A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр

 сарын 17ы өдрийн 164 дүгээр

       тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

 ХӨГЖМИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД

НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага Консерваторт хуулиар зөвшөөрсөн нийтлэг санхүүжилтийн эх үүсвэрээс гадна үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, онцлогоос хамаарч улсын төсвөөс нэмэлт санхүүжилт (цаашид "нэмэлт санхүүжилт" гэх) олгох үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Улсын төсвөөс олгох нэмэлт санхүүжилтийг Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, хөгжмийн зэмсгийн дагалдах хэрэгсэл худалдан авах болон хөгжмийн зэмсгийн засвар үйлчилгээний зардалд олгоно.

 

Хоёр.Нэмэлт санхүүжилт олгох, нэмэлт

     санхүүжилтийн зарцуулалт

 

2.1.Консерватор доор дурдсан баримт бичгийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ:

 

2.1.1.нэмэлт санхүүжилтээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталсан Консерваторын Удирдах зөвлөлийн шийдвэр;

 

2.1.2.худалдан авах сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, түүний дагалдах хэрэгсэл, засвар үйлчилгээний үнийн харьцуулалт, сургалтын орчныг сайжруулах арга хэмжээний үнийн судалгаа;

 

2.1.3.нэмэлт санхүүжилтээр зайлшгүй худалдан авах шаардлагатайг нотлох үндэслэл бүхий тайлбар, танилцуулга,  Консерваторын гүйцэтгэх удирдлагын хүсэлт.

 

2.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг судлан төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган тухайн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

2.3.Консерватор нэмэлт санхүүжилтээр худалдан авах сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, түүний дагалдах хэрэгсэл болон хөгжмийн зэмсгийн засвар, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

 

2.4.Консерваторын гүйцэтгэх удирдлага нэмэлт санхүүжилтийг зориулалтын дагуу, батлагдсан төсвийн хүрээнд зарцуулах үүрэг хүлээнэ.

Гурав.Бусад

 

3.1.Консерватор Төсвийн тухай хуульд заасны дагуу нэмэлт санхүүжилтийн төсвийн гүйцэтгэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

 

3.2.Консерватор нэмэлт санхүүжилттэй холбогдох мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй байршуулна.

 

3.3.Нэмэлт санхүүжилтийн зарцуулалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд арилгуулах арга хэмжээ авна.

 

3.4.Нэмэлт санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдвол тухайн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

----о0о----