A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 06

Улаан-Уул сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН 2024 ОНЫ НОГДОЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улаан-Уул суманд цас их орж өвөлжилт хүндэрч бод, бог малын хорогдол ихэсч малчдын амьжиргааны түвшин эрс буурсан тул 2024 оны малын тоо толгойн албан татварын ногдлыг 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Уг шийдвэр гарсантай холбогдуулан өмнөх онуудын албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан ногдолоо барагдуулж, малчин, мал бүхий иргэдэд танилцуулж, тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Батбаяр), татварын улсын байцаагч (Д.Амаржаргал) нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоолын үйлчлэлийг зөвхөн 2024 онд мөрдөхгүй байхаар тогтсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.

ДАРГА Б.БҮРЭНЧӨДӨР