- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 30
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталсантай холбогдуулан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласны үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл ажиллагааг олон улсын сайн засаглалын зарчим, загварт нийцүүлэн үе шаттайгаар бэхжүүлэх;
2/Ирээдүйн өв сангийн тухай хууль дахь сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд тусгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2029 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа боловсруулж, 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
4/Монгол Улсын иргэн бүрд 2024 оны 2 дугаар улиралд багтаан хуримтлалын нэрийн данс үүсгэх;
5/Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбогдуулан Хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн дансыг Монголбанкан дахь төрийн сангийн дансанд үүсгэхийг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-д даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /П.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх