- Нүүр
- Сайдын тушаал
- ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаа, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлалтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Оюутан элсүүлэх үйл ажиллагаа "Боловсролын ерөнхий хууль", "Дээд боловсролын тухай" хууль болон бусад холбогдох эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.
1.3.Оюутан элсүүлэх үйл ажиллагаанд ил тод, шударга, мэдээлэл, зар сурталчилгаа үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байх зарчмыг баримтална.
1.4.Оюутан элсүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж болно. Цахим элсэлтэд техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай дэд бүтцийг бүрэн бүрдүүлсэн байна.
1.5.Элсэлтийн шалгалтын хичээл, ур чадварын шалгалт, үндэсний босго оноог мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/ тус бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Хоёр.Элсэгчдэд тавих шаардлага
2.1.Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.
2.2.Тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо, сургуулиас тавьсан бусад шалгуур, шаардлагыг хангасан байна.
2.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн шалгалтын дүнг илэрхийлсэн батламжтай байна.
2.4.Дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах тохиолдолд элсэлтийн шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд:
2.4.1.Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн;
2.4.2.Дээд боловсролын тухай хуулийн 18.2 -д заасан сургуулийн төгсөгч;
2.4.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
2.4.4.Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
2.4.5.Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
2.4.6.Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
2.4.7.Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч.
2.5.Элсэгч сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.
2.6.Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж болно.
Гурав.Элсэлтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх үүрэг
3.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын эрх, үүрэг:
3.1.1.Элсэлтийн шалгалтыг батлагдсан журмын дагуу жилд хоёр удаа үндэсний хэмжээнд зохион байгуулна.
3.1.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсний дагуу элсэлтийн шалгалтын бүртгэл, хураамж, шалгалтын тов болон хуваарийг тогтооно.
3.1.3.Элсэлтийн шалгалтад ялгаатай хэрэгцээт шалгуулагч хамрагдахад шаардагдах шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг хариуцан зохион байгуулна.
3.1.4.Гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/-ын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлж батламж олгоно.
3.1.5.Элсэлтийн шалгалтын бүтэц, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор элсэгчдэд зориулсан элсэлтийн шалгалтын жишиг материал, тестүүдийг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсанд байршуулан, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
3.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг:
3.2.1.Сургуулийн оюутан элсүүлэх журмыг энэ журамд нийцүүлэн сургуулийн гүйцэтгэх удирдлага батлах бөгөөд дараах шаардлагыг заавал тусгасан байна. Үүнд:
3.2.1.1.Бүртгүүлэгчид тавих нийтлэг болон тусгай шаардлага;
3.2.1.2.Оюутан элсүүлэх хөтөлбөр, тэдгээрт харгалзах элсэлтийн шалгалтын сургуулийн тогтоосон босго оноо;
3.2.1.3.Ур чадварын шалгалт авах бол шалгалтын агуулга, хэлбэр, бүтэц, хугацаа, байршил, дүгнэх аргачлал;
3.2.1.4.Оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.5.Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.6. дээд боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлэх болон мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшүүлэн суралцах болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.7.Гадаад оюутан элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;
3.2.1.8.Элсэлт болон ур чадварын шалгалт зохион байгуулах комисс, түүний эрх, үүрэг
3.2.1.9.Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэлт;
3.2.2.Оюутан элсүүлэх үйл ажиллагааг сургууль бие даан зохион байгуулна.
3.2.2.1.Энэхүү журмын 2-т заасан шаардлага, болзлыг хангасан бүртгүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч, элсүүлнэ.
3.2.2.2.Бүртгүүлэгчийн оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ дэх дүн, авьяас чадвартайг илэрхийлэх нотлох баримтууд, эсээ, ярилцлага зэрэг нэмэлт шалгуур тавьж болно.
3.2.2.3.Энэхүү журмын 2.4.6-д заасан бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ /суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэх гэх мэт агуулгыг тусгасан байна./ зэргийг үндэслэн элсүүлнэ.
3.2.3.Ур чадварын шалгалт авах мэргэжил /хөтөлбөр/-ийн жагсаалтад багтсан сургалтын хөтөлбөрүүдээр ур чадварын шалгалтыг сургууль зохион байгуулна.
3.2.4.Ур чадварын шалгалтыг элсэн суралцах хөтөлбөрийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, сэтгэц, зан үйлийн байдал, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.
3.2.5.Ур чадварын шалгалтын удирдамжийг тухайн сургуулийн элсэлтийн журамд оруулан баталгаажуулсан байна.
3.2.6.Ур чадварын шалгалтын удирдамжид дараах зүйлсийг заавал оруулсан байна. Үүнд:
- Шалгуулагчийн бэлдэж ирэх зүйлс
- Гүйцэтгэх даалгаврын төрөл, хэлбэр
- Үнэлгээний шалгуур, үзүүлэлт
- Шалгалтыг зохион байгуулалт, байршил, хугацаа.
3.2.7.Сургууль шалгуулагч бүрийн ур чадварын анхны оноо буюу гүйцэтгэлийн хувийг хөтөлбөр бүрээр 100 онооноос тооцоолж гаргана.
3.2.8.Ур чадварын шалгалтын гүйцэтгэлийн хувь буюу анхны онооноос хэмжээст оноо (хэмжээст оноо нь 200-аас 800-ийн хооронд байна)-г хөтөлбөр бүрээр энэхүү журмын 3.2.9-д заасан аргачлалаар тооцно. Анхны онооны интервалд харгалзах хэмжээст оноог хүснэгтээр харуулав.
|
Анхны оноо (A) |
Хэмжээс оноо (X) |
1 |
0-59 |
200-479 |
2 |
60-64.9 |
480-519 |
3 |
65-69.9 |
520-559 |
4 |
70-74.9 |
560-599 |
5 |
75-79.9 |
560-639 |
6 |
80-84.9 |
640-679 |
7 |
85-89.9 |
680-719 |
8 |
90-94.9 |
720-759 |
9 |
95-100 |
760-800 |
3.2.9.Анхны оноог A, хэмжээст оноог X гэж тэмдэглээд дараах байдлаар хэмжээст оноо (X)-г тооцоолно. Үүнд:
- Хэрэв шалгуулагчийн анхны оноо 0-ээс 59-ийн хооронд бол X=200+A*4.66
- Хэрэв шалгуулагчийн анхны оноо 60-аас 100-ын хооронд бол X=480+(A-60)*8 гэсэн томьёогоор олно.
3.2.10.Ур чадварын шалгалтад 60 (хэмжээст оноогоор 480) болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн ур чадварын шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
3.2.11.Шалгуулагчийн ур чадварын шалгалтын оноо тухайн шалгалтыг өгсөн сургууль, хөтөлбөрийн хувьд хүчинтэй байна.
3.2.12.Зарим хөтөлбөрөөр элсэлт авах онооны босгыг элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго онооноос дээш байхаар тогтоож болно.
3.2.13.Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн индекс, суралцах хугацаа, хэлбэр, нийт судлах багц цаг, хяналтын тоо, элсэлтийн шалгалтын хичээлийн босго оноо, сургуулийн шалгуур шаардлага, ур чадварын шалгалтын босго оноо зэрэг мэдээллийг сургуулийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод мэдээлсэн байна.
3.2.14.Сургууль сургалтын хэлбэр, хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулан аймаг, нийслэлээс оюутан элсүүлэх ажлыг цахимаар болон тухайн байршил дээр элсэлтийн шалгалт дууссан өдрөөс хойш зохион байгуулна.
3.2.15.Сургууль тухайн мэргэжил /хөтөлбөр/-ээр суралцахад тавигдах элсэлтийн шалгалтын онооны шаардлага хангасан, Удирдах зөвлөлөөс баталсан хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг элсүүлнэ.
3.2.16.Өвлийн буюу 2 дахь удаагийн элсэлтийг энэхүү журмын 4.2-т баталсан элсэлтийн хяналтын тоог хөтөлбөр бүрээр гүйцээх байдлаар зохион байгуулна. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр өвлийн элсэлт зохион байгуулах бол хаврын элсэлтийн тоотой нэгтгэсэн байдлаар баталсан аргачлалын дагуу тооцож нэмэлт хяналтын тоог тогтооно.
3.3.Сургуульд гадаадын иргэдийг сургахад дараах арга хэмжээг авна. Үүнд:
3.3.1.Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдээс авсан монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт, эсвэл англи хэлний олон улсын шалгалтын оноог харгалзан элсүүлэн суралцуулна. Тухайн сургууль элсэлтийн журамдаа гадаадын иргэнд тавих хэлний шаардлагыг тодорхой тусгана.
3.3.2.Энэ журмын 3.3.1-д заасан шалгалтын даалгавар "Монгол хэлний тухай" хуулийн 22 дугаар зүйлд заасан байгууллагаас боловсруулсан гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулгын хүрээнд боловсруулсан байна.
3.3.3.Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.
3.3.4.Тухайн улсын элсэлтийн шалгалттай дүйцэх шалгалтын оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан байна.
3.3.5.Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн гадаад оюутны Монгол Улсад оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргахдаа монгол хэлний шалгалтын дүнг хавсаргасан байна.
3.3.6.Гадаад хэлээр сургалт явуулдаг хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд тухайн гадаад хэлний шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ.
3.4.Сургууль элсэлтийн комисс болон ур чадварын шалгалтын комиссыг захирлын тушаалаар байгуулна. Элсэлтийн комисс оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргаан, бүртгүүлэгч болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал, гомдлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавих, элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна.
Дөрөв.Элсэлтийн хяналтын тоо тогтоох
4.1.Сургууль бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоо тогтоохдоо тус тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал"-ыг (цаашид "Аргачлал" гэнэ) баримтална.
4.2.Сургуулийн удирдах зөвлөлөөс хөтөлбөр бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоог аргачлалын дагуу тогтоож жил бүрийн 5 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3.Сургуулиас ирүүлсэн оюутан элсүүлэх хяналтын тоог аргачлалын дагуу тогтоосон эсэхийг хянаж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд оруулна.
4.4.Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн өмчийн их сургуулийн орон нутгийн салбар, харьяа сургуульд зарим хөтөлбөрийн хяналтын тоог зөвхөн тухайн орон нутагт тогтоон элсүүлж, хамтарсан хөтөлбөр байдлаар зохион байгуулж болно.
4.5.Цэрэг, цагдаа (аюулгүй байдлын чиглэл)-гийн сургуульд элсэгчийн хяналтын тоог захиалагч байгууллагын саналыг харгалзан тухайн сургууль тогтооно.
Тав. Бусад
5.1.Ахисан түвшний хөтөлбөрт элсэгчийн өмнөх боловсролын зэрэг цахим системд баталгаажуулсан байна. Элсэгчид тавигдах бусад шаардлагыг холбогдох журмаар зохицуулна.
5.2.Удирдах зөвлөлөөс баталсан оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлэхийг хориглоно.
5.3.Сургууль сургалт эрхлэх зөвшөөрөл аваагүй мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авсан, элсүүлэх мэргэжил /хөтөлбөр/-ийн нэрийг өөрчлөн зарласан, эсхүл тухайн мэргэжил /хөтөлбөр/-ийн элсэлтийн шалгалтын хичээл, босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.
5.4.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн элсэлтийн шалгалтын босго онооны болзол ханган элссэн суралцагч эхний 2 хичээлийн жилд 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тухайн мэргэжил /хөтөлбөр/-ээр нийслэлд байршилтай сургуульд шилжин суралцаж болно.
Тайлбар: Энэ журмын 5.4 дахь заалт сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шилжилт хөдөлгөөнд хамаарахгүй болно.
--- оОо ---
Текст томруулах
A
A
A