A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ ЦАХИМ СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем"-ийг хэрэглээнд нэвтрүүлж, системийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангаж, ашиглалттай холбоотой заавар, аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан цахим системийн мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем, Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн суурь мэдээлэлтэй ямар нэгэн зөрүүгүй байхаар нягт уялдуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгаж, Төрийн албаны зөвлөл (Л.Цэдэвсүрэн)-д зөвлөсүгэй.

3."Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем"-ийг ашиглан эрхлэх асуудлынхаа хүрээндээ төрийн албан хаагчийн мэдээллийн бүрдүүлэлт, үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Цахим системийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцож жил бүрийн улсын төсвийн төсөлдөө тусгаж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН