- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 187
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 33.1.2, 33.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалт, бүлгийг нэмсүгэй:
1/1.6.Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ журмын Арван нэгдүгээр зүйлд тусгайлан заасны дагуу явуулна.
2/"Арван нэг.Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах ажиллагаа
11.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтад дараах үйл ажиллагаа хамаарна:
11.1.1.мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэх;
11.1.2.мал эмнэлгийн үйлчилгээ;
11.1.3.малын тэжээл, тэжээлийн ургамал тарих;
11.1.4.тэжээлийн үйлдвэрлэлийн цех;
11.1.5.хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих;
11.1.6.эрчимжсэн мал аж ахуйн ферм;
11.1.7.гахай, шувуу, зөгий, цаа бугын ферм;
11.1.8.мал төхөөрөх цех, үйлдвэр;
11.1.9.малын гаралтай түүхий эд авах цэг, агуулах, зоорь, хөргүүрийн байгууламж;
11.1.10.малын гаралтай түүхий эд, дайвар болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
11.1.11.мах, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл.
11.2.Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын зарыг төсөл сонгон шалгаруулалт явуулахаар товлосон өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө Газрын биржийн цахим систем, эсхүл орон нутгийн олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлнэ.
11.3.Энэ журмын 11.2-т заасан зард дараах мэдээллийг тусгана:
11.3.1.төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
11.3.2.төслийг хүлээн авах хаяг, харилцах утасны дугаар;
11.3.3.төслийг хүлээн авах эцсийн хугацаа;
11.3.4.эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил.
11.4.Төслийг хүлээн авах үйл ажиллагаанд энэ журмын Наймдугаар бүлэг, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад энэ журмын 9.1-9.7-д заасныг тус тус баримтална.
11.5.Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан 0-10 оноогоор үнэлж, хамгийн өндөр оноо авсан төслийг шалгаруулж, дүгнэлт гаргана. Дүгнэлтэд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байна.
11.6.Оролцогчдоос ирүүлсэн төсөл энэ журмын 11.5-д заасан оноо тэнцсэн тохиолдолд байгаль орчинд ээлтэй байдлыг нь харгалзан Ажлын хэсгийн гишүүд санал хурааж, олонхын санал авсан төслийг шалгаруулна.
11.7.Төсөл сонгон шалгаруулалтад нэг төсөл ирсэн тохиолдолд Ажлын хэсэг энэ журмын 11.5-д заасны дагуу үнэлж, онооны 50 хувийг хангасан бол шалгаруулна.
11.8.Хэрэв төсөл сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй төсөл ирүүлсэн, эсхүл зарласан хугацаанд нэг ч төсөл ирээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулж болно.
11.9.Энэ журмын 9.17-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор давтан зохион байгуулна.
11.10.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга ажлын 1 хоногийн дотор газар эзэмшүүлэх захирамж гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал Газрын тухай хуулийн 24.6-д заасан цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээг олгож, гэрээг баталгаажуулна."
2.Мөн журмын 3.1 дэх хэсгийн "хөтөлбөрт" гэсний дараа "болон малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд" гэж нэмсүгэй.
3.Мөн журмын 7.4 дэх хэсгийн "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн" гэснийг "Зөвшөөрлийн" гэж, "Арван нэг.Маргаан шийдвэрлэх" гэснийг "Арван хоёр. Маргаан шийдвэрлэх" гэж, "11.1" гэснийг "12.1" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн журмын 1.3.4 дэх заалтыг хүчингүй болгосонд тооцсугай.
5.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2024 онд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд эзэмшүүлэх газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газар эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тухай бүр нь дүгнэлт гаргаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх