A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 03 дүгээр

сарын 06ы өдрийн 92 дугаар

       тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН

БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа (цаашид "газрын хянан баталгаа" гэх) хийхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

 

 1.2.Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу 5 жилд нэг удаа газрын хянан баталгааг хийх бөгөөд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хийгдэх газрын хянан баталгааны үйл ажиллагаанд энэ журмыг дагаж мөрдөнө.

 

 1.3.Энэ журмын 1.2-т заасан газрын хянан баталгаа хийх үйл ажиллагааг аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын алба нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид гентлаг" гэх) нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллана.

 

 1.4.Газрын хянан баталгааны үйл ажиллагаанд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн дэд систем болох газрын мониторингийн цахим систем (цаашид "цахим систем" гэх)-ийг  ашиглана.

 

Хоёр.Газрын хянан баталгааны төрөл

 

2.1.Газрын элэгдэл, эвдрэл, хөрсний бохирдол, ургамлын нөмрөгийн төрх, байдлыг тодорхойлох, газрыг гэрээнд заасан нөхцөлөөр ашиглаж байгаа эсэх, газар ашиглалтын зөрчлийг илрүүлэх, зураглах, цаашид зөрчлийг арилгуулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор газрын хянан баталгааг хийж, зөвлөмж, дүгнэлт гаргана.

 

2.2.Газрын хянан баталгаа нь санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрээс хамаарч төлөвлөгөөт хянан баталгаа, захиалгат хянан баталгаа гэсэн хоёр төрөлтэй байна.

 

2.3.Төлөвлөгөөт хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр дараах тохиолдолд хийнэ:

 

      2.3.1.газрын нэгдмэл сангийн ангиллын бүх газарт 5 жил тутам;

 

      2.3.2.анх удаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад шинээр олгож байгаа болон Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт;

 

      2.3.3.улсын тусгай хэрэгцээнд авах газарт.

 

2.4.Захиалгат хянан баталгааг захиалагчийн хөрөнгөөр дараах тохиолдолд хийнэ:

 

      2.4.1.энэ журмын 2.3.2-т зааснаас бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газарт;

 

      2.4.2.байгалийн хүчин зүйлс болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын төлөв байдалд элэгдэл, эвдрэл, доройтол үүссэн тохиолдол бүрд;

 

      2.4.3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.2.8-д заасны дагуу Монгол Улсын иргэний өмчилж буй газарт.

 

2.5.Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн газарт хийгдсэн хянан баталгааны дүгнэлтийн хугацаа 5 жилээс хэтрээгүй бол уг дүгнэлтийг үндэслэнэ.

 

2.6.Газрын зориулалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөн ашигласан тохиолдолд газрын хянан баталгааг заавал хийлгүүлнэ.

 

Гурав.Газрын хянан баталгаа хийх

 

3.1.Газрын хянан баталгаа хийх үйл ажиллагаанд бэлчээрийн газрын фото мониторингийн үнэлгээний ажлын үр дүн болон зайнаас тандан судлалын арга, технологийг хослуулан ашиглаж болно.

 

3.2.Газрын хянан баталгааны тогтвортой үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээрийн өөрчлөлтийг харьцуулахдаа хянан баталгааны талбарт хэмжилт, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор байнгын ажиглалтын мониторингийн цэг (цаашид "мониторингийн цэг" гэх)-ийг байгуулна.

 

3.3.Хянан баталгааны талбар, мониторингийн цэгийг байгуулахдаа тухайн газрын байгаль-экологийн хэв шинж, нөлөөлөлд өртсөн байдал, хөрс, ургамлын шинж чанар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил зааг, газрын нэгдмэл сангийн ангилал, газар ашиглалтын зориулалт, газрын хянан баталгааны өмнөх дүгнэлт зэргийг харгалзана.

 

3.4.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн гүйцэтгэх газрын хянан баталгааны ажил дараах үе шатнаас бүрдэнэ:

 

      3.4.1.бэлтгэл ажил;

 

      3.4.2.хээрийн судалгаа;

 

      3.4.3.материал боловсруулалт;

 

      3.4.4.тайлан, дүгнэлтийг баталгаажуулах.

 

3.5.Бэлтгэл ажлын үе шатанд тухайн орон нутагт өмнө нь хийгдсэн буюу анхны лавлагаа түвшний хөрс, ургамал, газар ашиглалт, гадаргын төлөв байдлын онцлогтой холбоотой судалгаа, шинжилгээний материалыг судлах, агаар, сансрын зураглалд боловсруулалт хийх, хянан баталгааны талбарын хил зааг, мониторингийн цэгүүдийг урьдчилан тогтоох, хээрийн судалгааны ажлын зураг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

3.6.Хээрийн судалгааны ажлын үе шатанд урьдчилан тогтоосон хянан баталгааны талбар, мониторингийн цэгүүдийн байршлыг харгалзан газрын бүрхэвч, газар ашиглалтын байдлыг зураглах, зайнаас тандан судлалын арга, аргачлалыг уламжлалт аргатай хослуулан хөрс, ургамал, газрын төрх байдлын судалгаа, шинжилгээ хийж, шаардлагатай хөрс, ургамал, усны дээжийг авч, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ.

 

3.7.Материал боловсруулалтын ажлын үе шатанд хээрийн судалгаагаар гүйцэтгэсэн ажиглалт, хэмжилт, судалгаа, бохирдол, элэгдэл, эвдрэлд өртсөн газруудын байршил, талбайн хэмжээ түүнийг арилгах, саармагжуулах арга хэмжээ, лабораторийн шинжилгээний дүнг нэгтгэн ажиглалтын талбар бүрээр сүлжээний зураг боловсруулж, хөрсний дээж, хөрсний механик бүрэлдэхүүн, хими, физикийн шинж чанар, хүнд металлын агууламж, эрүүл ахуй, хөрс, ургамлын бичиглэл, усны шинжилгээний үзүүлэлтийг анхны лавлагаа түвшний үзүүлэлтүүдтэй харьцуулан хянан баталгааны дүгнэлт гарган, батлагдсан аргачилсан зааврын дагуу тайлан боловсруулах, цахим системд холбогдох мэдээллийг бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

 

3.8.Газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг агентлаг болон аймаг, нийслэл, дүүргийн газрын албаар хянуулан баталгаажуулж захиалагчид хүлээлгэн өгнө.

 

3.9.Газрын хянан баталгааны тайлан дараах баримт, бичгээс бүрдэнэ:

 

       3.9.1.үе шатны ажлын тайлан;

 

       3.9.2.газрын байршлыг тодорхойлсон тоон болон зурган мэдээлэл, талбайн хэмжээ;

 

       3.9.3.хянан баталгааны талбар, хянан баталгааны талбарын сүлжээний зураг;

 

       3.9.4.доройтсон газрын фото зураг;

 

       3.9.5.агаар, сансрын зураг;

 

       3.9.6.мониторингийн цэгийн хувийн хэрэг, дүгнэлт;

 

      3.9.7.хөрс, ургамал, усны лабораторийн шинжилгээний хариу;

 

       3.9.8.газрын гадаргын төрх байдал, хөрс, ургамлын төлөв байдал, чанар, түүний өөрчлөлт, доройтож бохирдоход нөлөөлж байгаа шалтгаан, сөрөг үр дагаврыг арилгах, газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх зөвлөмж, дүгнэлт;

 

       3.9.9.өмнө нь хийгдсэн хянан баталгааны тайлан, дүгнэлттэй харьцуулсан дүн шинжилгээ;

 

       3.9.10.газрын хянан баталгааны дүгнэлт;

 

       3.9.11.хавсралт баримт материалууд.

 

3.10.Агентлаг нь хуулийн этгээдэд мэргэжлийн байгууллагын эрх олгохдоо цахим системд нэвтрэх эрхийг хамт олгоно.

3.11.Мэргэжлийн байгууллага нь хөрс, ургамал, усны итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ байгуулсан байна.

 

3.12.Мониторингийн цэгийн мэдээллийг цахим системд агентлаг бүртгэнэ.

 

3.13.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үр дүнд үүссэн хөрс, усны шинжилгээний дүн, ургамлын бичиглэлийг цахим системд хөрс, усны итгэмжлэгдсэн лаборатори бүртгэнэ.

 

3.14.Газрын хянан баталгааны ажлын үр дүнд үүссэн мониторингийн цэгийн мэдээллийг цахим системд шинээр мэргэжлийн байгууллага бүртгэнэ.

 

3.15.Аймаг, нийслэлийн газрын алба нь төлөвлөгөөт хянан баталгааны ажлын даалгаврын төсөлд агентлагийн саналыг заавал авсан байна.

 

 3.16.Газрын хянан баталгааны ажлын гүйцэтгэлд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба болон агентлаг хамтран хяналт тавина.

 

Дөрөв.Газрын хянан баталгааны тогтвортой үзүүлэлт

 

 4.1.Газрын хянан баталгааны хүрээнд тухайн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг бүрэн тогтоох зорилгоор дараах үндсэн тогтвортой үзүүлэлтүүдийг тодорхойлно:

 

       4.1.1.бэлчээр, хадлангийн газарт:

 

4.1.1.1.ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;

 

4.1.1.2.ургамлын тусгаг бүрхэвч, тархац;

 

4.1.1.3.ургамлын биомасс (га-ийн ургац);

 

4.1.1.4.гадаргын төрх байдал;

 

4.1.1.5.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.1.6.хөрсний бохирдолт;

 

4.1.1.7.хөрсний чийг;

 

4.1.1.8.мэрэгч болон хортон шавжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;

 

4.1.1.9.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

       4.1.2.тариалангийн газарт:

 

4.1.2.1.таримал ургамлын төрөл, зүйл;

 

4.1.2.2.таримал ургамлын ээлжлэн тариалалтын хуваарь;

 

4.1.2.3.хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;

 

4.1.2.4.хөрсний ялзмагийн агууламж;

4.1.2.5.хөрсний орчин (РН);

 

4.1.2.6.нийт азот, хөдөлгөөнт фосфор, кали, шингээх багтаамж;

 

4.1.2.7.гадаргын төрх байдал;

 

4.1.2.8.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.2.9.хөрсний бохирдолт;

 

4.1.2.10.хөрсний чийг;

 

4.1.2.11.үндэслэг ишээр ба үндэсний хэсгээр үрждэг хог ургамлын тархалт;

 

4.1.2.12.хөрсний хоёрдогч давсжилт, намагжилт;

 

4.1.2.13.гербицид ба пестицидийн үлдэгдэл;

 

4.1.2.14.усалгаатай тариалан эрхлэх боломж;

 

4.1.2.15.газар ашиглалт, газрын зөрчил зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

      4.1.3.атаршсан газарт:

 

4.1.3.1.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.3.2.хөрсний бохирдолт;

 

4.1.3.3.ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт;

 

4.1.3.4.гадаргын төрх байдал;

 

4.1.3.5.атаршсан хугацаа;

 

4.1.3.6.нөхөн сэргээлт хийгдсэн эсэх.

 

      4.1.4.суурьшлын газарт:

 

4.1.4.1.хөрсний бохирдолт;

 

4.1.4.2.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.4.3.гадаргын төрх байдал;

 

4.1.4.4.хот, суурин газрын тэлэлт, нягтрал;

 

4.1.4.5.газрын бүрхэвчийн ангилал, харьцаа (ногоон байгууламж, барилгажилт, нийтийн эдэлбэр газар гэх мэт);

 

4.1.4.6.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

       4.1.5.уурхайн эдэлбэр болон үйлдвэрийн зориулалттай газарт:

4.1.5.1.гадаргын бохирдолт;

 

4.1.5.2.хөрсний бохирдолт;

 

4.1.5.3.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.5.4.ургамлын тусгаг бүрхэц;

 

4.1.5.5.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил;

 

4.1.5.6.нөхөн сэргээлт хийгдсэн эсэх;

 

4.1.5.7.орчны эрүүл ахуй, аюулгүй байдал;

 

4.1.5.8.соёлын өвийн аюулгүй байдал зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

      4.1.6.аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын газарт:

 

4.1.6.1.ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;

 

4.1.6.2.ургамлын тусгаг бүрхэц;

 

4.1.6.3.гадаргын төрх байдал;

 

4.1.6.4.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

4.1.6.5.гадаргын бохирдолт;

 

4.1.6.6.рашаан усны орчны газрын ариун цэвэр, эрүүл ахуй;

 

4.1.6.7.соёлын өвийн аюулгүй байдал;

 

4.1.6.8.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил зэрэг зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

       4.1.7.улсын тусгай хамгаалалттай газар нутагт:

 

  4.1.7.1.газрын гадаргын төрх байдал;

 

  4.1.7.2.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

  4.1.7.3.хөрсний бохирдол;

 

  4.1.7.4.ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;

 

  4.1.7.5.ургамлын тусгаг бүрхэц;

 

4.1.7.6.ургамлын тархац (үүний дотор нэн ховор, ховор ургамал, эмийн ургамал болон хорт ургамлын тархцын хүрээ);

 

4.1.7.7.ургамлын биомасс;

 

  4.1.7.8.зэрлэг ан, амьтдын төрөл, зүйл;

 

4.1.7.9.зэрлэг ан, амьтдын байршил, бэлчээрлэх хил хязгаар;

 

4.1.7.10.аялал жуулчлалын баазуудын байршил, нягтрал;

 

  4.1.7.11.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил;

 

4.1.7.12.соёлын өвийн аюулгүй байдал зэрэг шаардлагатай үзүүлэлт.              

      4.1.8.улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт:

 

  4.1.8.1.ургамлын зүйлийн бүрэлдэхүүн;

 

  4.1.8.2.ургамлын тусгаг бүрхэвч;

 

  4.1.8.3.газрын гадаргын төрх байдал;

 

4.1.8.4.хөрсний бохирдолт;

 

  4.1.8.5.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

  4.1.8.6.газар ашиглалт, орчны аюулгүй байдал, газрын зөрчил;

 

4.1.8.7.соёлын өвийн аюулгүй байдал зэрэг шаардлагатай үзүүлэлт. 

 

      4.1.9.ойн сан бүхий газарт:

 

  4.1.9.1.ойн нягтрал;

 

  4.1.9.2.ойн талбайн өөрчлөлт;

 

  4.1.9.3.газрын гадаргын төрх байдал;

 

  4.1.9.4.хортон шавжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;

 

  4.1.9.5.ойн түймэрт өртсөн байдал, талбайн хэмжээ;

 

4.1.9.6.газар ашиглалтын зөрчил зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

      4.1.10.усны сан бүхий газарт:

 

  4.1.10.1.усны эрдэсжилт;

 

  4.1.10.2.усны бохирдолт;

 

  4.1.10.3.эрэг орчмын газрын төрх байдал;

 

  4.1.10.4.эрэг орчмын хөрсний элэгдэл, эвдрэл;

 

  4.1.10.5.эрэг орчмын хөрсний бохирдол;

 

  4.1.10.6.голын голдирлын өөрчлөлт;

 

4.1.10.7.газар ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй байдлын дэглэмийн зөрчил зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

      4.1.11.дээр дурдсанаас бусад ангиллын газарт:

 

  4.1.11.1.хөрсний бохирдолт;

 

  4.1.11.2.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

  4.1.11.3.гадаргын төрх байдал;

 

  4.1.11.4.ургамлын тусгаг бүрхэц;

 

  4.1.11.5.нөхөн сэргээлт хийгдсэн эсэх;

 

4.1.11.6.газар ашиглалт, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, газрын зөрчил;

 

4.1.11.7.соёлын өвийн аюулгүй байдал зэрэг шаардлагатай үзүүлэлт.

 

 4.2.Дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газарт газрын төлөв, байдал чанарын хянан баталгаа хийхэд энэхүү журмын 4.1.4-т заасан үндсэн үзүүлэлтийг баримтална.

 

4.3.Газрын төлөв байдал, чанарт гарч болзошгүй өөрчлөлтийг тодорхойлоход дээр дурдсанаас бусад нэмэлт онцлог үзүүлэлт хэрэглэж болно.

 

4.4.Газрын хянан баталгааны дараах тогтвортой үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо зайнаас тандан судлалын арга, аргачлалыг ашиглаж, судалгаа, шинжилгээ, зураглал хийж болно:

 

       4.4.1.газрын гадаргын бүрхэвч, төрх байдал;

 

       4.4.2.ургамлын тусгаг бүрхэц;

 

       4.4.3.ургамлын биомассын хэмжээ;

 

       4.4.4.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

       4.4.5.газар ашиглалтын зөрчил;

 

       4.4.6.хөрсний хоёрдогч давсжилт, намагжилт;

 

       4.4.7.атаршсан хугацаа;

 

       4.4.8.хөрсний элэгдэл, эвдрэл;

 

       4.4.9.нөхөн сэргээлт хийгдсэн эсэх;

 

       4.4.10.хот, суурин газрын тэлэлт, нягтаршил;

 

      4.4.11.газрын бүрхэвчийн ангилал, харьцаа (ногоон байгууламж, барилгажилт, нийтийн эдэлбэр газар гэх мэт);

 

       4.4.12.зэрлэг ан, амьтдын байршил, бэлчээрлэх хил хязгаар;

 

       4.4.13.аялал жуулчлалын баазуудын байршил, нягтрал;

 

       4.4.14.ойн нягтрал;

 

       4.4.15.ойн талбайн өөрчлөлт;

 

       4.4.16.хортон шавжийн хор хөнөөлд нэрвэгдсэн байдал;

 

       4.4.17.ойн түймэрт өртсөн байдал;

 

       4.4.18.усны бохирдолт;

 

       4.4.19.эрэг орчмын газрын төрх байдал;

 

       4.4.20.эрэг орчмын хөрсний элэгдэл, эвдрэл;

 

       4.4.21.голын голдирлын өөрчлөлт;

 

      4.4.22.соёлын өвийн аюулгүй байдал.

 

Тав.Газрын хянан баталгааг хянан үзэж,

баталгаажуулах

 

5.1.Агентлаг нь дараах ангилал, зориулалтын газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг хянаж, баталгаажуулна:

 

      5.1.1.уурхайн эдэлбэр газарт;

 

      5.1.2.үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газарт;

 

      5.1.3.зам, шугам сүлжээний газарт;

 

      5.1.4.хоёр ба түүнээс дээш аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг хамран олгогдсон газарт;

 

      5.1.5.улсын тусгай хэрэгцээний газарт.

 

5.2.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нь энэхүү журмын 5.1-д зааснаас бусад газрын нэгдмэл сангийн ангилал, зориулалтын газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг хянаж баталгаажуулна.

 

5.3.Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нь газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянан үзэж, баталгаажуулна.

 

5.4.Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нь мэргэжлийн байгууллагын хэвлэмэл болон цахим системээр ирүүлсэн тайланг дараах байдлаар хянан үзэж, шаардлага хангаагүй тохиолдолд гүйцэтгэгчид буцаана:

 

      5.4.1.тайлан нь монгол хэл бичгийн зөв бичих дүрмийг баримталсан, утга найруулгын алдаагүй боловсруулагдсан эсэх;

      5.4.2.захиалагчийн газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой баримт бичиг бүрэн эсэх;

 

      5.4.3.хянан баталгааны ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн болон холбогдох баримт, бичиг бүрэн эсэх;

 

      5.4.4.хянан баталгааны талбартай холбоотой ерөнхий мэдээлэл үнэн зөв эсэх;

 

      5.4.5.хянан баталгааны талбарыг батлагдсан аргачлалын дагуу хувааж, нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицол, хөрсний дээж, хөрсний механик бүрэлдэхүүн, хими, физикийн шинж чанар, хүнд металлын агууламж, эрүүл ахуй, хөрс, ургамлын бичиглэл, усны шинжилгээний үзүүлэлтийг анхны лавлагаа түвшний үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүсчлэлийн кодын дагуу хянан баталгааны талбарын сүлжээний зургийн кодыг нэрлэж, цахим системд оруулсан эсэх;

 

      5.4.6.хянан баталгааны талбарын сүлжээний зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан батлагдсан аргачлал, зааврын дагуу боловсруулсан эсэх;

 

      5.4.7.хөрсний нэршлийг зөв тодорхойлж, хөрсний зүсэлтийг арга зүй, аргачлалын дагуу гүйцэтгэж, хөрсний төлөв байдал, чанар, түүний өөрчлөлтийн талаар тодорхой бичиж, шинжилгээний үр дүнг шинжлэх ухаан, онолын үндэслэлтэй тайлбарласан эсэх;

 

       5.4.8.ургамлын нэршлийг зөв тодорхойлж, бичиглэлийг аргачлалын дагуу гүйцэтгэж, ургамлын төлөв байдал, чанар, түүний өөрчлөлтийн талаар тодорхой бичиж, үр дүнг шинжлэх ухаан, онолын үндэслэлтэй тайлбарласан эсэх;

 

       5.4.9.усны шинжилгээ хийсэн тохиолдолд чанар, өөрчлөлтийн талаар тодорхой бичиж, шинжилгээний үр дүнг шинжлэх ухаан, онолын үндэслэлтэй тайлбарласан эсэх;

 

      5.4.10.өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын хэмжээг зөв тогтоож, газар ашиглалт, зөрчил, доройтсон газрын талбайн хэмжээг үнэн зөв тодорхойлж зурагласан эсэх;

 

      5.4.11.тайлангийн дүгнэлт хэсэгт газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, газар ашиглалтын онцлог, газрын гадарга, хөрс, ургамлын төлөв байдал, чанар, түүний өөрчлөлт, нөлөөлж байгаа шалтгаан хүчин зүйл, сөрөг үр дагавруудыг арилгах, газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар зөвлөмжийг хангалттай боловсруулсан эсэх;

 

      5.4.12.хянан баталгааны талбар тус бүрээр дүгнэлт, зөвлөмжийг боловсруулсан эсэх;

 

      5.4.13.зөвлөмж нь тухайн хянан баталгааны талбарын байгаль, цаг уурын онцлог, хөрс, ургамал, газар ашиглалтын аюулгүй байдлын ерөнхий дүгнэлтийн үндсэн дээр сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар ойлгомжтой байдлаар бичигдсэн эсэх;

 

      5.4.14.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын хянан баталгааны бүрдүүлэх материалын жагсаалт болон дүгнэлтийг цахим системд бүрэн оруулсан эсэх.

 

5.5.Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, мэдэгдэх хуудас хэвлэгдэх боломжгүй газарт хийгдсэн хянан баталгааны тайланг хэвлэмэл байдлаар хүргүүлж, баталгаажуулж болно.

 

5.6.Газрын хянан баталгааны ажлын эцсийн үр дүнг цахим системд бүрэн оруулснаар акт, дүгнэлт үйлдэх үндэслэл болно.

 

Зургаа.Газрын хянан баталгааны үйл ажиллагаанд

оролцогч талуудын эрх, үүрэг

 

6.1.Агентлаг нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

      6.1.1.газрын төлөвлөгөөт хянан баталгааны санхүүжилтийг улсын төсөвт тусгуулах, зарцуулалтад нь хяналт тавих;

 

      6.1.2.газрын хянан баталгааны үйл ажиллагааны нэгдсэн тайлан, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах;

 

      6.1.3.мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой дүгнэлт гаргах, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих;

 

      6.1.4.улс, аймаг, нийслэлийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн төлөв байдал, чанарын талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх;

 

      6.1.5.улсын хэмжээнд газрын хянан баталгааны цахим системийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэл хөтлөх, хяналт тавих, мэдээллийн сангийн тайлан мэдээллээр иргэд, олон нийтэд нээлттэй үйлчлэх;

 

      6.1.6.энэхүү журмын 5.1-д заасан ангилал, зориулалтын газарт хийгдсэн хянан баталгааны тайлан, дүгнэлтийг хянаж баталгаажуулах;

 

      6.1.7.мэргэжлийн байгууллага, хөрс, усны итгэмжлэгдсэн лабораторид цахим системд нэвтрэх эрх олгох.

 

 6.2.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

      6.2.1.мэргэжлийн байгууллагын гүйцэтгэсэн газрын хянан баталгааны тайлан, дүгнэлт энэ журамд заасан шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх мэдээллийг хөтөлж, агентлагт хүргүүлэх;             

 

      6.2.2.жил бүрийн газрын хянан баталгааны нэгдсэн тайланг тухайн оны   05 дугаар сарын 01-ний өдөр болон 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор агентлагт хүргүүлэх;

 

      6.2.3.тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байгаа хянан  баталгааны талбар, мониторингийн цэгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, гарсан аливаа зөрчлийг тухай бүрд нь арилгуулах;

      6.2.4.тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хийгдэж байгаа газрын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

      6.2.5.газрын хянан баталгааны нэгдсэн тайланг үндэслэн доройтсон, бохирдсон, элэгдсэн, эвдэрсэн газрыг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд агентлагт жил бүр хүргүүлэх;

 

      6.2.6.гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон газруудад холбогдох салбарын байгууллагуудтай хамтран газрын төлөв байдал, нөхөн сэргээлтэд хяналт тавьж, цахим системд тухай бүр бүртгэх;

 

      6.2.7.газрын төлөв байдал, чанарыг доройтуулсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газарт учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх, албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргах саналыг газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан эрх бүхий этгээдэд хүргүүлэх;

 

      6.2.8.энэ журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй тайлан, дүгнэлтийг удаа дараа гаргасан мэргэжлийн байгууллагын эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг агентлагт хүргүүлэх;

 

      6.2.9.газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад захиалгат хянан баталгаа хийлгэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэх, мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх шаардлага тавих, биелэлтэд хяналт тавих;

 

      6.2.10.хянаж баталгаажуулсан хянан баталгааны тайлан, дүгнэлтийн чанар гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж, улирал тутамд агентлагт тайлагнах.

 

  6.3.Мэргэжлийн байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

      6.3.1.батлагдсан аргачилсан зааврын дагуу газрын хянан баталгааг гүйцэтгэж, үр дүнг мэдээллийн сангийн шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулж, мониторингийн цахим системд оруулах;

 

      6.3.2.газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийн үнэн бодит байдлыг хариуцах, итгэмжлэгдсэн лабораторийн цахим системд оруулсан хөрсний шинжилгээний дүнг үндэслэн боловсруулах;

 

      6.3.3.газрын хянан баталгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ энэхүү журмын 5.4-т заасан шаардлагыг мөрдөх;

 

      6.3.4.газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг энэ журмын 5.1, 5.2, 5.3-т заасны дагуу баталгаажуулсны дараа захиалагчид хүргүүлэх;

 

      6.3.5.энэ журмын 6.1.7-д заасан цахим системд нэвтрэх эрх авах;

 

      6.3.6.газрын хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг цахим системд үнэн зөв оруулж, мэдээллийн чанарыг тус бүр хариуцах.

 

  6.4.Итгэмжлэгдсэн лаборатори дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

      6.4.1.энэ журмын 6.1.7-д заасны дагуу мониторингийн цахим системд нэвтрэх эрх авах;

 

      6.4.2.хөрс, усны дээжийг задлан шинжилгээний үр дүнг цахим системд үнэн зөв оруулж, мэдээллийн чанарыг тус бүр хариуцах.

 

 6.5.Захиалгат хянан баталгааны дүгнэлтэд заасан газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн дагуу илэрсэн зөрчлийг арилгах, газрыг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал тогтоож, акт үйлдэнэ.             

 

Долоо.Санхүүжилт

 

7.1.Газрын хянан баталгааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      7.1.1.Газрын тухай хуулийн 58.7-д заасны дагуу анх удаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон төлөвлөгөөт хянан баталгааг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх;

 

      7.1.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан газрын нөөц ашигласны төлбөрийн орлогын 15 хувиас зарцуулах;

 

      7.1.3.олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс зарцуулах;

 

       7.1.4.усны сан бүхий газар болон ойн сан бүхий газарт улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулахдаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос зарцуулах;

 

      7.1.5.бусад эх үүсвэр.

 

 7.2.Газрын тухай хуулийн 58.7-д заасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа хянан баталгааг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

 

 7.3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.2.8-д заасны дагуу өмчийн газрынхаа газрын хянан баталгааг иргэн өөрийн зардлаар санхүүжүүлнэ.

 

 7.4.Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газарт газрын хянан баталгааны сүүлийн 5 жилийн дотор хийгдсэн тайлан, дүгнэлт байхгүй тохиолдолд хянан баталгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, холбогдох санхүүжилтийг тухайн санал ирүүлсэн байгууллага хариуцна.

 

Найм.Хүлээлгэх хариуцлага

 

 8.1.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлаас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь захиалгат хянан баталгааг тогтоосон хугацаанд хийлгээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

 8.2.Мэргэжлийн байгууллага нь энэ журмын 6.3-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, лабораторийн шинжилгээний дүн болон хянан баталгааны ажлын тайлан дүгнэлтийг илтэд худал үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын эрхийг цуцалж, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

 8.3.Агентлаг болон аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны албан хаагч газрын хянан баталгааны тайлан, дүгнэлтийг энэ журмын 5.4-т заасны дагуу хянан үзээгүй баталгаажуулсан нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

----о0о----