A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг
69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр /илтгэгч/, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Анар, Ш.Ербол болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Ч.Анар, Ш.Ербол нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон байна. Үйлдвэрчний эвлэл буюу ажиллагсдын байгууллага нь ажиллагсдын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг хамтын ажиллагаагаар дамжуулан хамгаалах, дээшлүүлэх зорилгоор байгуулагддаг бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажилчид, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах болон хамтын гэрээ хэлэлцээр хийх эрхийг олон улсын эрх зүйгээр хамгаалан баталгаажуулсан байдаг.

Тухайлбал, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20, 23 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 8 дугаар зүйлд тус тус хүн бүрийн үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98 дугаар конвенц, Хөдөөгийн ажиллагсдын байгууллагуудын тухай 141 дүгээр конвенц, 149 дүгээр Зөвлөмж зэргийн хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэсэн заалт нь зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд үйлдвэрчний эвлэл байгуулах, алба хаагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх баталгааг хориглосон хэм хэмжээ биш бөгөөд энэ баталгааг эдлэхдээ үйлдвэрчний эвлэл нь жагсаал, цуглаан зохион байгуулах, ажил хаялт зохион байгуулах зэрэг зарим эрх хэмжээг хэрхэн, ямар хэмжээ хязгаартайгаар эдлүүлэх буюу үйлдвэрчний эвлэлийн эрх хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлохыг зөвшөөрсөн байна.

Түүнчлэн дээрх конвенцид заасан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулах, элсэх, гишүүн болох эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад Монгол Улсын иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсан байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно." гэж тус тус хуульчилсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулиар тухайн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа алба хаагчдын (иргэдийн) эрх хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг хөндөж, хязгаарлахгүйгээр тусгах, Үндсэн хуулийн заалт, хэм хэмжээ бүрд нийцүүлэх талаар Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Мөн Монгол Улсын хууль санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх шаардлагыг хуульчилсан.

Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь цагдаагийн албанд ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн Үндсэн хуульд заасан өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно." гэж тодорхойлсон.

Иймд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан юм.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэж заасан нь тухайн улсын дотооддоо зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагч үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхийг өөрсдийн хууль тогтоомжоор зохицуулж байна.

Төрийн албан хаагчийн ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой хуулиар тодорхой хязгаарлалт, шалгуур тогтоож болох бөгөөд энэхүү зарчмыг ийнхүү олон улсад нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад "... үйлдвэрчний эвлэл ... үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос ирүүлсэн тайлбарт:

"Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй." 2 дахь хэсэгт "Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй." гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж заасан бөгөөд тус эрхийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын 1991 оны хуулиар баталгаажуулсан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. ..." гэж заасан нь хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч дараах гурван нөхцөлийг нэгэн зэрэг хангах тохиолдолд уул эрхэд хязгаарлалт тавихыг зөвшөөрдөг ба хязгаарлалт нь (1) хуулиар тогтоосон байх; (2) үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; (3) энэ зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх шаардлагатай. Эдгээр нөхцөлийн аль нэгийг хангаагүй хязгаарлалт нь тухайн эрхийн зөрчил болно. Мөн Пактын уг заалтад "... Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй." гэсэн байна.

Түүнчлэн Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 87 дугаар конвенцын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно.", 2 дахь хэсэгт "Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зарчмын дагуу Байгууллагын аливаа гишүүн энэхүү Конвенцыг соёрхон батлах нь зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагад энэхүү Конвенцоор заасан баталгааг олгож буй хүчин төгөлдөр холбогдох хууль, шүүхийн байгууллагын шийдвэр, заншил буюу хэлэлцээрийг үл хөндөнө." гэж тус тус заасан.

Цагдаагийн байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.4 дэх заалтад зааснаар төрийн тусгай алба бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг дагаж мөрддөг онцлогтой байгууллага юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг эдлүүлэх, жагсаал цуглаан, нийтийн эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдалд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг тул эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хуулиар тогтоох боломжтой байна.

Гадаад орны туршлагаас үзэхэд цагдаагийн албанд үйлдвэрчний эвлэл байгуулан ажилладаг байна. Тухайлбал, цагдаагийн эвлэл буюу цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэлийг Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1918-1923 оны хооронд амьжиргааны өртөг нэмэгдсэн, цалин буурсан, сэтгэл ханамжгүй байдлаас үүссэн хэд хэдэн удаагийн цагдаа нарын ажил хаялттай холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг нийтээр ажил хаях, үндсэн чиг үүргээ алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор анх Америкийн Нэгдсэн Улсад байгуулж байсан түүхтэй. Одоогийн байдлаар Австрали, Канад, Финланд, Герман, Ирланд, Япон, Швед зэрэг улс цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэлтэй байна. Мөн Австри, Болгар, Хорват, Герман, Латви, Литва, Молдова, Нидерланд, Польш, Румын, Испани, Украйн улсын гишүүнчлэл бүхий Европын цагдаагийн алба хаагчдын үйлдвэрчний эвлэл ажилладаг бөгөөд алба хаагчдын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад "... үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх ..."-ыг хориглоно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалттай бүрэн нийцэхгүй байна.

Иймд цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх буюу алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийг хориглолгүйгээр тус эрхийг хэрхэн эдлэх талаарх хязгаарлалтыг холбогдох хуульд тусгаж өгөх боломжтой юм.

Комисст цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхийн талаар гомдол, мэдээлэл ирж байгаагүй болно." гэсэн байна.

Дөрөв. Хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний комиссоос тайлбар, тодруулга гаргуулан авч, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс гадаад улсуудын харьцуулсан судалгаа хийлгэн, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцыг судлан үзсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилт бүхий Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтад цагдаагийн алба хаагч нь аливаа үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглохоор хуульчилсан байна.

Үйлдвэрчний эвлэл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах иргэдийн сайн дурын нэгдэл бөгөөд тэдний үйл ажиллагаа нь ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хүрээнд захиргаа, ажил олгогчтой хэлэлцээ хийх, тодорхой шаардлага тавих, хөдөлмөрлөх эрхийг хохироосон шийдвэрийг түдгэлзүүлэх болон өөрчлөх, хүчингүй болгох, цуцлахыг шаардах, шүүх, хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах зэрэг хамтын үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэгддэг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад Монгол Улсын иргэн "... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...", 10 дахь заалтад "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэж заасан.

Үүнээс үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтаар цагдаагийн алба хаагчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийг хориглосноор тэдний хөдөлмөрлөх эрхээ хамгаалах буюу хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээнд эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчсөн байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болон хүний эрхийн талаарх хэм хэмжээг тусгасан Хоёрдугаар бүлгийн зохицуулалтын дагуу дээрх эрхийг үндэсний буюу нийтийн аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгын хүрээнд, зөвхөн хуулиар хязгаарлаж болох бөгөөд энэхүү хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн буюу тухайн нөхцөлд тохирсон, хэмжээ хэтрээгүй байдлаар хуульчлагдсан байх ёстой. Хэрэв эдгээр нөхцөлийг хангаагүй бол хүний эрхийн зөрчил болох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалтаар хэт өргөн хүрээнд энэхүү үндсэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон хуульчилсан нь зорилгодоо нийцээгүй, хэмжээ хэтэрсэн буюу тохирсон байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

2.Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын[1] 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоорүйлдвэрчний эвлэлбайгуулах буюуүйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй." гэж тус тус заасан. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын[2] 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээсүйлдвэрчний эвлэлбайгуулах буюу түүнд элсэх эрхтэй.", 2 дахь хэсэгт "Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.", 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн аль ч заалт Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх чөлөөний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенциднэгдэн орсон улсын хувьд түүнд заасан баталгаанд харшлах хууль тогтоомж гаргах буюу хуулийг эдгээр баталгаанд хохирол учруулахаар хэрэглэх эрх үл олгоно." гэж заасан бол Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын[3] 8 дугаар зүйлд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан хэм хэмжээг тусгажээ.

Харин дээр дурдсан Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны 87 дугаар конвенцын[4] 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэхүү Конвенцоор заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль, тогтоомжоор тодорхойлно." гэж заажээ. Мөн тус байгууллагаас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны өвөрмөц тогтолцоо, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, олон улсын хөдөлмөрийн стандартын дагуу хууль сахиулах байгууллагын алба хаагчийн эрхийг хүндэтгэхийг гишүүн орнуудад уриалсан байна.

Үүнээс үзэхэд эдийн засаг, нийгэм, соёлын эрх, тэр дундаа хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээн дэх цагдаагийн алба хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хуульд заасан тодорхой үндэслэлээр зорилгодоо нийцсэн байдлаар хуулиар хязгаарлаж болохыг олон улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрсөн боловч бүр мөсөн хориглосон хэм хэмжээг дотоодын хууль тогтоомжоор тогтоохыг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн агуулга тусгагдаагүй байна.

Энэ хүрээнд гадаадын орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаанаас харахад зарим улсад цагдаагийн байгууллага үйлдвэрчний эвлэлтэй байхыг зөвшөөрдөг байна. Ийнхүү зөвшөөрсөн улс орнууд нь хуулиар тодорхой зохицуулалтыг тусган тухайн үйлдвэрчний эвлэл нь цагдаагийн алба хаагчдын цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр гол төлөв үйл ажиллагаа явуулахаар заажээ.

Дээр дурдсан үндэслэл, холбогдох эрх зүйн эх сурвалж зэргээс үзэхэд цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хүрээн дэх эвлэлдэн нэгдэх эрхийг шууд хориглох бус, үндэсний буюу нийтийн аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор тодорхой үйл ажиллагааг шаардлагатай үед хязгаарлах үндэслэлийг нарийвчлан хуульчлах нь зүйтэй байгааг тэмдэглэж байна.

Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг судлан үзэхэд цагдаагийн алба хаагчийн эвлэлдэн нэгдэх эрхэд хангалттай хязгаарлалт тогтоосон гэж үзэхээр байна. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай албан хаагчид хамаарах бөгөөд тус хуулийн 39 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн холбогдох заалтаар тэднийг аливаа ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглохоор нарийвчлан тусгасан нь хууль ёсны хязгаарлалт болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын холбогдох хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:" гээд 69.1.8 дахь заалтад "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;" гэж заасны "..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэснийг зөрчсөн байна.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын "нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, ..." гэсний "..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэснийг, мөн "... нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа ..." гэсний "..., үйлдвэрчний эвлэлийн ..." гэж заасныг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.



ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБУЛГАН

ГИШҮҮД
Б.БУЯНДЭЛГЭР
Д.ГАНГАБААТАР
Л.ӨЛЗИЙСАЙХАН
Э.ЭНХТУЯА

[1] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан.

[2] Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 онд хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1974 онд уг конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан.

[3] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А (XXI) дугаар тогтоолоор баталж,1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1974 онд уг конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан.

[4] 1948 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж,1950 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1969 онд уг конвенцыг соёрхон баталсан.