- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2001 оны 4 дүгээр сарын 20–ны өдөр
Дугаар 92
Улаанбаатар хот
АХМАДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2. Монголын ахмадын байгууллагын 70 жилийн ойн арга хэмжээнд зориулан 8350,0 /найман сая гурван зуун тавин/ мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а/Монголын ахмадын байгууллагын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зохион байгуулалтын болон санхүүгийн зохих туслалцаа үзүүлэх арга хэмжээ авах;
б/ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, дампуурсан, хувьчлагдсан, эсхүл өөр орон нутгаас шилжин суурьшсан ахмадуудын бүртгэл, судалгааг нарийвчлан гаргаж тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай зарим зардлыг орон нутгийнхаа төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авах;
в/"Олон улсын ахмадын жил"-ийн хүрээнд шинээр байгуулагдсан ахмадын эмнэлэг, кабинет, тасаг, сувиллын газар зэрэг сувилгаа, үйлчилгээний төвүүдийг цаашид үргэлжлүүлэн хэвийн ажиллуулж, зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
г/орон гэргүй ахмадуудын судалгааг нарийвчлан гаргаж ахмад дайчид, нэн ядуу ахмадыг гэр, орон байраар хангах талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
4. Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа ядуу, хэвтрийн өвчтэй, ганц бие ахмадуудад гэрээр нь үйлчлэх үйлчилгээг өргөжүүлэх, тэдэнд олгох эм, тарианы үнийг хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
5. Архангай аймаг дахь Шивэртийн амралтын дэргэдэх цэцэрлэг-яслийн барилгыг тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн харьяанд шилжүүлэн ахмад настны аймаг дундын амралт-рашаан сувилал болгон зохион байгуулан ажиллуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид даалгасугай.
6. Ахмад настны талаархи төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр ахмадын байгууллагатай хамтран ажиллаж, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагуудад зөвлөмж болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
