A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 06 дугаар

 сарын 06ы өдрийн 254 дүгээр

       тогтоолын хавсралт

 

 

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙГ
САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ
ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл (цаашид "сангийн чөлөөт үлдэгдэл" гэх)-ийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг баримтална.

 

1.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  (цаашид "Нийгмийн даатгалын ерөнхий газар" гэх) нь сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.

 

Хоёр.Сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгө оруулалтын

 төрөл, үйл ажиллагаа

 

2.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13.1-д заасны дагуу дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулна:

 

2.1.1.Засгийн газрын үнэт цаас худалдан авах;

 

2.1.2.Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох;

 

2.1.3.Төрийн сангийн нэгдсэн дансанд хугацаатай мөнгөн хадгаламж байршуулах;

 

2.1.4.Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкны системд нөлөө бүхий арилжааны банк (цаашид "арилжааны банк" гэх)-д хугацаатай мөнгөн хадгаламж байршуулах.

 

2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар жил бүрийн 1 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.9-д заасны дагуу сангийн чөлөөт үлдэгдлийг тооцон, энэ журмын 2.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах саналыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

2.3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 2 дугаар сард багтаан энэ журмын 3.1-д заасан шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ. 

 

2.4.Нийгмийн даатгалын ерөнхий газар жил бүрийн эхний улиралд багтаан  хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу энэ журмын 2.1-д заасан санхүүгийн хэрэгсэл тус бүрд хөрөнгө оруулах тооцооллыг дахин хийж, саналаа  доор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ:

 

2.4.1.энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг тогтоосон Засгийн газрын шийдвэр;

 

2.4.2.энэ журмын 2.1.3-т заасан мөнгөн хадгаламж байршуулах талаар өгсөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

 

2.4.3.энэ журмын 2.1.4-т заасан арилжааны банкнуудын талаарх Монголбанкнаас авсан мэдээлэл;

 

2.4.4.санхүүгийн хэрэгсэл тус бүрд хөрөнгө оруулах сангийн чөлөөт үлдэгдлийн  тооцоолол, санал, танилцуулга, тогтоолын төсөл.

 

2.5.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба саналтай танилцан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35.17-д заасан Мэргэжлийн хороо (цаашид "Мэргэжлийн хороо" гэх)-нд хүргүүлнэ.

 

2.6.Мэргэжлийн хороо энэ журмын 2.1-д заасан саналыг хүлээн авч ажлын    10 өдрийн дотор холбогдох тооцооллыг хийж, санал, дүгнэлт гаргаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ.

 

2.7.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Мэргэжлийн хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж, сангийн чөлөөт үлдэгдлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрийн бие даасан сангуудын эх үүсвэр тус бүрээр энэ журмын 2.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэрийг гаргана.

 

2.8.Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ журмын 2.7-д заасан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

 

2.9.Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэрэгжүүлж буй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13.3-т заасан олон нийтийн хяналтын зөвлөл "Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм"-д заасны дагуу хяналт тавина. 

 

Гурав.Сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын

үнэт цаасанд хөрөнгө оруулах

 

  3.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн энэ журмын 2.2-т заасан тооцоолол, саналыг үндэслэн, энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг тогтоох саналыг боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

 

3.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ журмын 2.7, 3.1-д заасан шийдвэрийн дагуу Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах, худалдах үйл ажиллагаанд оролцоно. 

 

3.3.Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын үнэт цаасны арилжаанд дараах байдлаар оролцож болно:

 

3.3.1.нээлттэй хэлбэрээр арилжаалагдах Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох;

 

    3.3.2.хаалттай хэлбэрээр гаргасан Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах.

 

3.4.Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ журмын 3.3.1-д заасны дагуу Засгийн газрын үнэт цаас худалдан авахад санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай "Засгийн газрын үнэт цаас худалдах, худалдан авах гэрээ" байгуулах бөгөөд гэрээний дагуу үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог гүйцэтгэнэ.

 

Дөрөв.Сангийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкны

үнэт цаасанд хөрөнгө оруулах

 

4.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар "Төв банкны үнэт цаасны арилжааны журам"-д заасны дагуу Монголбанкны үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоно.

 

Тав.Сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангийн нэгдсэн дансанд

хадгаламж хэлбэрээр байршуулах

 

5.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ журмын 2.7-д заасныг үндэслэн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн санд хугацаатай байршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

 

5.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай "Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламжийн гэрээ"-г байгуулна.

 

5.3.Энэ журмын 5.2-т заасан Төрийн сангийн хадгаламжийн гэрээнд хадгаламжийн хэмжээ, хугацаа, хүү, эрх, үүрэг зэргийг тусгасан байна. Мөнгөн хадгаламжийн нэг жилийн хүүгийн хэмжээ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13.5-д заасны дагуу гэрээ байгуулах тухайн үеийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээтэй тэнцүү байна.

 

5.4.Сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн санд байршуулах хугацаа нь              12 сараас хэтрэхгүй байна. Гэрээний хугацаа дуусгахаас өмнө талууд гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцсон тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаанаас хэтрүүлэхгүй  нэг удаа сунгаж болно.

 

5.5."Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламжийн гэрээ"-нд хадгаламжийн нөхцөлөөс өөр бусад нэмэлт нөхцөл тусгахыг хориглоно.

 

5.6."Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламжийн гэрээ" дуусгавар болсон тухай бүр гэрээг дүгнэн, хоёр тал баталгаажуулна.

 

5.7.Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн сангийн нэгдсэн дансанд байршиж байгаа нийгмийн даатгалын сангийн харилцах дансны үлдэгдэлд сар бүр хүү тооцож олгоно. Хүүгийн хэмжээ нь Монголбанкнаас Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэлд тооцож олгодог хүүгийн хэмжээтэй тэнцүү байна.

 

Зургаа.Сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд

хадгаламж хэлбэрээр байршуулах

 

6.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг энэ журмын 2.1.4-т заасны дагуу арилжааны банканд байршуулах ажлыг зохион байгуулна.  

 

6.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ журмын 2.7-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор энэ журмын 2.1.4-т заасан арилжааны банкнуудад сангийн чөлөөт үлдэгдлийг хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулах саналыг хүргүүлнэ.

 

6.3.Арилжааны банк байршуулах хадгаламжийн дүн, хүү, хугацааны саналыг дараах баримт бичгийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газарт тогтоосон хугацаанд ирүүлнэ:

 

6.3.1."Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-д заасны дагуу Монголбанкнаас тогтоосон шалгуур  үзүүлэлтүүдийг хангасан тухай сүүлийн нэг жилийн хугацааны тайлан;

 

6.3.2.өмнөх оны жилийн эцсийн аудитлагдсан болон өмнөх сарын санхүүгийн байдлын дэлгэрэнгүй тайлан, орлого үр дүнгийн тайлан;

 

6.3.3.хадгаламжийн дүн, байршуулах хугацаа, хүүгийн хэмжээний саналыг тусгасан албан бичиг.

 

6.4.Дараах шаардлагыг хангасан арилжааны банканд мөнгөн хадгаламжийг байршуулна. Үүнд:

 

6.4.1.сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлангаар Монголбанкнаас тогтоосон "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-д заасан шалгуур  үзүүлэлтүүдийг хангасан байх;

 

6.4.2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоосон мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээнээс багагүй хүүг санал болгосон байх;

 

6.4.3.Монголбанкнаас "банкны системд нөлөө бүхий банк" гэдгийг тогтоосон шийдвэр байх.

 

6.5.Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 6.3-т заасан арилжааны банкнуудаас ирүүлсэн хадгаламж байршуулах саналыг судлан, холбогдох тооцооллыг хийн банк тус бүрээр хадгаламж байршуулах шийдвэр гаргана.

 

6.6.Нэг арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13.6-д заасан хэмжээнээс ихгүй байна. Арилжааны банкны өөрийн хөрөнгийн хэмжээг "Мөнгөн хадгаламжийн гэрээ" байгуулах үеийн тухайн арилжааны банкны өмнөх сарын баталгаажсан тайланг үндэслэн тодорхойлно.

 

6.7.Мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13.8-д заасан аргачлалын дагуу тооцон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

 

6.8.Нийгмийн даатгалын ерөнхий газар "Мөнгөн хадгаламжийн гэрээ"-г харилцан тохиролцож арилжааны банктай байгуулах бөгөөд уг гэрээнд байршуулах хадгаламжийн хэмжээ, хугацаа, хүүгийн хувь, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг тусгаж, мөрдөнө.

 

6.9.Арилжааны банканд сангийн чөлөөт үлдэгдэл байршуулах хугацаа нь       12 сараас хэтрэхгүй байна. Гэрээний хугацаа дуусгахаас өмнө талууд гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцсон тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаанаас хэтрүүлэхгүй  нэг удаа сунгаж болно.

 

6.10.Арилжааны банктай байгуулах "Мөнгөн хадгаламжийн гэрээ" дуусгавар болсон тухай бүр гэрээг дүгнэн, хоёр тал баталгаажуулна.

 

6.11.Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгаламжийн нөхцөлөөс өөр санхүүгийн гэрээ, орон сууцны баталгаа гэх зэрэг бусад нэмэлт нөхцөл тусгахыг хориглоно.

 

Долоо.Хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлан,

 ил тод байдал

 

7.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгийн хэмжээ, эргэн төлөлт, хүүгийн орлогын тооцооны бүртгэлийг хөтөлж, улирал бүр талуудтай тооцоо нийлж баталгаажуулна.

 

 7.2.Сангийн чөлөөт үлдэгдэл, хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгө, хүүгийн орлогыг нийгмийн даатгалын сан тус бүрээр бүртгэнэ.

 

7.3.Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, төвлөрсөн орлогыг нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох журмын дагуу бүртгэж, сар, улирал бүр нэгтгэн нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тайланд тайлагнана.

 

7.4.Сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулсан талаарх мэдээллийг улирал бүр shilen.gov.mn цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ.

 

Найм.Хөрөнгө оруулалтын эрсдэлийн удирдлага, хяналт

 

8.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн чөлөөт үлдэгдэл байршуулсан энэ журмын 2.1.4-т заасан банкны үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд хяналт тавих эрхтэй байна.

 

8.2.Хадгаламж байршуулахтай холбогдон гарч болох эрсдэлийн удирдлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, арилжааны банкны хооронд байгуулах гэрээгээр зохицуулна.

 

8.3.Арилжааны банк мөнгөн хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн банкны Монголбанк дахь харилцах данснаас байршуулсан мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар суутган авах эрхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох бөгөөд уг асуудлыг "Мөнгөн хадгаламжийн     гэрээ"-нд тусгана.

 

8.4.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо нь сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах, санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад шаардлагатай судалгаа, тооцоолол хийж, эрсдэлийг үнэлж, дүгнэлт гаргана.

 

8.5.Олон нийтийн хяналтын зөвлөл сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаа болон энэ журмын биелэлтэд хяналт тавьж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулна.

 

Ес.Бусад

 

 9.1.Энэ журмын 2.7-д заасан шийдвэрийн дагуу санхүүгийн хэрэгслийн аль нэгэнд нь хөрөнгө оруулах боломжгүй болсон тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлнэ.

 

9.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар нь сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулсан талаарх мэдээллийг хагас жил тутам Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулна.

 

Арав.Хариуцлага

 

10.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

                                                                                                                                                                                                                       ----о0о----