A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 214

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 10.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан, Шинжлэх ухааны академийн байр, лаборатори, техник, тоног төхөөрөмж зэрэг материаллаг бааз, хүний нөөцөд тулгуурлан ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх "Шинжлэх ухааны академийн Их сургууль" байгуулахаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан их сургуулийн сургалтын чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хуульд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр холбогдох зөвшөөрлийг авч, сургуулийг бүртгүүлэх, сургуулийн үндсэн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийг бүрэн хариуцаж, удирдлага, мэргэжил, арга зүйн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Шинжлэх ухааны академи (Д.Рэгдэл)-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН