A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20- ны өдрийн А/143 дугаар тушаалын гуравдугаар хавсралт 

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Энэ журмаар дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид "сургууль" гэх/ -ын төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, төгсөгчдөд дээд боловсролын зэргийн диплом /цаашид "диплом" гэх/ олгох, бүртгэх, баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Дээд боловсролын төгсөгчдөд дэд бакалаврын, бакалаврын, магистрын болон докторын хөтөлбөрийн агуулга эзэмшсэнийг гэрчилсэн диплом  олгоно. Диплом нь дээд боловсролын тухайн түвшний шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн.

1.3. Дипломын загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

1.4. Иргэнд дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж төгссөн талаарх лавлагаа, тодорхойлолтыг Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээлэл болон архивын баримтад үндэслэн Боловсролын ерөнхий газар олгоно.

 

 Хоёр. Төгсөлтийн үйл ажиллагаа

2.1.Энэхүү журамд нийцүүлэн сургууль төгсөлтийн үйл ажиллагааг зохицуулах журам батлан мөрдөнө.

2.2.Төгсөгч Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д заасан боловсролын тухайн түвшний шаардлагад нийцүүлэн баталсан сургалтын төлөвлөгөөний багц цагийг бүрэн дүүргэсэн байна.

2.3.Тухайн сургалтын хөтөлбөрт тусгагдсан агуулгыг эзэмшиж, үнэлгээний зохих шаардлагыг хангасан, дэд бакалаврын зэрэгт 2.5 жил, бакалаврын зэрэгт 3.0 жил, магистрын зэрэгт 1 жил, докторын зэрэгт 2.5 жилээс доошгүй хугацаанд Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд байршсан суралцагчид төгсөх эрх үүснэ.

2.4.Журмын 2.3-д заасан суралцагч тодорхой кредитийг дүйцүүлэн тооцуулсан тохиолдолд Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд байршсан байх шаардлагын хугацаа богиносож болно. Энэ тохиолдолд кредитийг дүйцүүлэн тооцуулсан талаарх мэдээллийг сургууль албан бичгээр Боловсролын ерөнхий газарт гаргана.

2.5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан байна.

2.6.Төгсөлтийг тухайн хичээлийн жилийн зургаа болон нэгдүгээр сард багтааж хоёр удаа хийж болно.

2.7.Сургууль төгсөлтийн болон төгсөгчийн дүн тулгалтын комиссыг захирлын тушаалаар байгуулна.

2.8.Дүн тулгалтын комиссын тайлан, төгсөгчийн дүнгийн хавтгайг баталгаажуулан сургуулийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж, мэргэжилтэн хянан баталгаажуулна. 

2.9.Төгсөлтийн үйл ажиллагааны тайланг тухайн сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцэж холбогдох дүгнэлт гаргасан байна.

2.10.Ахисан түвшний төгсөлтийн үйл ажиллагааг энэ журмын 2.1-д заасан журмаар зохицуулна.

2.11.Хамгаалалтаас өмнө дипломын ажлын хуулбарлалтын хувийг тогтоож, холбогдох нэгжийн дүгнэлтийг хавсаргасан байна.

2.12.Төгсөгчийн бакалаврын дипломын ажлыг сургуулийн номын санд цахим хэлбэрээр, магистрын төгсөлтийн ажлыг сургуулийн номын санд цаасан болон цахим хэлбэрээр хадгална.

2.13.Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг холбогдох дүрмээр зохицуулна. 

2.14.Төгсөлтийн комисс төгсөлттэй холбоотой аливаа маргаан, санал, гомдлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэх, төгсөлтийн явцад хяналт тавих үйл ажиллагааг зохицуулна.

 Гурав. Дээд боловсролын дипломд тавих шаардлага

3.1.Диплом Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу шатлалтай байна.

3.2.Диплом улсын дугаар, цахим код, сургуулийн бүртгэлийн дугаартай байна.

3.3.Дипломын улсын дугаарын эхний тоо дээд боловсролын зэргийг илтгэх дугаар байх бөгөөд дараах 4 орон төгссөн оныг, сүүлийн 5 орон тухайн жилийн төгсөгчдийн дугаарыг тус тус илэрхийлнэ. Дэд бакалаврын зэргийн дугаар 5, бакалаврын зэргийн дугаар 6, магистрын зэргийн дугаар 7, докторын зэргийн дугаар 8 болно.

3.4.Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар дипломын үндсэн мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй цахим кодыг дипломд байршуулна.

3.5.Сургуулийн бүртгэлийн дугаар тухайн сургуулиас тухайн жилд олгосон дипломын бүртгэлийн дугаарыг илэрхийлэх бөгөөд давхардалгүй байна.

3.6.Дипломын нүүр хэсэг дараах агуулгатай байна (Тушаалын гуравдугаар хавсралт). Үүнд:

3.6.1.Сургуулийн нэр, лого

3.6.2.Дипломын улсын дугаар, цахим код

3.6.3.Төгсөгчийн харьяалал /улс/, овог, нэр

3.6.4.Хөтөлбөрийн нэр, индекс

3.6.5.Боловсролын зэрэг /дэд бакалавр, бакалавр, магистр, доктор/

3.6.6.Захирлын тушаалын огноо, дугаар

3.6.7.Гарын үсэг /тушаал гаргасан захирлын гарын үсэг/

3.6.8.Тамга

3.7.Дээд боловсролын дэд бакалавр, бакалаврын дипломын хавсралт хэсэг дараах агуулгатай байна. Үүнд:

 

3.7.1.Сургуулийн нэр /харьяа, салбар, бүрэлдэхүүн сургуулийн  нэр/

3.7.2.Дипломын улсын дугаар, цахим код

3.7.3.Төгсөгчийн овог нэр, регистрийн дугаар

3.7.4.Элссэн он, төгссөн он, төгсөлтийн тушаалын дугаар

3.7.5.Хөтөлбөрийн нэр, индекс 

3.7.6. Хөтөлбөрийн төрөлжүүлэн судалсан чиглэлийн нэр

3.7.7.Элсэлтийн шалгалтын оноо /нэгдүгээр хичээл/

3.7.8.Өмнөх шатны боловсролын үнэлгээний дундаж оноо

3.7.9.Судалсан хичээл, түүний үнэлгээ, багц цаг, нийт цуглуулсан багц цаг, голч оноо, голч дүн

3.7.10.Дипломын ажлын нэр

3.7.11.Тухайн улирлын сургуулийн ижил мэргэжлийн төгсөгчдийн голч дүнгийн дундаж

3.7.12.Сургалт хариуцсан нэгжийн даргын гарын үсэг, тэмдэг

3.7.13.Хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн тухай тэмдэглээ, бичиглэл, огноо, тэмдэг

3.7.14.Диплом, хавсралтыг кирилл, англи, монгол бичиг гэсэн 3 хувилбараар гаргана.

3.7.15.Үнэлгээний системийн мэдээлэл

 

3.8.Дээд боловсролын магистр, докторын дипломын хавсралт хэсэг дараах агуулгатай байна. Үүнд:

 

3.8.1.Сургуулийн нэр /харьяа, салбар, бүрэлдэхүүн сургуулийн  нэр/

3.8.2.Дипломын улсын дугаар, цахим код

3.8.3.Төгсөгчийн овог нэр, регистрийн дугаар

3.8.4. Элссэн он, төгссөн он, төгсөлтийн тушаалын дугаар

3.8.5.Хөтөлбөрийн нэр, индекс 

3.8.6.Хөтөлбөрийн төрөлжүүлэн судалсан чиглэлийн нэр

3.8.7.Судалсан хичээл, түүний үнэлгээ, багц цаг, нийт цуглуулсан багц цаг, голч дүн, голч оноо

3.8.8.Эрдэм шинжилгээний ажлын сэдвийн нэр

3.8.9.Сургалт хариуцсан нэгжийн даргын гарын үсэг, тэмдэг

3.8.10.Хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн тухай тэмдэглээ, бичиглэл, огноо, тэмдэг

           3.8.11.Диплом, хавсралтыг кирилл, англи, монгол бичиг гэсэн 3 хувилбараар гаргана.

 

3.9.Сургууль төгсөгчдөд дипломын нүүр, хавсралтаас гадна нэмэлт хавсралт өгч болно.

Дөрөв. Дипломын дугаар захиалах, олгох, хэвлэх, баталгаажуулах

4.1.Дипломын дугаарын захиалгыг дор дурдсан байдлаар хийнэ:

4.1.1.Сургууль дээд боловсролын сургалтын хөтөлбөрөө амжилттай судалсан, төгсөх шаардлагыг хангасан суралцагчдад төгсөлтийн тушаал, хамгаалуулах зөвлөлийн тогтоол гаргаж баталгаажуулсан байна.

4.1.2.Сургууль төгсөгчдийн дипломын дугаарын захиалгыг Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд үүсгэж, элсэлт, төгсөлтийн тушаал эсвэл хамгаалуулах зөвлөлийн тогтоолыг албан бичгээр Боловсролын ерөнхий газарт хүргүүлнэ.

4.1.3.Сургуулиас ирүүлсэн материал болон дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн төгсөлтийн мэдээлэлд тулгалт хийж, дугаарыг Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээр олгоно.

4.2.Сургууль дипломыг цахим хэлбэрээр олгоно. Төгсөгчийн хүсэлтээр дипломыг үнэт цаасаар хэвлэн олгож болно.

4.3.Сургууль дипломыг үнэт цаасаар олгохдоо албан ёсны эрхтэй хэвлэх үйлдвэрт хэвлүүлнэ.

4.2.Сургууль төгсөгчдийн дипломыг блокчейнээр баталгаажуулна. Блокчейнээр баталгаажуулах эрх бүхий мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулан, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

4.3.Энэхүү журмын 1.3-т заасан загварын дагуу төгсөгчдийн дипломыг сургууль блокчейнд байршуулж баталгаажуулах хүсэлтийг Боловсролын ерөнхий газарт илгээнэ.

4.4.Боловсролын ерөнхий газар хүлээгдэж буй дипломыг шалгаж, блокчейнд баталгаажуулна.

4.5.Төгсөгчид олгох диплом олгосон тушаал, тушаалын хавсралт, төгсөгчдийн тайланг батлагдсан статистикийн маягтын дагуу гаргаж Боловсролын ерөнхий газарт жил бүрийн 7 дугаар сарын 25, 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор сургууль хүргүүлнэ. Сургууль нь төгсөлтийн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

4.6.Боловсролын ерөнхий газар диплом болон холбогдох бусад мэдээллийг блокчейн технологийг ашиглаж хадгалан, төгсөгчдийн лавлагааны санг бүрдүүлнэ.

4.7.Аюулгүй байдал судлалаар дагнан сургалт, судалгааны ажил эрхэлдэг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад энэ журмын 4.5, 4.8, 9.2 дахь заалтууд хамаарахгүй бөгөөд чиг үүргийн онцлогт нийцүүлэн Боловсролын ерөнхий газар шийдвэрлэнэ.

4.8.Төгсөгчдийн лавлагааг дипломын дугаар ашиглан шалгаж боломжийг Боловсролын ерөнхий газарт бүрдүүлнэ.

4.9.Боловсролын ерөнхий газар диплом олгосон тайланг Архивын тухай хуульд заасны дагуу архивд шилжүүлнэ.

Тав. Диплом бүртгэх, хадгалах

5.1.Боловсролын ерөнхий газар мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийхтэй холбоотой асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулна.

5.2.Нөхөн бүрдүүлэлт хийхэд дипломыг дор дурдсан баримт бичигт үндэслэн бүртгэнэ. Үүнд:

  • Боловсролын зэрэг олгох тухай сургуулийн захирлын тушаал
  • Сургалт хариуцсан нэгжээс шалгаж баталгаажуулсан багц цаг, хичээлийн нэр, дүн, голч дүн, голч оноо
  • Диплом, түүний хуулбар
  • Иргэний үнэмлэх

5.3.Төгсөгчдөд олгосон  диплом түүний хавсралтын хуулбар болон диплом олгосон шийдвэр, бүртгэл, холбогдох тайлангийн хамт сургуулийн архивд 30 жил хадгална.

5.4.Татан буугдcан сургууль Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах хугацаандаа гаргасан тушаал шийдвэр, нийт төгссөн  оюутны  диплом болон түүний  хавсралт олгосон тайлан мэдээг цахим хэлбэрээр гаргаж, татан буугдах шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Үндэсний төв архив болон Боловсролын ерөнхий газарт тус тус хүлээлгэн өгнө.

   Зургаа. Боловсролын баримт бичиг дахин олгох

6.1.Блокчейнд баталгаажсан дипломыг иргэн өөрийн эрхээр нэвтэрч хэвлэн ашиглана.

6.2.Блокчейнд баталгаажуулахаас өмнөх үеийн дипломыг иргэн үрэгдүүлсэн, гэмтээсэн, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд сургууль дахин олгоно.

6.3.Иргэнд анх олгосон дипломын улсын дугаар дахин олгох дипломд хэвээр хадгалагдана.

6.4.Энэ журмын 6.2-д заасан шалтгааны улмаас диплом дахин авах иргэн дараах материал бүрдүүлж төгссөн сургуульдаа хандана:

6.4.1.Диплом дахин авах болсон шалтгааныг бичсэн хүсэлт;

6.4.2.Дипломын архивын лавлагаа;

6.4.3.Дипломын хуулбар;

6.4.4.Иргэний хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар;

6.4.5.Диплом хэвлэх дахин олгох зардал төлсөн баримт.

6.5.Сургууль энэ журмын 6.4-д заасан нотлох материалд үндэслэн иргэнд дипломыг дахин олгоно.

6.5.1.Төгсөгчдөд дахин олгох дипломыг хэвлэн баруун дээд хэсэгт "Дахин олгов" гэсэн тэмдэглэгээ хийж, эрх бүхий этгээд баталгаажуулан иргэнд хүлээлгэн өгнө.

6.5.2.Сургууль диплом дахин олгосон бүртгэлийг хөтлөн, иргэний бүрдүүлсэн материалын хамт сургуулийн архивд хадгална.

6.6.Иргэнд анх олгосон дипломын улсын дугаар тодорхойгүй тохиолдолд холбогдох баримт бичигт үндэслэн шинээр дугаар олгож болно.

6.7.Татан буугдсан сургуулийн дээд боловсролын дипломыг нөхөн олгох асуудлыг Боловсролын ерөнхий газар хариуцна.

     Долоо. Гадаад улсын дээд боловсролын баримт бичгийг дүйцүүлэх, лавлагаа гаргах

7.1.Гадаад улсын их, дээд сургууль, коллежид суралцаж дэд бакалавр, бакалавр, магистр, докторын зэрэг авсан иргэнд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон дээд боловсролын баримт бичгийг Монгол Улсын дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлж болно.

7.2.Энэхүү журмын 7.1-д заасан баримт бичиг Монгол Улсын тухайн түвшний боловсролын баримт бичигтэй дүйцэх эсэх тодорхойлолт, тухайн гадаадын сургуулийг төгссөн эсэх лавлагааг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага гаргана.

7.3.Журмын 7.2-т заасан тодорхойлолт авах, дүйцүүлэх хүсэлт гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

7.3.1.Боловсролын баримт бичиг дүйцүүлэх өргөдөл;

7.3.2.Гадаад улсад дээд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх боловсролын баримт бичгийн эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар, түүний албан ёсны орчуулга /орчуулгын товчооны тамгатай байх/;

7.3.3.Монгол Улсын иргэн бол гадаад паспортын хувийн мэдээлэл бүхий хуудас, суралцах хугацаандаа Монгол Улсын хилээр гарсан, орсон тухай тэмдэглэлийн хуулбар.

Найм. Гадаад улсад суралцсан дээд боловсролын дипломыг бүртгэх, баталгаажуулах

8.1.Монгол улсын иргэн гадаад улсад дээд боловсролын зэрэг эзэмшихдээ Боловсролын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

8.2.Энэхүү журмын 8.1-д заасан санд бүртгэх үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газар хариуцна.

8.3.Гадаад улсад дээд боловсролын зэрэг эзэмшихээр суралцагч иргэн дараах мэдээллийг жил бүрийн 10 сард багтааж Боловсролын ерөнхий газарт цахимаар бүртгүүлнэ.

8.3.1.Суралцаж буй улс, сургууль, мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр

8.3.2.Суралцаж буй дамжаа, төлбөрийн мэдээлэл /төрийн, хувийн тэтгэлэг/

8.3.3.Суралцах чиглэлээ сольсон тохиолдолд тухай бүрд мэдээллээ шинэчлэх.

 

8.4.Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэг болон Засгийн газар хоорондын гэрээгээр гадаад улсад суралцагч энэ журмын 8.3-д зааснаас гадна гэрээнд тусгагдсан бусад мэдээллийг шаардлагатай хугацаанд шинэчлэн оруулна.

 

8.5.Гадаад улсад сурах иргэн өөрийн суралцах чиглэлээр элсэлтийн шалгалтын 2 хичээлийн босго онооны шаардлага хангасан эсхүл Гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөр, шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлж батламж авсан байна.

8.6.Энэхүү журмын 8.5-д заасан шаардлага 30 дээш насны гадаадад суралцах иргэн болох ахисан түвшний суралцагчид хамаарахгүй.

8.7.Энэхүү журмын 8.3-д заасан мэдээллийг холбогдох хугацаанд оруулсан иргэнийг дипломын мэдээлэлд үндэслэн бүртгэнэ. Шаардлагыг биелүүлээгүй бол энэхүү журмын 7.2-д заасны дагуу лавлагаа авч мэдээллийн санд бүртгэнэ.

8.8.Гадаад улсын иргэн Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тохиолдолд сургууль энэхүү журмын 7.3-т заасан бичиг баримтыг хавсарган гадаад улсын дээд боловсролын дипломыг бүртгүүлэх хүсэлтийг Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээр дамжуулан цахимаар Боловсролын ерөнхий газарт гаргана.

8.9.Гадаад улсын иргэн бол гадаад улсын дээд боловсролын баримт бичиг бүртгүүлэх тухай өргөдөл бичиж, 7.3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн Боловсролын ерөнхий газарт хандана.

8.10.Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад ижил түвшинд шилжин суралцах иргэний хүсэлтийг шилжин суралцах сургууль судлан, шийдвэрлэнэ.

8.11.Дээд боловсролын баримт бичиг дүйцүүлэх, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах иргэний бүрдүүлсэн материал, гаргасан шийдвэрийг сургуулийн архивд хадгална.

        Ес. Бусад

9.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлага, дотоод аудитын нэгж, эсхүл салбарын хяналтын газар хяналт тавина.

9.2.Сургууль нь төгсөгчдийн мэдээллийг үнэн зөв, бүрэн бүртгэж Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд оруулсан байна. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэлгүй, алдаатай бүртгэгдсэн, баталгаажуулаагүй иргэнд боловсролын зэрэг, диплом олгохгүй.

9.3.Дипломд бичигдэх мэдээлэлд өөрчлөлт оруулах, хууль бусаар баримт бичиг олгохыг хүсэх, шаардах, дарамтлах зэрэг хууль бус аливаа үйлдлийг хориглоно.

9.4.Энэхүү журмын 8.5-д заасан шаардлагыг 2025 оны зургаадугаар сараас хойш элсэгчээс эхлэн мөрдөнө.

9.5.Дипломыг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, ашигласан, дээд боловсролын баримт бичгийг дахин олгоход энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагад иргэн, хуулийн этгээд мэдэгдэнэ.

9.6.Энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

--- о0о ---