A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулаагүй спортын холбооны үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."биеийн тамир" гэж дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан иргэний бие бялдрыг хөгжүүлэх, материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;

4.1.2."биеийн тамирын арга зүйч" гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн удирдлага, дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэжилтнийг;

4.1.3."биеийн тамир, спортын ажилтан" гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургууль төгссөн этгээдийг;

4.1.4."биеийн тамир, спортын байгууллага" гэж өмчийн бүх хэлбэрийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж, идэвхтэй хөдөлгөөн, спортын амжилтын төлөө энэ чиглэлийн ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

4.1.5."гарын үсэг зурагч тал" гэж Дэлхийн допингийн эсрэг агентлагийн өмнө үүрэг хүлээсэн Монголын үндэсний олимпын хороо, Паралимпын хороо болон допингийн эсрэг үндэсний байгууллагыг;

4.1.6."дасгалжуулагч" гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, спортын амжилтыг ахиулах зорилго бүхий сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжилтнийг;

4.1.7."допинг" гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;

4.1.8."Дэлхийн допингийн эсрэг агентлаг" гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг;

4.1.9."Допингийн эсрэг үндэсний зөвлөл" гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах зөвлөлийг;

4.1.10."Допингийн эсрэг үндэсний байгууллага" гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг;

4.1.11."идэвхтэй хөдөлгөөн" гэж эрүүл мэнд, бие бялдрыг дэмжихэд чиглэсэн хүний булчингийн үйл ажиллагааг 30 минутын хугацаанд идэвхтэй ажиллуулах дасгал хөдөлгөөнийг;

4.1.12."магадлан итгэмжлэл" гэж спортын клубийн үйл ажиллагаа, сургалт, дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагааг;

4.1.13."Монголын үндэсний олимпын хороо" гэж олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, Олон улсын олимпын хорооноос явуулж байгаа тив, дэлхийн наадам, арга хэмжээнд Монголын баг тамирчдыг удирдан, зохион байгуулж оролцуулах зорилго бүхий Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн төрийн бус байгууллагыг;

4.1.14."мэргэжлийн тамирчин" гэж спортын тодорхой нэг төрлөөр дагнан хичээллэж, мэргэшсэн, гэрээний дагуу ашгийн төлөө тэмцээнд оролцон цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;

4.1.15."оюутны спорт" гэж мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;

4.1.16."сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол" гэж албан, албан бус боловсролын хэлбэрээр иргэний сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэхэд шаардлагатай идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх мэдлэг, арга барил, дадал, эерэг хандлагыг эзэмшүүлэх үйл ажиллагааг;

4.1.17."спорт" гэж биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, тэмцээн, наадамд тусгай журмын дагуу бэлтгэж оролцох үйл ажиллагааг;

4.1.18."спортын барилга байгууламж" гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;

4.1.19."спортын клуб" гэж иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг эрхлэн, сургалт, дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагын дэргэдэх спортын дагнасан нэгжийг;

4.1.20."спортын наадам" гэж нэгдсэн зохион байгуулалтын хэлбэрээр явуулж байгаа спортын тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээний нэгдлийг;

4.1.21."спортын сайн дурын ажилтан" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн нь гэрээний үндсэн дээр биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад өөрийн санаачилгаар оролцож байгаа хүнийг;

4.1.22."спортын стандарт" гэж тухайн спортын үйл ажиллагаа, бэлтгэлд тавигдах орчны болон техникийн шаардлагыг ханган, спортын сургалт явуулдаг байгууллагад заавал дагаж мөрдөн биелүүлэх, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан бичиг баримтыг;

4.1.23."спортын сургалт, дасгалжуулалт" гэж спортоор хичээллэж байгаа хүмүүсийн биеийн тамир, спортын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн, тодорхой зорилго, стандарт, хөтөлбөрийн дагуу явагдах, төлөвлөлт бүхий спортын тэмцээн, наадамд оролцох үе шатыг багтаасан бэлтгэлийн үйл явцыг;

4.1.24."спортын тэмцээн" гэж тухайн спортын төрлөөр тамирчид, багуудын хооронд зохион байгуулагч нарын тогтоосон дүрэм, зааврын дагуу өрсөлдөх, шилдэг оролцогчийг тодруулах үйл явцыг;

4.1.25."спортын холбоо" гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг;

4.1.26."спортын төрөл" гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, тодорхой хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын орчин бүхий олон нийтийн харилцаа үүсгэдэг спортын нэг хэсгийг;

4.1.27."спортын шүүгч" гэж тэмцээн, наадмыг дэнслэх үйл ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн, холбогдох цол зэрэгтэй, спортын дүрэм журам, зааврын хэрэгжилтийг сахин хангуулах мэргэжилтнийг;

4.1.28."тамирчин" гэж спортоор тогтмол хичээллэж, тусгай сургалтын явцад бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог хүнийг;

4.1.29."үндэсний спорт" гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдааныг;

4.1.30."хүүхдийн спорт" гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүүхэд, суралцагчид сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.31."Ёс зүйн зөвлөл" гэж төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон спортын холбоо, клубийн дэргэд ажиллах орон тооны бус бүтцийг.

5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын талаар иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл

Хэвлэх

5.1.Эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах эерэг хандлагыг бий болгон эрхэмлэнэ:

5.1.1.иргэн эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, бие бялдрын сорилын болзлыг ханган биелүүлэх;

5.1.2.иргэн бүр өдөр тутам 30 минутаас багагүй хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл чийрэг бие бялдар, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх;

5.1.3.иргэн бүр сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжихэд тамирчин байхаас үл хамааран хүн бүр өөрийн бие бялдар, хүсэл сонирхолд нийцсэн биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцох, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх;

5.1.4.спортын сургалтын үйл ажиллагаанд хүүхдийг хамруулах, багш, дасгалжуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх, хамтран ажиллах, хөгжлийн үйл явц, үр дүнтэй танилцах, хяналт тавих;

5.1.5.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн спортын авьяасыг бага наснаас нь илрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, сэтгэл, оюуны төлөвшил болон бие бялдрын хөгжилд байнга анхаарч, дэмжлэг үзүүлэх;

5.1.6.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг гэр бүлийн орчинд биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин өөрөө үлгэрлэх, урамшуулах, зөв арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх.

6 дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

6.1.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.биеийн тамир, спортын үйл ажиллагаа нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;

6.1.2.хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;

6.1.3.өмчийн олон хэлбэрт тулгуурлан төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх;

6.1.4.биеийн тамир, спорт нь ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байх.

7 дугаар зүйл.Биеийн тамир, спортод эрхэмлэн баримтлах ёс зүйн хэм хэмжээ

Хэвлэх

7.1.Тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:

7.1.1.хүн хүнээ хүндэтгэх, нөхөрсөг зан харилцаа, хүний зан үйлийн сайн чанарыг дээдлэх;

7.1.2.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

7.1.3.сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;

7.1.4.спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авлигын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;

7.1.5.өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;

7.1.6.нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;

7.1.7.олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;

7.1.8.улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;

7.1.9.бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;

7.1.10.Монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан этгээд ёс зүйн зөрчил гаргасан бол Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд мөнгөн шагнал, урамшуулал олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Улсын Их Хурал биеийн тамир, спортыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

8.1.2.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

8.1.3.биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

8.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Засгийн газар биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

9.1.2.олон улсын болон улсын хэмжээнд зохион байгуулах спортын тэмцээн, наадмын эрх олгох, санхүүжүүлэх журам батлах;

9.1.3.тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг батлах;

9.1.4.Монгол Улс олон улс, бүс нутаг, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвших, зохион байгуулах шийдвэр гаргах;

9.1.5.олимп тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журам батлах;

9.1.6.биеийн тамир, спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал батлах;

9.1.7.Допингийн эсрэг үндэсний дүрэм, Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;

9.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9.2.Монгол Улсыг төлөөлөн олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батална.

10 дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

10.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх;

10.1.2.өсвөр үе, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн уралдаан зохион байгуулах журам батлах;

10.1.3.биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, зөвлөлийн ажиллах журам батлах;

10.1.4.биеийн тамирын дасгалжуулагч, арга зүйчийн мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр батлах;

10.1.5.төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх спортын холбоог сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг батлах;

10.1.6.спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, орчин үеийн судалгаа, заах арга зүйн ололт, амжилтыг ашиглах, эрдэм шинжилгээний захиалгат ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх;

10.1.7.орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага биеийн тамир, спортын хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф, орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

10.1.8.спортын тэмцээн, наадмын норматив, шаардлага, нээлт, хаалтын дэг, соёл, удирдлага, зохион байгуулах журам батлах;

10.1.9.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах журам батлах.

11 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

11.1.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

11.1.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагын саналыг авч биеийн тамир, спортын хөгжлийн богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

11.1.3.хүн амыг эрүүл аж төрөх зан үйлд хэвшүүлэх, сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол, амьдралын зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;

11.1.4.хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үзүүлэлт, үр дүнг тооцох аргачлал боловсруулах;

11.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

11.1.6.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиглэлийг сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсролыг тэгш олгох чадамжтай төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;

11.1.7.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах;

11.1.8.улсын төсвөөс санхүүжүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;

11.1.9.улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг батлах, тэмцээнийг удирдах, зохион байгуулах, арга зүйгээр хангах, хяналт тавих;

11.1.10.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах журмын дагуу спортын холбоог сонгон шалгаруулах, эрх олгох, олон улсын дүрэм, стандарт, норматив, шаардлагыг хангах, хяналт тавих;

11.1.11.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах спортын холбоонд энэ хуулийн 9.1.2-т заасан журмын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

11.1.12.биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, шүүгчийг мэргэшлийн чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэх, гаргасан шийдвэрийг биелүүлэх;

11.1.13.биеийн тамирын дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;

11.1.14.биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх, хөтлөх, хэвийн үйл ажиллагааг хангах, системийн өргөтгөл, шинэчлэлийг тогтмол хийх;

11.1.15.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

11.1.16.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын биеийн тамир, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулахад санал өгөх;

11.1.17.биеийн тамир, спортын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

11.1.18.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг биелүүлэх, Ёс зүйн дэд хороо байгуулах;

11.1.19.улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагатай хамтран ажиллах;

11.1.20.хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг паралимп, дифлимп, тусгай олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэх;

11.1.21.улсын хэмжээнд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгч иргэдийн тоо гаргах, нэмэгдүүлэх, хяналт тавих;

11.1.22.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.2.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлнө.

11.3.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биеийн тамир, спортын боловсрол олгох сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн болон мэргэжил дээшлүүлэх, спортын анагаах ухааны салбар байгууллагатай байж болно.

12 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

12.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, шаардлагатай төсөв, хөрөнгийг баталж, хяналт тавих;

12.1.2.биеийн тамир, спортын асуудлаар тухайн харьяалах бүх шатны Засаг даргын тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;

12.1.3.эдийн засгийн тооцоо, материаллаг бааз, хүний нөөцийн судалгаанд үндэслэн нутаг дэвсгэртээ улсын хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах нэр дэвших эрх авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;

12.1.4.Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах улсын хэмжээний болон олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах;

12.1.5.аймаг, нийслэл, дүүргийн өсвөр үе, оюутны шигшээ багт нийслэл, орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв батлах;

12.1.6.биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

12.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

13.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

13.1.2.нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;

13.1.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

13.1.4.тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;

13.1.5.сум, дүүрэг, хороонд орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах;

13.1.6.энэ хуулийн 12.1.3, 12.1.4-т заасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах, энэ хуулийн 9.1.2-т заасан журмын дагуу олгосон санхүүжилтийг зарцуулах;

13.1.7.орон нутгийн төсвөөс өсвөр үе, оюутны шигшээ багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

13.1.8.хүн амын нягтаршил, боломж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх талаар хариуцсан нэгжтэй байх, стандартын шаардлага хангасан спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх;

13.1.9.биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, спортын холбоо, бусад байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

13.1.10.нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогийг харгалзан спортын төрлийг хөгжүүлэх;

13.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

14.1.Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

14.1.2.биеийн тамир, спортын сургалтын үйл ажиллагаанд стандарт, норм, нормативыг сахин мөрдөх, хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.3.биеийн тамир, спортын талаарх тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэх;

14.1.4.орон нутгийн биеийн тамир, спортын бусад байгууллага, баг тамирчинд хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.5.төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан ажилтантай байх;

14.1.6.төрийн захиргааны байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй явуулах;

14.1.7.байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

14.2.Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

15 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

15.1.Сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

15.1.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

15.1.3.сум, дүүргийн иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

15.1.4.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж биеийн тамир, спортын эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөхөд харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан хяналт тавих.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ДАМЖУУЛАН СЭТГЭЛ, ОЮУНЫ БОЛОН БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН

16 дугаар зүйл.Боловсролын байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Хэвлэх

16.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөний талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

16.1.1.сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллага биеийн тамир, спортын онол, философи, түүх, үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, соёл, ёс зүй, ирээдүйн чиг хандлагын талаар бусад хичээлийн нэгэн адил танхимын боловсрол олгох сургалтаар дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсролтой, идэвхтэй хөдөлгөөний амьдралын дадал хэвшилтэй иргэн бэлтгэх зорилгыг агуулсан ердийн болон эмчилгээний биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

16.1.2.боловсролын сургалтын байгууллага биеийн тамирын хичээлийн хөтөлбөр, агуулга, стандартад нийцсэн хичээлээс бусад сургалт явуулах бол биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусгах;

16.1.3.биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхдээ биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусган ажиллах;

16.1.4.боловсролын сургалтын байгууллага үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх.

16.2.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага дараах үйл ажиллагааг явуулна:

16.2.1.сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллага суралцагчид олгох сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох үндсэн хичээлийг батлагдсан хөтөлбөр, агуулгын хүрээнд шаардлага хангасан стандартын заал танхим, сургалтын хэрэгсэл бүхий орчинд заах;

16.2.2.суралцагчийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн, наадмыг зохион байгуулах, тэднийг улс, аймаг, нийслэл, бүсийн тэмцээнд оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

16.2.3.хичээлээс бусад биеийн тамир, спортын сургалтыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах;

16.2.4.боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөрөөс гадна спорт клубийн хэлбэрээр суралцагчдын дунд үйл ажиллагаа зохион байгуулах;

16.2.5.дээд боловсролын сургалтын байгууллага шинээр элсэх спортын гоц авьяас, чадвартай хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохыг дэмжих;

16.2.6.сургуулийн захиргаа нь суралцагчийн сурлагын үнэлгээг харгалзан үндэсний хэмжээний тэмцээн, наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх.

17 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллага дахь биеийн тамирын үйл ажиллагаа

Хэвлэх

17.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

17.1.1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах;

17.1.2.хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад сэргээн засах тусламж, үйлчилгээ, эмчилгээний биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр хүний эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;

17.1.3.спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчны эрүүл мэндэд хяналт тавих үйлчилгээг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх.

17.2.Эрүүл мэндийн байгууллага нь биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг явуулна:

17.2.1.хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн биеийн тамирын үйл ажиллагааг зохион байгуулах;

17.2.2.өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ хийхэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг ашиглах, биеийн тамирын арга зүйчтэй хамтран ажиллах;

17.2.3.хүний эрүүл мэндийг дэмжсэн хамтарсан сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулах.

18 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Хэвлэх

18.1.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажилтны сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, хамт олны дунд нөхөрсөг, найрсаг харилцаа бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулах:

18.1.1.ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх;

18.1.2.ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гаргах, спортын тэмцээн зохион байгуулах;

18.1.3.ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, тэмцээн наадамд шаардагдах зардлыг байгууллагын жил бүрийн төсөвт тусгах;

18.1.4.ажилтны бие бялдрын хөгжлийн сорилын түвшин тогтоох, тухайн түвшнийг бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд спортын тэмцээн, наадам зохион байгуулж, ажилтны бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах;

18.1.6.байгууллага ажилтныг биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан спортын барилга байгууламж барьж ашиглах, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлэх;

18.1.7.тухайн байгууллага сайн дурын үндсэн дээр спортын клуб байгуулан ажиллуулах, биеийн тамирын ажилтантай байх.

18.2.Амралтын газар, сувилал, хүүхдийн зусланд амрагчийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлнэ.

19 дүгээр зүйл.Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Хэвлэх

19.1.Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага энэ хуулийн 18.1-д зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

19.1.1.үйл ажиллагааныхаа чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

19.1.2.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөр батлан мөрдүүлэх;

19.1.3.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.

19.2.Цэргийн насны залуучуудын бие бялдрын бэлтгэлийн чиглэлээр төрөл бүрийн ажил, арга хэмжээг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран явуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

20 дугаар зүйл.Спортын холбоо, түүний эрх, үүрэг

Хэвлэх

20.1.Спортын холбоо ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагаа эрхлэн, улсын болон олон улсын тэмцээнд оролцох, зохион байгуулах, сургалтын ажил эрхэлнэ.

20.2.Спортын холбоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

20.3.Спортын холбоо сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй байж болно.

20.4.Спортын холбоо нь нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нэг төрлийн спортын салбартай байж болно.

20.5.Спортын холбоо нь салбар холбоо, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

20.6.Спортын холбоог нэгдсэн бүртгэлд хамруулах, ангилах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.

20.7.Спортын холбоог үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөх шалгуурыг энэ хуулийн 20.6-д заасан журмаар зохицуулна.

20.8.Спортын холбоо дараах эрх, үүргийг хүлээнэ:

20.8.1.спортын тэмцээний заавар, тухайн жилийн тэмцээн, наадмын хуваарь батлах;

20.8.2.улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах саналаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

20.8.3.олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлийн дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах эрхийг хязгаарлах, хасах;

20.8.4.спортын клубийг холбооны гишүүнээр элсүүлэх, тухайн спортын төрлөөр сургалт, дасгалжуулалт эрхлэх зөвшөөрөл олгох;

20.8.5.спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийг тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;

20.8.6.тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, тамирчны ёс зүйн дүрмийг энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

20.8.7.спортын холбооны ёс зүйн зөвлөл байгуулах;

20.8.8.биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;

20.8.9.тамирчны сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;

20.8.10.тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах;

20.8.11.холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн талаарх өөрчлөлтийг мэдээллийн цахим санд тогтмол шинэчлэх;

20.8.12.тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

20.8.13.биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад спортын сайн дурын ажилтныг оролцуулах;

20.8.14.спортын төрлийн үйл ажиллагаа, сургалт, дасгалжуулалт, орчны стандартыг боловсруулах.

20.9.Спортын холбоо дараагийн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам зохион байгуулах танилцуулга, шаардлагатай төсвийн саналыг тухайн жилийн 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

21 дүгээр зүйл.Спортын клуб, түүний үйл ажиллагаа

Хэвлэх

21.1.Спортын клуб нь иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхлэн, сургалт, дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх, ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлнэ.

21.2.Спортын клуб спортын нэг төрлийн сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын үндэсний стандартыг мөрдөх боломжгүй тохиолдолд олон улсын спортын холбооноос гаргасан сургалт, дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.

21.3.Сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд мэргэжлийн байгууллагын хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.

21.4.Хүүхдийг спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахад багш, дасгалжуулагч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.

21.5.Спортын клубийг оршин байгаа газрын аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны боловсролын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллуулж болно.

22 дугаар зүйл.Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа

Хэвлэх

22.1.Спортын холбоо, клуб нь энэ хуулийн 4.1.12-т заасан магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.

22.2.Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон байгууллага гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг тайлагнана.

22.3.Хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлж болно.

22.4.Спортын холбоо, клубийг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх хэмжээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.5.Магадлан итгэмжлэх журам, шалгуурт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах, тэдний хичээллэх хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх үзүүлэлтийг тусгана.

23 дугаар зүйл.Үндэсний шигшээ баг

Хэвлэх

23.1.Үндэсний шигшээ баг өсвөр үе, залуучууд, оюутны, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.

23.2.Бие даасан бүтэцтэй байгуулах үндэсний шигшээ багийг тухайн спортын төрлийн холбооноос санал авсны үндсэн дээр бүрдүүлж, зохион байгуулна.

23.3.Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох үндэсний шигшээ багийг спортын холбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулна.

23.4.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль болон энэ хуулийн 10.1.1-д заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн холбоотой гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.

23.5.Аймаг, дүүргийн Засаг дарга спортын 10-аас доошгүй төрлөөр өсвөр үеийн шигшээ багийг байгуулан, орон нутаг дахь спортын холбоотой хамтран сонгон шалгаруулж, орон нутгийн төсвөөс үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

23.6.Нийслэлийн Засаг дарга оюутны дэлхийн аварга, дэлхийн оюутны спортын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох оюутны шигшээ багийг спортын 8-аас доошгүй төрлөөр байгуулж, санхүүжүүлнэ.

23.7.Спортын онцгой авьяас, чадвартай суралцагч, оюутан, залуучуудыг илрүүлэх, спортын сургуульд суралцах нөхцөл бололцоогоор хангах, тухайн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, үндэсний шигшээ багийн тамирчдын нөөцийг бэлтгэнэ.

23.8.Ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан нь шигшээ багийг бүрдүүлж байгаа спортын холбоо, тамирчин, дасгалжуулагчийг санхүүжүүлэхгүй байх үндэслэл болно.

24 дүгээр зүйл.Сургалт, дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах

Хэвлэх

24.1.Энэ хуулийн 32.1-д заасан шаардлагыг хангасан дасгалжуулагчид өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт, дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.

24.2.Сургалт, дасгалжуулалтын ажлыг тухайн спортын олон улсын дүрмийн шаардлага, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан стандарт, хөтөлбөрийн дагуу удирдан явуулна.

24.3.Спортын сургалт, дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах үүргийг тухайн байгууллага, дасгалжуулагч хүлээнэ.

25 дугаар зүйл.Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт

Хэвлэх

25.1.Улсын хэмжээний спортын наадмыг Олон улсын олимпын хорооны ивээл доор явуулах бол олон улс, тив, дэлхийн спортын наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.

25.2.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үндэсний хэмжээний спортын наадмыг зохион байгуулах хороог байгуулан ерөнхий удирдлагаар хангана.

25.3.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараагийн жил зохион байгуулагдах улсын хэмжээний спортын тэмцээний талаар спортын холбооны саналыг харгалзан нэгдсэн хуваарийг тухайн жилийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлана.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасан хуваарьт тусгагдаагүй спортын тэмцээнийг зохион байгуулагч тухайн сум, дүүрэг, хорооны биеийн тамирын арга зүйч, Биеийн тамир, спортын газарт ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

25.5.Энэ хуулийн 25.3, 25.4-т заасан спортын тэмцээнийг зохион байгуулахаа урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд түүнийг зохион байгуулахыг хориглоно.

25.6.Спортын тэмцээн болон бэлтгэлийн явцад багш, дасгалжуулагч, зохион байгуулагч, спортын холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, гэнэтийн ослын даатгалд хамруулах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

25.7.Зохион байгуулагч, спортын холбоо тэмцээн болон бэлтгэлийн явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд даруй хамруулна.

26 дугаар зүйл.Мэргэжлийн спорт

Хэвлэх

26.1.Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчны оролцоотой мэргэжлийн спортын тэмцээнийг зохион байгуулж болно.

26.2.Мэргэжлийн спортын аливаа үйл ажиллагааг оролцогч талуудын хамтын гэрээгээр зохицуулна.

26.3.Мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

27 дугаар зүйл.Допингийн эсрэг үндэсний тогтолцоо

Хэвлэх

27.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг дараах байгууллага хангаж ажиллана:

27.1.1.Монголын үндэсний олимпын хороо;

27.1.2.Монголын үндэсний паралимпын хороо;

27.1.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага;

27.1.4.Допингийн эсрэг үндэсний зөвлөл;

27.1.5.Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр.

27.2.Энэ хуулийн 27.1.3-т заасан байгууллага Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн болон допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

27.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

27.3.1.Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх, допингийн эсрэг олон улсын дүрэм, удирдамж, зөвлөмжийг мөрдөх;

27.3.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;

27.3.3.сайн засаглалыг хэрэгжүүлэх;

27.3.4.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

27.3.5.тамирчны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах.

27.4.Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу Монголын үндэсний олимпын хороо нь Допингийн эсрэг үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй.

27.5.Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөл нь 13 хүртэл тооны сондгой гишүүнтэй байх бөгөөд Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хороо, биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллага, спортын холбоо, тамирчдын комисс, Хуульчдын холбоо, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

27.6.Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамжийн холбогдох заалт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана.

27.7.Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаатай нэг удаа сонгоно.

27.8.Монгол Улсын Засгийн газар Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын дагуу хүлээсэн үүргээ энэ хуулийн 27.1.4-т заасан Допингийн эсрэг үндэсний зөвлөлөөр төлөөлүүлэн хэрэгжүүлнэ.

27.9.Допингтой холбоотой аливаа маргааныг олон улсын болон үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

28 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

Хэвлэх

28.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

28.2.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн, эсхүл татан буугдсан бол энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлагт мэдэгдэж, тус байгууллагыг шинэчлэх, дахин шинээр байгуулах хүртэл түүний үүргийг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монголын үндэсний олимпын хороо түр орлон гүйцэтгэнэ.

28.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага энэ хуулийн 27.3-т заасан зарчмын дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

28.3.1.Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа ил тод тайлагнах;

28.3.2.олон улс, тив, дэлхийн болон дотоодын спортын тэмцээн, наадамд оролцох тамирчинд допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

28.3.3.тамирчдаас шинжилгээний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэх, хариу хүлээн авах ажлыг зохион байгуулах;

28.3.4.допингийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулах;

28.3.5.допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;

28.3.6.үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах;

28.3.7.эмчилгээний зорилгоор чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх;

28.3.8.Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан бусад дүрэм, заавар, зөвлөмж, олон улсын стандартын хэрэгжилтийг хангах;

28.3.9.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээр байгуулсан гэрээг үндэслэн улсын төсвөөс олгосон хөрөнгө, санхүүжилтээр гүйцэтгэсэн үйл ажиллагаа, холбогдох гэрээ хэлцэл, санхүүгийн гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн талаар хувь хүний нууцад хамаарахаас бусад тайлан, мэдээллийг жил бүрийн 02 дугаар сард багтаан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх.

28.4.Допингийн эсрэг үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

28.4.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын хэрэгжилтийн үндэсний тайланг хэлэлцэх;

28.4.2.Допингийн эсрэг үндэсний байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамжид нийцсэн талаарх дүгнэлт, зөвлөмж гаргах;

28.4.3.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, дүгнэх, зөвлөмж гаргах;

28.4.4.улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Допингийн хяналтын хөтөлбөрийн зардал, үйл ажиллагааны төлөвлөлт, зарцуулалтыг хэлэлцэх, зөвлөмж гаргах;

28.4.5.төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдааг хангах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;

28.4.6.тухайн асуудлаар олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэх;

28.4.7.зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл болон бусад асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах.

28.5.Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүнд нийцүүлэн баталсан олон улсын стандартын нийцлийг хангаж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АЖИЛТАН, АРГА ЗҮЙЧ, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ

29 дүгээр зүйл.Тамирчны эрх, үүрэг

Хэвлэх

29.1.Тамирчин дараах эрх эдэлнэ:

29.1.1.спортын төрлөө сонгох, хичээллэх;

29.1.2.тэмцээн, наадамд оролцох;

29.1.3.спортын цол, зэрэг авах;

29.1.4.харьяалагддаг спортын клубээс гэрээний дагуу өөр спортын клубт шилжих;

29.1.5.спортын тэмцээн, наадамд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;

29.1.6.зөрчигдсөн эрхээ хамгаалахаар спортын арбитрт хандах;

29.1.7.хууль тогтоомжид заасан бусад.

29.2.Тамирчин дараах үүрэг хүлээнэ:

29.2.1.ёс зүйн дүрмийг чандлан сахин биелүүлэх;

29.2.2.биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бэлтгэл сургалтын заавар журмыг баримтлах;

29.2.3.оролцож байгаа тэмцээний дүрэм, удирдамж, заавар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

29.2.4.шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, хориотой арга мэх, тохиролцсон тоглолт хийхгүй байх, допинг хэрэглэхгүй байх, допинг хэрэглэхийг шаардвал татгалзах, зохих байгууллагад мэдэгдэх;

29.2.5.эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, зааврыг баримтлах, эмнэлгийн үзлэгт тогтмол орох;

29.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

30 дугаар зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаа

Хэвлэх

30.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан дэмжлэг үзүүлнэ.

30.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоо, спорт клуб дэмжлэг үзүүлж ажиллана.

30.3.Спортын тэмцээн, наадамд хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогоор адил түвшинд өрсөлдүүлэх зарчмыг баримтална.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасан зарчмыг хангах зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

30.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тамирчны эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.

31 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчийн эрх, үүрэг

Хэвлэх

31.1.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах эрхтэй:

31.1.1.дасгалжуулагч шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, спортын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад сонгон хэрэглэх;

31.1.2.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;

31.1.3.суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн онцлогт үнэлэлт, дүгнэлт өгөх;

31.1.4.суралцагчийг сонгон суралцуулах, спортын гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;

31.1.5.судалгаа шинжилгээний ажил хийх, дүгнэлт гаргах;

31.1.6.мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах сургалтад 5 жил тутамд хамрагдах;

31.1.7.албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангагдах.

31.2.Дасгалжуулагч энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу олгогдсон мөнгөн шагнал хүртсэн тамирчны мөнгөн урамшууллаас талуудын гэрээний дагуу тодорхой хувь хүртэнэ.

31.3.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч дараах үүрэгтэй:

31.3.1.биеийн тамир, спортын хууль тогтоомж, сургалтын стандарт, спортын ажил, үйлчилгээний зааврыг мөрдөж ажиллах;

31.3.2.спортын ажилтан, арга зүйч ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, мэргэжил, мэдлэгээ хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд ашиглахгүй байх;

31.3.3.спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;

31.3.4.биеийн тамир, спортын боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, өөрийн биеэр үлгэрлэх;

31.3.5.мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх.

31.4.Биеийн тамир, спортын дасгалжуулагч дараах үүрэгтэй:

31.4.1.ёс зүйн дүрмийг чандлан сахиж, суралцагчийг ялгаварлахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;

31.4.2.тухайн спортын стандарт болон үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

31.4.3.онолын мэдлэг, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэх;

31.4.4.суралцагч, тамирчны онцлогт тохируулан сургалт, дасгалжуулалтыг явуулах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хүмүүжил, төлөвшилд дэмжлэг үзүүлэх;

31.4.5.суралцагч, тамирчны эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх;

31.4.6.суралцагч, тамирчны бие махбод, сэтгэл зүйд дарамт, шахалт үзүүлэхгүй байх;

31.4.7.хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд мэргэжил, мэдлэгээ ашиглахгүй байх.

31.4.8.допингийн талаарх мэдлэг, мэдээллээ байнга шинэчлэх, суралцагч, тамирчдад допинг хэрэглэхгүй байхыг зөвлөх, допингийн эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол явуулах.

32 дугаар зүйл.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, ажил мэргэжлийн зэрэг олгох

Хэвлэх

32.1.Спортын дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.2.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах дасгалжуулагч энэ хуулийн 32.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэгтэй байна.

32.3.Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн энэ хуулийн 32.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэгтэй бол спортын сургалт, дасгалжуулалтыг эрхэлж болно.

32.4.Мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрөл, ажил мэргэжлийн зэргийн бүртгэлийн санг дасгалжуулагчийн бүртгэлийн хувийн дугаар үүсгэн, хөтөлж ажиллана.

33 дугаар зүйл.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин, дасгалжуулагчийн нийгмийн баталгаа

Хэвлэх

33.1.Тамирчин доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

33.1.1.Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу мөнгөн шагнал авах;

33.1.2.үндэсний шигшээ багийн тамирчны цалингийн хэмжээ, урамшууллыг гаргасан амжилт, цол зэрэг, ур чадварыг харгалзан тусгайлан тогтоох;

33.1.3.спортын сургалт, дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг дүрмийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр тухайн байгууллага хангах;

33.1.4.хөгжлийн бэрхшээлтэй тамирчин бусад тамирчны нэгэн адил нийгмийн баталгаагаар хангагдах.

33.2.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

33.2.1.хөдөлмөрийн хүнд нөхцөл, мэргэжлийн онцлог, ажил үүрэгтээ тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;

33.2.2.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдал, долоо хоногийн амралтын өдөр ажиллаж, нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т заасан нэмэгдэл цалин хөлс олгох, бусад урамшуулал, дэмжлэг үзүүлэх;

33.2.3.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САНХҮҮЖИЛТ

34 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын санхүүжилт

Хэвлэх

34.1.Энэ хуулийн 9.1.2, 9.1.4, 10.1.2, 23.4, 23.6, 28.1, 36.2-т заасан үйл ажиллагааг улсын төсвөөс, 22.3-т заасныг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Спортыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

34.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4, 13.1.5, 13.1.7, 13.1.8-д заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

34.3.Биеийн тамир, спортын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, ажилтан, дасгалжуулагч, тамирчны нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн ажил, үйлчилгээ явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулж болно.

34.4.Энэ хуулийн 10.1.7-д заасан журмын дагуу орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг биеийн тамир, спортын ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зарцуулж болно.

34.5.Биеийн тамир, спортын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.

34.6.Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон баталж, төсвөөс санхүүжүүлнэ.

34.7.Биеийн тамир, спортод зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

35 дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг

Хэвлэх

35.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг дэмжин ивээн тэтгэж болно.

35.2.Аж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай, түүний дэд бүтцийг барих, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй спортын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх, спортын зориулалт бүхий барилгын материалд холбогдох хуульд заасны дагуу төрөөс татварын дэмжлэг үзүүлж болно.

35.3.Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар иргэдэд үйлчлэх спортын зориулалтаар тоноглон ашиглаж байгаа барилга байгууламж, заал, талбайн газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтоож, төрөөс дэмжиж болно.

35.4.Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас тодорхой хугацаанд хөнгөлөлт эдлүүлэх хэлбэрээр төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ.

36 дугаар зүйл.Биеийн тамир, спортын барилга байгууламж, сургалтын орчин, спортын хэрэгсэл материал

Хэвлэх

36.1.Спортын барилга байгууламж, заал, талбай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэгсэл материал нь спортын ажилтан, дасгалжуулагч, тамирчин, хичээллэгчийн онцлог, стандартад нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.

36.2.Спортын барилга байгууламж, заал, талбайн стандартыг боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

36.3.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг гэрчилгээжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

36.4.Өмчийн хэлбэр харгалзахгүй биеийн тамир, спортын барилга байгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.

36.5.Төрийн болон орон нутгийн өмчийн спортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно.

36.6.Хувьчлах болон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгална.

36.7.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол олгох сургалтын байгууллага суралцагчийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх стандартын шаардлага хангасан барилга байгууламж, заал, талбай, техник хэрэгсэл, материал, тоног төхөөрөмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

36.8.Спортын төрөл бүрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, хувцас хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, засварлах, хангах ажилд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

36.9.Биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.

36.10.Боловсролын сургалтын байгууллага барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан биеийн тамирын хичээлийн сургалтад зориулсан эзэмшил бүхий талбай, газартай байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

37 дугаар зүйл.Биеийн тамир, спортын цахим мэдээллийн сан, дэд бүтэц

Хэвлэх

37.1.Биеийн тамир, спортын салбарт спортын цахим мэдээллийн сан байх бөгөөд тус сан нь төрийн мэдэлд байна.

37.2.Спортын цахим мэдээллийн сан нь иргэдийн бие бялдрын түвшин тогтоох, хянах, зөвлөгөө өгөх удирдлагын системтэй байна.

37.3.Спортын цахим мэдээллийн сан бүх түвшний спортын байгууллага, орчин, хэрэглэгдэхүүн, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний нөөц, төсвийн мэдээллээс бүрдэнэ.

37.4.Спортын цахим мэдээллийн сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

37.5.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага спортын цахим мэдээллийн нөөц сантай байна.

37.6.Спортын цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

37.7.Спортын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглах, түгээх журмыг спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38 дугаар зүйл.Гадаад харилцаа

Хэвлэх

38.1.Биеийн тамир, спортын гадаад хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримтална.

38.2.Биеийн тамир, спортын асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай гэрээ байгуулах тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

38.3.Гадаадын тамирчин, дасгалжуулагчийг биеийн тамир, спортын байгууллага, холбоо гэрээгээр ажиллуулах бол олон улсын спортын байгууллагын дүрэм, журам, зааварт нийцсэн байна.

39 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

Хэвлэх

39.1.Биеийн тамир, спортын салбарын хяналтын үйл ажиллагааг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

39.2.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.

39.3.Талууд маргааныг спортын арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан гэрээгээр тохиролцсон, эсхүл спортын холбоод, тамирчин, дасгалжуулагч, сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол шүүхийн харьяаллын бус спортын үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг спортын арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.

40 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

40.1.Удирдах ажилтан, дасгалжуулагч, спортын шүүгч энэ хуульд заасан ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

40.2.Олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсооно.

40.3.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

41 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

41.1.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР