A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2, 33.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Дундговь, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгийн нутагт хамаарах улсын чанартай хатуу хучилттай авто замын их засварын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн авто замын засварын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарт тус тус даалгасугай.

3.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах болон зам барилгын ажлын явцад түүх, соёлын эд зүйлс илрэх тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдээлэх, зам барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР