- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/262 дугаар тушаалын хавсралт
ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20.5-д заасан төрөлжсөн сургалт зохион байгуулах, төрөлжсөн сургалтад тавих шаардлага, нэмэлт зардал гаргахтай холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Ерөнхий боловсролын сургууль /цаашид "сургууль" гэх/ дунд ангиас эхлэн доор дурдсан чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно:
1.2.1.монгол хэл, үндэсний бичиг;
1.2.2.монголын түүх, соёл, гүн ухаан;
1.2.3.ажил мэргэжлийн чиг баримжаа;
1.2.4.хими;
1.2.5.биологи;
1.2.6.физик;
1.2.7.газар зүй;
1.2.8.математик;
1.2.9.техник-технологи;
1.2.10.дизайн технологи;
1.2.11.мэдээллийн технологи;
1.2.12.урлаг;
1.2.13.спорт;
1.2.14.гадаад хэл.
1.3.Төрөлжсөн сургалт зохион байгуулах эсэхийг суралцагчийн хэрэгцээ, сонирхол, багшийн нөөц, сургуулийн хүчин чадал, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, орон нутгийн онцлог зэрэг хүчин зүйлийг харгалзан, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасан багш нарын зөвлөл, мөн хуулийн 24.1-д заасан сургуулийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн захирал шийдвэрлэнэ.
1.4.Сургууль нь энэхүү журмын 1.2-т заасан чиглэлээс тав хүртэлх чиглэлийг сонгон төрөлжсөн сургалт зохион байгуулж болно. Сонгосон тухайн чиглэл дотроо задарч дэд чиглэл үүсгэж болох бөгөөд энэ тохиолдолд нэг чиглэл гэж үзнэ.
1.5.Суралцагч энэхүү журмын 1.2-т заасан чиглэлээс гурав хүртэлх чиглэлийн төрөлжсөн сургалтад зэрэг хамрагдаж болно.
1.6.Төрөлжсөн сургалт зохион байгуулж байгаа сургууль нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20.9-д заасныг мөрдөнө.
1.7.Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20.8-д заасны дагуу батална.
Хоёр. Төрөлжсөн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, түүнд тавигдах шаардлага
2.1.Сургууль нь төрөлжсөн сургалт зохион байгуулахдаа энэхүү журмын 1.7-д заасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
2.2.Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө /цаашид "сургалтын хөтөлбөр", "сургалтын төлөвлөгөө" гэх/ нь доор дурдсан шаардлага хангасан байна:
2.2.1.тухайн чиглэлийн төрөлжсөн сургалтын цагийн хэмжээ нь долоо хоногт дөрвөн цагаас хэтрэхгүй байх;
2.2.2.сургалтын төлөвлөгөөг энэхүү журмын 1.6-д заасан сургалтын төлөвлөгөөний бүтцээр, мөн журмын 2.2.1-д заасан цагт багтаах;
2.2.3.сургалтын хөтөлбөрийг энэхүү журмын 1.6-д заасан сургалтын хөтөлбөрийн бүтцээр, мөн журмын 2.2.2-т заасан сургалтын төлөвлөгөөнд үндэслэх;
2.2.4.төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн агуулгыг энэхүү журмын 1.6-д заасан сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөсгөн гүнзгийрүүлж, Дээд боловсролын тухай хуулийн 20.4-т заасан ерөнхий суурь хэсгийн агуулга хүртэлх түвшингээр тогтоох;
2.2.5.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэх;
2.2.6.сургалтын хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаас баталсан, хүчин төгөлдөр мөрдөж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал, удирдамжид үндэслэх.
2.3.Энэхүү журмын 1.7-д заасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг төрөлжсөн сургалтын хичээл зохион байгуулах багш, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасан мэргэжлийн багш нарын бүлэг хамтран боловсруулна.
2.4.Сургуулийн захирал, сургалтын менежер сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйгээр удирдаж ажиллана.
2.5.Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасан багш нарын зөвлөлөөр хэлэлцүүлж, төрөлжсөн сургалт зохион байгуулахаас тав хүртэлх сарын өмнө батална.
2.6.Энэхүү журмын 1.2-т заасан гадаад хэлийг Боловсролын ерөнхий хуулийн 6.1, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 9.3-т зааснаар тус тус ойлгоно.
Гурав. Төрөлжсөн сургалтын зохион байгуулалт
3.1.Төрөлжсөн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн аль ч ангиас зохион байгуулж болно.
3.2.Төрөлжсөн сургалтыг тухайн ангийн нийт бүлэг эсхүл тодорхой тооны бүлгээр зохион байгуулж болно.
3.3.Төрөлжсөн сургалтыг энэхүү журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд мөн журмын 1.3-т заасан шийдвэр гарснаар зохион байгуулна.
3.4.Төрөлжсөн сургалтыг тухайн аймаг, нийслэл, тухайн дүүргийн хэмжээнд зохион байгуулж болно.
3.5.Энэхүү журмын 1.3-т заасан багш нарын болон сургуулийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн тухайн аймаг, нийслэлийн хэмжээнд төрөлжсөн сургалт зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга; тухайн дүүргийн хэмжээнд төрөлжсөн сургалт зохион байгуулах шийдвэрийг дүүргийн боловсролын хэлтсийн дарга судлан тушаалаар тус тус баталгаажуулна.
3.6.Тухайн аймаг, нийслэл, тухайн дүүргийн хэмжээнд төрөлжсөн сургалт зохион байгуулах тохиолдолд сургуульд хамран сургах тойрог хамаарахгүй.
3.7.Төрөлжсөн сургалтад хамрагдах суралцагчийг элсүүлэх, шилжин суралцахтай холбогдох асуудлыг тухайн сургууль шийдвэрлэнэ.
3.8.Төрөлжсөн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш, суралцагч ашиглахад зориулсан ном, гарын авлагын жагсаалтыг төрөлжсөн сургалтын хичээл зохион байгуулах багш, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасан мэргэжлийн багш нарын бүлэг сонгож захирал батална.
3.9.Сургууль нь суралцагчид төрөлжсөн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварыг гэрчлэх "Батламж" олгож болно.
3.10.Сургууль хичээлийн жилийн сүүлийн улиралд багтаан төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үр дүн, дүгнэлт, тайланг энэхүү журмын 1.3-т заасан багш нарын зөвлөл, сургуулийн зөвлөл болон Боловсролын ерөнхий хуулийн 40.1.2-т заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид танилцуулж, хэлэлцүүлнэ.
3.11.Сургууль нь энэхүү журмын 3.10-т заасан төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлгээс гарсан саналыг судлан сургалт, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ.
Дөрөв. Төрөлжсөн сургалтын нэмэлт зардал
4.1.Төрөлжсөн сургалтын нэмэлт зардалд суралцагч Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 9.2-т заасан агуулга дээр энэхүү журмын 2.2.4-т заасан агуулгыг нэмж судлахтай холбогдон үүссэн зардал хамаарна.
4.2.Тухайн чиглэлээр хичээлийн жилд зохион байгуулах төрөлжсөн сургалтад хамрагдах нэг суралцагчид ногдох нэмэлт зардал /цаашид "төрөлжсөн сургалтын нэмэлт зардал" гэх/ нь Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5-д заасан, Засгийн газраас батлагдсан ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох нийт хувьсах зардлын 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
4.3.Төрөлжсөн сургалтын нэмэлт зардлыг энэхүү журмын 1.3-т заасан багш нарын зөвлөл, сургуулийн зөвлөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналд үндэслэн мөн журмын 4.2-т заасан хэмжээгээр тогтоож, сургуулийн захирал батална.
4.4.Төрөлжсөн сургалтын нэмэлт зардлыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцна.
4.5.Төрөлжсөн сургалтын нэмэлт зардлыг сургуулийн үндсэн дансанд төвлөрүүлнэ.
4.6.Сургууль нь нэмэлт зардлыг төрөлжсөн сургалтад зориулсан арга хэмжээний зохих зардлын зүйл ангилал, бүрэлдэхүүний хувь хэмжээгээр төлөвлөж зарцуулна.
4.7.Сургууль нь энэхүү журмын 4.5-д заасан төрөлжсөн сургалтын нэмэлт зардлыг доор дурдсан хэмжээгээр тус тус зарцуулна:
4.7.1.төрөлжсөн сургалтын хичээл зохион байгуулж буй багш, анги удирдсан багш, захирал, сургалтын менежер, бусад ажилтны нэмэгдэл хөлс, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 50 хувьтай тэнцэх хэмжээгээр;
4.7.2.төрөлжсөн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай багш, суралцагчдад зориулсан ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, орчныг сайжруулахад 50 хувьтай тэнцэх хэмжээгээр.
4.8.Энэхүү журмын 4.2-т заасан Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төрөлжсөн сургалтын хөтөлбөрийн итгэлцүүр"-ээр тогтоосон төсвийг мөн журмын 4.7.1-д заасан хэмжээн дээр нэмж зарцуулна.
4.9.Сургуулийн захирал төрөлжсөн сургалтын нэмэлт зардлын зарцуулалтыг хичээлийн жилийн сүүлийн сард энэхүү журмын 4.3-т заасан сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөлд, мөн журмын 3.10-д заасан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тус тус тайлагнана.
4.10.Энэхүү журмын 4.1-4.9 дэх заалт төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх