- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газарт чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 40
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх "Хүннү" хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах;
/Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх;
3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх;
4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх