- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САГСАЙ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Сагсай сумын ИТХ -ын 2024 оны
04 дүгээр сарын 23-ны өдрийн
93 дугаар тогтоолын хавсралт
САГСАЙ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Сагсай сумын газар нутгийн хэмжээ 313999 га нутаг дэвсгэртэй. Сумын хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон бэлчээрийг жилийн туршид ашиглаж байна. Мөн сүүлийн жилүүдэд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтаас багагүй хэмжээний бэлчээр нутаг эвдрэлд орж, автомашины зам бэлчээрийн хомсдолд нөлөөлж байна.
Жил бүр өвөл хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа багийн нутгаар тооцоолон жил бүр гаргаж байна.
Жил ирэх тусам малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн ургацын хэмжээ буурч, бэлчээрийн усан хангамж муу, мал сүрэгт зориулсан худгийн тоо цөөрч, ашиглалт нь буурч байгаа нь бэлчээрийн даацад нөлөөлж байна.
Манай суманд жилд орох хур тунадасны хэмжээ багасахын зэрэгцээ, хурц нартай өдрийн давтамж, тоо ихэсснээр зун, намартаа гандаж, бэлчээрийн ургацын хэмжээ, ургамлын төрөл зүйлд ихээхэн өөрчлөлт орж, хуурайшилт, хөрсний эвдрэл, элсний бүрхэвч нийт нутгийг хамраад байна.
Бэлчээр соргог байх үед 1 га-д 8 тонн үндэс агуулагддаг бол талхагдсан бэлчээр түүнээс 2 дахин бага буюу 4 тонн болдог. Хөрсний ус нэвтрүүлэх чадвар бэлчээрт 141,9 мм/цаг талхагдсан бэлчээрт 70,8 мм/цаг болж 2 дахин буурч байна. Эх байгалиас заяасан хөрс, ургамал нөхөн төлжих чадвараа нэгэнтээ алдаж, "босгоо давах" тохиолдолд тэдгээрийн нөхөн төлжих чадвар бүр мөсөн алдагддаг байна.
Иймээс сумын хэмжээнд малчдыг бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтанд оруулж, урамшууллын механизмыг бий болгон малчдын оролцоотойгоор бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах нь илүү үр дүн гарна гэж үзэж байна. Түрүүлж ногоо гарсан хэсэгхэн бэлчээрийг талхалуулснаас цаашдаа өвлийн бэлчээрийн даацад онц муугаар нөлөөлж байна. Ийм учраас түүнийг хамгаалж ямарч зохицуулалтгүй дайрч талхлахаас хамгаалах шаардлага үүсч байна.
Хоёр. ЖУРМЫН ЗОРИЛГО, ЗАРЧИМ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
Бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөвлөх, зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх замаар бэлчээрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, бэлчээрийн нөөц чадавхид тохируулан мал сүргээ маллах, өсгөх, малчдыг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгон аймгийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангахад журмын зорилго оршино.
2.1. Журмыг хэрэгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхад суурилсан, оролцогчдын тэгш оролцоог хангахад дор дурдсан зарчмыг баримтална. Үүнд:
2.1.1 Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, зохистой ашиглах хамгаалах, олон настын үр тарьж аюулгүй нөөц бүрдүүлэх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.1.2 Бэлчээрийн экологийн чадавх, бүтээмжит чанар, даацад нь нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэнэ.
2.1.3 Гэргүй өрхийн малыг тухайн амьдарч буй өрхөд оруулан тооцно.
2.2. Бэлчээр ашиглалтын чиглэлээр сар улирал жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ дор дурдсан зохицуулалтыг баримтална. Үүнд:
2.2.1. Бэлчээр ашиглалтын талаар тухайн сар улирал жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, БИНХурлаар хэлэлцүүлнэ. Хэрэв хавар зун, намрын сар улиралд хэсэгчилэн орсон хур тундасны мөрөөр хэсэгхэн ургасан ногоо бэлчээрийг зохистой ашиглах талаар хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг сумын ИТХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Шаардлагатай бол Аймгийн ИТХ-ын хуралд оруулж гаргасан шийдвэрийн дагуу сум, багийн удирдлага зохицуулж хяналт тавьж хэрэгжүүлнэ.
2.2.2. БИНХ-аар хэлэлцэж баталсан бэлчээр ашиглахтай холбоотой аливаа шийдвэр, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэс болно.
2.2.3. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд малчдын бүлэг, БАХ-н чиглэлээр бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2.2.4. Тухайн жилд өнжөөж, чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг дарга өргөн мэдүүлснээр сумын ИТХ шийдвэрлэнэ.
Гурав. БЭЛЧЭЭР, ТҮҮНИЙГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ ХАМГААЛАХ
3.1. Бэлчээрийг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн уламжалт тогтолцоогоор ашиглана.
3.2. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны хил хязгаарыг газрын нэрээр нарийвчлан тогтоож, нийтээр ашиглана.
3.3. Өвөлжөө, хаваржааны суурин газрыг баг, хот айлын дунд эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээжүүлэн бэлчээрийг бүх нийтээр ашиглахдаа хоорондоо ойлголцож маргаан гаргахгүй байна.
3.4. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа болон малчдын оторт гарах, буух хуваарь, хугацааг Засаг даргаас тогтоож өгсөн графикаар дагаж мөрдөнө. Ингэхдээ БИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх бөгөөд гарсан шийдвэрт хуралд оролцогч бүр гарын үсэг зурж баталгаажуулна. Хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцоогүй иргэдэд багийн Засаг дарга шийдвэрийг танилцуулж гарын үсэг зуруулна.
3.5. Шинээр өвөлжөө, хаваржаа барих иргэд сум, багийн Засаг даргаас заавал зөвшөөрөл авна.
3.6. Өвлийн цагаар бусад аймаг, сумын малыг зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшил газарт оруулахыг хязгаарлана.
3.7. Бусдын эзгүй үед хашаа хороог сүйтгэх, түлээ түлшийг хулгайлах, эд хөрөнгөнд халдахгүй байхыг эрхэмлэнэ.
3.8. Сумын төвийн мал бүхий иргэд зуны улиралд 2 үнээ, 20 толгой бог малыг саалинд ашиглахаар авч үлдэх ба эр сувай малаа хөдөө гаргаж байна. / хэрвээ бог мал байхгүй тохиолдолд нийтдээ 4 хүртэл үнээ барьж болохыг зөвшөөрнө/
3.9. Зусланд 06 дугаар сарын 10-ны дотор гарч, намаржаанд 09 дүгээр сарын 01- ээс
хойш бууна.
3.10 Уулын хадланд 08 дугаар сарын 01-нээс гарна.
3.11. Голын хадлангийн гарцыг үндэслэн 8 дугаар сарын 10-наас 15-ны хооронд орж байна.
3.12. Төмс, хүнсний ногоог хавар 05 дугаар сарын 20-ны дотор тарьж, намар 09 дүгээр сарын 05-наас хойш хураана.
3.13. 09 дүгээр сарын 15 хүртэл намаржаанд / Уужим, Турганд / айл буухыг хязгаарлана.
3.14. Сумын төвд 06 дугаар сарын 05 наас 09 дүгээр сарын 01-ний хүртэл гүү барихыг хязгаарлана.
ДӨРӨВ . БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ
ТООЦОХ
4.1. Сумын засаг даргын тамгын газар бэлчээрийн даацад үндэслэсэн дараах тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн Засаг даргад зөвлөмж байдлаар хүргүүлнэ. Үүнд:
4.1.1. Хонин толгойд шилжүүлснээр өвөлжих малын тооны дээд хязгаар Nmax -ыг тогтоох:
бэлчээрийн нийт ургацын хэмжээ
180 хоног*1,1 кг
4.1.2.Тухайн багийн малчин өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо толгойг тогтоох:
өвөлжих малын тооны дээд хязгаар
багийн нийт малчин өрхийн тоо
4.2. Багийн засаг дарга нар энэ журмын 3.1-д заасан зөвлөмжид үндэслэн тухайн сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төсөлд дор дурьдсан асуудлыг тусгуулахаар гаргаж тухайн оны 10 дугаар сарын 01-ны дотор багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлнэ.
4.2.1. Малчин өрх тус бүрийн өвөлжүүлэх малын тооны дээд хязгаар тогтоох
Аргачлал нь:
Малчин өрх бүрийн өвөлжүүлэх = өрхийн нэг гишүүнд ногдох х тухайн өрхийн
малын тоо толгой малын тоо гишүүдийн тоо
4.2.2. Бэлчээрийн даац хүрэлцээтэй нөхцөлд өөр аймаг, сумаас өвөлжиж, хаваржиж болох малын тооны дээд хязгаар хонины толгой шилжүүлсэнээр 1000 толгой хүртэл байж болно
ТАВ . ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.1 Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар:
5.1.1. Бэлчээр ашиглагчид, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулан бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах.
5.1.2. Багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг харгалзан дэмжигдсэн бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
5.1.3. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг бэлчээр ашиглагч малчин өрхийн оролцоотой зохион байгуулах.
5.1.4. Фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон МАА-г үр ашигтай эрхлэн явуулах, гаргах, бусад асуудлаар зөвлөмж гаргаж хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
5.2. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв:
5.2.1. Тухайн сумын бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг 08 дугаар сарын 10-наас 20-ны дотор сум, баг, бэлчээр ашиглагчдын холбоодын оролцоотойгоор цаг уурын шинжилгээний өртөө, харуулын техникч, ажиглалгч нар шугаман цэгийн бичиглэлийн аргаар хийж бэлчээрийн даацыг тодорхойлсноор,өвөлжиж хаваржих боломжтой малын тооны талаар холбогдох үнэн зөв мэдээллээр хангана.
5.2.2. Бэлчээр хүрэлцээгүй газарт үүлэнд зориудаар нөлөөлөх
5.2.3. Багийн ИНХ-аас саналыг үндэслэн шаардлагатай гэж үзвэл газрын генератор байршуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.
5.2.4. Аймгийн УЦУОШТөв нь Сансарын хиймэл дагуулаас авсан ургамлын бүрхэвчийн индексжүүлсэн мэдээг тайлал хийж дулааны улиралуудад орсон борооны мөрөөр сэргэсэн бэлчээрийн талбайн хэмжээ, даац болон хонин толгойд шилжүүлсэнээр хичнээн тооны мал ямар хугацаагаар бэлчээрлүүлж болохыг тодорхойлж шугаман болон фотомониторингийн хэмжилтээр баталгаажуулна. Харин захиалагч хэн байхыг хөрөнгөний эх үүсвэрийн хамт журамд тодорхой зааж өгнө.
5.3 Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг:
5.3.1. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээрийг хариуцлагажуулах нэгдсэн журам"- ыг мөрдүүлэх.
5.3.2. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй иргэн, малчдын хэсэгт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
5.4 Багийн иргэдийн нийтийн хурлын чиг үүрэг:
5.4.1. Багийн бэлчээрт фотомониторинг хийх цэгийн тоог тогтоох.
5.4.2. Жил бүрийн 05 сарын 01 дотор хуралдаж, өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх.
5.5 Сумын засаг даргын чиг үүрэг:
5.5.1. Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц,
иргэдийн саналыг харгалзан өвөлжөө хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох. /энэ журмаар тогтооно/
5.5.2. Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах,тайлагнах.
5.5.3. Багийн засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг үндэслэн дүгнэх.
5.5.4. Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа, баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх.
5.5.5.Тухайн бэлчээрийн даацад тохируулан тодорхойлсон малын тооноос одоо уг бэлчээрт бэлчиж байгаа малын тоог хасаад нэмж оруулах малын тоонд тохирсон малтай малчдыг аль усанд бууж хэдий хугацаагаар байж болохыг албан ёсоор мэдэгдэнэ. Энэ тухай нийт малчдад аюулаас сэргийлэх цогцолборуудыг ашиглан мэдээлж бэлчээр ашиглалтын журмыг танилцуулах.
5.5.6.Зэргэлдээ сумдын Засаг дарга нарт тухайн шинээр сэргэсэн бэлчээрт тухайн сумаас мал нэмж оруулах боломж байгаа эсэхийг албан бичгээр мэдэгдэнэ. Хэрэв мал нэмж оруулахаар бол хэдэн тооны малтай айлыг аль нутаг усанд ирж буугаад ямар хугацаагаар байж болохыг албан бичигт тодорхой заах.
5.6 Багийн засаг даргын чиг үүрэг
5.6.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
5.6.2 Тухайн жилд бэлчээрийн санд хуримтлагдах хөрөнгийг сумын нэгдсэн дансанд төвлөрүүлэх, БИНХ шийдвэрийн дагуу зарцуулж, тайлагнах.
5.6.3. Сумын Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд сумын БАХ, Багийн засаг дарга нар хуваарь гарган хамтран зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж зохицуулна. Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох албан тушаалтан арга хэмжээг авна.
5.7 Малчдын чиг үүрэг
5.7.1. Малчдын бүлэг, нөхөрлөл, БАХ зэрэг хамт олны зохион байгуулалтад нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллагаанд оролцох.
5.7.2. Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох.
5.7.3. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх.
5.7.4. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх
5.7.5.Бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх.
5.7.6. Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэхгүй байх.
5.7.7. Бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хягдлыг тухай бүр устгах, цэвэрлэх.
5.7.8. Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашихгүй байх.
5.8 Сумын Хөдөө аж ахуйн тасгийн чиг үүрэг
5.8.1.Малчдад бэлчээр ашиглалтын ач холбогдлыг ойлгуулж, мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх сайжруулах талаар сургалт зохион байгуулах бэлчээрийг зөв зохистой ашиглах дадалтай болгох
5.8.2.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэх, бэлчээр ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарь тогтооход хамтран ажиллах.
5.8.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх
5.8.4.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах
5.9. Газрын даамалын чиг үүрэг
5.9.1.Малчин (бүлэг)-тэй бэлчээр, ус ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргаж өгөх, газрын мэдээллийн нэгдсэн санд давхцуулахгүй бүртгэх, гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сумын Засаг даргад тайлагнах
5.9.2.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахад оролцож багийн иргэдийн Нийтийн Хуралд саналаа хүргүүлэх
5.9.3.Газрын тухай хуулийн 58.5 заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Зургаа. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
6.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
6.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
Долоо. ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ХҮЧИНТЭЙ ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
7.1. Энэхүү журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A