулах, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж,импортын мэдэгдэл болон холбогдох гэрчилгээг олгох;

2.6.9.5.гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх."

2.Мөн хөтөлбөрийн 2.5.9 дэх дэд заалтын "хангуулах" гэсний дараа ", олон улсын хөл хориот хүний халдварт өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, импорт, экспортын барааны аюулгүй байдлыг ханган, гадаад худалдаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх;" гэж, мөн хавсралтын 3.3.9 дэх дэд заалтын "үндсэн чиг үүрэг хүлээнэ." гэсний өмнө ", амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл, холбогдох гэрчилгээ олгох, гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх" гэж, мөн заалтын "Үндэсний статистикийн хороо," гэсний дараа "гаалийн байгууллага," гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн хөтөлбөрийн 2.1 дэх заалтын " 2020-2024 оны" гэснийг, 3.3.5, 3.3.6 дахь дэд заалтын "болон мэргэжлийн хяналтын төв" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН