- Нүүр
- Монгол Улсын хууль
- УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад оршино.
2 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж
2.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, түүнтэй тэмцэх, устгахтай холбоотой үйл ажиллагаанд үйлчилнэ.
3.2.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт, ре-экспорт, дамжин өнгөрөх асуудлыг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."ургамал" гэж байгалийн болон таримал бүх төрлийн ургамал, түүний үр, бусад ургал эрхтнийг;
4.1.2."ургамлын гаралтай бүтээгдэхүүн" гэж ургамлын боловсруулаагүй түүхий эд болон шинж чанар, боловсруулалтын онцлогоос хамаарч хөнөөлт организм нэвтрэх, тархах эрсдэлийг үүсгэж болзошгүй бүтээгдэхүүнийг;
4.1.3."хөнөөлт организм" гэж ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөл учруулдаг ургамал, амьтны, эсхүл эмгэг төрүүлэгчийн аливаа зүйл, омог, биологийн төрөл, зүйлийг;
4.1.4."хорио цээртэй хөнөөлт организм" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт илрээгүй боловч хил дамнан орж ирж аюул учруулж болзошгүй, эсхүл илэрсэн ч өргөн тархаагүй, эрсдэл, нөлөөллийг бууруулах арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол учруулж болзошгүй нь тогтоогдсон хөнөөлт организмыг;
4.1.5."гоц хөнөөлт организм" гэж энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй болох нь тогтоогдсон хорио цээртэй хөнөөлт организмыг;
4.1.6."зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн тархсан, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга нь тодорхой, энэ хуулийн 4.1.12-т заасан эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн хохирол багатай нь тогтоогдсон хөнөөлт организмыг;
4.1.7."ургамлын эрүүл мэнд" гэж ургамлын хөнөөлт организмгүй байдлыг;
4.1.8."ургамлын эрүүл мэндийг хамгаалах" гэж ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах, хөнөөлт организмгүй байдлыг тогтоох цогц үйл ажиллагааг;
4.1.9."ургамлын эрүүл ахуйн үзлэг" гэж улсын байцаагчаас ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалд хөнөөлт организм байгаа эсэх болон эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;
4.1.10."зохицуулалттай эд, материал" гэж хөнөөлт организмыг тээх, эсхүл дамжин тархаах эрсдэлтэй ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ашиглах сав, баглаа боодол, ачаа тээш, тээврийн хэрэгсэл, хөрс, өөр бусад организм зэрэг ургамлын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бүх төрлийн эд материалыг;
4.1.11."ургамал хамгаалал" гэж ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хамгаалах зорилгоор хөнөөлт организмыг илрүүлэх, гаралт, тархалтыг хязгаарлах, тэмцэх үйл ажиллагааг;
4.1.12."эрсдэлийн шинжилгээ" гэж тухайн илэрсэн организмыг биологийн болон бусад шинжлэх ухааны судалгаа, эдийн засгийн тооцоонд үндэслэн эдийн засаг, байгаль, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хөнөөлийн түвшин, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үйл ажиллагааг;
4.1.13."хорио цээртэй хөнөөлт организмгүй газар нутаг" гэж хөнөөлт организмгүй болохыг тандан судалж тогтоох, хянах, тэмцэх, устгах арга хэмжээ хэрэгжүүлдэг болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон газар нутаг, эсхүл зарим хэсэг нутгийг;
4.1.14."мэргэжлийн байгууллага" гэж хөнөөлт организм гарсан, тархсан тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх аж ахуйн нэгжийг;
4.1.15."ургамал хамгааллын бүтээгдэхүүн" гэж хөнөөлт организмтай тэмцэхэд хэрэглэх химийн болон биологийн гаралтай бүтээгдэхүүнийг.
5 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх;
5.1.2.хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээнд суурилсан байх;
5.1.3.хүн, амьтан, хүрээлэн байгаа орчинд хамгийн бага эрсдэлтэй тэмцэх аргыг хэрэглэж, пестицидийн хэрэглээг бууруулах;
5.1.4.мэдээлэл солилцох болон ил тод, үл ялгаварлах байдлыг хангах;
5.1.5.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хориг саадыг арилгахад чиглэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УРГАМЛЫН ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМ
6 дугаар зүйл.Хөнөөлт организм
6.1.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тандан судалгаа хийсний үндсэн дээр хөнөөлт организмыг доор дурдсанаар ангилж, тэдгээрийн жагсаалтыг батална:
6.1.1.хорио цээртэй хөнөөлт организм;
6.1.2.зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм.
6.2.Хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалтад тухайн хөнөөлт организм нь гоц хөнөөлтэй эсэхийг тэмдэглэнэ.
6.3.Албан ёсны сорилт, туршилт, шинжлэх ухаан, сургалтын зорилгоор сорт сонгох, бүтээхэд ашиглахаас бусад тохиолдолд хөнөөлт организмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, нүүлгэн шилжүүлэх, хадгалах, үржүүлэх, тараахыг хориглоно.
6.4.Энэ хуулийн 6.1-д заасан хөнөөлт организмтай тэмцэх, ариутгах, халдваргүйжүүлэх, устгах арга хэмжээний зааврыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлан энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд байршуулна.
7 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмыг мэдэгдэх, баталгаажуулах
7.1.Хорио цээртэй хөнөөлт организмын гэнэтийн олшролт илэрвэл холбогдох этгээд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
7.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсны дараа хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн эд зүйл, нутаг дэвсгэрээс дээж авч, шаардлагатай тохиолдолд лабораторид хүргүүлэх, шинжилгээний дүгнэлтэд үндэслэн албан ёсоор баталгаажуулна.
7.3.Энэ хуулийн 7.2-т заасан баталгаажуулах үйл явцтай зэрэгцэн хорио цээртэй хөнөөлт организм тархах эрсдэлийг арилгах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан этгээд ургамлын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авна.
7.4.Хорио цээртэй хөнөөлт организмыг энэ хуулийн 7.2-т заасны дагуу албан ёсоор баталгаажуулсан тохиолдолд энэ хуулийн 21.1-д заасан албан тушаалтан нийтэд болон олон улсын холбогдох байгууллагад мэдээлнэ.
8 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ
8.1.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд тархахаас сэргийлэх зорилгоор доор дурдсан этгээд энэ хуулийн 6.4-т заасан зааврын дагуу хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн хяналтын доор шуурхай хариу арга хэмжээг авна:
8.1.1.тариалангийн талбай, түүний ойн зурвас, хүлэмж, үтрэм, ил талбай, зоорь, агуулахад тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч;
8.1.2.бэлчээр, хадлангийн болон ойн сан бүхий газар, ногоон байгууламжид тухайн шатны Засаг дарга.
8.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага илэрсэн хорио цээртэй хөнөөлт организм тархахаас сэргийлэх арга хэмжээний мэдээллийг энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санд оруулна.
8.3.Хорио цээртэй хөнөөлт организмтай болох нь тогтоогдсон бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон зохицуулалттай эд, материалыг холбогдох этгээд зах зээлээс нэн даруй татах, шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.
9 дүгээр зүйл.Хорио цээр тогтоох, мэдээлэх
9.1.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд доор дурдсан албан тушаалтан, байгууллага голомтын бүсийн хилийн зааг болон хорио цээрийг тогтоож, цуцална:
9.1.1.хорио цээртэй хөнөөлт организмын тархалт нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан, эсхүл хөнөөлт организмын голомтыг нэгтгэх нөхцөл үүсээгүй бол тухайн орон нутаг дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга;
9.1.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан бол тухайн орон нутаг дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;
9.1.3.төмөр зам, олон улсын нисэх буудал, хилийн боомт, хилээр дамжин өнгөрүүлэх цэгийг хамарсан, эсхүл хоёр буюу түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол хяналт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын салбарын улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар.
9.2.Хорио цээр тогтоох үйл ажиллагаанд энэ хуулийн 19.1.4-т заасан журмыг баримтална.
9.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг баталж, биелэлтэд хяналт тавина.
9.4.Бүх шатны Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт хорио цээр тогтоосон тухай шийдвэрээ ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нийтэд зарлан мэдээлнэ.
9.5.Засгийн газрын шийдвэрээр хорио цээр тогтоосон бол ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийтэд зарлан мэдээлнэ.
10 дугаар зүйл.Хорио цээрийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ
10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хөнөөлт организмын төрөл, зүйлээс хамааран хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрийн зааг, орох, гарах хяналтын цэг, дамжин өнгөрөх зурвасын чиглэлийг тогтоож, анхааруулсан тэмдэг байршуулна.
10.2.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт тухайн шатны Засаг дарга дараах арга хэмжээг зохион байгуулна:
10.2.1.хорио цээртэй хөнөөлт организмын төрөл, зүйлийг тодорхойлох, голомт, тархалтыг тогтоох, хязгаарлах, устгах;
10.2.2.хорио цээр тогтоосон нутаг дэвсгэр, орох, гарах хяналтын цэг, хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн байгууламжид хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хяналтын доор мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалыг хийлгэх;
10.2.3.хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах.
10.3.Хорио цээр тогтоосон үед авах арга хэмжээнд шаардагдах зардлыг энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан тухайн шатны Засаг дарга, 9.1.3-т зааснаар хорио цээр тогтоох тохиолдолд Засгийн газар шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл.Ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх
11.1.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллага нь хөнөөлт организмын төрөл, зүйлд тохируулан энэ хуулийн 6.4-т заасан зааврын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийнэ.
11.2.Ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалыг хөнөөлт организмын голомт бүхий талбай, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, хүлэмж, үтрэм, ил талбай, зоорь, агуулах, бусад зориулалтын хэрэгсэл, голомтод орсон хүний хувцас, хэрэгсэл, эд зүйлсэд хийнэ.
12 дугаар зүйл.Хорио цээрийг сунгах, цуцлах
12.1.Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хорио цээрийг сунгах, эсхүл цуцлах тухай дүгнэлт, саналыг хорио цээр тогтоосон албан тушаалтан, байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
12.2.Хорио цээрийг сунгасан, цуцалсан бол энэ хуулийн 19.1.4-т заасан журмын дагуу ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нийтэд зарлан мэдээлнэ.
13 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмын тандан судалгаа
13.1.Хорио цээртэй хөнөөлт организмын илрэх цаг хугацаанд эрсдэлийн шинжилгээнд суурилан тандан судалгааг хийнэ.
13.2.Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн, эсхүл хөнөөлт организмын шинж тэмдэг илэрсэн бүх байршилд тандан судалгааг хийнэ.
13.3.Хөнөөлт организмын тандан судалгаанд шинжлэх ухаан болон технологийн нотлох баримт, бусад шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан байршилд тандан судалгааг 5-7 жилийн хугацаанд үргэлжлүүлэн хийнэ.
13.5.Тандан судалгааны өмнөх оны тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээллийн сангаар дамжуулан тайлагнана.
13.6.Тандан судалгаа хийх аргачлал, эрсдэлийн шинжилгээ хийх зааврыг хийхэд холбогдох стандартыг баримтална.
14 дүгээр зүйл.Гоц хөнөөлт организмын бэлэн байдлын төлөвлөгөө
14.1.Энэ хуулийн 6.2-т заасан гоц хөнөөлт организм тус бүрээр бэлэн байдлын төлөвлөгөөг хүнс, хөдөө аж ахуйн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
14.2.Бэлэн байдлын төлөвлөгөөг гоц хөнөөлт организмын сэжигтэй тохиолдол илэрсэн, албан ёсоор баталгаажсан тохиолдолд ашиглана.
14.3.Бэлэн байдлын төлөвлөгөө доор дурдсан агуулгатай байна:
14.3.1.удирдлага, зохион байгуулалт, эрсдэлийн удирдлага, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, зарлан мэдээлэх;
14.3.2.илэрсэн гоц хөнөөлт организмын төрөл, зүйлийг тодорхойлох, голомт, тархалтын хүрээг тогтоох, үнэлэх, хязгаарлах, устгах;
14.3.3.хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний хяналт, хорио цээр, хязгаарлалтын дэглэм;
14.3.4.ургамлын эрүүл ахуйн үзлэг хийх, дээж авах, лабораторийн шинжилгээ хийх арга зүй;
14.3.5.цаашид шаардлагатай хамгийн бага нөөцийг тодорхойлох;
14.3.6.ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал;
14.3.7.нийтэд зориулсан мэдээлэл, сургалт.
14.4.Биологи болон эзэн төрөл зүйл нь төстэй хэд хэдэн гоц хөнөөлт организмын бэлэн байдлын төлөвлөгөөг нэгтгэж гаргаж болно. Энэ тохиолдолд бэлэн байдлын төлөвлөгөө нь тэдгээр хөнөөлт организмын нийтлэг болон онцлог шинжид тохирсон тусгайлсан хэсэгтэй байна.
Тайлбар: "эзэн төрөл зүйл" гэж тухайн хөнөөлт организмд өртдөг ургамлын төрөл, зүйлийг ойлгоно.
14.5.Энэ хуулийн 6.1.1-д заасан жагсаалтад шинээр гоц хөнөөлт организм нэмэгдсэн тохиолдолд жагсаалтад орсноос хойш 1 жилийн дотор түүнтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг батална.
14.6.Бэлэн байдлын төлөвлөгөөг баталсан тухай бүр холбогдох байгууллагад мэдээлнэ.
14.7.Гоц хөнөөлт организмтай тэмцэх нарийвчилсан төлөвлөгөөг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан холбогдох этгээдэд хүргүүлнэ.
14.8.Нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.
14.9.Нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавьж ажиллана.
15 дугаар зүйл.Хорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг тодорхойлох
15.1.Тандан судалгааны дүнг үндэслэн хорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг аймаг, нийслэлийн хэмжээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, аж ахуйн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож, цуцална.
15.2.Хорио цээртэй хөнөөлт организмгүй, хөнөөлт организмын тархалт багатай болон аюулд өртсөн газар нутагт тавих шаардлага, газар нутгийг тогтоох, цуцлах журмыг Олон улсын ургамал хамгааллын конвенцын холбогдох стандартад нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16 дугаар зүйл.Зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын тархалтын зураглал
16.1.Зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын тархалтын зураглалыг аймаг, сум, нийслэл, дүүрэг, бүс, улсаар ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.
16.2.Тархалтын зураглалыг үндэслэн зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутагтаа төлөвлөж хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйл.Ургамал хамгаалах цогц арга
17.1.Хөнөөлт организм гарах, тархахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхийн тулд биологи, физик-механик, ургамлын селекци, агротехнологи, химийн аргуудаас дангаар нь, эсхүл хослуулах замаар ургамал хамгаалах цогц аргыг хэрэглэнэ.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан ургамал хамгаалах цогц аргыг хэрэгжүүлэх зөвлөмжийг эрдэм шинжилгээний байгууллага гаргана.
17.3.Хөнөөлт организм гарах, тархахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхдээ ургамал хамгаалах цогц аргыг доор дурдсан байгууллага хариуцан зохион байгуулна:
17.3.1.тариалангийн талбай, түүний ойн зурвас, хүлэмж, үтрэм, ил талбай, зоорь, агуулахад тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч;
17.3.2.бэлчээр, хадлангийн болон ойн сан бүхий газар, ногоон байгууламжид тухайн шатны Засаг дарга;
17.3.3.ойд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
18 дугаар зүйл.Ургамал хамгааллын бүтээгдэхүүн
18.1.Хөнөөлт организмтай тэмцэхэд Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн пестицид ашиглаж болно.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан пестицидийг ашиглан ургамлын хөнөөлт организмтай тэмцэх тохиолдолд тухайн пестицидийн нэр, төрөл, хэмжээ, хор аюулын лавлах мэдээлэл, ашиглах зориулалтын талаар үйлдвэрлэгч, эсхүл албан ёсны борлуулагчаас дагалдуулсан, эсхүл эрдэм шинжилгээний байгууллагаас баталсан технологийн зааврыг зөрчихийг хориглоно.
18.3.Энэ хуулийн 18.1-д заасан пестицидийг ашиглан ургамлын хөнөөлт организмтай тэмцсэн талбайд тухайн пестицидийн задралын хугацаа дуусаагүй байхад аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
18.4.Тариалангийн талбай, хүлэмж, зоорь, агуулах, бэлчээр, ойд хөнөөлт организмтай тэмцэхдээ химийн болон цацрагийн аргыг сонгосон тохиолдолд пестицидтэй ажиллах талаарх сургалтад хамрагдсан иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан сургалтыг салбарын төрийн бус байгууллага, хуулийн этгээд зохион байгуулж болно.
18.6.Пестицидийг турших, бүртгэх, ашиглах, импортлох, тээвэрлэх, хадгалах, худалдахтай холбогдсон харилцааг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиар зохицуулна.
18.7.Пестицидийн хаягдал болон сав, баглаа боодлыг эгүүлэн татах, устгахтай холбогдсон харилцааг Хог хаягдлын тухай хуулиар зохицуулна.
18.8.Биологийн гаралтай бэлдмэл, ашигт организмыг турших, бүртгэх, ашиглах, импортлох, худалдаалахтай холбогдсон журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.9.Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
18.10.Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна доор дурдсан нэмэлт баримт бичгийг тусгай зөвшөөрлийн цахим системд илгээнэ:
18.10.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
18.10.2.эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой тусгасан өргөдөл;
18.10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17.1-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлт;
18.10.4.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг худалдаалах байр, хадгалах агуулахад хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт;
18.10.5.энэ хуулийн 18.10.4-т заасан дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
18.10.6.химийн бодисын сав, баглаа боодлыг устгах, дахин боловсруулах үйлдвэртэй байгуулсан гэрээ;
18.10.7.ургамал хамгаалал, хорио цээрийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшсэн агрономичтой болохыг нотлох дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИЙН ЧИГ ҮҮРЭГ
19 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх
19.1.Засгийн газар ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг тогтоох;
19.1.2.улсын хилийн боомт дээр ургамлын хорио цээрийн лаборатори, байгууламж, ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн орон нутагт ургамлын хорио цээрийн лаборатори бүхий байнгын ажиллагаатай хорио цээрийн хяналтын цэг байгуулах;
19.1.3.энэ хуульд заасны дагуу хорио цээр тогтоох, цуцлах;
19.1.4.ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах журмыг батлах;
19.1.5.гадаад улс, олон улсын холбогдох байгууллагатай ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах;
19.1.6.хуульд заасан бусад.
20 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
20.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон улсын байгууллагатай ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;
20.1.2.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ургамал хамгааллын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
20.1.3.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаарх хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалтыг зохион байгуулах;
20.1.4.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах.
21 дүгээр зүйл.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
21.1.Олон улсын ургамал хамгааллын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана.
21.2.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.2.1.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах;
21.2.2.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай холбоотой олон улсыг хамарсан цахим системд нэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
21.2.3.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах;
21.2.4.ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, дүгнэлт гаргах;
21.2.5.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээний талаар холбогдох этгээдэд мэдээлэх;
21.2.6.Тариалангийн тухай хуулийн 23.3-т заасан мэдээллийн сангийн дэд сан болох ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын цахим санг бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангах;
21.2.7.хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ хийх;
21.2.8.хорио цээртэй хөнөөлт организмын тандан судалгааг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаар гүйцэтгүүлэх;
21.2.9.хорио цээртэй хөнөөлт организмгүй, хөнөөлт организмын тархалт багатай болон аюулд өртсөн газар нутгийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу тогтоох;
21.2.10.экспортлох ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ургамлын хорио цээрийн гэрчилгээг импортлогч орны шаардлагад нийцүүлэн олгох;
21.2.11.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахаас өмнө импортын мэдэгдэл олгох;
21.2.12.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;
21.2.13.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчдыг бүртгэх;
21.2.14.хуульд заасан бусад.
21.3.Ургамал хамгааллын мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, эрх олгох, бүртгэхтэй холбогдсон журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
22.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээ, тэдгээртэй холбогдон гарах зардлыг батлах, биелэлтэд хяналт тавих;
22.1.2.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролтын төлөв байдал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;
22.1.3.хуульд заасан бусад.
23 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэртээ хорио цээрийн хяналтын цэг байгуулах;
23.1.2.хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээдийн ургамал, хамгааллын талаар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;
23.1.3.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэртээ хорио цээр тогтоох, цуцлах;
23.1.4.хуульд заасан бусад.
24 дүгээр зүйл.Эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрх
24.1.Эрдэм шинжилгээний байгууллага нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролт, хөнөөлийн талаар тандан судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах;
24.1.2.ургамал хамгааллын бүтээгдэхүүний хор аюулын шинж чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох;
24.1.3.энэ хуулийн 17.1-д заасан ургамал хамгаалах цогц аргыг хэрэгжүүлэх болон ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг турших, ашиглах, импортлох, тээвэрлэх, хадгалах, худалдах талаар зөвлөмж боловсруулах;
24.1.4.ургамлын хөнөөлт организмаас хамгаалах стандарт, технологийн заавар боловсруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх;
24.1.5.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах.
25 дугаар зүйл.Хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
25.1.Хүн, хуулийн этгээд нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
25.1.1.ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагаас ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авах, хэрэгжүүлэх;
25.1.2.ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, арга хэмжээний талаар тайлбар шаардах, гомдол гаргах;
25.1.3.эзэмшиж, ашиглаж, эсхүл өмчилж байгаа бэлчээр, тариалангийн талбай, хүлэмжид хөнөөлт организмын гэнэтийн олшролт илэрвэл тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт нэн даруй мэдэгдэх;
25.1.4.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хураах, савлах, тээвэрлэх, хадгалах, худалдах тохиолдолд Тариалангийн тухай хуулийн 23.3-т заасан мэдээллийн сангаас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
26 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн сан
26.1.Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/ бүрдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангана.
26.2.Мэдээллийн санд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
26.3.Мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.4.Мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллээс нууцад хамаарахаас бусад мэдээлэл нь нийтэд нээлттэй байна.
27 дугаар зүйл.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт
27.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс болон хүн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ.
27.2.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
27.2.1.хорио цээртэй болон гоц хөнөөлт организмын тандан судалгаа хийх зардал;
27.2.2.бэлчээрийн хөнөөлт организмтай тэмцэх ургамал хамгааллын бүтээгдэхүүний зардал;
27.2.3.хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд түүнтэй тэмцэх арга хэмжээний зардал;
27.2.4.энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах зардал.
27.3.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааны дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:
27.3.1.бэлчээр дэх ургамалд хөнөөлт организм тархаж, хөнөөл учруулах үед түүнтэй тэмцэх арга хэмжээний зардал;
27.3.2.энэ хуулийн 10.1-д заасан хяналтын цэгийн үйл ажиллагааны зардал;
27.3.3.зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын жагсаалтад орсон хөнөөлт организмын гаралт, тархалт нь эдийн засгийн хөнөөлийн босгоос давсан үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр голомтыг устгах, хяналтад авах арга хэмжээний зардал.
27.4.Тариалангийн талбай болон хүлэмжид ургамлын хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч хүн, хуулийн этгээд хариуцна.
27.5.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A