A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."биеийн хүч хэрэглэх" гэж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг;

3.1.2."далд хамгаалалт" гэж төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслийг далдалж, нийтэд мэдэгдэхгүйгээр зохиож байгаа төрийн тусгай хамгаалалтын хэлбэрийг;

3.1.3."төрийн тусгай хамгаалалтын бүс" гэж хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангаж төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон тодорхой орчин, нутаг дэвсгэрийг;

3.1.4."хамгаалуулагч" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан албан тушаалтан, иргэнийг;

3.1.5."хамгаалуулагчийн аюулгүй байдал" гэж төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэний амь бие аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;

3.1.6."хамгаалалтын техникийн үзлэг" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авахад зориулсан техник, тоног төхөөрөмжийг илрүүлэхэд чиглэсэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тусгай техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;

3.1.7."хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдал" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;

3.1.8."шадар хамгаалалт" гэж хамгаалуулагчийн аюулгүй байдлыг биечлэн дагаж хамгаалахыг.

4 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын зарчим

Хэвлэх

4.1.Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.иж бүрэн байх;

4.1.2.тасралтгүй байх;

4.1.3.нууцыг чанд хадгалах;

4.1.4.улс төрөөс ангид байх;

4.1.5.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ

5 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт

Хэвлэх

5.1.Төрийн тусгай хамгаалалт нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, бусад зүйлийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай үйл ажиллагаа мөн.

5.2.Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа нь эрх зүй, удирдлага, зохион байгуулалт, хамгаалалт, үйлчилгээ, техник, технологийн болон бусад арга хэмжээний цогц байна.

5.3.Төрийн тусгай хамгаалалтыг ил болон далд хэлбэр, тусгай арга, хэрэгслээр зохион байгуулна.

6 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн, хамгаалалтад байх хугацаа

Хэвлэх

6.1.Дараах албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна:

6.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга /цаашид "Улсын Их Хурлын дарга" гэх/, Монгол Улсын Ерөнхий сайд /цаашид "Ерөнхий сайд" гэх/;

6.1.2.Улсын Их Хурлын даргын болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч;

6.1.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч;

6.1.4.Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч;

6.1.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан иргэн;

6.1.6.Монгол Улсад айлчилж байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа гадаад улсын төр, засгийн газрын тэргүүн, парламентын дарга, түүнийг дагалдан яваа эхнэр /нөхөр/;

6.1.7.Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, гадаад улсын төрийн тэргүүний угсаа залгамжлагч.

6.2.Хамгаалуулагч дараах хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна:

6.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд;

6.2.2.Улсын Их Хурлын даргын болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаанд;

6.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж, үнэмлэх олгосноос эхлэн сонгуулийн албан ёсны дүнг нийтэд мэдээлэх хүртэл хугацаанд;

6.2.4.Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч нэр дэвшсэн өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд;

6.2.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан иргэн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн гурван жил, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан иргэн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн хоёр жилийн хугацаанд;

6.2.6.энэ хуулийн 6.1.6-д заасан зочин айлчлах болон дамжин өнгөрөх хугацаанд;

6.2.7.энэ хуулийн 6.1.7-д заасан зочин айлчлах хугацаанд болон хүсэлт гаргавал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хугацаанд.

6.3.Энэ хуулийн 6.1.1-д заасан хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр /нөхөр/, 18 насанд хүрээгүй хүүхдийн амь биед гаднын аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад авч болно.

6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан нэр дэвшигчийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, энэ хуулийн 6.1.4-т заасан нэр дэвшигчийн мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газар, энэ хуулийн 6.1.6, 6.1.7-д заасан хамгаалуулагчийн мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус төрийн тусгай хамгаалалтын байгууллагад хүргүүлнэ.

6.5.Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал үүссэн үед энэ хуульд зааснаас бусад албан тушаалтан, эсхүл төр, нийгмийн зүтгэлтнийг төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

7 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын зэрэглэл, хамрах хүрээ

Хэвлэх

7.1.Төрийн тусгай хамгаалалт дараах зэрэглэлтэй байна:

7.1.1.нэгдүгээр зэрэглэл;

7.1.2.хоёрдугаар зэрэглэл;

7.1.3.гуравдугаар зэрэглэл.

7.2.Хамгаалуулагчийн төрийн тусгай хамгаалалтын зэрэглэлийг аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн төрийн тусгай хамгаалалтын байгууллага тогтооно.

7.3.Төрийн тусгай хамгаалалтын зэрэглэл тус бүрийн онцлогт тохирсон хүч хэрэгслийн хэмжээ, тэдгээрийг хамгаалалтын тухайн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулах журам болон энэ хуулийн 7.2-т заасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг Засгийн газар батална.

7.4.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байгаа хамгаалуулагч, шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийн зочлох барилга, бусад зүйл, түр байрлах орон байр, нутаг дэвсгэрт болон зорчих зам чиглэлийн дагуу төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулна.

8 дугаар зүйл.Хамгаалуулагчийн хүлээх үүрэг

Хэвлэх

8.1.Хамгаалуулагч аюулгүй байдлыг нь хангахтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны хүсэлт, зөвлөмж, шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ.

8.2.Энэ хуулийн 6.1.6, 6.1.7-д зааснаас бусад төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтаас татгалзахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалт түр зогсох

Хэвлэх

9.1.Хамгаалуулагч гэмт хэрэгт холбогдож баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол баривчлагдсан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаанд түүний төрийн тусгай хамгаалалт түр зогсоно.

9.2.Хамгаалуулагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хорих болон баривчлах ял эдлэх хугацаанд, зөрчил үйлдсэн нь тогтоогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол баривчлах шийтгэл эдлэх хугацаанд түүний төрийн тусгай хамгаалалт түр зогсоно.

9.3.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан тохиолдолд шүүхийн холбогдох шийдвэрийн хувийг тухайн шүүх төрийн тусгай хамгаалалтын байгууллагад нэн даруй хүргүүлнэ.

9.4.Төрийн тусгай хамгаалалт түр зогсох нь хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх хугацааг нөхөх үндэслэл болохгүй.

10 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх хурал, барилга, бусад зүйл

Хэвлэх

10.1.Дараах хурал төрийн тусгай хамгаалалтад байна:

10.1.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан;

10.1.2.Монгол Улсын Засгийн газрын хуралдаан;

10.1.3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан;

10.1.4.олон улсын дээд хэмжээний уулзалт, хурал.

10.2.Дараах барилга байгууламж, нутаг дэвсгэр төрийн тусгай хамгаалалтад байна:

10.2.1.Монгол Улсын Төрийн ордон, түүнд хамаарах нутаг дэвсгэр;

10.2.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын ажлын байр, зориулалтын орон сууц, тэдгээрт хамаарах нутаг дэвсгэр;

10.2.3.төрийн тусгай хамгаалалтын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа барилга байгууламж, тэдгээрт хамаарах нутаг дэвсгэр.

10.3.Хамгаалуулагчийн хөлөглөн яваа болон зориулалтын тээврийн хэрэгсэл төрийн тусгай хамгаалалтад байна.

10.4.Олон улсын дээд хэмжээний уулзалт, хурлыг төрийн тусгай хамгаалалтад авахад шаардагдах зардлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

10.5.Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх бусад зүйлийн жагсаалтыг төрийн тусгай хамгаалалтын зорилгод нийцүүлэн Засгийн газар батална.

11 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын бүс

Хэвлэх

11.1.Хамгаалуулагчийн болон төрийн тусгай хамгаалалтад байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын бүс тогтооно.

11.2.Төрийн тусгай хамгаалалтын бүс нь байнгын болон түр байна.

11.3.Төрийн тусгай хамгаалалтын байнгын бүсийг аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн төрийн тусгай хамгаалалтын байгууллага тогтооно.

11.4.Төрийн тусгай хамгаалалтын түр бүсийг хамгаалалтын нөхцөл байдалд үндэслэн төрийн тусгай хамгаалалтын алба хаагч тогтооно.

12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын бүсэд хориглох зүйл

Хэвлэх

12.1.Төрийн тусгай хамгаалалтын бүсэд дараах зүйлийг хориглоно:

12.1.1.шалган нэвтрүүлэх ажиллагаанд хамрагдахгүйгээр нэвтрэх;

12.1.2.төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий алба хаагчаас бусад этгээд зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, галт хэрэглэл, тусгай хэрэгсэлтэй нэвтрэх;

12.1.3.хамгаалалтын дэглэм зөрчих;

12.1.4.хуулиар хязгаарласан, хориглосон эд зүйл авч орох;

12.1.5.жагсаал, цуглаан, суулт хийх, өлсгөлөн зарлах.

12.2.Төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс, түүний орчинд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд цэрэг, зэвсэг, техникийн хүч хуралдуулахыг хориглоно.

13 дугаар зүйл.Хамгаалалтын дэглэм

Хэвлэх

13.1.Төрийн тусгай хамгаалалтын бүсэд гарч болзошгүй халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх, таслан зогсоох, зөвшөөрөлгүй аливаа этгээд, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, хуулиар хязгаарласан, хориглосон эд зүйл нэвтрүүлэхгүй байх болон хамгаалуулагч, хамгаалалтад байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын дэглэм тогтооно.

13.2.Хамгаалалтын дэглэмээр тодорхой эд зүйл нэвтрүүлэхийг хориглох, зорчих хөдөлгөөн болон тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, түр зогсоох, хяналтын дэг журам тогтоох зэрэг бусад үйл ажиллагааг явуулж болно.

13.3.Хамгаалалтын дэглэм сахиулах зорилгоор бичиг баримт шалгах, бүртгэх, хүний бие, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж шалган нэвтрүүлэх ажиллагаа явуулна.

13.4.Шалган нэвтрүүлэх ажиллагааг техник хэрэгсэл ашиглан явуулж болно.

14 дүгээр зүйл.Аюулгүй байдлын үзлэг

Хэвлэх

14.1.Хамгаалуулагч болон хамгаалалтад байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын үзлэг хийнэ.

14.2.Аюулгүй байдлын үзлэг нь урьдчилан сэргийлэх, хамгаалалтын техникийн, орчны болон эрүүл ахуйн үзлэг гэсэн төрөлтэй байна.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан урьдчилан сэргийлэх, хамгаалалтын техникийн, орчны болон эрүүл ахуйн үзлэг хийх журам, зааврыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

15 дугаар зүйл.Хамгаалалтын техникийн үзлэг

Хэвлэх

15.1.Хамгаалалтын техникийн үзлэгийг Монгол Улсын Их Хурлын чуулган, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хурал явагдах танхим, хамгаалуулагчийн ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл болон түр байрлах орон байр, албан тасалгаанд хийнэ.

15.2.Хамгаалалтын техникийн үзлэгийг энэ хуулийн 15.1-д зааснаас бусад газарт хийхийг хориглоно.

16 дугаар зүйл.Урьдчилсан хамгаалалт

Хэвлэх

16.1.Хамгаалалтыг төлөвлөх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор хамгаалуулагчийн очих барилга байгууламж, нутаг дэвсгэрт болон зорчих зам чиглэлийн дагуу урьдчилсан хамгаалалт зохион байгуулна.

16.2.Урьдчилсан хамгаалалтын үед төрийн тусгай хамгаалалтын бусад шаардлагатай арга хэмжээ авна.

16.3.Урьдчилсан хамгаалалтыг гадаад улсад зохион байгуулж болно.

17 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага

Хэвлэх

17.1.Төрийн тусгай хамгаалалтад байх барилгыг аюулгүй байдлыг нь хангахад шаардлагатай хяналтын болон бусад техник хэрэгслээр бүрэн тоноглоно.

17.2.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга түүний инженерийн байгууламж нь гамшгийн аюулаас хамгаалагдсан байх бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагын байнгын хяналтад байна.

17.3.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийн цахилгаан, дулааны эрчим хүч, холбоо, усан хангамжийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэнээс бусад тохиолдолд зогсоож үл болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭНИЙ ОРОЛЦОО ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ

18 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллага

Хэвлэх

18.1.Төрийн тусгай хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төрийн бусад байгууллага энэ хууль болон холбогдох хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэн оролцоно.

19 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

19.1.Хамгаалуулагчийн аюулгүй байдал болон төрийн тусгай хамгаалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг хангаж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.

19.2.Тагнуулын байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж тухайн орон нутагт хэрэгжүүлэх төрийн тусгай хамгаалалтад хамтран оролцох цагдаагийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж төрийн тусгай хамгаалалтын байгууллагад дэмжлэг үзүүлнэ.

19.3.Тагнуулын төв байгууллага, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран ажиллах, мэдээлэл солилцох журам баталж хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

20.1.Төрийн тусгай хамгаалалтад шаардагдах эрүүгийн болон хэв журмын талаар нөхцөл байдлын мэдээг төрийн тусгай хамгаалалтын байгууллагад цаг тухайд нь өгч, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.

20.2.Нэг, хоёрдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байгаа хамгаалуулагч, шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг баяр ёслол, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, автотээврийн хэрэгслээр зорчих, орон нутагт байх үед хөтөч машин ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хэв журмын хамгаалалт зохион байгуулна.

20.3.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийн орчинд гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллуулна.

20.4.Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсэж болзошгүй бодитой нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлж хамтран ажиллана.

20.5.Цагдаагийн төв байгууллага, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран ажиллах журам баталж хэрэгжүүлнэ.

21 дүгээр зүйл.Онцгой байдлын байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

21.1.Онцгой байдлын байгууллага төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга байгууламжийг галын аюулаас хамгаалж, гамшиг, онцгой байдлын үед төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллана.

21.2.Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

21.3.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран ажиллах журам баталж хэрэгжүүлнэ.

22 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

22.1.Эрүүл мэндийн байгууллага хамгаалуулагчийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ.

22.2.Эрүүл мэндийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

22.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран ажиллах журам баталж хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

23.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр хамгаалуулагчийн ажиллаж, амьдарч байгаа орчин болон хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хөндлөнгийн хяналт тавьж, лабораторийн шинжилгээ хийнэ.

23.2.Хамгаалуулагчийн оролцох арга хэмжээ, зочлон очих газарт аюулгүй байдлыг хангах үүднээс барилгын болон бусад техникийн байдалд хяналт, шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох дүгнэлтийг гаргаж, төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

23.3.Хариуцсан чиглэлийн холбогдох мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг шуурхай хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

24 дүгээр зүйл.Бусад байгууллага, албан тушаалтны чиг үүрэг

Хэвлэх

24.1.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, төрийн бус байгууллага төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр холбогдох мэдээ, судалгааг гарган өгч, шаардлагатай бусад туслалцаа үзүүлнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ.

24.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн ёслолын асуудал хариуцсан байгууллага нь хамгаалуулагчийн оролцох төрийн ёслол, хүндэтгэлийн болон бусад арга хэмжээний талаар төрийн тусгай хамгаалалтын байгууллагад урьдчилан мэдээлэл өгч, хамгаалалтын талаарх санал, зөвлөгөөг тусгаж хамтран ажиллана.

24.4.Хамгаалуулагчийг гадаад улсад айлчлах, дамжин өнгөрөх үед Монгол Улсын хилийнчанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар хамгаалалтын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

24.5.Иргэний болон улсын нисэхийн байгууллага нь хамгаалуулагчийн хөлөглөн явах агаарын хөлгийн техникийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангана.

24.6.Төмөр замын байгууллага нь хамгаалуулагчийн хөлөглөн явах галт тэрэгний зам, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.

24.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр хамгаалуулагчийг найдвартай, шуурхай харилцаа холбоогоор хангаж, түүний нууцлалыг хангах ба төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

25 дугаар зүйл.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүлээх үүрэг

Хэвлэх

25.1.Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хуульд нийцүүлэн тавьсан хүсэлт, шаардлагыг биелүүлж, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЭРХ ХЭМЖЭЭ

26 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага

Хэвлэх

26.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг байна.

26.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын иж бүрэн байх зарчимд нийцсэн хамгаалалт, үйлчилгээ, холбоо, хангалт, дүн шинжилгээ, захиргаа болон тэдгээрт дэмжлэг үзүүлэх үүргийг хэрэгжүүлэх бусад нэгж бүхий бүтэцтэй байна.

26.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын харьяанд сургалт, судалгааны болон нөхөн сэргээх төв, туслах аж ахуй байж болно.

26.4.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээ, хэмжээг Засгийн газар тогтооно.

27 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

27.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1.төрийн тусгай хамгаалалтыг зохиох, хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах;

27.1.2.төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийг хамгаалах;

27.1.3.хамгаалалтын иж бүрэн байх зарчимд нийцүүлэн төрийн тусгай үйлчилгээг үзүүлэх;

27.1.4.төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

27.1.5.төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг төрийн тусгай хамгаалалтын чиглэлээр нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиглүүлэх;

27.1.6.төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах, холбогдох мэдээ, мэдээллээр шуурхай хангагдах, энэ хуульд заасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх;

27.1.7.энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан болон иргэнээс шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулж авах;

27.1.8.чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, мэдээллийн сантай байх, тэдгээртэй холбоотой засвар, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах;

27.1.9.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явган зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр зогсоох, чиглэлийг өөрчлүүлэх;

27.1.10.энэ хуулийн 6.1.1-д заасан болон шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг орон нутагт агаарын хөлөг, усан онгоц, галт тэргээр зорчих үед аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор уг тээврийн хэрэгслээр тухайн үед зорчих хүмүүс, тэдний ачаа тээшийг шалгахад, түүнчлэн хамгаалуулагчийг гадаадад зорчих үед хамт явах зорчигчид Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт шалгалт хийхэд алба хаагчаа байлцуулах;

27.1.11.урьдчилсан хамгаалалт хэрэгжүүлэх, аюулгүй байдлын үзлэг хийх, хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлд лабораторийн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах;

27.1.12.аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын бүсэд радио холбооны сүлжээг сарниулах, радио төхөөрөмжийн болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг түр зогсоох;

27.1.13.хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд эмх замбараагүй байдал үүсэх, гамшиг, гэнэтийн осол гарах зэрэг нөхцөл байдал хүндэрсэн үед болон шаардлагатай бусад тохиолдолд тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, зэвсэгт хүчин, хилийн цэргээс дэмжлэг авах, харилцан хамтран ажиллах;

27.1.14.төрийн байгууллагын төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээллийн санд нэвтрэх, албаны хэрэгцээнд ашиглах;

27.1.15.төрийн тусгай хамгаалалтыг далд хэлбэрээр хэрэгжүүлэхдээ өөр байгууллагын баримт бичиг, албаны дүрэмт хувцас болон бусад зүйлийг ашиглах;

27.1.16.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

27.1.17.гадаад улсын төрийн хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

27.1.18.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд хүсэлт, шаардлага тавих;

27.1.19.энэ хуулийн 6.1.1-д заасан хамгаалуулагчийг өргөө, зориулалтын орон сууц, үйлчлэх бүрэлдэхүүн, эдийн болон хүнсний бүтээгдэхүүнээр хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, өргөө, зориулалтын орон сууцны ашиглалтын техникийн бэлэн байдлыг хариуцах;

27.1.20.хамгаалуулагчид зориулалтын тээврийн хэрэгсэл, тусгай холбоогоор үйлчлэх;

27.1.21.төрийн тусгай хамгаалалтын бүс, түүний орчинд холбогдох байгууллагатай хамтран инженер-техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах;

27.1.22.төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамгаалалтын дэглэм сахиулах, халдлага, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авах;

27.1.23.чиг үүргийнхээ хүрээнд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох;

27.1.24.үйл ажиллагаандаа шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлэх;

27.1.25.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай өөрт нь мэдээлж, танилцуулах;

27.1.26.байгууллага, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

27.1.27.хуульд заасан бусад.

28 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдэг

Хэвлэх

28.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага туг, бэлгэ тэмдэгтэй байна.

28.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

28.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдгийг бусад этгээд хэрэглэхийг хориглоно.

29 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төсөв

Хэвлэх

29.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

29.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг ажлын байр, шаардлагатай зэвсэг, тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон хамгаалалтад байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

29.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

30 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдлага

Хэвлэх

30.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 10-аас доошгүй жил ажилласан, удирдах болон хамгаалалтын ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

30.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь дэд даргатай байна.

30.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дэд даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай хамгаалалтын албанд сүүлийн 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан, удирдах болон хамгаалалтын ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

31 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын хэрэгжүүлэх чиг үүрэг

Хэвлэх

31.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг удирдах, чиг үүрэгт хамаарах асуудлаар тушаал, шийдвэр гаргах;

31.1.2.төрийн тусгай хамгаалалтын дотоод албаны дүрэм, төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

31.1.3.энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтын дэглэм тогтоох;

31.1.4.төрийн тусгай хамгаалалтад оролцож байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдан зохион байгуулах;

31.1.5.төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг дотоод, гадаадад төлөөлөх;

31.1.6.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

31.1.7.төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

31.1.8.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэргэшлийн зэрэг олгох;

31.1.9.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх;

31.1.10.байгууллага, албан хаагчийн аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

31.1.11.хуульд заасан бусад.

31.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын эзгүйд түүний чиг үүргийг дэд дарга хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

32 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч

Хэвлэх

32.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөж, төрийн тусгай хамгаалалтын албанд томилогдон ажиллаж байгаа иргэнийг төрийн тусгай хамгаалалтын алба хаагч гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь төрийн тусгай албан хаагч мөн.

32.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд тавих тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүйн шаардлага, төрийн тусгай хамгаалалтын албанд болон мэргэжлийн чиглэлээр ажилласан жил зэргээс бүрдэнэ.

32.3.Энэ хуулийн 32.2-т заасан тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга тогтооно.

32.4.Шадар хамгаалалтын ажилтан нь төрийн тусгай хамгаалалтын чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

32.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

32.6.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой энэ хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

33 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг

Хэвлэх

33.1.Монгол Улсын иргэн төрийн тусгай хамгаалалтын албанд анх орохдоо Төрийн сүлдэнд: "Монгол Улсын иргэн Би, төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ төрөө хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, төрийн нууцыг чанд хадгалан, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ." хэмээн тангараг өргөнө.

33.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

34 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, албаны үнэмлэх

Хэвлэх

34.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч цэргийн цол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас хэрэглэнэ.

34.2.Дээд офицероос бусад төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалын цэргийн цолны зэрэглэлийг цэргийн цолны нийтлэг стандартад нийцүүлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга тогтооно.

34.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

34.4.Төрийн тусгай хамгаалалтын албанд цэргийн цол хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээхтэй холбоотой энэ хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг холбогдох хуульд заасан журмын дагуу зохицуулна.

34.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

34.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажил үүргийн онцлогоос хамаарч дүрэмт хувцсыг өдөр тутам хэрэглэхгүй байж болно.

34.7.Төрийн тусгай хамгаалалтын албаны үнэмлэхийн загварыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

34.8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас бусад этгээд төрийн тусгай хамгаалалтын албаны дүрэмт хувцас, үнэмлэхийг хэрэглэхийг хориглоно.

34.9.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч тэтгэвэр тогтоолгох болон алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол дүрэмт хувцсыг түүнд хадгалуулна.

34.10.Энэ хуулийн 34.9-д зааснаас бусад үндэслэлээр төрийн тусгай хамгаалалтын албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд дүрэмт хувцсыг хураан авна.

35 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаах нас

Хэвлэх

35.1.Ажлын шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан энэ хуулийн 32.2-т заасан тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 35 хүртэлх насны иргэнийг төрийн тусгай хамгаалалтын албанд томилж цэргийн цол олгоно.

35.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаах насны дээд хязгаарыг Цэргийн албаны тухай хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаартай адилтган тооцно.

35.3.Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн алба хаах хугацааг түүний хүсэлтийг үндэслэн мэдлэг, ур чадвар, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

35.4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаах насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны хязгаар хамаарахгүй.

36 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх

Хэвлэх

36.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ дараах эрх эдэлнэ:

36.1.1.төрийн тусгай хамгаалалттай холбоотой хууль ёсны хүсэлт, шаардлагыг иргэн, албан тушаалтанд тавих, дэмжлэг, туслалцаа авах;

36.1.2.төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан хэрэгжүүлэх;

36.1.3.энэ хуулийн 11.4-т заасан төрийн тусгай хамгаалалтын түр бүс тогтоох;

36.1.4.шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулах;

36.1.5.аюулгүй байдлын үзлэг хийх;

36.1.6.төрийн тусгай хамгаалалтын ажлын зорилгоор иргэний бичиг баримт шалгах, бие болон эд зүйлд үзлэг хийх;

36.1.7.зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис болон хуулиар хязгаарласан, хориглосон бусад зүйл илэрвэл хураан авах, холбогдох байгууллагад шилжүүлэх;

36.1.8.хамгаалалтын дэглэм, тогтоосон дэг журмыг сахихыг шаардах, шаардлага биелүүлээгүй иргэн, албан тушаалтныг хамгаалалтын бүсээс албадан гаргах, нэвтрүүлэхгүй байх;

36.1.9.хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээс сорьц авч шинжилгээ хийх, ашиглахыг хориглох, төрийн тусгай хамгаалалтын бүсэд ажиллах бусад байгууллагын ажилтанд зааварчилгаа өгөх, хяналт тавих;

36.1.10.хамгаалуулагч тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үеийн замын чиглэл, цуваагаар явах дэг тогтоох, зорчих үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хурд, чиглэлийг өөрчлөх;

36.1.11.хамгаалуулагчид бодитой аюул учирсан тохиолдолд хуулиар хориглосноос бусад тээврийн хэрэгслийг дайчлах;

36.1.12.төрийн тусгай хамгаалалтын ажлын шаардлагаар байр, орон сууцанд оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтрэн орох, үзлэг хийх;

36.1.13.төрийн тусгай хамгаалалтын ажлын шаардлагаар албан байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид нэвтрэн орох, бичиг баримт шалгах, үзлэг хийх, шаардлага тавих;

36.1.14.зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг тогтоосон үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

36.1.15.дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх техник хэрэгсэл ашиглах;

36.1.16.ажлын зайлшгүй шаардлагатай үед агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслийн тасалбарыг дараалал харгалзахгүй авах, тасалбар дууссан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтийг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

36.1.17.амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

36.1.18.хуульд заасан бусад.

37 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн үүрэг

Хэвлэх

37.1.Төрийн тусгай алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ дараах үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх;

37.1.2.хамгаалалтын бүсэд хамгаалалтын дэглэм, тогтоосон дэг журмыг зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

37.1.3.хамгаалалтын бүсэд гарсан зөрчил, гэмт халдлагыг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх арга хэмжээг авах;

37.1.4.үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байраа шууд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр орхиж явахгүй байх, бусдад шилжүүлэхгүй байх;

37.1.5.албан үүргийнхээ дагуу олж мэдсэн хаалттай болон хязгаарлалттай мэдээллийг хамгаалах;

37.1.6.хамгаалуулагчийн хувийн мэдээллийг чанд хадгалах;

37.1.7.өөрийн бие бялдар, эрүүл мэнд, мэргэжил, мэргэшил, албаны бэлтгэлийн түвшнийг хадгалах;

37.1.8.үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандах;

37.1.9.гэмт хэрэг, зөрчилд шалгагдаж байгаа бол энэ тухайгаа шууд удирдах албан тушаалтанд даруй мэдэгдэх;

37.1.10.албан үүргээ гүйцэтгэж байхдаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд чиглэснээс бусад үйл ажиллагаа явуулахгүй байх;

37.1.11.хуульд заасан бусад.

38 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих ёс зүйн тусгай шаардлага

Хэвлэх

38.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах ёс зүйн тусгай шаардлагыг биелүүлнэ:

38.1.1.албан тушаал, байгууллагын нэр болон хамгаалуулагчийн нэр төрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх;

38.1.2.хамгаалуулагч, түүний гэр бүлийн гишүүн, дотнын хүмүүст хувийн хүсэлт тавихгүй байх, бусдын хүсэлтийг дамжуулахгүй байх;

38.1.3.хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхгүй, хэвлэн нийтлэхгүй байх;

38.1.4.улс төрийн нам, эвсэл, холбоо, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлахгүй, албаны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

38.1.5.албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахгүй, улс төрийн нам, түүний үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлэхгүй байх;

38.1.6.албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан илэрхий болсон, эсхүл албан үүргийн дагуу олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц болон хувь хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх;

38.1.7.хуульд заасан бусад.

39 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийнбаталгаа

Хэвлэх

39.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшууллаас гадна энэ хуульд заасан улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангагдана.

39.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

40 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн улс төрийн баталгаа

Хэвлэх

40.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс нь гадуур дайчлах, оролцуулахыг хориглоно.

40.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч түүнийг албан үүргээс нь гадуур энэ хуулийн 40.1-д заасан үйл ажиллагаанд оролцохыг шаардсан бол татгалзана.

41 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль зүйн баталгаа

Хэвлэх

41.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ажлыг шууд удирдах албан тушаалтанд нь мэдэгдэлгүйгээр шалгах, түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, түүгээр хуульд заасан чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

41.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад мэдэгдэхгүйгээр саатуулах, бие, эд зүйлд нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

41.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар гэрч, хохирогчийн хувиар мэдүүлэг авах тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад мэдэгдэнэ.

41.4.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Ерөнхий сайдад, бусад албан хаагчийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

41.5.Албан үүргээ биелүүлэх үед нь төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид учирсан хохирлыг төр хариуцна.

41.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс бусдад учруулсан хохирлыг төр хариуцна.

41.7.Эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

41.8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажилдаа ирэх, буцах замд явах болон энхийг дэмжих ажиллагаанд оролцохыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

41.9.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч болон түүний гэр бүлийн гишүүний амь биед аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авах асуудлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.

41.10.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчийг гүйцэтгэх ажлын зорилгоор ашиглахыг хориглоно.

41.11.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

42 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгаа

Хэвлэх

42.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түүний гэр бүлд нэг удаа олгоно.

42.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан, эсхүл албанаас чөлөөлөгдсөн иргэний урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 42.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан тэтгэмжийн зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

42.4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Засгийн газар дараах нөхөх олговрыг олгоно:

42.4.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;

42.4.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардал;

42.4.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.

42.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 42.4.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.

42.6.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

42.7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.

42.8.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.

42.9.Энэ хуулийн 42.4-т заасан нөхөх олговрыг олгох журам, энэ хуулийн 42.8-д заасан зардлыг олгох журмыг Засгийн газар батална.

42.10.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн төрийн тусгай хамгаалалтын албанд ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.

43 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

Хэвлэх

43.1.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжид ажиллах үед төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид олгох хоол, унааны зардал, хээрийн сургууль, дадлагын үед олгох хүнсний болон эдийн хангалтыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

43.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцагч төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн суралцах хугацааны сургалтын зардал, ирэх, буцах тээврийн зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

43.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн цэргийн цолны цалингийн хэмжээг цэргийн цолны цалингийн хувь хэмжээг тогтоосон хууль тогтоомжид зааснаар тооцно.

43.4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны болон мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

44 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын хариуцлага

Хэвлэх

44.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

44.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн тусгай шаардлагыг зөрчсөн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

44.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

45 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх

Хэвлэх

45.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, албан тушаал, орон тоо нь цомхотгогдсон, эсхүл эрүүл мэндийн хувьд албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан бол өөр албан тушаалд ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.

46 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албанаас чөлөөлөх

Хэвлэх

46.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр албанаас чөлөөлж болно:

46.1.1.бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаал, орон тоо нь цомхотгогдсон;

46.1.2.эрүүл мэндийн хувьд албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;

46.1.3.төрийн тусгай хамгаалалтын алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БИЕИЙН ХҮЧ, ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ТЕХНИК, АЛБАНЫ НОХОЙ ХЭРЭГЛЭХ

47 дугаар зүйл.Биеийн хүч, зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой хэрэглэх нийтлэг үндэслэл

Хэвлэх

47.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагч төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэж болно.

47.2.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх сургалтад хамрагдан, эрх олгогдсон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч явах, хэрэглэх эрхтэй.

47.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч энэ хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн нөхцөл байдлыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгслийг сонгон хэрэглэх эрхтэй.

47.4.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журам болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх бэлтгэл хангах журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

47.5.Төрийн тусгай хамгаалалтад биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

47.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник хэрэглэхдээ дараах нийтлэг шаардлагыг баримтална:

47.6.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

47.6.2.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх;

47.6.3.хамгаалуулагч болон хамгаалж байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нөлөөллийг бодитоор үнэлж, өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу хэрэглэх.

47.7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч, бүртгэсэн галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэнэ.

47.8.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагч энэ хууль, холбогдох журамд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

47.9.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь эмнэлгийн байгууллага, шууд удирдах албан тушаалтанд, удирдах албан тушаалтан нь прокурорт тус тус нэн даруй мэдэгдэнэ.

48 дугаар зүйл.Биеийн хүч хэрэглэх

Хэвлэх

48.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах тохиолдолд биеийн хүч хэрэглэж болно:

48.1.1.хамгаалуулагчийн зорчин явах замыг чөлөөлөх үед зайлшгүй тохиолдолд;

48.1.2.төрийн тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

48.1.3.төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд саад учруулсан болон хамгаалалтын дэглэм зөрчсөн;

48.1.4.төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг заналхийлсэн, доромжилсон, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан;

48.1.5.хамгаалалтын бүсэд хориглосон, хязгаарласан эд зүйлийг хураан авахад эсэргүүцэл үзүүлсэн;

48.1.6.галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

49 дүгээр зүйл.Тусгай хэрэгслийн төрөл

Хэвлэх

49.1.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх тусгай хэрэгсэл дараах төрөлтэй байна:

49.1.1.нэг бүрийн;

49.1.2.олон хүнд нөлөөлөх;

49.1.3.бусад.

49.2.Төрийн тусгай хамгаалалтад нисдэг тэрэг, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, нисэгчгүй нисэх хэрэгсэл албадан буулгах техник хэрэгсэл, галт хэрэглэл, гэрэл, дууны хэрэгсэл, согтуурсан, мансуурсан байдалтай эсэхийг шалгагч болон бусад тусгай хэрэгсэл ашиглаж болно.

49.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө болон хамгаалуулагчийг хамгаалах тусгай хэрэгслээр хангагдана.

50 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл

Хэвлэх

50.1.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараах хэрэгсэл хамаарна:

50.1.1.гав;

50.1.2.хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл;

50.1.3.бороохой;

50.1.4.цахилгаан гүйдлээр цохигч;

50.1.5.хутга;

50.1.6.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

50.1.7.резин болон хуванцар сумтай буу;

50.1.8.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.

50.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч биедээ энэ хуулийн 50.1-д заасан тусгай хэрэгсэл байхгүй тохиолдолд гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт хийх шаардлага болсон бол гарын доорх эд зүйлийг тусгай хэрэгслийн зориулалтаар ашиглаж болно.

51 дүгээр зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх

Хэвлэх

51.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах тохиолдолд хутгаас бусад нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэж болно:

51.1.1.төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн;

51.1.2.түр саатуулагдсан этгээд өөрийгөө гэмтээх нөхцөл байдал үүссэн, тухайн этгээдийг зэвсэг хэрэглэн суллахаар завдсан буюу халдсан, хэрэглэсэн, эсхүл бүлэглэн довтолсон үед;

51.1.3.төрийн тусгай хамгаалалтын бүсэд хүч хэрэглэн хууль бусаар нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн;

51.1.4.төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн;

51.1.5.хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн биед халдсан буюу халдахыг завдсан;

51.1.6.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдсан буюу халдахыг завдсан;

51.1.7.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

51.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч хутгыг зөвхөн галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд хэрэглэж болно.

52 дугаар зүйл.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

Хэвлэх

52.1.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараах хэрэгсэл хамаарна:

52.1.1.олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

52.1.2.усан хөөрөг;

52.1.3.утаан хөшиг үүсгэгч;

52.1.4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.

53 дугаар зүйл.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

Хэвлэх

53.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн хамгаалалтыг удирдаж байгаа албан тушаалтны шийдвэрээр олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэнэ.

53.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

53.2.1.төрийн тусгай хамгаалалтын бүсэд үүссэн эмх замбараагүй байдлыг өөр аргаар таслан зогсоох боломжгүй үед;

53.2.2.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл рүү бүлэглэн довтолсон үед таслан зогсоохоор, бүслэн хаалтаас чөлөөлөх үед;

53.2.3.галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай бодис, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн бодис зэрэг зүйлсээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг эсэргүүцсэн үед;

53.2.4.галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

54 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх

Хэвлэх

54.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

54.1.1.автотээврийн хэрэгсэл ашиглан хамгаалуулагч болон хамгаалалтад авагдсан барилга, бусад зүйл рүү довтолсон;

54.1.2.тээврийн хэрэгслээр төрийн тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн;

54.1.3.төрийн тусгай хамгаалалтын бүсэд автотээврийн хэрэгсэл ашиглан жагсаал, цуглаан хийж нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн;

54.1.4.автотээврийн хэрэгслийг зогсоох талаар өгсөн ойлгогдохуйц дохио, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн;

54.1.5.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг барьцаалан тээврийн хэрэгсэл ашиглан зугтаасан.

54.2.Автотээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг хэрэглэх боломжгүй тохиолдолд автомашин болон бусад зүйлээр хаалт тавьж болно.

54.3.Автотээврийн хэрэгслийг албадан зогсоосны улмаас учирсан хохирлыг тухайн автотээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд хариуцна.

55 дугаар зүйл.Нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгийг албадан буулгах тусгай хэрэгсэл хэрэглэх

Хэвлэх

55.1.Төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд зөвшөөрөлгүй нисгэсэн нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгийг албадан буулгахад тусгай хэрэгсэл хэрэглэж болно.

55.2.Албадан буулгасны улмаас учирсан хохирлыг тухайн нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэсэн этгээд хариуцна.

56 дугаар зүйл.Албаны нохой ашиглах

Хэвлэх

56.1.Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд албаны нохой ашиглаж болно.

56.2.Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

57 дугаар зүйл.Галт зэвсэг хэрэглэх үндэслэл

Хэвлэх

57.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

57.1.1.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид галт зэвсэг хэрэглэн халдахыг завдсан буюу халдсан;

57.1.2.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар халдахаар завдсан буюу халдсан этгээдийн үйлдлийг өөр аргаар таслан зогсоох боломжгүй;

57.1.3.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийг барьцаанд авахаар завдсан үйлдлийг таслан зогсоох, барьцаанаас чөлөөлөх;

57.1.4.төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;

57.1.5.хамгаалуулагчийн болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгах.

57.2.Галт зэвсгийг түгшүүрийн дохио өгөх, тусламж дуудах, бэлтгэл, сургуулилалтын болон хуульд заасан бусад тохиолдолд хэрэглэж болно.

58 дугаар зүйл.Галт зэвсэг хэрэглэх

Хэвлэх

58.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодит эрсдэл үүссэн нөхцөлд галт зэвсгийг шууд хэрэглэж болно. Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.

58.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн тухай шууд удирдах албан тушаалтанд даруй танилцуулж, шууд удирдах албан тушаалтан нь прокурорт мэдэгдэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

59 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

59.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

59.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албаны эд хөрөнгө, зэвсэг, тусгай хэрэгслийг санаатайгаар эвдэж үрэгдүүлсэн бол эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хэмжээгээр хүлээнэ.

59.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:

59.3.1.албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэсний улмаас учирсан хохирол;

59.3.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР