- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 38
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, Монгол Улсын эм зүйн салбарын бүртгэл, чанар, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийн хүрээнд эм зүйн салбарын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр дараах асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг дараах агуулгын хүрээнд боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх:
а/Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийн томилгооны болон үйл ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулах, төлөөллийн зохистой байдал, тавигдах шалгуур, ажиллах хугацаа, хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх, түүнд хяналт тавих, санал өгөх нууцлал, хурлын тэмдэглэл болон баримт бичгийг архивлах зэрэг асуудлыг тодорхой тусгах;
б/эмийн хатуу зохицуулалттай гадаад улсын итгэлцлийн зохистой дадлыг нэвтрүүлэх;
в/зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орох эмийг сонгох шалгуурыг тодорхой болгож, зах зээлийн бодит үнэд тулгуурлан үнэлдэг болох, эмийн үнийг хянах, борлуулалтын үнийн дээд хязгаарын зохицуулалтыг нарийвчлан тусгах;
г/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүргийг тодорхой болгон, эрх зүйн чадамжийг дээшлүүлж, байр, санхүүжилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
д/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэгт эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлох зохицуулалтын талаар тусгах;
2/эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг нэгдсэн цахим тогтолцоогоор хянах, зохицуулах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх;
3/эмийн үнийн өсөлтөд олон нийтээс тавих хяналтыг бий болгох зорилгоор нийлүүлэлт, борлуулалтын үнийн мэдээллийг ижил нэгжээр цахим хэрэгслээр дамжуулан нээлттэй болгох;
4/LICEMED (druginfo.mohs.mn) системийн тоног төхөөрөмжийн хамгаалалтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлын шаардлага, дэд бүтцийг сайжруулах;
5/бүртгэлийн заавраас зөрүүтэй, чанаргүй болон хадгалалтын хугацаа дууссан, горим алдагдсан эм, эмийн бүтээгдэхүүний устгалын бүртгэлийг цахимжуулах арга хэмжээг авах;
6/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, лабораторийн байр, шаардлагатай урвалж бодис, багаж, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг төсвийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэх;
7/эмийн цувралын чанарыг санамсаргүй түүврийн аргаар хянах тогтолцоог нэвтрүүлэх;
8/иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа явуулах;
9/хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр холбогдох төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөх;
10/Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг олон нийтийн цахим сүлжээгээр сурталчлахыг хориглох, сурталчилсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар төрийн байгууллагуудын уялдааг хангах;
11/Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх;
12/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо (цаашид "Хянан шалгах түр хороо" гэх) Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг шуурхай шалгаж, зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтны хариуцлагын асуудлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.
2.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хийсэн хяналт шалгалтын явцад төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүссэн байж болзошгүй хувийн ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг холбогдох хуулийн дагуу шалган, иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэхийг Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т, хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд тус тус зөвлөсүгэй.
3.Энэ тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /П.Анужин/-нд тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх