- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН БОЛОН ДОТООДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 03 дугаар
сарын 06-ны өдрийн 102 дугаар
тогтоолын хавсралт
ГАДААДЫН БОЛОН ДОТООДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ,
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.2.Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Иргэний хууль, Төсвийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
1.3.Энэ журамд заасан "дэмжлэг" гэдэгт Боловсролын ерөнхий хуулийн 11.5-д заасан сургалтын төлбөрийн хөнгөлөлт хамаарна.
1.5.Холбогдох гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагчид олгох сургалтын төлбөр, дотуур байрны зардлыг тухайн зардлын хэмжээгээр, хүнсний зардлыг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн гадаадад суралцагчийн тухайн жилийн хүнсний зардлын хэмжээгээр тооцох бөгөөд энэ зардлын судалгааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан авна.
1.6.Энэ журамд заасан амьжиргааны зардалд суралцагчийн дотуур байрны болон хүнсний зардал хамаарна.
1.7.Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан "тэгш хүртээмжтэй байх" боловсролын зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй.
1.8.Гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцахад Засгийн газраас баталсан тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг баримтална.
1.9.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тухайн жил тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжид хамрагдах суралцагч (магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч болон бусад)-ийн хяналтын тоо, санхүүжүүлэх хэмжээг суралцах улсын нэр, сургалтын байгууллага болон мэргэжлээр нь жил бүрийн I улиралд багтаан тогтооно.
Хоёр.Суралцагч, сургалтын байгууллага,
сангийн эрх, үүрэг
2.1.Суралцагч дараах эрх, үүрэгтэй:
2.1.1.тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж хүсэх хүсэлт гаргах;
2.1.2.өргөдөл, гомдол гаргах;
2.1.3.гэрээний үүргээ биелүүлэхийг сан болон сургалтын байгууллагаас шаардах;
2.1.4.энэ журамд заасан баримт бичгээ бүрэн бүрдүүлэх;
2.1.5.гэрээний биелэлтийг дүгнэхэд санг шаардлагатай мэдээллээр хангах;
2.1.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
2.1.7.дотоодын сургалтын байгууллагад суралцагч төгсөөд ажлын 21 өдрийн дотор, гадаадын сургалтын байгууллагад суралцагч төгсөөд ажлын 45 өдрийн дотор санд бүртгүүлэх;
2.1.8.тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч төгсөөд 1 жилийн дотор ажилд орох;
2.1.9.энэ журамд өөрөөр заагаагүй бол дотоодын сургалтын байгууллагад тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч төгсөөд мэргэжил заасан бол мэргэжлээрээ 3-аас доошгүй жил, гадаадын сургалтын байгууллагад тэтгэлгээр суралцагч төгсөөд эх орондоо, мэргэжил заасан бол мэргэжлээрээ 5-аас доошгүй жил гэрээнд заасны дагуу ажиллах.
2.2.Дотоодын сургалтын байгууллага дараах эрх, үүрэгтэй:
2.2.1.суралцагчид олгох тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн талаарх тайлбар, мэдээллийг сангаас авах;
2.2.2.сангаас тогтоосон хугацаанд санхүүжилт шилжүүлэхийг шаардах;
2.2.3.сан болон суралцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах;
2.2.4.суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах саналаа санд хүргүүлэх;
2.2.5.суралцагчийн тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авах, хянах, санд уламжлах, энэ талаар суралцагчид мэдэгдэх;
2.2.6.хяналтын тоонд багтсан суралцагчийн мэдээллийг төрөлжсөн сангийн нэгдсэн системд бүртгэх, суралцагчийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг тухай бүр шинэчлэх;
2.2.7.суралцагчийн голч дүн болон бусад мэдээллийг дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэх, улирал тутам шинэчлэх, олон нийтэд ил тод байршуулах;
2.2.8.гэрээний биелэлтийг дүгнэхэд болон бусад шаардлагатай тохиолдолд санг суралцагчийн мэдээллээр хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
2.2.9.гэрээний хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих;
2.2.10.санхүүжилтийн зарцуулалтын тайланг жил бүрийн 6 болон 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт санд хүргүүлэх.
2.3.Сан дараах эрх, үүрэгтэй:
2.3.1.дотоодын сургалтын байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн авах, хянах, шаардлага хангаагүй суралцагчийг хасах;
2.3.2.суралцагчтай гэрээ байгуулах, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох;
2.3.3.санхүүжилтийг тогтоосон хугацаанд шилжүүлэх;
2.3.4.гэрээний үүргээ биелүүлэхийг суралцагч болон сургалтын байгууллагаас шаардах;
2.3.5.гэрээний биелэлтийг улирал тутам дүгнэх, биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;
2.3.6.гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан санхүүжилтийг зогсоох, суутгах, эргэн төлүүлэх;
2.3.7.санхүүжилтийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх:
2.3.8.энэ журмын 13.4-т заасан төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, олон нийтэд ил тод байршуулах.
Гурав.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг
3.1.Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор тухайн жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоно.
3.2. Тэтгэлэг дараах төрөлтэй байна:
3.2.1.Монгол Улсын нийт сум, хороо бүрээс шалгарсан суралцагчид олгох;
3.2.2.олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид олгох.
3.3.Энэ журмын 3.2.1-д заасан тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах шаардлага хангасан байна:
3.3.1.тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөр (цаашид "бэлтгэл хөтөлбөр" гэх)-т элсэж, 60 болон түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх;
3.3.2.энэ журмын 3.31-д заасан гадаадын тухайн сургалтын байгууллагын шаардлага хангасан байх.
3.4.Энэ журмын 3.2.2-т заасан тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах шаардлага хангасан байна:
3.4.1.олон улсын олимпиадын хорооноос зохион байгуулдаг математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүйн хичээлээр сүүлийн 3 жил зохион байгуулагдсан олимпиадад медальт байрт шалгарсан байх;
3.4.2.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings", эсхүл "Academic Ranking of World Universities" байгууллагын сүүлд тогтоосон эрэмбийн жагсаалтаар дэлхийн шилдэг 100-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан байх.
3.5.Энэ журмын 3.3.1-д заасан бэлтгэл хөтөлбөрт элсэгч дараах шаардлага хангасан байна:
3.5.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
3.5.2.тухайн жилийн элсэлтийн шалгалтын "гадаад хэл-математик", "гадаад хэл-физик", "гадаад хэл-хими", "гадаад хэл-биологи" гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авсан байх;
3.5.3.энэ журмын 3.5.2-т заасан хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн байх.
3.6.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын шийдвэрээр хамран сургах тойргийг өөрчилсөн бол энэ журмын 3.5.1-д заасан хугацааны шаардлага хангаагүй гэж үзэхгүй.
3.7.Суралцагч англи хэл, орос хэлний хичээлийн элсэлтийн шалгалтыг зэрэг өгсөн тохиолдолд гадаад хэлний хичээлийн шалгалтын оноог өндөр оноо авсан хичээлийн оноогоор тооцно.
3.8.Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн оноог тооцохгүй.
3.9.Энэ журмын 3.3.1-д заасан бэлтгэл хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дотоодын сургалтын байгууллага дараах шаардлага хангасан байна:
3.9.1.төрийн өмчийн их сургууль байх;
3.9.2.математик, байгалийн шинжлэх ухаан, гадаад хэлний мэргэжлийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг байх.
3.10.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох төрийн байгууллага, иргэн, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
3.11.Энэ журмын 3.2.1-д заасан тэтгэлгийн сонгон шалгаруулалт бэлтгэл болон тэтгэлэгт хөтөлбөрийн үе шаттай, энэ журмын 3.2.2-т заасан тэтгэлэг тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалттай байна.
3.12.Ажлын хэсэг бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн III улиралд зохион байгуулна.
3.13.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага элсэлтийн шалгалт зохион байгуулагдсаны дараа энэ журмын 3.5.2-т заасан шаардлага хангасан суралцагчийн нэрсийн жагсаалтыг сум, хороо бүрээр гаргаж, боловсролын асуудал хариуцсан орон нутгийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.
3.14.Энэ журмын 3.13-т заасны дагуу хүргүүлсэн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага сургууль, сум, хороо бүрээр хянан баталгаажуулж, хамран сургах тойрог тогтоох шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа хаяг, сүүлийн 3 жилд шилжилт хөдөлгөөн хийсэн эсэх мэдээллийг ажлын 3 өдөрт багтаан тус тус боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад ирүүлнэ.
3.15.Энэ журмын 3.14-т заасны дагуу улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг Боловсролын мэдээллийн технологийн төвд хүргүүлэх бөгөөд тус байгууллага суралцагчийн хаягийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн түүний сүүлийн 3 жил сурсан сургуулийн мэдээллийг ажлын 3 өдөрт багтаан боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад хүргүүлнэ.
3.16.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага энэ журмын 3.14, 3.15-д заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянаж, баталгаажуулсан нэрсийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.
3.17.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэрсийн жагсаалтын дагуу ажлын 2 өдрийн дотор бэлтгэл хөтөлбөрт хамрагдах суралцагчдын нэрсийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр хүргүүлнэ.
3.18.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.17-д заасан бэлтгэл хөтөлбөрт хамрагдах суралцагчийн хуваарилалтыг суралцах гадаад хэл, мэргэжлийн чиглэлийг харгалзан сургалтын байгууллага тус бүрээр гаргаж, ажлын 3 өдрийн дотор тухайн сургалтын байгууллагад хүргүүлнэ.
3.19.Бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын байгууллага энэ журмын 3.18-д заасан хуваарийн дагуу суралцагчийн саналыг баталгаажуулж, ажлын 10 өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.20.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр энэ журмын 3.19-д заасан бэлтгэл хөтөлбөрт хамрагдах суралцагчийн нэрсийг ажлын 2 өдрийн дотор баталгаажуулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, сангийн цахим хуудсаар нээлттэй, ил тод мэдээлнэ.
3.21.Бэлтгэл хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 1 жил байна.
3.22.Бэлтгэл хөтөлбөрт шалгарч, эхний улиралд амжилттай суралцсан суралцагчид дараа оны I улиралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт (батламж)-ийг гардуулна.
3.23.Суралцагч бэлтгэл хөтөлбөр эхлэхийн өмнө суралцахаас татгалзсан тохиолдолд тухайн орон нутгаас түүний дараагийн шаардлага хангасан суралцагчийг элсүүлж болно. Бэлтгэл хөтөлбөр эхэлснээс хойш суралцагчийг элсүүлэхгүй.
3.24.Суралцагч бэлтгэл хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахгүй.
3.25.Суралцагч бэлтгэл хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн буюу 2 улирал суралцсан ч 60 хувиас доош үнэлэгдсэн тохиолдолд энэ журмын 3.11-д заасан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй бөгөөд түүнийг дотоодын төрийн өмчийн сургалтын байгууллагад хувийн хөрөнгөөр үргэлжлүүлэн суралцах боломжоор хангана.
3.26.Энэ журмын 3.11-д заасан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн оны II улиралд зохион байгуулах бөгөөд зарыг сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаанаас 3 сарын өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, сангийн цахим хуудсаар нээлттэй хүргэнэ.
3.27.Суралцагч энэ журмын 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж, тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.
3.28.Ажлын хэсэг ажлын 15 өдрийн дотор суралцагчаас цахимаар ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг бүрдэл бүрэн, тавигдах шаардлага хангасан эсэхээр хянаж, шаардлага хангасан суралцагчид тэтгэлэг олгох саналыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
3.29.Энэ журмын 3.28-д заасны дагуу шаардлага хангаж, ижил үнэлэгдсэн суралцагчийн тоо тэтгэлэг олгохоор тогтоосон хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд энэ журмын 3.2.1-д заасан суралцагч бол гадаадын сургалтын байгууллагын эрэмбийг, дахин тэнцвэл бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтыг, дахин тэнцвэл элсэлтийн шалгалтын оноог, энэ журмын 3.2.2-т заасан суралцагч бол гадаадын сургалтын байгууллагын эрэмбийг, дахин тэнцвэл олимпиадад эзэлсэн байрыг, дахин тэнцвэл гадаад хэлний мэдлэгийн түвшнийг тус тус харгалзан үзэж сонгон шалгаруулна.
3.30.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тэтгэлэгт шалгарсан суралцагчийн нэрсийг ажлын 2 өдрийн дотор баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр хүргүүлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, сангийн цахим хуудсаар нээлттэй, ил тод мэдээлнэ.
3.31.Энэ журмын 3.2.1-д заасан суралцагчийг Засгийн газар хоорондын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангаас хийсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцуулна. Суралцагч бэлтгэл хөтөлбөрт суралцаж болно.
3.32.Энэ журмын 3.17, 3.20, 3.30-д заасан жагсаалтыг гармагц суралцагчид цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх бөгөөд энэ журмын 3.17, 3.30-д заасан суралцагчдын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон нийтэд зарлана.
3.33.Сан энэ журмын 3.2.1-д заасан суралцагч, түүний харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ, энэ журмын 3.2.2-т заасан суралцагчтай хоёр талт гэрээ, бэлтгэл хөтөлбөрт шалгарсан суралцагч, суралцах сургалтын байгууллагатай гурван талт гэрээг тус тус байгуулна.
3.34.Бэлтгэл хөтөлбөрийн суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд орон нутгийн суралцагчид дотуур байрны зардал олгоно.
3.35.Тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын тэтгэлэг олгоно.
3.36.Энэ журмын 3.31-д заасан гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаадын сургалтын байгууллагад бэлтгэл хөтөлбөрөөр суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын тэтгэлэг олгоно.
3.37.Суралцагчид үзүүлэх үйлчилгээний зардлыг зайлшгүй зардалд тооцож, нэхэмжлэгч сургалтын байгууллагад зардлыг олгоно.
3.38.Энэ журмын 3.2.1-д заасан суралцагчийг төгссөнөөс хойш 1 жилийн дотор түүний харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг дарга мэргэжлийн дагуу ажлын байраар хангах бөгөөд төгсөгч нь аймаг (сумаас шалгарсан бол), нийслэл (хорооноос шалгарсан бол)-д 5-аас доошгүй жил тогтвортой ажиллана.
3.39.Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан төгсөгчийг энэ журмын 3.38-д зааснаас өөр газар томилон ажиллуулж болно.
3.40.Энэ журмын 3.2.2-т заасан суралцагч төгсөөд 1 жилийн дотор эх орондоо мэргэжлээрээ ажилд орсон байх бөгөөд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллана.
3.41.Суралцагч тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байна.
Дөрөв.Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг
4.1.Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, эх оронч шилдэг мэргэжилтэн, манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгоно.
4.2.Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр шалгарч, магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах албан хаагчид сангаас болон бусад эх үүсвэрээс тэтгэлэг олгоно.
4.3.Тэтгэлэг дараах төрөлтэй байна:
4.3.1.дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох;
4.3.2.гадаадын сургалтын байгууллагад суралцагчид олгох.
4.4.Энэ журмын 4.3.1-д заасан тэтгэлгийг дараах суралцагчид олгоно:
4.4.1.тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч;
4.4.2.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан ахисан түвшний сургалтад дагалдан ажиллах тэтгэлгээр суралцагч.
4.5.Энэ журмын 4.3.1-д заасан дотоодын сургалтын байгууллагад суралцагч дараах нийтлэг шаардлага хангасан байна:
4.5.1.Монгол Улсын иргэн байх;
4.5.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
4.5.4.магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
4.5.5.дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
4.5.6.зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх.
4.6.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч 4.5-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
4.6.1.дэд бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангасан байх, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-оос доошгүй байх;
4.6.2.магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-оос доошгүй байх;
4.6.3.докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээлтэй, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.2-оос доошгүй байх.
4.7.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан ахисан түвшний сургалтад дагалдан ажиллах тэтгэлгээр суралцагч 4.5-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
4.7.1.тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцах;
4.7.2.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан үндэсний эрэмбийн жагсаалтад орсон сургалтын байгууллагад суралцах;
4.7.3.бүтэн цагаар судалгаа хийх боломжтой байх.
4.8.Сан энэ журмын 4.3.1-д заасан суралцагч, суралцах сургалтын байгууллагатай гурван талт гэрээ байгуулна.
4.9.Энэ журмын 4.4.1-д заасан суралцагчид сургалтын төлбөрийн, 4.4.2-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн, судалгааны болон хүнсний зардлын тэтгэлэг олгоно. Судалгааны зардлыг судалгаанд шаардлагатай урвалж бодис, багаж хэрэгсэл, хээрийн дадлагын, томилолтын, ном, сурах бичиг, бусад судалгааны материалын болон эдгээртэй холбогдох бусад зардлын дүнгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшнийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тус тус олгоно.
4.10.Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн энэ журмын 4.4.1-д заасан дэд бакалавр, бакалавр, магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-оос доошгүй байх, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.2-оос доошгүй байна.
4.11.Энэ журмын 4.3.2-т заасан тэтгэлгийг дараах суралцагчид олгоно:
4.11.1.магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч;
4.11.2.тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч;
4.11.3.техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагч.
4.12.Энэ журмын 4.3.2-т заасан гадаадын сургалтын байгууллагад суралцагч дараах нийтлэг шаардлага хангасан байна:
4.12.1.Монгол Улсын иргэн байх;
4.12.2.гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт өмнө нь суралцаагүй байх;
4.12.3.зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
4.12.4.үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх.
4.13.Энэ журмын 4.11.1-д заасан гадаадын сургалтын байгууллагад магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч журмын 4.12-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
4.13.1.тухайн салбартаа мэргэжлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан үндсэн ажилтан байх;
4.13.2.сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр "маш сайн" буюу 85-аас дээш хувийн үнэлгээ авсан байх;
4.13.3.тухайн байгууллага захиалга өгсөн байх.
4.13.4.гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөж ирээд 5 жил ажиллах боломжтой байх (өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насны хязгаар, төрийн тусгай албаны 20-25 жил ажилласан байх нөхцөлөөс үлдсэн хугацаа 10 жилээс доошгүй байх).
4.14.Энэ журмын 4.11.2-т заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч 4.12-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
4.14.1.элсэн суралцагч бол тухайн сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх;
4.14.2.үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.
4.15.Энэ журмын 4.11.3-т заасан техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр дэвшин суралцагч 4.12-т заасан нийтлэг шаардлагаас гадна тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагч байх гэсэн тусгай шаардлага хангасан байна.
4.16.Гадаадын сургалтын байгууллагад магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг тухайн байгууллага дотроо нээлттэй зарлаж, ил тод зохион байгуулсны үндсэн дээр захиалгыг хүргүүлнэ.
4.17.Сан энэ журмын 4.11.1-д заасан төрийн албан хаагчтай (захиалагч төрийн байгууллагыг оролцуулан) гурван талт гэрээ, 4.11.2, 4.11.3-т заасан суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
4.18.Энэ журмын 4.11.1-д заасан суралцагчид сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлын, 4.11.2-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн, 4.11.3-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын тэтгэлэг олгоно.
4.19.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ журмын 4.11.1-д заасан суралцагчийн суралцах хугацаанд төрийн албан хаагчийн үндсэн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг захиалгаар сургаж байгаа байгууллага хариуцан төлнө.
4.20.Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд энэ журмын 4.11.1, 4.11.3-т заасан суралцагч бол дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байх, 4.11.2-т заасан суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байна.
4.21.Төрийн албан хаагчийг төгссөний дараа төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч түүний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн, хасагдсан зэрэг шалтгаанаар урьд ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тохиолдолд төрийн албан хаагчтай тохиролцон өмнөх нөхцөлийг дордуулахгүйгээр өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна.
Тав.Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч
5.1.Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчийн харилцааг тухайн улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмыг дагаж мөрдөнө.
5.2.Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагч дараах шаардлага хангасан байна:
5.2.1.Монгол Улсын иргэн байх;
5.2.2.тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр үндсэн хөтөлбөрөөр суралцах;
5.2.3.бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
5.2.4.зээл авснаас бусад тохиолдолд сан болон төсвийн хөрөнгөөр суралцаагүй байх;
5.2.5.элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх.
5.3.Сан Монгол Улсаас гадаад улсад суралцагчтай, гадаад улсаас Монгол Улсад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
5.4.Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын тэтгэлэг олгоно.
5.5.Гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчийн талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлыг тухайн зардлын хэмжээгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшингээр тооцож олгоно.
5.6.Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн Монгол Улсаас гадаад улсад суралцагч бол авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, гадаад улсаас Монгол Улсад суралцагч бол 2.0-оос доошгүй байна.
Зургаа.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
6.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан "Хөгжлийн бэрхшээлтэй хүн" (цаашид "суралцагч" гэх)-ийг дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад, гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
6.2.Дотоодын сургалтын байгууллагад суралцагч дараах шаардлага хангасан байна:
6.2.1.Монгол Улсын иргэн байх;
6.2.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
6.2.3.дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний "сургалт" хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
6.2.4.магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
6.2.5.дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
6.2.6.зээл авснаас бусад тохиолдолд сан болон төсвийн хөрөнгөөр суралцаагүй байх.
6.3.Гадаадын сургалтын байгууллагад суралцагч дараах шаардлага хангасан байна:
6.3.1.Монгол Улсын иргэн байх;
6.3.2.бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
6.3.3.зээл авснаас бусад тохиолдолд сан болон төсвийн хөрөнгөөр суралцаагүй байх;
6.3.4.элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж урилга авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байх.
6.4.Сан дотоодын сургалтын байгууллагад суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээ, гадаадын сургалтын байгууллагад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
6.5.Дотоодын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Орон нутгийн суралцагчид дотуур байрны зардал олгоно.
6.6.Гадаадын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын буцалтгүй тусламж олгоно.
6.7.Суралцагчид үзүүлэх үйлчилгээний зардлыг зайлшгүй зардалд тооцож нэхэмжлэгч сургалтын байгууллагад зардлыг олгоно.
6.9.Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.0-оос доошгүй байх, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.4-өөс доошгүй байх, гадаадын сургалтын байгууллагад суралцагч бол дараагийн улиралд дэвшин суралцах эрхээ авсан байна.
Долоо.Зарим эрэлттэй мэргэжлээр суралцагч
7.1.Нийгмийн салбарын хомсдолтой зарим мэргэжлийн чиглэлээр дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.
7.2.Энэ журмын 7.1-д заасан дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг дараах төрөлтэй байна:
7.2.1.сувилагч, нийгмийн ажилтан, номын санч, хоол зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох;
7.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, арга зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.
7.3.Энэ журмын 7.2-т заасан суралцагч дараах шаардлага хангасан байна:
7.3.1.Монгол Улсын иргэн байх;
7.3.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
7.3.3.дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний "сургалт" хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
7.3.4.магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
7.3.5.дэд бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангасан байх, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
7.4.Энэ журмын 7.2-т заасан мэргэжлийг хоёр дахь мэргэжлээр сонгон дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж болно.
7.5.Энэ журмын 7.2-т заасан сувилагчаас бусад мэргэжлээр суралцагч төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
7.6.Энэ журмын 7.2-т заасан сувилагч мэргэжлээр суралцагч төгсөөд орон нутагт 3-аас доошгүй жил, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
7.7.Энэ журмын 7.1-д заасан гадаадын сургалтын байгууллагад суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний багш, сэтгэл зүйч, арга зүйч мэргэжлийн бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч дараах шаардлага хангасан байна:
7.7.1.Монгол Улсын иргэн байх;
7.7.2.зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
7.7.3.элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байна.
7.8.Сан дотоодын сургалтын байгууллагад суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээ, гадаадын сургалтын байгууллагад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
7.9.Дотоодын сургалтын байгууллагад элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
7.10.Гадаадын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардал (дотуур байрны болон хүнсний зардал)-ын тэтгэлэг олгоно.
7.11.Суралцагчид үзүүлэх үйлчилгээний зардлыг зайлшгүй зардалд тооцож нэхэмжлэгч сургалтын байгууллагад зардлыг олгоно.
7.12.Тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн энэ журмын 7.2-т заасан суралцагч бол 2.8-аас доошгүй байх, энэ журмын 7.7-д заасан суралцагч бол авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байна.
Найм.Зорилтот бүлгийн суралцагч
8.1.Зорилтот бүлгийн суралцагчид дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
8.2."Зорилтот бүлэг" гэдэгт бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрх, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрх, цаатан, урианхай, тува өрхийн тус бүр нэг иргэн, "Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч, нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч тус тус хамаарна.
8.3.Энэ журамд заасан "хөдөлмөрийн чадвараа алдсан" гэдэгт Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 болон түүнээс дээш хувь алдсан гэж тогтоосныг тооцно.
8.4.Суралцагч дараах шаардлага хангасан байна:
8.4.1.Монгол Улсын иргэн байх;
8.4.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
8.4.3.дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний "сургалт" хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
8.4.4.магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
8.4.5.дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх.
8.5.Сан суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээ байгуулна.
8.6.Суралцагчид сургалтын төлбөрийн зориулалтаар буцалтгүй тусламж олгох бөгөөд буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.0-оос доошгүй байна.
8.7."Монголын сайхан бичигтэн" уралдааныг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.
Ес.Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр суралцагч
9.1.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
9.2.Суралцагч дараах шаардлага хангасан байна:
9.2.1.Монгол Улсын иргэн байх;
9.2.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
9.2.3.элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангаж, дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элссэн байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх;
9.2.4.магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх;
9.2.5.суралцагч Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн байх.
9.3.Сан суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээ байгуулна.
9.4.Суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
9.5.Хөнгөлөлтөөр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.8-аас доошгүй байх, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-оос доошгүй байна.
Арав.Сургалтын зээлээр суралцагч
10.1.Дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад, гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад зээл олгоно.
10.2.Дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох зээл дараах төрөлтэй байна:
10.2.2.орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох;
10.2.3.цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан суралцагчид олгох.
10.3.Энэ журмын 10.2-т заасан зээлд хамрагдах суралцагч дараах нийтлэг шаардлага хангасан байна:
10.3.1.Монгол Улсын иргэн байх;
10.3.2.холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
10.3.4.магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах (энэ заалт нь энэ журмын 10.2.2-т заасан суралцагчид хамаарахгүй);
10.3.5.дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх (энэ заалт нь энэ журмын 10.2.2-т заасан суралцагчид хамаарахгүй);
10.3.6.зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх (энэ заалт нь энэ журмын 10.2.2-т заасан суралцагчид хамаарахгүй);
10.3.7.суралцагч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд бусад этгээдээс авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.
10.4.Энэ журмын 10.2.1-д заасан суралцагч 10.3-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
10.4.1.тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах;
10.4.3.магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
10.5.Энэ журмын 10.2.2-т заасан суралцагч 10.3-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
10.5.1.орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах;
10.5.2.элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангаж, дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элссэн байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх;
10.5.3.магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
10.6.Энэ журмын 10.2.3-т заасан суралцагч 10.3-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан байна:
10.6.1.цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх;
10.6.2.элсэлтийн шаардлага хангаж, дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элссэн байх.
10.7 Гадаадын сургалтын байгууллагад суралцагч дараах шаардлага хангасан байна:
10.7.1.Монгол Улсын иргэн байх;
10.7.2.бакалаврын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
10.7.3.зээл авснаас бусад тохиолдолд энд дурдсан сан болон төсвийн хөрөнгөөр суралцаагүй байх;
10.7.4.суралцагч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд бусад этгээдээс авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
10.8.Сан дотоодын сургалтын байгууллагад суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээ, гадаадын сургалтын байгууллагад суралцагчтай хоёр талт гэрээ байгуулна.
10.9.Зээлийг энэ журмын 10.2.1, 10.2.3-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн хэмжээгээр, энэ журмын 10.2.2-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр, энэ журмын 10.7-д заасан суралцагчид сургалтын төлбөрийн 50 хүртэл хувь (нэг жилд олгох дээд хэмжээ)-аар тооцож олгоно.
10.10.Дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох зээл барьцаагүй, гадаадын сургалтын байгууллагад суралцагчид олгох зээлд үл хөдлөх эд хөрөнгө (цаашид "барьцааны зүйл" гэх) барьцаална.
10.11.Барьцааны зүйл суралцагчийн, эсхүл хамаарал бүхий гуравдагч этгээдийн өмчлөлд байх бөгөөд сан барьцааны зүйлийн талаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас лавлагаа авсан байна.
10.12.Барьцааны зүйлийн үнэ суралцагчийн авах нийт зээлийн үнийн дүнтэй тэнцэхүйц байх бөгөөд үнэлгээг хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
10.13.Суралцагч барьцааны зүйлийг даатгуулсан байна.
10.14.Сан барьцааны гэрээг хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар бүртгэсэн талаарх лавлагааг суралцагчийн хувийн хэрэгт хавсаргана.
10.15.Барьцааны зүйлийг өөрчлөхөд энэ журмын 10.11-10.14-т заасан шаардлагыг хангуулна.
10.16.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дотоодын сургалтын байгууллагад суралцсан бол төгсөөд 4 хүртэл жилийн дотор, гадаадын сургалтын байгууллагад суралцсан бол төгсөөд 10 хүртэл жилийн дотор эргэн төлж дуусахаар сантай тохиролцон тогтооно.
10.17.Сан гэрээний дагуу төгсөгчийг энэ журмын 2.1.7-д заасан хугацаанд ирж бүртгүүлэхийг өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь мэдэгдэнэ. Сан төгсөгчийг заасан хугацаанд ирж бүртгүүлэхээс зайлсхийвэл бүртгүүлэх хугацаа дууссан даруйд энэ журмын 10.16-д заасан эргэн төлөлтийн хуваарийг баталж, хувийг төгсөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрээнд заасан хаягаар цахим болон Монгол шуудангаар илгээснээр зээл төлөх хугацааг тооцож эхэлнэ.
10.18.Сан зээл авсан суралцагчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлнэ.
10.19.Дараах тохиолдолд зээл олгохгүй:
10.19.1.үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцааны шаардлага хангаагүй;
10.19.2.сангаас өмнө авсан зээлээ төлөөгүй;
10.19.3.энэ журмын 10.19.2-т зааснаас гадна гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй;
10.19.4.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон.
10.20.Зээлээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн дотоодын сургалтын байгууллагад суралцагч бол 2.8-аас доошгүй байх, гадаадын сургалтын байгууллагад суралцагч бол авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байна.
Арван нэг.Бүрдүүлэх баримт бичиг,
сонгон шалгаруулалт
11.1.Энэ журмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж хүсэх суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
11.1.1.хүсэлт (баталсан маягтын дагуу);
11.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;
11.1.3.дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн дипломын хуулбар, магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар, үргэлжлүүлэн суралцах бол голч дүнгийн хуудас, тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан сургалтын байгууллагын тодорхойлолт;
11.1.4.энэ журамд заасан хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн суралцагчийн хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
11.1.5.энэ журмын 9.2.5-д заасныг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
11.1.6.тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт;
11.1.7.докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгааны урьдчилсан сэдэв, арга зүй, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллага тус бүрийн тодорхойлолт);
11.1.8.энэ журмын 3.2.1, 4.11.3, 5.2, 6.3, 7.7-д заасан суралцагч гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн сургалтын байгууллагын шаардлага хангасныг нотлох баримт бичгийн хуулбар;
11.1.9.энэ журмын 3.2.2, 4.11.2, 10.7-д заасан суралцагч англи хэлээр суралцах тохиолдолд IELTS 7.0, TOEFL IBT 94-өөс дээш оноотойг, бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичгийн хуулбар;
11.1.10.цагдаагийн байгууллагын тодорхойлолт (гадаадын сургалтын байгууллагад суралцагч);
11.1.11.энэ журмын 3.2.2-т заасан суралцагч бол олимпиадад оролцож медальт байрт шалгарсныг гэрчлэх баримт бичгийн хуулбар;
11.1.12.сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар;
11.1.13.төрийн албан хаагч бол үр дүнгийн үнэлгээний хуудас болон ажилласан жилийг тодорхойлох байгууллагын албан бичиг;
11.1.14.бусад.
11.2.Иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг, цагдаагийн байгууллагын тодорхойлолт болон бусад баримт бичгийг суралцагчийн зөвшөөрлөөр И-Монгол цахим системээс авч болно. Шаардлагатай тохиолдолд суралцагчийн талаар нэмэлт тодруулгыг холбогдох байгууллагаас ажлын 5 өдрийн дотор авна.
11.3.Энэ журмын дагуу гадаадын сургалтын байгууллагад суралцах эрх авсан суралцагчийн урилга нэмэлт нөхцөл шаардаагүй шууд суралцах эрх олгосон байна.
11.4.Тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжаар дотоодын сургалтын байгууллагад суралцах сонгон шалгаруулалтыг жил бүрийн I, III улиралд, энэ журмын гурав дахь хэсэгт зааснаас бусад гадаадын сургалтын байгууллагад суралцах сонгон шалгаруулалтыг жил бүрийн II улиралд цахимаар зохион байгуулна.
11.5.Сонгон шалгаруулалтын мэдээллийг хүсэлт хүлээн авах хугацаанаас 30 хоногийн өмнө сан болон сургалтын байгууллагын цахим хуудсаар нээлттэй зарлана.
11.6.Тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлтийг дотоодын сургалтын байгууллагад суралцах бол сургалтын байгууллагадаа, гадаадын сургалтын байгууллагад суралцах бол санд сонгон шалгаруулалтын заасан хугацаанд гаргана.
11.7.Дотоодын сургалтын байгууллага хүсэлт ирүүлсэн суралцагчийн баримт бичгийг 30 хоногийн дотор хянаж, тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан, хяналтын тоонд багтсан суралцагчийн нэрсийг санд хүргүүлнэ. Сан ирүүлсэн мэдээллийг хянана.
11.8.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн их, дээд сургууль, сан, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
11.9.Ажлын хэсэг энэ журмын 4.11.1-д заасан төрийн албан хаагчаас бусад гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага хангасан эсэх болон суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтаар доор дурдсаны дагуу сонгон шалгаруулна:
11.9.1.ирүүлсэн баримт бичгийг ажлын 15 өдрийн дотор хянаж, бүрдэл, тавигдах шаардлага хангасан суралцагчдыг шалгаруулах;
11.9.2.энэ журмын 11.9.1-д заасны дагуу шалгарсан суралцагчдаас ажлын 5 өдрийн дотор суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт авах;
11.9.3.энэ журмын 11.9.2-т заасан шалгалт авахад оноо тэнцсэн суралцагчдын тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд сургалтын байгууллагын эрэмбийг, дахин тэнцвэл гадаад хэлний мэдлэгийн түвшнийг, дахин тэнцвэл Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн эрэмбийг харгалзан үзэж шалгаруулна.
11.10.Ажлын хэсэг энэ журмын 4.11.1-д заасан төрийн албан хаагчийг ажлын 15 өдрийн дотор хяналтын тоонд багтаан баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага хангасан эсэхээр ажлын үр дүнгийн үнэлгээг харгалзан үзэж шалгаруулна.
11.11.Энэ журмын дагуу гадаадад суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтын нийт онооны 80 хувийг тухайн гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, эрх авсан урилгаар тооцох бөгөөд үлдсэн 20 хувийг энэ журмын 11.9.2-т заасан суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтын оноогоор шалгаруулна.
11.12.Ажлын хэсэг сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгийг шаардлага хангасан суралцагчдын нэрсийн хамт сангийн Ажлын албаны даргад хүлээлгэн өгөх бөгөөд суралцагч тус бүрд Ажлын хэсгийн гишүүний өгсөн оноо ил байх боломжийг бүрдүүлнэ.
11.13.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор нэрсийг баталгаажуулж, шийдвэрийг цахим шуудан эсхүл утсаар мэдэгдэн, сан болон холбогдох байгууллагын цахим хуудсаар нээлттэй, ил тод мэдээлнэ.
11.14.Энэ журмын 11.9.2-т заасан шалгалттай холбоотой нууцлалыг мөн журмын 11.15-д заасан байгууллага хариуцах бөгөөд мөн журмын 11.8-д заасан Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын ажлын удирдамж (шалгалтын материал бэлтгэх, шалгалт авах, дүгнэх болон бусад)-ийг сангийн Ажлын албаны дарга батална.
11.15.Сан суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтын агуулга, хамрах хүрээний талаар боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагатай зөвшилцөж, жил бүрийн 03 дугаар сард нээлттэй, ил тод зарлана.
11.16.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага гадаадын сургалтын байгууллагад суралцуулах суралцагчийн тоо, боловсролын зэргийн хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, санхүүжилтийн эх үүсвэрийн мэдээллийг санд жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ. Сан ирүүлсэн захиалгад үндэслэн энэ журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг энэ журамд заасны дагуу зохион байгуулж, шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлнэ (энэ заалтад цэрэг, цагдаа, аюулгүй байдлын чиглэлийн боловсролын зэргийн сургалтын сонгон шалгаруулалт хамаарахгүй).
Арван хоёр.Гэрээ байгуулах, түдгэлзүүлэх,
сунгах, дуусгавар болгох
12.1.Гэрээний хугацааг хичээлийн улирлын үргэлжлэх хугацаагаар тогтоох бөгөөд гэрээнд дараах асуудлыг тусгасан байна:
12.1.1.суралцагчаас үл хамаарсан шалтгаанаар суралцаж байгаа мэргэжлийн чиглэл өөрчлөгдсөнөөс бусад тохиолдолд сонгосон мэргэжлээр суралцах, сургалтын байгууллага хооронд шилжин суралцахгүй байх;
12.1.2.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж төгссөн байх;
12.1.3.гадаадын сургалтын байгууллагад суралцагч сурлагын дүн, холбогдох бусад мэдээллээ хичээлийн улирал бүр, шаардлагатай тохиолдолд сангаас шаардсан тухай бүр сургуулийн цахим хаягаас ирүүлэх;
12.1.4.тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч төгсөөд эх орондоо, эсхүл тухайн засаг захиргааны нэгжид, тусгайлан мэргэжил заасан бол мэргэжлээрээ, гэрээнд заасан хугацаанд ажиллах;
12.1.5.зээлийн барьцаа, эргэн төлөлт, хариуцлагын талаар;
12.1.6.гэрээ түдгэлзүүлэх, сунгах, дуусгавар болгох;
12.1.7.суралцагчийн эрх, үүрэг;
12.1.8.бусад асуудлын талаар.
12.2.Доор дурдсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно:
12.2.1.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;
12.2.2.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ журмын 12.2.1-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;
12.2.3.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, эсхүл нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, эсхүл албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл (усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт) зэрэг шалтгаан.
12.4.Суралцагч аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас амь насаа алдах, эрүүл мэндэд нь хохирол учрах, хөдөлмөрийн чадвар алдах, тооцоолоогүй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах зорилгоор эрсдэлийн даатгалаар даатгуулсан байна.
12.5.Гадаадын сургалтын байгууллагад суралцагчтай гэрээг төгрөгөөр байгуулах бөгөөд гэрээний дагуу санхүүжилтийг шилжүүлэхэд тухайн өдрийн Монголбанкны ханшийг баримтална. Зээлийг эргэн төлөх болон энэ журмын 12.15, 12.16, 12.17-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, олгосон тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийг буцаан төлүүлэхэд тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгосон өдрийн Монголбанкны ханшаар тооцож төлнө.
12.7.Энэ журмын 12.6-д заасны дагуу түдгэлзүүлэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн талууд баримт үйлдэж, гэрээнд хавсаргана.
12.8.Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гэрээ түдгэлзүүлэх хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.
12.9.Гэрээг түдгэлзүүлсэн хугацаанд тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгохгүй.
12.10.Сан суралцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах бөгөөд гэрээг улирал тутам дүгнэнэ.
12.11.Дараах тохиолдолд гэрээг сунгах бөгөөд гэрээг дүгнэсэн баримт үйлдэж, хавсаргасан байна:
12.11.1.суралцагч дүнгийн шаардлага хангасан байх;
12.11.2.гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлсэн байх.
12.12.Дараах үндэслэлээр гэрээг дуусгавар болгох ба дуусгавар болоход сангийн Ажлын албаны дарга тушаал гаргана:
12.12.1.гэрээний хугацаа дуусаж, талууд хүлээсэн үүргээ биелүүлсэн (зээлээ төлсөн болон бусад үүргээ биелүүлсэн);
12.12.2.барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан;
12.12.4.аль нэг талын санаачилгаар хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан.
12.13.Энэ журмын 12.12.1-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болгоход талууд гэрээ дүгнэсэн баримт үйлдэж, дуусгавар болгох үндэслэл бий болсноос хойш ажлын 5 өдрийн дотор тушаал гаргана.
12.14.Энэ журмын 12.12.2, 12.12.3-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоход гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор тушаал гаргана.
12.15.Энэ журмын 12.12.4-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоход дараах тохиолдолд сангийн санаачилгаар гэрээг цуцалж, олгосон тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийг 2 сарын дотор буцаан төлүүлнэ:
12.15.1.суралцагч өөр сургалтын байгууллагад шилжин суралцсан, суралцах мэргэжлийн чиглэлийг нь тусгайлан заасан суралцагч мэргэжлээ өөрчилсөн;
12.15.2.суралцагч нь сургалтын байгууллагаас хасагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарсан, мөн шалтгаангүйгээр чөлөө авсан, чөлөөний хугацаа сунгасан;
12.15.3.тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч төгсөөд жирэмсний, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй болон хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд 12 сарын хугацаанд ажилд ороогүй, эсхүл гэрээнд заасны дагуу ажиллаагүй;
12.15.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцагч аймаг (сумаас шалгарсан бол), нийслэлд (хорооноос шалгарсан бол) мэргэжлийн ажил санал болгоход өөрийн хүсэлтээр татгалзсан;
12.15.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагч нь бэлтгэл хөтөлбөрийг төгсөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гадаадад суралцахаас татгалзсан, эсхүл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй;
12.15.6.энэ журмын 4.13-т заасан төрийн албан хаагч магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэлд суралцах явцад сургалтын байгууллагаас хасагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарсан, мөн шалтгаангүйгээр чөлөө авсан, чөлөөний хугацаа сунгасан, хэлний бэлтгэлээ төгсөөгүй, өөр сургалтын байгууллагад шилжин суралцсан;
12.15.7.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
12.15.8.суралцах хугацаандаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайг нь шүүхээс тогтоосон.
12.16.Энэ журмын 12.12.4-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгоход дараах тохиолдолд сангийн санаачилгаар гэрээг цуцалж, тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгохыг зогсооно:
12.16.1.энэ журмын 12.15.1-д зааснаас бусад суралцагч сонгосон мэргэжлээ өөрчилсөн;
12.16.2.суралцагч дүнгийн шаардлага хангаагүй.
12.17.Энэ журмын 12.16-д заасан үндэслэлээр тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгохыг зогсоосон тохиолдолд тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч нь энэ журмын 12.1.4-т заасан ажиллах шаардлагыг биелүүлнэ. Биелүүлээгүй тохиолдолд өмнө олгосон тэтгэлэг, хөнгөлөлтийг хоёр жилийн дотор буцаан төлнө. Зээлээр суралцагч өмнө олгосон зээлийг мөн хугацааны дотор буцаан төлнө.
12.18.Энэ журмын 12.15-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах, энэ журмын 12.16-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, энэ журмын 12.17-д заасны дагуу өмнө олгосон тэтгэлэг, хөнгөлөлт, зээлийг буцаан төлүүлэх тохиолдолд тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийг төлүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор тушаал гаргана.
12.19.Энэ журамд заасан тогтоосон хугацаанд ажиллах шаардлагыг сургалтын байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотолно.
12.20.Сургалтын төлбөрийг сургалтын байгууллагын дансанд, дотуур байрны зардлыг хамаарах байгууллагын дансанд, хүнсний зардлыг суралцагчийн дансанд шилжүүлнэ.
12.21.Энэ журмын 12.20-д заасны дагуу шилжүүлэхэд тухайн байгууллагаас ирүүлсэн албан ёсны баримтад үндэслэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авна.
12.22.Суралцагчид тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийг гэрээнд заасан зориулалт, хэмжээгээр олгоно.
12.23.Давтан судлах, эсхүл цуглуулбал зохих багц цагаас илүү сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
12.24.Суралцагчид тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж олгох зээлийг эргэн төлүүлэх гэрээний загвар болон хүсэлтийн маягтыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
12.25.Гэрээ байгуулах, түдгэлзүүлэх, сунгах, дуусгавар болгохтой холбоотой энэ журамд тусгагдаагүй бусад асуудлыг Иргэний хуульд зааснаар зохицуулна.
Арван гурав.Хяналт, хэрэгжилт
13.1.Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сангийн Ажлын албаны дарга хяналт тавьж ажиллана.
13.2.Сан сонгон шалгаруулалт болон гэрээний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор энэ журмын 13.4-т заасан төрөлжсөн мэдээллийн санг үүсгэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглана.
13.3.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шалгалт өгөх боломжийг бүрдүүлэх бөгөөд шаардлагатай бол тусгай өрөөг бэлтгэж, шалгалтын үргэлжлэх хугацааг суралцагчийн болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн уртасгасан цагаар зохион байгуулж болно.
13.4.Сан тэтгэлэг, зээл, хөнгөлөлт, буцалтгүй тусламж тус бүрээр болон суралцагч, төгсөгчийн мэдээлэл (эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа/ суралцсан улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, сангаас санхүүжүүлсэн зардлын дүн, гэрээний хэрэгжилтийн мэдээлэл)-ээр төрөлжсөн мэдээллийн сан үүсгэн тухай бүр цахим хуудсаар нээлттэй, ил тод мэдээлнэ. Мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу ашиглана.
13.5.Сан тухайн жилд байгуулсан, түдгэлзүүлсэн, сунгасан, дуусгавар болсон гэрээний талаар жил бүрийн I улиралд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
13.6.Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо сангийн дэргэдэх зөвлөлд гаргах эрхтэй.
13.7.Ирүүлсэн гомдолд ажлын 5 хоногийн дотор хариу өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг ажлын 3 хүртэл хоногоор, нэг удаа сунгаж болно.
13.8.Гомдолд хариу өгөх хүртэлх хугацаанд тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ. Шийдвэрийг эцэслэн гаргасны дараа шинэчилсэн мэдээллийг цахим хуудсаар мэдээлнэ.
Арван дөрөв.Бусад
14.1.Сан суралцагч, төгсөгчийг дэмжих зорилгоор ажил олгогчидтой уулзах өдөрлөгийг жил бүрийн III улиралд (шаардлагатай тохиолдолд тогтоосон хугацаанд) зохион байгуулах, ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагатай холбох, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах, ажлын байрны захиалгын сан бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
14.2.Сан суралцагчийн хувийн хэрэг (анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, сургалтын байгууллагын урилга, гадаад хэлний шалгалтын материал, онооны хуудас, гэрээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрчилгээний хуулбар, барьцаалбар бүртгэсэн талаарх лавлагаа, дипломын хуулбар болон бусад)-ийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу цаасаар болон цахимаар хадгална.
14.3.Энэ журмын 3.2.1-д заасан суралцагчийг төгсөж ирсний дараа ажлын байраар хангаагүй аймаг, нийслэлийн Засаг даргад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ.
14.4.Төрийн албан хаагчийг төгсөж ирсний дараа ажлын байраар хангаагүй төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.5.Албан хаагч сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, эргэн төлүүлэх бүхий л үе шатанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах бөгөөд зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд буруутай албан хаагчид Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Текст томруулах
A
A
A