- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 03 дугаар
сарын 06-ны өдрийн 92 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Газрын тухай хуулийн 24.1-д заасан газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Газар зохион байгуулалтын арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах ажлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр (цаашид "нэгдсэн цахим систем" гэх) дамжуулан удирдан зохион байгуулна.
1.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, чөлөөт бүсийн захирагч, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх газрыг төлөвлөх, олгох, тэдгээрийг бүртгэх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ, үйл ажиллагааг энэ журмын 1.2-т заасан нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлнэ.
1.4.Хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийг холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллагууд нэгдсэн цахим системд бүртгүүлж, тэдгээрийн дэглэм, горим, газар ашиглалтын шаардлагыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
1.5.Газар зохион байгуулалт хийхтэй холбоотой энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
Хоёр.Газар зохион байгуулалт хийх
2.1.Газар зохион байгуулалтыг дараах тохиолдолд хийнэ:
2.1.1.газар зохион байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалт хийх, газар зохион байгуулалтын үндсэн болон хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
2.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах, тэдгээрийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, тодруулах болон хилийн цэстэй холбоотой маргааныг шийдвэрлэх;
2.1.3.олон улс, улс, бүс нутгийг хамарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох;
2.1.4.гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлд ашиглуулах газрын зааг, ашиглах журмыг тогтоох;
2.1.5.улсын болон бүсийн хэмжээнд ашиглах, хамгаалах газрын хэтийн төлөвийг тогтоох, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
2.1.6.газрыг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах, өөрчлөлт оруулах, тусгай хэрэгцээний газрыг ашиглах;
2.1.7.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
2.1.8.хадлан, бэлчээр, тариаланд тохиромжтой атар газрыг судалж, илрүүлэх, эргэлтэд оруулах;
2.1.9.гамшиг, аюулт үзэгдэл болон гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хор уршгийг арилгах зорилгоор нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.1.10.газрын нэгдмэл сангийн ангилал тогтоох.
Гурав.Газар зохион байгуулалтын төлөвлөлт
3.1.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичигт Газрын тухай хуулийн 25.1-д заасан үндсэн баримт бичгээс гадна сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хамаарна.
3.2.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтлах бөгөөд төлөвлөгөө нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
3.2.1.хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөл, байгаль, экологийн тэнцвэрт байдал, соёлын өвийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх;
3.2.2.улс, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан, түүний зорилго, зорилтыг хэрэгжүүлэх;
3.2.3.байгаль, нийгэм, эдийн засгийн нөхцөл, нөөц, даацын судалгаа шинжилгээ, үнэлгээнд үндэслэсэн байх;
3.2.4.салбар хоорондын уялдааг хангах;
3.2.5.иргэд, олон нийтийн оролцоог хангах;
3.2.6.газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар төлөвлөх;
3.2.7.холбогдох аргачлал, зааврын дагуу боловсруулсан байх;
3.2.8.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг төсөл, түүнтэй холбоотой бусад суурь судалгааны мэдээллийг батлагдсан геодезийн байрлал, тусгаг, өндрийн нэгдсэн тогтолцоонд үйлдэх;
3.2.9.төлөвлөлтийн оновчтой хувилбаруудыг дэвшүүлж, түүний зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга зам, хугацаа, үе шат, түүнд шаардлагатай нөөцийг тодорхойлсон байх;
3.2.10.дэд бүтцийн зам, шугам сүлжээний төлөвлөлтөөс эхлэн хийсэн байх бөгөөд түүнд үндэслэж нэгж талбарыг төлөвлөсөн байх;
3.2.11.газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад мэргэжлийн байгууллагын гүйцэтгэсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-д заасан мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг авч, харгалзан үзсэн байх.
3.3.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төрлөөс хамаарч төлөвлөгөөний бүс, арга хэмжээний тоон мэдээллийг дараах масштабаас багагүй нарийвчлалтайгаар тус тус зураглана:
3.3.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зургийг 1:1 000 000;
3.3.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зургийг 1:100 000;
3.3.3.сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд хот, тосгон бусад суурины газрыг 1:5 000, бэлчээрийн газрыг 1:100 000, бусад ангиллын газрыг 1:10 000;
3.3.4.сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хот, тосгон бусад суурины газрыг 1:1 000, бэлчээрийн газрыг 1:100 000, бусад ангиллын газрыг 1:10 000 буюу түүнээс том масштабтай.
3.4.Газрын тухай хуулийн 25.1-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
3.5.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум, дүүргийн болон тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэслэл болох бөгөөд газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөөг ерөнхийгөөс эхлэн нарийвчлах зарчмаар нутаг дэвсгэрийн нэгж бүрээр боловсруулж хэрэгжүүлнэ.
3.6.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан байдал, түүний зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн эсэхэд дүгнэлт гаргана.
3.7.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг аймаг, нийслэлийн газрын алба боловсруулж, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны Засаг дарга хамтран батална.
3.8.Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг аймаг, нийслэлийн газрын алба боловсруулж, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар хянуулан, тухайн шатны Засаг дарга болон аймаг, нийслэлийн газрын албаны даргатай хамтран батална.
3.9.Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй хамт боловсруулна.
3.10.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
3.11.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг тухайн шатны Засаг даргын захирамжаар байгуулна.
3.12.Энэ журмын 3.11-д заасан Ажлын хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагын холбогдох асуудал хариуцсан удирдах албан тушаалтан, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оруулах бөгөөд Ажлын хэсэг нь гүйцэтгэгчийг шаардлагатай мэдээллээр хангах, санал өгөх, ажлын явцыг хянах, холбогдох байгууллагаар хэлэлцүүлэх, төсөлд дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана.
3.13.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичиг боловсруулахаар шалгарсан гүйцэтгэгч нь төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үе шатны тайлан, тоон зураг болон мэдээллийг тухай бүр энэ журмын 1.3-т заасан нэгдсэн цахим системд байршуулж ажиллана.
3.14.Аймаг, нийслэлийн газрын алба нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний үе шатны тайлан тус бүрд дүгнэлт, зөвлөмж гаргаж, энэ журмын 3.11-д заасан Ажлын хэсгээр хэлэлцүүлэх арга хэмжээ авч ажиллах бөгөөд эцсийн тайлан, дүгнэлтийг гүйцэтгэгч болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
3.15.Аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 3.7, 3.8-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг энэ журмын 3.14-т заасан дүгнэлтийг үндэслэн батална.
3.16.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд дараах байдлаар тайлагнана:
3.16.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг холбогдох салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллага, газар жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;
3.16.2.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 4 жил тутамд Засгийн газарт;
3.16.3.аймаг, нийслэлийн газрын алба нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг 4 жил тутам, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүрийн 2, 4 дүгээр улиралд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;
3.16.4.сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болон сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн газрын албанд;
3.16.5.аймаг, нийслэлийн газрын алба газар зохион байгуулалтын ерөнхий болон нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэж, дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад.
3.17.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дараах байдлаар нийтэд мэдээлж, ажилд олон нийтийн оролцоог хангуулна:
3.17.1.хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулснаас бусад тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичгийн төслийн гүйцэтгэгч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.3-т заасан мэдээллийг нэгдсэн цахим системд мэдээлж, албан ёсоор хэвлэн нийтэлнэ;
3.17.2.газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт бичиг, түүний хэрэгжилтэд хийсэн хяналт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулна;
3.17.3.бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг батлуулахаас өмнө 30-аас доошгүй хоногийн хугацаанд нэгдсэн цахим системд байршуулан, иргэд, олон нийтийн саналыг авч, саналыг тусгасан эсэх талаарх тайлбарыг эргэж мэдээлнэ.
3.18.Дараах тохиолдолд газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд энэ журамд заасан шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулж болно:
3.18.1.Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасны дагуу тодорхой газрыг ашиглах, чөлөөлөхөөр болсон тохиолдолд;
3.18.2.төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд болон улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд;
3.18.3.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг шинэчлэгдэж, өөрчлөлт орсон тохиолдолд;
3.18.4.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх, шинэчлэх дүгнэлт гарсан тохиолдолд;
3.18.5.инженер, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд;
3.18.6.газар хамгаалах, нөхөн сэргээх, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд;
3.18.7.хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэж, өөрчлөлт орсон тохиолдолд.
3.19.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа дараах арга хэмжээг зохион байгуулна.
3.19.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулах бөгөөд холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагаас төлөөллийг оруулна;
3.19.2.энэ журмын 3.19.1-д заасан Ажлын хэсэг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явцад хяналт тавих, санал өгөх, холбогдох байгууллагаар хэлэлцүүлэх, дүгнэлт гаргах үүрэгтэй байна;
3.19.3.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээний саналыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, холбогдох байгууллага, газраас авч нэгтгэх бөгөөд саналыг орон зайн шийдлээр төлөвлөж, давхардлыг шалгах, салбарын уялдаа, холбоог хангуулах арга хэмжээ авна.
3.20.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад дараах арга хэмжээг зохион байгуулна:
3.20.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн газрын алба зохион байгуулна;
3.20.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг тухайн шатны Засаг даргын захирамжаар байгуулна;
3.20.3.энэ журмын 3.20.2-т заасан Ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газар, харьяа газруудын холбогдох асуудал хариуцсан удирдах албан тушаалтан, тухайн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, усны сав газрын хамгаалалтын захиргааны удирдах албан тушаалтан, Соёлын өвийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтан, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оруулах бөгөөд Ажлын хэсэг гүйцэтгэгчийг шаардлагатай мэдээллээр хангах, төлөвлөгөө боловсруулах ажлын явцад хяналт тавих, санал өгөх, холбогдох байгууллагаар хэлэлцүүлэх, дүгнэлт гаргах үүрэгтэй байна;
3.20.4.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтээр хэлэлцүүлж санал авахаас гадна сум, дүүргийн Засаг дарга нарын саналыг албан ёсоор авна.
3.21.Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн сумын газар, байгалийн нөхцөл, нөөц, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, орон нутгийн онцлог, уламжлалын дагуу олон төрөлт, тогтвортой газар ашиглалтыг хөгжүүлэх 5-7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөлтийн баримт бичиг байна.
3.22.Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, түүнд тусгагдсан арга хэмжээ нь улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл, арга хэмжээнд нийцсэн, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үе шаттайгаар шууд тусган хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангасан байна.
3.23.Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараах арга хэмжээг зохион байгуулна:
3.23.1.сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг аймаг, нийслэлийн газрын алба зохион байгуулна;
3.23.2.сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлж, санал авахаас гадна аймгийн Засаг дарга, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, Соёл, урлагийн газрын саналыг албан ёсоор авч тусгана.
3.24.Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа дараах арга хэмжээг зохион байгуулна:
3.24.1.нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улс, аймаг, нийслэлийн жилийн төлөвлөгөө, орон нутгийн төсөвтэй уялдуулан боловсруулна;
3.24.2.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах Aжлын хэсгийг тухайн шатны Засаг даргын захирамжаар жил бүрийн эхний улиралд багтаан байгуулна;
3.24.3.ажлын хэсгийг аймаг, нийслэлд газрын албаны дарга, суманд тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга ахалж, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар аймаг, нийслэлд тухайн шатны газар зохион байгуулалтын асуудал хариуцсан нэгжийн холбогдох албан тушаалтан, суманд сумын газрын даамал байна. Ажлын хэсэгт аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор, Газрын тухай хуулийн 13.1-д заасан зам, шугам сүлжээний газарт хамаарах төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтныг оруулна;
3.24.4.аэродромын аюулгүйн бүсэд хамаарах газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах арга хэмжээ төлөвлөхдөө холбогдох төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна;
3.24.5.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нутаг дэвсгэрийн хэмжээнд ойрын 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлэх төсөл, арга хэмжээ тус бүрээр орон зайн дүн шинжилгээ хийж, шаардагдах төсөв, зардлын тооцооны хамт оны эхнээс эхлэн боловсруулж, холбогдох байгууллага, олон нийтийн саналыг авч тусгасан байна;
3.24.6.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна;
3.24.7.сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэгдсэн цахим системд байршуулж, аймаг, нийслэлийн газрын албанд хүргүүлнэ;
3.24.8.аймаг, нийслэлийн газрын алба нь нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хянаж, жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
3.24.9.газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг албан ёсоор ирүүлснээс хойш 20 хоногт багтаан хянаж, дүгнэлт гаргах бөгөөд шаардлага хангасан тохиолдолд тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ;
3.24.10.тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл шаардлага хангаагүй тохиолдолд аймаг, нийслэлийн газрын албанд буцаана;
3.24.11.тухайн шатны Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийн хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр дотор хэлэлцүүлэн батлуулна;
3.24.12.сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батална;
3.24.13.аймаг, нийслэлийн газрын алба нь аймаг, нийслэлийн хэмжээнд тухайн жилд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг нэгтгэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ;
3.24.14.аймаг, нийслэлийн газрын алба тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын жагсаалт, өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн хянаж, жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
3.24.15.газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэлийн газрын албанаас ирүүлсэн тухайн жилийн эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын жагсаалт, өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг улсын хэмжээнд хянан нэгтгэж, өмнөх оны хэрэгжилтийн хамт тухайн оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт хүргүүлж, батлуулах ажлыг зохион байгуулна;
3.24.16.иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтоосон Засгийн газрын шийдвэрт тусгагдаагүй байршилд газар олголт хийхийг хориглоно;
3.24.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээ, түүнд шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсөв болон аймаг, нийслэлийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тусгуулан батлуулах ажлыг зохион байгуулна.
3.25.Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө дараах шаардлагыг хангасан байна:
3.25.1.улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичиг, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх;
3.25.2.төлөвлөсөн арга хэмжээ нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, эдэлбэр газрын бүсчлэл, түүний дүрэмтэй нийцсэн, хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгуулсан байх;
3.25.3.хууль тогтоомжоор тогтоосон хориглолт, хязгаарлалт, хамгаалалтын бүсийн дэглэм, горимд нийцсэн байх;
3.25.4.газар ашиглалтын тохиромжтой байдал, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх;
3.25.5.газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөсөн байх;
3.25.6.арга хэмжээг нэгж талбар бүрээр төлөвлөж, төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай байх;
3.25.7.хаягжуулалтын стандартад нийцсэн байх;
3.25.8.нэгдсэн цахим системийн шаардлагыг хангасан байх;
3.25.9.гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх, эзэмшүүлэх газрыг төлөвлөхөд газар зохион байгуулалтын болон хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд нийцүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдах байдлаар төлөвлөсөн, эсхүл хангагдсан байх, байршил нь хот, тосгон, бусад суурины ангилалд хамаарах газарт төлөвлөгдсөн байх;
3.25.10.тариалангийн зориулалтаар төлөвлөсөн арга хэмжээ нь Засгийн газрын шийдвэрээр атар газрыг тариаланд шилжүүлэх шийдвэр бүхий байршилд төлөвлөгдсөн байх;
3.25.11.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон нийтээр ашиглах зуслан, намаржаа болон хадлангийн нөөц, отрын бэлчээр, байгалийн тогтцоор бий болсон уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга, байгууламж, хашаа, саравч барих зориулалтаар газар төлөвлөөгүй байх.
Дөрөв.Газрын нэгдмэл сан түүний үндсэн
ангилал шилжүүлэх, ашиглах
4.1.Газрын нэгдмэл сангийн нэг ангиллаас нөгөө ангилалд газрыг шилжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийж тогтоосон байх;
4.1.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх.
4.2.Дараах тохиолдолд газрын нэгдмэл сангийн нэг ангиллаас нөгөө ангилалд газрыг шилжүүлнэ:
4.2.1.газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах;
4.2.2.хот, аймаг, сумын төв, тосгоны эдэлбэр газрын хил заагийг өөрчлөх, цаашид газрыг тэлж хөгжих боломжтой нөөц газар тогтоох;
4.2.3.Газрын тухай хуулийн 16.1.3-т заасан улсын тусгай хэрэгцээний газар болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан байгаль орчин, хүний эрүүл мэнд, соёлын өвийн аюулгүй байдлыг хамгаалах болон онцгой хамгаалалт бүхий объектын хамгаалалтын бүс, зурвас газрын хил заагийг тогтоох, өөрчлөх;
4.2.4.Газрын тухай хуулийн 23.2.9, Тариалангийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх.
4.3.Энэ журмын 4.2.1-д заасны дагуу газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 18.1.2-т заасан Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
4.4.Энэ журмын 4.2.2, 4.2.4-т заасны дагуу газрын нэгдмэл сангийн ангиллыг шилжүүлэхэд дараах байдлаар шийдвэрлэнэ:
4.4.1.сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөө аж ахуйн газрын үндсэн ангилалд хамаарах бэлчээрийн газрыг хот, тосгон бусад суурины болон тариалангийн газрын ангилалд шилжүүлэх саналыг хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ;
4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын ангилал шилжүүлэх саналыг хэлэлцэж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжилна;
4.4.3.аймаг, нийслэлийн Засаг дарга хөдөө аж ахуйн газрын үндсэн ангилалд хамаарах бэлчээрийн газрыг хот, тосгон бусад суурины болон тариалангийн газрын ангилалд шилжүүлэх саналыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ;
4.4.4.аймаг, нийслэлийн Засаг даргын бэлчээрийн газрыг тариаланд шилжүүлэх саналыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, хот, тосгон бусад суурины ангилалд шилжүүлэх саналыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус уламжилна;
4.4.5.газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4.4-т заасан саналыг хянаж, дүгнэлт гарган Газрын тухай хуулийн 23.2.9-д заасны дагуу Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журмын дагуу цахим системд бүртгэнэ.
4.5.Энэ журмын 4.2-т зааснаас бусад тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрхийн харилцаа үүсэж, нэгдсэн цахим системд бүртгэгдсэнээр ангилал шилжинэ.
4.6.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухайн жилийн саналыг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэлтийн хамт жил бүрийн 12 дугаар сард багтаан шийдвэрлүүлнэ.
4.7.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газраас баталсан газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журмын дагуу газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлийг цахимаар эрхлэн явуулна.
4.8.Хот, тосгон бусад суурины эдэлбэр газрын бүсчлэлд тавигдах газар ашиглалтын шаардлагыг нийслэлд бүсчлэлийн дүрмээр, аймаг, суманд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөөр тогтооно.
4.9.Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэд ангилал шилжүүлэх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахтай холбоотой иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх зорилгоор газар зохион байгуулалт хийх аргачилсан зааврыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Тав.Тусгай хэрэгцээний газрын газар зохион
байгуулалтыг эрхлэх
5.1.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг Газрын тухай хуулийн 18.1.2-т заасан Засгийн газраас баталсан журмын дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэнэ.
5.2.Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгана.
5.3.Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд судалж тогтооно.
5.4.Орон нутгийн тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санг аймаг, нийслэлийн газрын алба энэ журмын 1.3-т заасан нэгдсэн цахим системд хөтөлнө.
5.5.Улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг хориглоно.
Зургаа.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн
цэсийг тогтоох, өөрчлөх, тодруулах
6.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоох, өөрчлөх, тодруулах ажлыг дараах тохиолдолд гүйцэтгэнэ:
6.1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13.1, 14.1-д заасан тохиолдолд;
6.1.2.төрийн болон нийгэм, соёлын үйлчилгээнээс хэт алслагдсан иргэд, олон нийтийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор газар зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах шийдвэр гарсан;
6.1.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаан үүссэн.
6.2.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, эсхүл Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нэгдсэн цахим системд бүртгэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн зураглалд нарийвчилсан хяналт тавьж ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлүүлнэ.
6.3.Газрын асуудал хариуцсан цэсийн маргаантай хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах аливаа шийдвэр гаргах үйл ажиллагааг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд нэгдсэн цахим системээр дамжуулан хэсэгчлэн түр зогсоох арга хэмжээ авч болно.
6.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын алба, сумын газрын даамал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, эсхүл Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нэгдсэн цахим системд бүртгэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг мөрдүүлэх, иргэд, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
6.5.Хилийн цэсийг тогтоосон шийдвэр гарснаас хойш хийгдсэн батлагдаагүй, байршил нь тодорхойгүй газар зүйн нэр, түүний зураг, тодруулалтын ажлыг нэгдсэн цахим системд бүртгэхгүй бөгөөд түүнийг мөрдөхгүй.
6.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэс дэх эргэлтийн цэгийг хүний гараар бүтээгдсэн тоот шон, худаг, овоо, гудамж гэх мэт объектоор тогтоосон, тэдгээр объект нь устаж үгүй болсон бол хилийн цэсийг тогтоосон архивын баримт материалыг баримтална.
6.7.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.7.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох талаар санал боловсруулах Ажлын хэсгийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна;
6.7.2.баг, хорооны хилийн заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох санал боловсруулах Ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч, нарийн бичгийн даргаар аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилно;
6.7.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох санал боловсруулахтай холбоотой тооцоо судалгаа, хэмжилт зураглал хийх үүрэг бүхий дэд Ажлын хэсгийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна;
6.7.4.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох асуудлаар суурин болон хээрийн хэмжилт судалгаа хийх, материал боловсруулах ажилд холбогдох аймаг, нийслэлийн газрын албыг оролцуулна.
6.8.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааныг бүртгэх, түүнийг шийдвэрлэхтэй холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.8.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна;
6.8.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаан нь хүчин төгөлдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигт тусгагдсан, эсхүл Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатайгаас бусад маргаан бол архивын баримт материалд үндэслэн боловсруулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу хилийн цэсийн эргэлтийн цэг, шугамд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр нэгдсэн цахим системд өөрчлөлт оруулна;
6.8.3.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаан үүссэн эргэлтийн цэг, шугам нь хилийн цэсийг тогтоосон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, эсхүл Улсын Их Хурлын шийдвэр, тэдгээрийн холбогдох хавсралт зураг, том болон жижиг масштабын байр зүйн зураг, хилийн цэсийг тогтоох үед ашигласан газар усны нэрийн зураг зэрэг архивын баримт материалтай тулгалт хийж, зөрүүгүй тохиолдолд хилийн цэсийн маргаанд тооцохгүй;
6.8.4.аймаг, нийслэлийн газрын алба нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааныг тухай бүрд нь бүртгэл хөтөлж, нэгдсэн судалгаа, дүгнэлтийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
6.9.Хилийн цэсийг тогтоох, тодотгох, солбицолжуулах, хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхэд дараах архивын баримт материал, нарийвчлалын шаардлага хангасан байр зүйн зураг, баталгаажуулсан багажийг ашиглана:
6.9.1.хилийн цэсийг баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, эсхүл Улсын Их Хурлын холбогдох шийдвэрийг баталсан тухайн цаг үед хийгдсэн газар нутгийн нэрийн зураг, хилийн цэсийн зураг, холбогдох архивын баримт материал;
6.9.2.байр зүйн 1:25 000 масштабтай зураг (байхгүй тохиолдолд 1:50 000-1:100 000 зураг ашиглана.);
6.9.3.таван метрээс илүү нягтралтай болон түүнээс том масштабын агаар, сансрын зураг;
6.9.4.тухайн ажлын шаардлагад нийцсэн багаж, тоног төхөөрөмж.
6.10.Хилийн цэсийн зураг нь дараах шаардлагыг хангасан байна:
6.10.1.хилийн цэсийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталсан цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газар зүйн нэрээр хилийн цэсийн эргэлтийн цэгийг нэрлэсэн байх;
6.10.2.хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулсан байх;
6.10.3.Монгол Улсад мөрдөгдөж байгаа геодезийн солбицол, тусгаг, өндрийн нэгдсэн тогтолцоонд хэмжиж зурагласан байх;
6.10.4.хилийн цэсийг баруун хойд цэгээс эхлэн нар зөв дарааллаар дугаарлаж, жагсаасан байх;
6.10.5.хуучин хилийн цэсийг хар өнгөөр, шинэ хилийн цэсийг улаан өнгөөр ялгасан байх.
6.11.Энэ журмын 6.7.1-д заасан Ажлын хэсэг дараах байдлаар тооцоо, судалгааг боловсруулж, тайланг гаргаж холбогдох материалын хамт газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
6.11.1.хилийн цэсийг шинээр тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох шалтгаан, үндэслэл;
6.11.2.хүн ам, нийгэм, эдийн засгийн тооцоо, судалгаа, харьцуулалт;
6.11.3.хилийн цэсийг шинээр тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газрын нэгдмэл сангийн ангиллын зураг, шилжилт өөрчлөлтийн тооцоо (экспликаци);
6.11.4.ажлын хэсгийн санал, дүгнэлт ;
6.11.5.байр зүйн 1:25 000 масштабтай зураг (байхгүй тохиолдолд 1:100 000 зураг ашиглана.) дээр одоогийн болон шинэчилсэн хилийн цэсийн зураг;
6.11.6.хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбицлын жагсаалт.
6.12.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь материал хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан сум, дүүргийн болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын албанд хүргүүлнэ.
6.13.Аймаг, нийслэлийн Засаг дарга 90 хоногт багтаан сум, дүүргийн болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар саналыг хэлэлцүүлж, зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн тухай шийдвэрийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад буцаан хүргүүлнэ.
6.14.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь холбогдох тайлан, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд болон энэ журмын 6.7.1-д заасан Ажлын хэсэгт танилцуулах, асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангуулж ажиллана.
6.15.Холбогдох талууд зөрүүтэй, тохиролцоогүй санал ирүүлснийг үл харгалзан саналыг холбогдох шийдвэрийн төсөлд хавсаргана.
6.16.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох газар зохион байгуулалтын ажлын зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгана.
6.17.Улсын тусгай хэрэгцээний газарт хийх газар зохион байгуулалтын ажлын зардлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага хариуцна.
Долоо.Хариуцлага
7.1.Энэ журмын холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Энэ журмыг зөрчсөн нь газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болно.
----о0о----
Текст томруулах
A
A
A