A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

"ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 1 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3 дугаар зүйлийн 3.4, 3.4.2, 3.4.3, 3.5, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлд "2.7. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр үйлчилгээ эрхлэх нэмэлт хүрээг бууруулах эсхүл тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт, хяналт, мониторингийн тайлангаар хангалтгүй дүгнэгдсэн нөхцөлд үйлчилгээ эрхлэх нэмэлт хүрээнд өөрчлөлт оруулна." гэж нэмэх.

1.2.Нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг "2.1. Телевизийн үйлчилгээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тодорхой бүс нутагт эрхлэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах газарзүйн байршлаар үйлчилгээ эрхлэх хүрээг Улаанбаатар хот, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, Тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж тогтоох ба тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана." гэж, 2.3 дахь хэсгийг "2.3. Телевизийн үйлчилгээг олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээгээр дамжуулан Улаанбаатар хот болон бүх аймагт хүргэх тохиолдолд үйлчилгээ эрхлэх хүрээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гэж тогтоох ба тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана." гэж, 2.4 дэх хэсгийг "2.4. Тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээгээр дахин дамжуулан бусад аймагт хүргэх тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээ эрхлэх хүрээнд нэмэлт оруулж, тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана." гэж, 2.5. дахь хэсгийг "2.5. Үйлчилгээ эрхлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ирүүлсэн хүсэлтийг үнэлэхдээ дамжуулах сүлжээний багтаамж, техникийн боломж, үйл ажиллагааны төлөвлөлт, чадамж зэргийг харгалзан үзнэ." гэж, 2.6 дахь хэсгийг "2.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон энэхүү нөхцөл шаардлагын 2.4-т заасан хүрээнд үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан байршилд үйл ажиллагаа явуулна." гэж, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг "3.4. Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэх хүрээтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээ эрхлэх хүрээнд "Монгол Улсын нутаг дэвсгэрт" гэж нэмэлт, өөрчлөлт оруулахад дараах нөхцөлийг хангана:" гэжтус тус өөрчлөн найруулах.

1.3. Нөхцөл, шаардлагын 2.2 дахь хэсгийн "хамрах хүрээг" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээг" гэж, 3.4.2 дахь заалтын "хамрах хүрээ" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээ" гэж, 3.4.3, 3.5 дахь хэсгийн "хамрах хүрээнд" гэснийг "үйлчилгээ эрхлэх хүрээнд" гэж тус тус өөрчлөх.

1.4.Нөхцөл, шаардлагын 1.4 дэх хэсгийн "төлбөртэй телевизийн үйлчилгээнээс бусад", 1.5 дахь хэсгийн "хамрах", 6.1 дэх хэсгийн "телевизийн газрын сүлжээ болон" гэснийг тус тус хасах.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

Н.МАНДАХБААТАР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР