A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 05 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар энэ хуульд зааснаас илүү тааламжтай нөхцөлийг бусад хуулиар олгож байгаа бол тухайн хуулийн зохицуулалтыг баримтална.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."соёлын бүтээлч үйлдвэрлэл" гэж Соёлын тухай хуулийн 3.1.6-д заасныг;              

4.1.2."соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг;

4.1.3."соёлын бүтээгдэхүүн" гэж Соёлын тухай хуулийн 3.1.4-т заасныг;

4.1.4."соёлын үйлчилгээ" гэж Соёлын тухай хуулийн 3.1.5-д заасныг;

4.1.5."соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө, нөөцийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий барилга байгууламж, бусад зохион байгуулалтын бүтцийг;

4.1.6."соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк" гэж тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, дэд бүтцийн хангамж болон бизнесийн таатай орчин бүхий үйл ажиллагаагаар харилцан уялдсан цогцолборыг;

4.1.7."соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тодорхой чиглэлийн дэд бүтцийн хангамж, бизнесийн таатай орчин, зохион байгуулалт бүхий байгууламжийг;

4.1.8."соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер" гэж газар зүйн байршлын хувьд болон нэмүү өртөг бий болгох боломжтой зорилго, үйл ажиллагаагаар хорших, төрөлжих хэлбэрээр нэгдсэн зохион байгуулалтад орж хамтран ажиллахыг;

4.1.9."соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс" гэж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, судалгаа шинжилгээ хийх, хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан үйлдвэрлэл явуулах зэргээр энэ хуулийн 4.1.8-д заасан кластер байгуулсан соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч хүн, хуулийн этгээд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын төвлөрсөн байршил, орон зайг.

5 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилго

Хэвлэх

5.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжиж, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

6 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд баримтлах зарчим

Хэвлэх

6.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд дараах зарчмыг баримтална:

6.1.1.нийгмийн түншлэл, иргэдийн оролцоог дэмжсэн байх;

6.1.2.орон нутгийн өвөрмөц онцлог, чадавхад үндэслэсэн байх;

6.1.3.хөдөлмөр эрхлэлт, өрсөлдөх чадварыг дэмжсэн байх;

6.1.4.байгаль орчинд ээлтэй байх;

6.1.5.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт технологи, инновацад тулгуурласан байх;

6.1.6.аялал жуулчлалыг дэмжсэн, эдийн засгийн үр ашигтай байх;

6.1.7.салбар хоорондын уялдааг хангасан байх;

6.1.8.ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй байх.

7 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэл

Хэвлэх

7.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээхтэй холбоотой үйл ажиллагааг хамааруулна.

7.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно:

7.2.1.хөгжим, тайзны урлаг, гүйцэтгэн тоглох урлагтай холбоотой бусад салбар;

7.2.2.кино, дэлгэцийн урлаг, дижитал контент, тоглоом хөгжүүлэлттэй холбоотой салбар

7.2.3.дүрслэх урлаг, архитектур, дизайн, хувцас загвар, гар урлалтай холбоотой салбар;

7.2.4.утга зохиол, ном, хэвлэлтэй холбоотой салбар;

7.2.5.соёлын өв, соёлын үнэт зүйлтэй холбоотой болон бүтээлч орон зай, чөлөөт цагийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой салбар.

7.3.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээг Соёлын тухай хуулийн 9.1-д заасан үйл ажиллагааны чиглэлтэй нийцүүлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцтай уялдуулан нарийвчлан тодорхойлно.

7.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, үндсэн чиглэлийг энэ хуулийн 7.3-т заасны дагуу Засгийн газар тогтооно.              

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ

8 дугаар зүйл.Үндэсний соёлын агуулгын дэмжлэг

Хэвлэх

8.1.Төрөөс үндэсний соёлын агуулгыг судлах, хөгжүүлэх, хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.

8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.

8.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үндэсний соёлын агуулгыг дэмжих зохицуулалтыг Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд хийж болно.

9 дүгээр зүйл.Хүний нөөцийн хөгжлийн дэмжлэг

Хэвлэх

9.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангасан тогтолцоог мэргэшлийн үндэсний хүрээнд тулгуурлан хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төлөвлөгөөг соёлын, боловсрол, шинжлэх ухааны, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.

9.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, ажил олгогчдын хамтын ажиллагаанд тулгуурлана.

9.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрэлттэй мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд гарсан зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгоно.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.

9.6.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.6.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын тэтгэлэг, зээл олгох ажлыг зохион байгуулах;

9.6.2.Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт, Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсад тэтгэлгээр сургах хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд энэ хуулийн 7.3-т заасан чиглэлийн мэргэжлийг хамруулах арга хэмжээг боловсролын хууль тогтоомжид нийцүүлэн авах;

9.6.3.бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт иргэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны өмчийн боловсрол олгох агуулгыг тусгах;

9.6.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээ, инновацын чадавхыг бэхжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажилд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.

9.7.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

9.7.1.мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.7.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг туршлага солилцох, гадаад улсад дадлагажих, гадаад ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

9.7.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг олон улсын аргачлалаар боловсруулах, холбогдох хуульд заасны дагуу батлуулах.

9.8.Энэ хуулийн 9.6.1, 9.6.4-т заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр, энэ хуулийн 9.7.1, 9.7.2-т заасан дэмжлэгийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.

10 дугаар зүйл.Технологийн судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг

Хэвлэх

10.1.Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг шинээр нэвтрүүлэх, дамжуулах, хөгжүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан дэмжлэгийг үзүүлэхэд өндөр бүтээмжтэй, салбарын инновацын чадавхыг нэмэгдүүлэх, эсхүл олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байдлыг харгалзан үзнэ.

10.3.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу татварын дэмжлэгийг үзүүлнэ.

11 дүгээр зүйл.Судалгаа, хөгжүүлэлтийн дэмжлэг

Хэвлэх

11.1.Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд хамруулах;

11.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх;

11.1.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах стандартыг боловсруулан батлуулахад дэмжлэг үзүүлэх;

11.1.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах зардлын тодорхой хэсгийг, эсхүл зарцуулсан зардлын тодорхой хувийг нөхөн олгож санхүүжүүлэх;

11.1.5.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого, статистик, инновац, оюуны өмчийн үнэлгээ, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн суурь болон хавсарга судалгааг гэрээний үндсэн дээр дээд боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх.

11.2.Энэ хуулийн 10.1, 11.1-д заасан судалгаа, хөгжүүлэлтийн шалгуур тогтоох аргачлал, зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгох болон судалгааны байгууллагын үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.Оюуны өмчийн хамгаалалтын дэмжлэг

Хэвлэх

12.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

12.1.1.оюуны өмчийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрхийн зөрчилгүй соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг дэмжих чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

12.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах;

12.1.3.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;

12.1.4.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль бусаар хуулбарлах, түгээхээс урьдчилан сэргийлэх;

12.1.5.оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дэмжлэг үзүүлэх;

12.1.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон оюуны өмчид үнэлгээ хийх, зах зээлд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах.

12.2.Төсвийн санхүүжилтээр бий болсон оюуны өмчийг холбогдох журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх бөгөөд уг бүтээлийг ашиглах онцгой эрхийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр бүрэн болон хэсэгчлэн ашиглуулж, ил тод мэдээлнэ.

12.3.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ.

12.4.Энэ хуулийн 12.2, 12.3-т заасан тодорхой нөхцөл, системийн мэдээллийг бүрдүүлэх этгээдэд тавих шалгуур, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

12.5.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах этгээд нь хамтын удирдлагын байгууллага, эсхүл эрх эзэмшигчтэй бүтээл ашиглах гэрээ байгуулж, энэ хуулийн 12.3-т заасан систем, дэд бүтцэд холбогдсон байна.

12.6.Энэ хуулийн 12.3-т заасан систем хөгжүүлэлтийг гүйцэтгэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулна.

12.7.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгууллага, эсхүл энэ хуулийн 7.4-т заасан үндсэн чиглэл тус бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо гүйцэтгэж болно. Холбогдох этгээдийг энэ хуулийн 12.4-т заасан шалгуурын дагуу сонгох, санхүүжүүлэх, хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

12.8.Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллага нь Оюуны өмчийн тухай хуулийн 17.2-т заасан объектын төрөл тус бүрийн зохиогчийн эрх эзэмшигчийн олонхыг нэгтгэсэн байна.

12.9.Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулах, цуцлах арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

12.10.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.3, 12.5, 12.7-д заасан чиг үүргийг бусад төрийн байгууллага, хуулийн этгээдэд шилжүүлэн гүйцэтгүүлж болно.

12.11.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага нь хамтын удирдлагын байгууллагын энэ хуулийн 12.4-т зааснаас бусад үйл ажиллагаанд санхүүжилт олгож болно.

13 дугаар зүйл.Төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн болон бусад дэмжлэг

Хэвлэх

13.1.Төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:

13.1.1.төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

13.1.2.хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл олгох, зээлийн батлан даалт гаргах;

13.1.3.Засгийн газрын баталгаа гаргах;

13.1.4.төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

13.1.5.татварын дэмжлэг үзүүлэх;

13.1.6.төслийн санхүүжилтэд санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

13.1.7.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх.

13.2.Энэ хуулийн 13.1.3-т заасан Засгийн газрын баталгаа дараах төрөлтэй байж болно:

13.2.1.өрийн баталгаа;

13.2.2.олох орлогын хамгийн доод хэмжээнд баталгаа гаргах;

13.2.3.үйл ажиллагааны тогтвортой байдлын баталгаа;

13.2.4.төрийн байгууллагаас зөвшөөрөл, дэмжлэг үзүүлэх баталгаа;

13.2.5.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон татварын бус дэмжлэг.

13.3.Энэ хуулийн 13.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.

14 дүгээр зүйл.Мэдээлэл солилцох, олон улсын зах зээлд нэвтрэхэд үзүүлэх дэмжлэг

Хэвлэх

14.1.Энэ хуулийн 7.4-т заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг олон улсын зах зээлд нэвтрэхэд соёлын болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дараах бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ:

14.1.1.маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, олон улс, бүс нутгийн түвшинд маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, продюсертэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх;

14.1.2.олон улсын арга хэмжээ, худалдааны үзэсгэлэнд оролцуулах, олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах;

14.1.3.олон улсын зорилтот зах зээлийн судалгаа хийх, үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

14.2.Энэ хуулийн 14.1, 14.5-д заасан арга хэмжээний жагсаалт, дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

14.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн сантай байна.

14.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн төрлийг тодорхойлох, ашиглах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хөгжил, харилцаа холбооны болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

14.5.Төрөөс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээх платформ бий болгох, түгээлтийн олон улсын сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

14.6.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн статистик мэдээллийг олон улсын аргачлалаар бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэх, соёлын статистикийн тогтолцоог хөгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

15 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх

Хэвлэх

15.1.Засгийн газрын шийдвэрээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг мэргэжлийн байгууллага, хамтын удирдлагын байгууллага, эсхүл хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

15.2.Хуулиар хориглоогүй, оюуны өмчийн эрхийг зөрчихгүй бол холбогдох шийдвэрийн үндсэн дээр төрийн хамгаалалтад байдаг соёлын үнэт зүйлийн загварыг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төлбөртэйгээр ашиглуулж болно. Энэ тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг хадгалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бүртгэл хийж, олон нийтэд мэдээлнэ.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасны дагуу ашиглахад Соёлын тухай хуулийн 35 дугаар зүйлийг баримтална.

15.4.Соёлын тухай хуулийн 35.3-т зааснаас бусад соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглуулах тохиолдолд тухайн соёлын үнэт зүйлийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий төрийн байгууллага холбогдох хууль тогтоомж болон Иргэний хуулийн 338дүгээр зүйлийн дагуу гэрээ байгуулж ашиглуулна.

15.5.Энэ хуулийн 15.4-т заасан эрх бүхий байгууллага соёлын үнэт зүйлийн загварыг ашиглуулснаас бий болсон орлогын тодорхой хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.13-т заасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, технологийн судалгаа, хөгжүүлэлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад зарцуулна.

15.6.Соёлын үнэт зүйлийн загварыг арилжааны бус зорилгоор ашиглах бол эрх бүхий байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй үнэ санал болгож болно.

15.7.Энэ хуулийн 15.4-т заасны дагуу ашиглах журам болон 15.6-д заасан хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.8.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах төсөл хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

15.9.Холбогдох төрийн байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл өгөх, гадаад ажилтны тоог нэмэгдүүлэх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн талаарх лавлагаа, тодорхойлолтыг гаргаж үйлчилнэ.

16 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, ашиглуулах

Хэвлэх

16.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлтийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгах, хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналын дагуу эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан зайлшгүй шаардлагатай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг барих, ашиглах зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

16.3.Төрийн эзэмшлийн дэд бүтцийн байгууламжийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид гэрээний үндсэн дээр ашиглуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

16.4.Шинээр барьж байгуулах чөлөөт бүс, хилийн боомт, нисэх онгоцны болон галт тэрэгний буудал, хот, суурин газрын төлөвлөлтөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийн төлөвлөлтийг тусгасан байна.

16.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг барих, түүнд хөрөнгө оруулалт хийсэн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн хүрээнд татварын дэмжлэг үзүүлнэ.

17 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зохион байгуулалтын хэлбэр

Хэвлэх

17.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг зохион байгуулалтын хувьд дараах хэлбэрээр хөгжүүлнэ:

17.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулахад дэмжлэг үзүүлэх;

17.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бүс тогтоох, дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

17.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, экосистем, бүтээлч орон зайг бий болгох.

17.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк, цогцолбор байгуулах саналыг техник, эдийн засгийн үндэслэлийн хамт Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасан төрөөс санхүүжүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн парк, цогцолборыг дараах зорилгоор байгуулна:

17.3.1.үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

17.3.2.импортыг орлох соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэлийг дэмжих;

17.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын чадавх, технологийн түвшнийг нэмэгдүүлэх судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих;

17.3.4.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид инкубатораар дамжуулан бизнес, технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх.

17.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхэд дараах тохиолдолд бодлого, татвар, санхүүгийн цогц дэмжлэгийг үзүүлнэ:

17.4.1.орон нутгийн онцлогоос хамаарч соёлын өв, эдийн засаг, дэд бүтцэд нь тохирсон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер;

17.4.2.олон улсын зах зээлд өрсөлдөх үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртгийн сүлжээ бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер.

17.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластерын төлөвлөлт, эсхүл техник, эдийн засгийн үндэслэлийг үндэслэн дараах дэмжлэгийг үзүүлнэ:

17.5.1.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

17.5.2.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллахад нь бизнесийн болон технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх;

17.5.3.хүний нөөц бүрдүүлэх, мэргэшүүлэхэд дэмжих;

17.5.4.хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх;

17.5.5.олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах;

17.5.6.бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг бүрдүүлэх.

17.6.Энэ хуулийн 17.5-д заасан дэмжлэгийг хүссэн этгээд нь техник, эдийн засгийн үндэслэлээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

17.7.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инкубаторыг их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулахад төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:

17.7.1.санхүүгийн дэмжлэг;

17.7.2.үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай дэд бүтцийн хангамж;

17.7.3.хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт;

17.7.4.төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх.

17.8.Энэ хуулийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 17.7-д заасан асуудлаар төсөл сонгон шалгаруулалт зарлах болон төслийн саналыг дүгнэсний үндсэн дээр санхүүжүүлэх, нэгдсэн бодлогоор хангах арга хэмжээг Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

17.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн онцлог, дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн төвлөрлийг харгалзан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой байршил, орон зайг тогтоон, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан төлөвлөлтийг хийж, дэмжлэг үзүүлнэ.

18 дугаар зүйл.Үндэсний соёлын агуулга, үнэт зүйлийг илэрхийлэн таниулах орчныг бүрдүүлэх

Хэвлэх

18.1.Хот төлөвлөлт, суурин газар, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө болон шинэ хороолол, барилга байгууламж төлөвлөх, барихад үндэсний соёлын онцлогийг тусгах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжсэн орон зайг Соёлын тухай хуулийн 30 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөж, хэрэгжүүлнэ.

18.2.Хүн, хуулийн этгээд, сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын байршил, эсхүл байр, орон сууцны тодорхой хэсэгт үндэсний соёлын онцлогийг харуулсан, иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёлын боловсрол эзэмших бүтээлч орон зай, бүтээлч дүр, төрхийг бий болгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

19 дүгээр зүйл.Бүртгэл

Хэвлэх

19.1.Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон түүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглах үйл явцыг бүртгэхэд олон улсын стандарт, ангиллыг баримтална. Олон улсын стандарт, ангиллыг нэвтрүүлж, мөрдөх үйл ажиллагааг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.

19.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүртгэж, тодорхойлолт олгох бөгөөд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох журмыг батална. Хуулийн этгээдийн улсын бүртгэл, эсхүл татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн болон шаардлагатай бусад мэдээлэл, журамд үндэслэн бүртгэх, бүртгэлээс хасах арга хэмжээ авна.

19.3.Соёлын бүтээлч үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэгийг энэ хуулийн 19.2-т заасан этгээдэд үзүүлнэ.

20 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

20.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч дараах эрх эдэлнэ:

20.1.1.энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан дэмжлэг авах;

20.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх;

20.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлох, зах зээлийн үнээр борлуулах;

20.1.4.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших, ашиглах, дэд бүтцээр хангагдах;

20.1.5.оюуны өмчийн бүтээлээ ашиглах, үр шимийг хүртэх, оюуны өмчийн эрхээ хамгаалуулах, эрхийн шимтгэлийн орлого авах;

20.1.6.мэдээллийн сангаас өөрт хамаарах мэдээллийг авах, мэдээллээ шинэчлэх.

20.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг биелүүлэх;

20.2.2.шударгаар өрсөлдөх;

20.2.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

20.2.4.хүний нөөцийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх;

20.2.5.энэ хуулийн дагуу авсан дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын явц, үр дүнг холбогдох эрх бүхий этгээдэд тайлагнах;

20.2.6.мэдээллийн санд мэдээлэл оруулах, үнэн зөв байдлыг хангах, хууль, журамд заасан хугацаанд хүргүүлэх;

20.2.7.оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

21 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

21.1.Засгийн газар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

21.1.2.энэ хуульд заасны дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх;

21.1.3.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

21.1.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;

21.1.5.Монгол Улсад бүтээгдсэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд тэргүүн ээлжид нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.1.6.хөрөнгө оруулалт татах, инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлэх таатай орчныг бий болгох;

21.1.7.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;

21.1.8.олон улсын чиг хандлагад нийцүүлж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэр хүндийг өсгөх, соёлыг үнэлэх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх;

21.1.9.соёлын бүтээлч үйлдвэрлэл дэх технологийн хөгжлийг дэмжих;

21.1.10.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

21.1.11.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийг төрийн байгууллага, дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгуулага, мэргэжлийн холбоодын төлөөллийн оролцоотой байгуулах, ажиллах журмыг батлах;

21.1.12.хуульд заасан бусад.

22 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

22.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжих, салбар хоорондын уялдааг хангах;

22.1.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тайлагнах;

22.1.3.энэ хуулийн 22.1.2-т заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар хүн, хуулийн этгээд, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран ажиллах;

22.1.4.улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг бодлого, удирдлагаар хангах;

22.1.5.соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой хуульд заасан дүрэм, журам, аргачлал батлах;

22.1.6.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээлийн эрэлт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээг судлах, хөгжлийн чиг хандлага, ирээдүйд бий болох эрэлт, хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэх, инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах;

22.1.7.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх тайланг Засгийн газарт танилцуулах;

22.1.8.хуульд заасан бусад.

22.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн брэндийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гаргах, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэр хүндтэй олон улсын үзэсгэлэн, уралдаан, наадам, бусад үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээг Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна.

23 дугаар зүйл.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

23.1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

23.1.2.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, хөгжүүлэлтийг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх, хадгалах, түгээх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;

23.1.4.холбогдох хуулийн хүрээнд телевиз, радиогийн уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн орчинд эрх бүхий байгууллагатай хамтран хяналт тавих.

24 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

24.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;

24.1.2.тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх байршлыг тогтоох, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, төсөв батлах;

24.1.3.энэ хуулийн 4.1-д заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор, кластер, инкубаторын төлөвлөлтийг аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийг хангуулах;

24.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

25 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

25.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, зорилтот хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах, бодлогын баримт бичигт нийцүүлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогтой уялдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

25.1.2.харьяалах нутаг дэвсгэртээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, парк, цогцолбор, кластер, инкубатор хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

25.1.3.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор байгуулах газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр шийдвэрлэх;

25.1.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглуулах, түүнд хяналт тавих.

26 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

26.1.Сум, дүүргийн Засаг дарга соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, бодлого, зорилтот хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогтой уялдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

26.1.2.энэ хуулийн 4.1-д заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, парк, цогцолбор, кластер, инкубатор байгуулах, орон нутгийн онцлогт нийцсэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, бүтээх, үйлдвэрлэх, түгээхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэх, сурталчлах арга хэмжээ авах;

26.1.3.хуульд заасан бусад.

27 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын бүрэн эрх

Хэвлэх

27.1.Аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас болон холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

27.1.2.тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжил, төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нутаг дэвсгэр, байршлыг тогтооход дэмжлэг үзүүлэх;

27.1.3.энэ хуулийн 4.1-д заасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, цогцолбор, кластер, инкубаторыг байгуулах төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

27.1.4.хуульд заасан бусад.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

28 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ил тод байдал

Хэвлэх

28.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч, хамтын удирдлагын байгууллага энэ хуулийн дагуу авсан дэмжлэг, үйл ажиллагааны тухайн жилийн тайлангаа дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, төрийн захиргааны байгууллага нь тайланг нэгтгэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

28.2.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.1-д заасан тайланг тухайн жилийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

28.3.Энэ хуулийн 14.3-т заасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн сангаар дамжуулж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.

28.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч болон хамтын удирдлагын байгууллагын бүртгэл, төрөөс олгосон дэмжлэгийг ил тод мэдээлнэ.

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР