- Нүүр
- Дүгнэлт
- Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
1
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..." гэсэн заалтын агуулга нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих болон бусад аргаар хязгаарлах аливаа ажиллагааг явуулах үндэслэл, журмыг зөвхөн хуулиар тогтоох шаардлага тавьсан байна. Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөө нь төрийн төлөөлөгчийн хяналтад орсноос албадан хязгаарлагдаж эхэлдэг бөгөөд тийнхүү хяналтад оруулах тодорхой төрлийн ажиллагааны үндэслэл болон журмыг парламент хуулиар тогтоогоогүй бол хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлахыг эрс хориглосон байна.
Би өмнө нь энэ мэдээлэлтэй ижил агуулгатай буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүлжүүлэх журмыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална." гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..." гэж заасныг зөрчсөн тухай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд гаргасан бөгөөд үүний дагуу маргаан үүсгэн хэлэлцэж, дээрх заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлт, мөн оны 02 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын үндэслэл хэсгийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж буй эрүүлжүүлэх үйл ажиллагааг хуулиар биш Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан журмаар зохицуулахаар хуульд заасан нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүй байна." гэсэн.
Дээрх шийдвэрүүдийн хууль зүйн үр дагавраар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг төрийн төлөөлөгч болох цагдаагийн ажилтны хяналтад оруулах нэг төрлийн албадлагын харилцаа болох эрүүлжүүлэх ажиллагааны журам нь ямар ч хуулийн зохицуулалтгүй болсон тул эрүүлжүүлэх ажиллагааг тасалдуулахгүйн тулд 2003 онд Улсын Их Хурлаас Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг баталж, өнөөг хүртэл мөрдүүлж байна.
Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно." гэж зааж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах аргаар хязгаарлан цагдаагийн алба хаагчийн хяналтад албадан оруулах өөр нэг төрлийн ажиллагааны үндэслэлийг заажээ. Улмаар тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэж заагаад тус зүйлийн 26.3-26.6 дахь хэсэгт журмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тус зохицуулалт нь хүнийг түр саатуулах байранд хүргэхээс өмнө үүссэн харилцаанд хамаарахгүй байна.
Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд хүнийг төрийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хяналтдаа аван холбогдох газарт хүргэх зарим төрлийн ажиллагааны журмыг хуульчилсан боловч тэдгээр зохицуулалт нь хэт ерөнхий бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах харилцаанд хамааралгүй байдаг.
Түүнчлэн уг зүйлийн 26.6 дахь хэсэгт буй "Түр саатуулах байрны дэглэм, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэсэн заалт нь түр саатуулах ажиллагааны журмын тухай зохицуулалтыг бус харин тус ажиллагааны нэг элемент болох түр саатуулах байр /объект буюу барилга байгууламж/-ны дэглэм, журмын тухай харилцаанд хамаатай байна. Тэгэхээр мөн зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах тохиолдолд цагдаагийн алба хаагчийн хяналтад оруулсан мөчөөс эхлэн түр саатуулах байранд хүргэх мөч хүртэлх хугацаанд хэрэгжих ажиллагааны хугацаа, журмыг хуульчлаагүй буюу уг харилцааг хуулиар зохицуулаагүй байна. Энэ нь хуулийн зохицуулалтгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах аливаа ажиллагааг явуулахыг хориглосон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлт, 02 дугаар тогтоолд нийцээгүй байна. Хэрэв дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн үйлчлэлийг зогсоовол тус зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах ажиллагаа нь цагдаагийн алба хаагчийн хяналтад оруулсан мөчөөс эхлэн уг хугацаа тоологдож, мөн зүйлийн 26.3-26.6 дахь хэсэгт тусгасан журмын шинжтэй зохицуулалт үйлчлэх боломжтой болох бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн дээр дурдсан заалт болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолд харшлахгүй үр дагавар үүсэх юм.
2.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан. Энэ заалтын агуулга нь төрөөс Үндсэн хуулиар болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль батлах, уг баталсан хуулийнхаа нөхцөлийг дордуулахгүй байх үүргийг өөртөө хүлээх явдал юм.
Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар түр саатуулах ажиллагааг төр гэм буруутай нь шүүхээс тогтоогдоогүй хүнийг хэрэг, зөрчилд холбогдуулан түүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг өөрийн хяналтдаа авч, түр саатуулах байранд хүргэх, хүргэсэн хойноо холбогдох шалгалтыг хуульд заасан тодорхой хугацааны дотор хийхийг ойлгохоор байна.
Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн зохицуулалтаар түр саатуулах ажиллагааг цагдаагийн алба хаагч хүнийг хэрэг, зөрчилд холбогдуулан өөрийн хяналтдаа авах, түр саатуулах байранд хүргэх, хүргэсэн хойноо холбогдох шалгалтыг хийх гэсэн гурван шат дамжлагаар явуулж 6 цагийн дотор амжиж гүйцэтгэх ба эс бөгөөс тухайн хүнийг суллаад холбогдох шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг үүрэг болгосон нь өмнө үйлчилж байсан хуулийн зохицуулалттай харьцуулбал хүний эрхийг тодорхой түвшинд хангахуйц дэвшилттэй зохицуулалт болсон.
Харин тус зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэж заасан бөгөөд энэ зохицуулалтын зорилго нь орон нутагт түр саатуулах байр хол зайтай оршдог учир хэрэг, зөрчилд холбогдсон хүнийг саатуулах байранд хүргэх гэсээр байтал 6 цаг нь өнгөрч уг холбогдогчийг тухайн байранд хүргэхээс өмнө тавьж явуулах үр дагавар үүсэхээс сэргийлсэн байж болохоор байна.
Гэвч уг зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүнийг цагдаагийн алба хаагч өөрийн хяналтдаа авснаас хойш түр саатуулах байранд ямар хугацааны дотор амжиж хүргэх тухай хуулийн зохицуулалт тус хуульд болон бусад холбогдох хуульд тусгагдаагүй байна. Тэгэхээр цагдаагийн алба хаагч хүнийг байгаа газраас нь түр саатуулах байранд албадлагаар хүргэх ажиллагаа нь орон зайн хувьд болон хүргэх тээврийн хэрэгслийн төрөл, замын хөдөлгөөний ачаалал, цаг агаар болон байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалж хэдэн цаг ч болж болно. Хэрэв цагдаагийн алба хаагч дээрх үндэслэлээр хүнийг өөрийн хяналтдаа аваад түр саатуулах байранд хүргэхдээ 8 цагийг зарцуулсан бол тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэж тухайн хүнийг түр саатуулах байранд үргэлжлүүлэн 6 цаг саатуулах боломжтой ба энэ тохиолдолд тухайн хүнийг төр өөрийн хяналтад нийт 14 цаг байлгана.
Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хүнийг түр саатуулах буюу төрийн хяналтад албадан байлгах хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй байх зорилго бүхий зохицуулалттай харшилж байна. Тодруулбал төр уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хүнийг түр саатуулах хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй гэж заасныг тус зүйлийн 26.2 дахь хэсгээр хүнийг түр саатуулах байранд хэзээ хүргэхээс хамаарч 6 цагаас дээш хэдэн цаг ч байж болохоор хязгаарлалтгүй болгосноор холбогдох хүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Ийнхүү 6 цагийн хугацааг ихэсгэж хүний эрх зүйн байдлыг дордуулсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт буюу төр хүний эрх зүйн байдлыг хамгаалсан хуулийн нөхцөлийг дордуулсан хууль батлахгүй байх үүргийг зөрчсөн шинжтэй байна.
Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн эсэхэд тус тус дүгнэлт гаргана уу." гэсэн байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"... 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар
Хүний халдашгүй байдал гэдэг нь тэргүүн эгнээний эрхийн хэрэгцээ, хүний эрхийн амин чанар байдаг. Иймээс олон улсад үүнийг үндсэн эрх гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 9 дүгээр зүйлд "Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй." гэж, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй." гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт /цаашид "Пакт" гэх/-ын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. ... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй." гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй." гэж тус тус заасан. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Энэхүү үндсэн эрх нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахыг хориглосон агуулгатай. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч дур мэдэн баривчлах, хорих зэргээр эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гэсэн агуулгатай. Харин нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоохын тулд "гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс" зарим тохиолдолд бусдын дээрх эрхийг хязгаарлах шаардлага үүсдэг бөгөөд энэ нь олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн үйл ажиллагаа юм.
Нийгэмд аюултай үйлдлийн аюулын шинжийг үндэслэн олон улсын хэмжээнд саатуулах, баривчлах, цагдан хорих зэрэг хүний эрхийг хязгаарладаг хэлбэрүүд байх бөгөөд эдгээрийг зөвхөн үндэсний хууль тогтоомжуудад тодорхой зааж өгсөн нь хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэсэн үндсэн эрхийн зарчимтай нийцэж байгаа юм. Тухайлбал, олон улсын хэм хэмжээний актад баривчилсан цаг хугацааг тодорхойлохдоо баривчилсан цаг, саатуулах газарт хүргэсэн цаг, шүүхэд хүргэгдсэн цаг гэсэн гурван хугацааг хэрэглэж байна. Үндэсний эрх зүйн тогтолцоо, нийгмийн онцлогтой уялдуулан эдгээр цагийг хэрэглэх боловч энэ нь гагцхүү хуульд тусгалаа олсон байх шаардлагатай. Үндсэн хууль, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын нэгдэн орсон Пакт зэрэг дээрх баримт бичигт заасныг үндэсний хууль тогтоомжид тодорхой тусгаж өгсөн байна. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9, 31.4 дүгээр зүйл зэргийг дурдаж болно.
Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн үзэл баримтлалд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан гэжээ.
Уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно." гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт тус хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор заасан. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар иргэнийг түр саатуулах /6 цаг/ үйл ажиллагаа нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилготой байна. Тус зохицуулалт нь хууль тогтоомжоор харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэм буруугүйг тогтоох, цагаатгах нотлох баримтыг цуглуулах чиглэлээр хийгдэх ажиллагаа, иргэдийн амар тайван амьдрах баталгааг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт юм.
Хүнийг түр саатуулахдаа цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зайлшгүй мөрдөж ажиллах үүрэгтэй. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд дурдсаны дагуу хүнийг саатуулсан хугацаанаас 6 цагийг тоолбол саатуулах байр хүрэх замд Монгол Улсын нутаг дэвсгэр, суурьшлын бүсийн онцлог зэрэг нь тус хуулийн 26 дугаар зүйлд заасан түр саатуулах ажиллагаанд нөлөөлөгч гол хүчин зүйлээс хамаарч хуулиар олгосон цаг хугацаа өнгөрч, хууль сахиулах байгууллагын ажилтнаас гэмт хэрэг, зөрчилд сэрдэгдэж байгаа хүний талаар шаардлагатай мэдээллийг тодруулах боломжгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа тухайн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй цаг хугацаанд үйл ажиллагаагаа явуулах нь тодорхой учраас хууль санаачлагч болон хууль тогтоогч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хүнийг түр саатуулснаас бус, түр саатуулах байранд хүргэснээс эхлэн хугацаа тоолох зохицуулалтыг хуульд тусгасан.
Хот суурин газарт түр саатуулагдсан иргэнийг хуульд заасан 6 цагийн хугацааг баримталж түр саатуулах байранд хүргэж болох ч орон нутагт байгаль цаг уурын нөхцөл байдал, тээвэрлэх замын урт зэргээс хамаарч зарим тохиолдолд дээрх хугацаанд багтах боломжгүй болох эрсдэлтэй тул хууль санаачлагчаас өргөн барьсан төслийн зохицуулалтыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад хөндөөгүйг тухайн үед Улсын Их Хурлын чуулганаар хуулийг хэлэлцсэн тэмдэглэлээс харж болно. Харин түр саатуулагдсан иргэний халдашгүй байх эрхийг хамгаалах үүднээс төсөлд "Цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ." гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн нь хүний эрхийг хамгаалах талаар гаргасан дэвшилттэй алхам болсон гэж үзэж байна.
Дээр дурдсан зохицуулалтын дагуу цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруйд түүнийг гэр бүлийн гишүүн, өмгөөлөгчтэйгөө уулзах, утсаар ярих боломжоор ханган ажилладаг байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ..." гэсэн зохицуулалттай нягт холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг түр саатуулсан талаар мэдээллийг өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, ойр дотны хүнд мэдэгдэж эрх ашгийг нь хамгаалуулах боломжийг олгож байгаа зохицуулалт юм.
Энэ үйл ажиллагааг түр саатуулах байранд хүргэхээс өмнө хийх бөгөөд нэг талаас Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснээ биелүүлж буй нэг хэлбэр гэж үзэж болно.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/85 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Түр саатуулах байрны дэглэм, журам"-ын 1.10 дахь заалтад "Хүнийг түр саатуулах хугацааг тоолохдоо Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтална." гэж заасны дагуу цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэйгээс гадна бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглох болон хууль тогтоомжид заасан бусад хориглолт, хязгаарлалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Дээр дурдсанаас үзэхэд Цагдаагийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..." гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар
Цагдаагийн байгууллага, түүний алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "... гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба ..." гэж тодорхойлсны дагуу үйл ажиллагаагаа явуулахдаа мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "... Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх ..." зарчмыг баримтлан ажилладаг.
Ингэхдээ тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "... хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй." гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалтад "хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;"-ыг хориглон тунхаглалын шинжтэй бус хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, мөн зүйлийн 22.2 дахь хэсэгт "... хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй." гэсэн зохицуулалт бүхий хэм хэмжээ тогтоож цагдаагийн алба хаагчид үүрэг болгосон.
Хэрэв хуулиар үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн бол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.3 дугаар зүйл, 13.9 дүгээр зүйлүүдэд заасан хариуцлага тооцдог байхаар зохицуулсан нь нэг талаас иргэдийн эрх, эрх чөлөөг цагдаагийн алба хаагчийн хууль зөрчсөн үйлдлээс хамгаалсан, нөгөө талаас Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг баталгаажуулсан зохицуулалт болж өгсөн.
Энэ нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй." гэж, Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. ... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй." гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй." гэж тус тус заасантай бүрнээ нийцэж байгаа юм. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүрээнд дээр дурдсан хуулиудад заасны дагуу хүн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээлгэхээр гомдлоо гаргах эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллага гомдлыг хүлээн авч шалгах ажиллагаа явуулах эрх зүйн боломжийг нээж өгсөн.
Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооход хэрэглэдэг түгээмэл шалгуур нь тэнцвэрийн зарчим юм. Энэ зарчмын хүрээнд төрийн хууль ёсны зорилгод нийцүүлэн иргэний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарладаг. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..." гэж заасан. Эрх бүхий байгууллагаас зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн иргэний тодорхой үйлдлийг шалгах зорилгоор иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг.
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулж буй үйл ажиллагаа нь угаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор түр саатуулагдаж буй хүний хүсэл зоригоос гадуур буюу түүний эрхийг хязгаарлах замаар явагддаг үйл ажиллагаа юм. Хүний эрх, эрх чөлөө нь тухайн хүнд байх боломж боловч тэрхүү боломжийн хязгаарууд ч бас хүний эрх, эрх чөлөөнд агуулагдаж байдаг. Тэрхүү хязгаар нь бусад хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн хязгаарууд юм. Тиймээс ч иргэний нийгэмд нэг хүний эрх, эрх чөлөө нь бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй гэсэн зарчим үйлчилдэг. Ямар ч улс оронд үндэсний аюулгүй байдал, нийгмийн дотор тогтсон хэв журмаас давсан хүний эрх, эрх чөлөө байж болохгүйг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг байна.
Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй." гэж заасан. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэснийг хүний аюулгүй байдлыг хамгаалах үндэсний чадвар болох үндэсний аюулгүй байдалд эрх, эрх чөлөө нь захирагдах; хүний эрх, эрх чөлөө нь туйлын эрх бус, харин бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байх; нийгэмд төр хийгээд хүмүүн хоорондын харилцааны болон зан төлөвийн тодорхой загварыг мөрдүүлэх цогц тогтолцоо болсон нийгмийн хэв журам нь нийгмийг хаус төлөв, эмх замбараагүй байдалд оруулахгүй байх эрх ашигтай холбоотой гэж ойлгоно.
Пактын 9 дүгээр зүйлд заасны дагуу хүний халдашгүй дархан байх эрх нь хүний суурь эрх бөгөөд түүнийг хязгаарласан Засгийн газрын аливаа үйл ажиллагаа нь хууль ёсны тодорхой зорилгын үүднээс үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн байх ёстой. Гэхдээ хувь хүний эрхийг ийнхүү хязгаарлах ажиллагааг үндэсний хууль тогтоомжийн дагуу хийх ёстой бөгөөд хуульд энэ хязгаарлалтыг урвуулан ашиглахаас сэргийлсэн, урвуулан ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг тусгасан байх ёстой.
Дээр дурдсаныг үндэслэн Цагдаагийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэн энэхүү тайлбарыг Танд хүргүүлж байна.
Харин практикт зөрчил гаргасан иргэнийг холбогдох чиг үүрэг бүхий байгууллагад авчирсан, эсхүл дуудан ирүүлж түр саатуулсан тодорхой үндэслэл, хугацаа, мэдүүлэг авсан, хувийн байдлыг тогтоосон, баривчлах тогтоол үйлдэн, прокурорын зөвшөөрлийг авч хорих ангид хүлээлгэн өгсөн хугацаа зэргийг нарийн тогтоох талаар хууль хэрэглээний зөрчил үүсэж байгаа нь хууль тогтоогчоос Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг баталсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн сэжигтнийг өөрийн хүслээр тухайн газрыг орхин гарах бололцоо олгоогүй бүх тохиолдлыг хаана /албаны өрөө, албаны болон хувийн машин, түр саатуулах байр, эрүүлжүүлэх, эмнэлэг/ байлгаснаас үл хамааран хүний халдашгүй чөлөөтэй байх эрх чөлөөг хязгаарласан үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдад болон иргэдэд сурталчлан таниулах шаардлагатай байна.
Цаашид хууль сахиулах байгууллагаас батлагдсан хуулийг зөв ойлгон хэрэгжүүлж, төлөвшүүлж чадахгүй, хуулийн үзэл баримтлалыг гуйвуулах, тухайн байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан хэрэглэхдээ хүний эрхийн зөрчил гаргах, зөрчил гаргасан иргэний саатуулагдсан хоногийг баривчлах хугацаанд оруулж тооцохгүй байх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж саатуулах арга хэмжээ авах эрх олгогдсон ч түүнийг хэрэгжүүлэхдээ хүнийг дур мэдэн саатуулах, эрх чөлөөг хязгаарлах эрсдэл бий болохоос сэргийлэх зорилгоор процессын зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай байна.
Иймд Улсын Их Хурлаас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолоор даалгасан. Тухайлбал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх саналыг боловсруулж танилцуулах; зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал боловсруулж танилцуулахыг тус тус даалгасан ..." гэжээ.
Гурав. Мэдээллийг урьдчилан шалгах болон дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, тайлбар, шийдвэртэй танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс баримт, тайлбар, дүгнэлт гаргуулан авсан болно:
Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид "НҮБ" гэх/-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, 1948, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, 217/А/III/;
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, 1966, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, 2200А(XXI);
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, 1988, "Аливаа хэлбэрээр саатуулагдсан эсхүл хоригдсон хүнийг хамгаалах зарчмын цогц," 43/173 /цаашид "НҮБ-ын зарчмын цогц" гэх/;
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоол, 2010, "Дур мэдэн саатуулах," A/HRC/RES/15/18;
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоол, 2012, "Хүчээр эсхүл сайн дурын бусаар алга болгох," A/HRC/RES/21/4;
НҮБ-ын Хүний эрхийн хороо, 1996, Куломин Унгарын эсрэг, CCPR/C/50/D/521/1992;
НҮБ-ын Хүний эрхийн хороо, 2008, "Дүгнэлт ажиглалт: Франц," CCPR/C/FRA/CO/4;
НҮБ-ын Хүний эрхийн хороо, 2009, "Дүгнэлт ажиглалт: Нидерланд," CCPR/C/NLD/CO/4;
НҮБ-ын Хүний эрхийн хороо, 2014, "Ерөнхий тайлбар №35: 9 дүгээр зүйл (Эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрх)," CCPR/C/GC/35 /цаашид "Ерөнхий тайлбар №35" гэх/;
НҮБ-ын Хүний эрхийн хороо, 2023, Мурсалов нар Азербайжаны эсрэг, CCPR/C/136/D/3153/2018;
НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо, 2003, "Мексикийн талаарх тайлан," CAT/C/75;
НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо, 2008, "Ерөнхий тайлбар №2: (Оролцогч улсуудын 2 дугаар зүйлийн хэрэгжилт)," CAT/C/GC/2;
НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо, 2022, "Болгар улсад хийсэн айлчлалын тайлан," CAT/OP/BGR/ROSP/1;
НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2015, "Эрх чөлөөгөө хасуулсан хэн бүхний шүүхээр хянуулах эрхийг сэргээн эдлүүлэх болон хэрэгжүүлэх журмын тухай НҮБ-ын үндсэн зарчим, удирдамж," A/HRC/30/37;
НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2023, "Монгол Улсад хийсэн айлчлалын тайлан," A/HRC/54/51/Add.2;
Хүний эрхийн Европын шүүх, 2006, Маккэй Нэгдсэн вант улсын эсрэг, 543/03;
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1991.11.14-ний өдрийн хуралдааны протокол, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж II, 2022;
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1991.11.28-ны өдрийн хуралдааны протокол, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж VII, 2022;
БНМАУ-ын Бага хурлын чуулганы 1991.05.21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж I, 2022;
БНМАУ-ын Бага хурлын чуулганы 1991.11.27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж VI, 2022;
БНМАУ-ын Бага хурлын чуулганы 1992.01.13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж XII, 2022;
НҮБ-ын Хүний эрхийн төв, 1991, "Үндсэн хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх тусламж";
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн ТГ-02/370 дугаар албан бичиг, түүний хавсралт болох 2017 оны Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2017 оны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 1993 оны Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийг тус тус хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, төслийн үзэл баримтлал, холбогдох судалгаа, тайлан;
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/1089 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар;
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/410 дугаар албан бичгээр ирүүлсэн санал /цаашид "Хүний эрхийн Үндэсний Комиссын санал" гэх/;
Монгол Улсын ерөнхий прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1562 болон мөн оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/4429 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариу;
Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/128 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар /цаашид "Цагдаагийн ерөнхий газрын хариу" гэх/ болон мөн оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/387 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, баримт /цаашид "Цагдаагийн ерөнхий газрын тайлбар" гэх/;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Судалгааны төвийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн харьцуулсан судалгаа;
Эмнести Интернэшнл, 1991, "Монгол Улсын Бага хуралд толилуулах санамж бичиг";
"Монголын Эмнести Интернэшнл" ТББ-аас 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 014 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар албан бичгээр ирүүлсэн amicus brief буюу дүгнэлт /цаашид "Эмнести Интернэшнлийн дүгнэлт" гэх/;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч Г.Оюунболдын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт /цаашид "Шинжээчийн дүгнэлт" гэх/;
Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон улсын хүний эрхийн билл: Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний эмхэтгэл, 2015;
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэс, Хүний эрх: олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхэтгэл, 1993.
1.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг /цаашид "Цагдаагийн албаны тухай хууль" гэх/ баталсан. Тус хуулийн Дөрөвдүгээр бүлэгт цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журмыг тусгаж, энэ хүрээнд 26 дугаар зүйлээр "түр саатуулах" ажиллагааг зохицуулжээ. Тус зүйлийн 26.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно." гэж түр саатуулах ажиллагааны үндэслэл, хугацааны хязгаарыг тогтоож, харин 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэж заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж тусгаж, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхээс гадна бие махбодын болон бусад эрх чөлөө /хувийн халдашгүй байх, гэр бүл халдашгүй байх, захидал харилцааны нууц халдашгүй байх, орон байр халдашгүй байх зэрэг эрх/, тэдгээрийг хязгаарлахад тавих нөхцөлийг тогтоож баталгаажуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймд Монгол Улс Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал /цаашид "Тунхаглал" гэх/-ыг олон улсын эрх зүйн заншлын хувьд нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтлах бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт /цаашид "Пакт" гэх/-аар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Бие махбодын эрх чөлөөг Тунхаглалын 3 дугаар зүйлд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй." гэж, 9 дүгээр зүйлд "Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй." гэж тусгасан бол Пактын 9 дүгээр зүйлд дэлгэрэнгүй зааж баталгаажуулсан байна.
Иргэн П.Баттогтохын мэдээлэлд тусгасан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу түр саатуулах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар хамгаалсан бие махбодын эрх чөлөөг хязгаарлах үр дагавартай байна. Бие махбодын эрх чөлөөг хязгаарлах нь Пактын 9 дүгээр зүйлд хэрэглэсэн "эрх чөлөөг хасах" гэсэн нэр томьёонд дүйх учраас тус хязгаарлалтыг бие махбодын эрх чөлөөг хасах гэж томьёолон ойлгох нь зүйтэй байна.
Бие махбодын эрх чөлөө гэдэг нь дур мэдэн баривчлах, хорих эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг хасахаас ангид байх эрх юм. Эрх чөлөөг хасах нь хүний хөдөлгөөнийг хумигдмал орон зайд тодорхой хугацаагаар хүсэл зоригийнх нь эсрэг хязгаарлаж, чөлөөтэй орхин явах боломжгүйгээр суллагдах хүртэл байлгах гэсэн утгатай бөгөөд эрх чөлөөгөө хасуулснаар хүн бусад олон эрхээ эдлэх боломжгүй болдог тул энэ нь үндсэн эрхэд халдах хамгийн ноцтой хязгаарлалтын нэгд тооцогдоно. Монгол Улсын Үндсэн хуульд дурдсан баривчлах, хорих нь ердийн хууль дахь төстэй ойлголтоос ялгаатай. НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар №35 /догол 13/-д "баривчлах" гэдэг нь хүнийг барьж аван эрх чөлөөг нь хасаж эхлэх аливаа үйлдлийг; "саатуулах" гэдэг нь баривчлагдах үеэс эхэлж, суллагдах хүртэл үргэлжлүүлэн эрх чөлөөг хасахыг хэлнэ гэжээ. Иймээс Ерөнхий тайлбар №35 /догол 5/-д тусгасан агуулгаар эрх чөлөөг хасах гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан хүнийг саатуулах арга хэмжээ, Цагдаагийн албаны тухай хуульд заасан түр саатуулах ажиллагаа зэрэг /эдгээрийг хамтад нь "саатуулах" гэсэн ерөнхий үгээр нэрлэдэг/-ээс гадна Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан баривчлах шийтгэл, Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан хорих ял эдлүүлэх, түүнчлэн гэрийн хорионд байлгах, эрүүлжүүлэх байранд байлгах, албадан эмчлэх, хүүхдийг улсын асрамжид байлгах, нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүсэд саатуулах, албадан тээвэрлэх зэргийг багтааж ойлгохоор байна.
Иргэний мэдээлэлд дурдсан Цагдаагийн албаны тухай хуульд заасан түр саатуулах ажиллагаа нь хаана, хэзээ хийгдэж байгаагаас үл хамааран эрх чөлөөг хасах арга хэмжээ мөн. НҮБ-ын Хүний эрхийн хороо /2023, догол 9.7/ алба хаагч хувь хүнд албадлага хэрэглэн чөлөөтэй орхин явуулахгүйгээр цагдаагийн газар хүргэж, суллагдах хүртэл нь тухайн газар байлгаж байгааг эрх чөлөөг хассан хэмээн үзсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг эрх чөлөөг хасах гэх ойлголтын утгыг дараах байдлаар задалж тайлбарласан байна. Мэдүүлэг өгснийхөө дараа тухайн газрыг орхин явах эрхгүй болсон хүнийг холбогдох байгууллагын хяналтад орсон цагаас нь эхлэн саатуулсанд тооцно. /2023, догол 38/ Эрх чөлөөг хасах нь орон зайн хувьд хаана ч тохиолдож болох бөгөөд дур мэдэн баривчлан саатуулах явдлаас хамгаалахын тулд баривчилсан, эсхүл саатуулсан, цагдан хорьсон гэж албан ёсоор тодотгох шаардлагагүй. Үүний нэгэн адилаар ямар ч хугацаанд, тэр ч байтугай хэдхэн цагаар эрх чөлөөг нь хассаныг саатуулсан хэмээн үзнэ. /2023, догол 37/ Эрх чөлөөг хасах гэдэгт хүнийг анхлан барьж авсан мөчөөс эхлэн баривчилсан, шүүх хуралдаанаас өмнө болон дараа нь саатуулсан хугацааг хамруулна. /2015, догол 9/
Хүний эрхийн Үндэсний Комиссын саналд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Пактын 9 дүгээр зүйлд зарчмын хувьд нийцэхгүй гэж дүгнээд, үндэслэлээ "Түр саатуулах зорилгоор цагдаагийн байгууллагад хүргэх ажиллагааг явганаар болон тээврийн хэрэгслээр, шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэж гүйцэтгэдэг бөгөөд энэ хугацаанд тухайн хүн цагдаагийн алба хаагчийн хяналтаас гарах боломжгүй болдог. ... Хүний эрх чөлөөг хасах албадлагыг хаана ч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд зөвхөн түр саатуулах зориулалтын өрөөгөөр хязгаарлан ойлгож болохгүй юм. Ийнхүү эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь үргэлжлэх хугацаанаас үл хамааран саатуулсанд тооцогдох бөгөөд энэ үеэс дур зоргоор саатуулагдахаас хамгаалагдах нөхцөл бүрдэнэ." гэж тайлбарласан байна.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Оршилд "Монголын ард түмэн бид: ... хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. ..." гэж тунхаглаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар болон бусад зүйлд хүний эрх, эрх чөлөө /цаашид "үндсэн эрх" гэх/-г хүлээн зөвшөөрч хамгаалсан. Эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх, итгэл үнэмшил, үзэл бодолтой байх зэрэг эрх нь хүний нэр төрийн зайлшгүй хэсэг бөгөөд ямар ч тохиолдолд хязгаарлагдах ёсгүй туйлын эрх болно. Эдгээрээс бусад үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд уул хязгаарлалт нь хуульд тодорхой заагдсан, тохирсон, шүүхийн хяналтад байх зэрэг нөхцөлийг хангахыг Монгол Улсын Үндсэн хуулиар шаарддаг бөгөөд эдгээр нөхцөлийн аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Иргэний мэдээлэлд дурдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн хүнийг түр саатуулах хугацааны зохицуулалт нь эрх чөлөөг хасах агуулгатай байна. Иймд тус зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих дээрх гурван нөхцөлийг хангасан эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна:
2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болж, эрх зүйт төрийн өргөн агуулга, үнэт зүйлийг хамгаалж бэхжүүлдэг. Хууль дээдлэх ёс үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай. Мөн үндсэн эрхийн хязгаарлалтыг хуулиар бус, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын баталсан хэм хэмжээний акт /журам/-аар тогтоосон нь энэ шаардлагыг зөрчинө. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх/-ийн 2002 оны 02 дугаар дүгнэлт, мөн оны 02 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар дүгнэлт, 2021 оны 02 дугаар дүгнэлтийг гаргахдаа эрх зүйн тодорхой байдлын зарчмыг баримталсан байна.
Түүнчлэн Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй гэж заасан. НҮБ-ын Хүний эрхийн хороо "Баривчлах, саатуулах аливаа бодит үндэслэлийг хуулиар тогтоох бөгөөд хэт өргөн буюу дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс сэргийлэх үүднээс тэдгээр үндэслэлийг нарийвчлан заана. ..." гэж тайлбарлажээ. /Ерөнхий тайлбар №35, догол 22/
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь хуульд заасан үндэслэл, журмаар явагдахаар онцгойлон тусгасан бөгөөд энэ заалт нь Пактын 7, 8, 9, 10, 11, 17 дугаар зүйлээр хүлээн зөвшөөрсөнтэй дүйх болон бусад эрхийг багтааж хамгаалдаг учраас Пактын 9 дүгээр зүйлээс илүү өргөн агуулгаар бичигдэж, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрх, хүний бие махбодын болон бусад эрх чөлөөг хамгаалж баталгаажуулсан гэж үзэхээр байна.
Хүнийг түр саатуулах зэргээр хүний бие махбодын эрх чөлөөг хасах тохиолдолд түүний үндэслэл, журмыг эрх зүйн тодорхой байдлын зарчмыг ханган хуульчилж, хууль практикт хэрхэн хэрэгжихийг хүмүүс урьдчилан таамаглах боломжтой байх ёстой. Харин хуулийн зохицуулалт нь хэт өргөн хүрээтэй бол үзэмжээрээ эсхүл дур мэдэн хэрэгжүүлэх орон зайг бий болгодог. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг дэх түр саатуулах хугацааг тоолох журам болон түр саатуулах байрны тодорхойлолт нь эрх зүйн тодорхой байдлыг хангасан байх шаардлагатай.
2.1.1.Эрх чөлөөгөө хасуулсан мөчөөс эхлэн суллагдах хүртэл уул хугацааг тооцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлага мөн. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүнийг түр саатуулах байранд хүргэснээс эхэлж 6 цаг хүртэл хугацааг тооцох тул ийнхүү хүргэхээс өмнөх эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь түр саатуулсан хугацаанд тооцогдохгүй байх үр дагавартай байна. Энэ нь урт хугацаагаар эрх чөлөөг хасах, хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй байх эрсдэл үүсгэн, үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах нөхцөл зөрчигдөх боломжийг бий болгож байна. Тухайлбал Шинжээчийн дүгнэлтэд хүнийг цагдаагийн хяналтад оруулснаас хойш нийт 16-26 цаг хүртэл хугацаагаар түр саатуулсан жишээг дурдаад "өдрийн 12 цагаас илүү хугацаагаар хүлээж, улмаар түр саатуулагдсан тохиолдлууд олон байдаг" гэжээ.
Баривчлагдсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд, цагдан хоригдсон хоногийг хорих ялын хугацаанд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны саатуулсан хугацааг баривчлах шийтгэлийн хугацаанд оруулан тооцохоор хуульчилсан /Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг/ боловч Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу түр саатуулагдсан хугацаа нь эдгээр хугацаанд харилцан багтаж тоологддоггүй болохыг Шинжээчийн дүгнэлтэд тэмдэглэжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын хариунд "Цагдаагийн албаны тухай хуульд заасан зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах хугацаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийг саатуулах хугацаанд оруулан тооцох зохицуулалт байхгүй" гэжээ. Түүнчлэн НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг /2023, догол 35/-ийн тайланд "Цагдаа нар анхнаасаа иргэдийг цагдаагийн хэлтэс рүү гэрчээр дуудах нь хэвийн үзэгдэл бөгөөд дуудагдсан хүмүүс үнэн хэрэгтээ чөлөөтэй явах эрхгүй байдаг тухай ... олон хүнээс сонссон. Ийм нөхцөлд цагдаагийн хэлтэст бүтэн өдрийг өнгөрөөж байсан боловч энэ хугацааг цагдаагаас түр саатуулахаар зөвшөөрсөн 6 цагт болон баривчлан саатуулах дээд хугацаа болох 48 цагт албан ёсоор тооцон оруулдаггүй гэж мэдээлж байв." гэж дурдсан байна. Иймээс Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу түр саатуулаад үргэлжлүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар саатуулах эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баривчлах боломжтой бөгөөд түр саатуулах байранд хүргэхийн өмнө болон дараах түр саатуулсан хугацааг эдгээр хоёр хуулийн хугацаанд оруулан тооцдоггүй нь хүний эрх чөлөөг хэт урт хугацаагаар шүүхийн шийдвэр, хяналтгүйгээр хасах шалтгааны нэг болж байна.
2.1.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "түр саатуулах байр" гэж заасан ч уг ойлголтыг хуулиар тодорхойлоогүй байна. Харин уг зүйлийн 26.6 дахь хэсэгт "Түр саатуулах байрны дэглэм, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/85 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар "Түр саатуулах байрны дэглэм, журам"-ыг баталжээ. Энэ журмаар Цагдаагийн албаны тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр түр саатуулахаар шийдвэрлэсэн хүнийг цагдаагийн байгууллагын тусгайлсан байранд түр саатуулахаар зохицуулж, байрны нөхцөл, шаардлагыг тодорхойлсон. Тухайлбал, уг журмын 2.1 дэх заалтад "Түр саатуулах байр нь модон сандалтай, байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтын системтэй, хүйтний улиралд +180-ээс доошгүй хэмийн дулаан, чийглэг нь 40-60 хувьтай байх ба гадна талаасаа агаар болон гэрэл орох салхивчтай, шөнийн цагт унтраалга бүхий гэрэлтүүлэгтэй байна. ..." гэж заажээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/262 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Түр саатуулах /код 225/ журам"-д "түр саатуулах" гэдгийг цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд түр саатуулах байранд эсхүл албан өрөө, шуурхай удирдлагын албаны зэрэг байр эсхүл шаардлагатай тохиолдолд цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр тогтоосон газарт 6 цаг хүртэл хугацаагаар байлгахыг ойлгохоор тусгасан байна. Цагдаагийн ерөнхий газрын тайлбарт "... албан өрөө, шуурхай удирдлагын албаны зэрэг байр эсхүл шаардлагатай тохиолдолд цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр тогтоосон газар нь түр саатуулах байранд хамаарах бөгөөд харин уг байрууд нь ... Түр саатуулах байрны дэглэм, журмын 2 дахь зүйлд заасан "Түр саатуулах байрны нөхцөл"-ийг хангасан байх шаардлагатай" гэжээ.
Өмнө 1993 онд батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед түр саатуулах гэдгийг "эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаа, захиргааны хэрэг бүртгэх ажиллагаа явуулах шаардлага байгаа эсэхийг мэдэхийн тулд хийж байгаа ажиллагаа" хэмээн үзэж, "хэн болохыг тогтоох, оршин суугаа газрыг нь тогтоох, албадан саатуулах үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг тогтоохын тулд цагдаагийн байгууллага дээр, тухайлбал жижүүр дээр 6 цаг хүртэл байлгах" арга хэмжээ гэж анх ойлгож байжээ. /Монгол Улсын Их Хурлын чуулганы 1993.11.30-ны өдрийн хуралдааны 32 дугаар протокол, тал 6, 17/ Үүнээс үзвэл түр саатуулах тухай анхны ойлголт нь хүнийг төмөр сараалж, цоож бүхий, хорих өрөөтэй төстэй өрөөнд хорих бус, харин зөвхөн тодорхой ажиллагааг хийх зорилгоор цагдаагийн хэлтэст түр байлгах агуулгатай байсан байна. Гэтэл 2018 оны Түр саатуулах байрны дэглэм, журмын 2.2 дахь заалтад "Өрөөний цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, хаалга нь саатуулагдсан хүн харагдахуйц төмөр сараалжин, онгойлгоход нэг хүн багтах зайд хязгаарлагчтай, гадна талдаа түгжээтэй байна" гэж заасан нь түр саатуулж буй хүнийг гэмт хэрэгт холбогдуулан эрх чөлөөг нь хассан /баривчилсан, цагдан хорьсон/ хүнтэй адилтгасан гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлтэд "Бодит байдалд цагдаагийн нэгж дээр жижүүрийн ойр орчимд эсхүл эрүүлжүүлэх байртай зэрэгцэн тусгайлан тохижуулсан тодорхой хэмжээний зай талбай бүхий баривчлах, хорих өрөөтэй төстэй нөхцөл бүхий цоожтой байранд байлгадаг" бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд заасан "түр саатуулах байр", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан "саатуулах" байр нь дийлэнх цагдаагийн газар, хэлтэст нэг л байр байдаг гэжээ. Иймд тус хуульд түр саатуулах байр байхаар зааж, дээрх журмаар хүнийг түр саатуулахдаа сэжигтэн, яллагдагчтай адилтган үзэж баривчлах, цагдан хорих байртай төстэй өрөөнд хорихоор тогтоосон нь зөвхөн хуулиар үндсэн эрхийг хязгаарлах шаардлага болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нийцэхгүй байна.
Мөн түр саатуулах байр нь Монгол Улсын хэмжээнд хэд байгаа талаар тодорхой тоо тогтоогдохгүй байна. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хариунд "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан, зөрчлийн холбогдогч хэн болохыг тогтоох ... зориулалт бүхий 6 байр /Цагдаагийн байгууллагын дэргэд 3, Тагнуулын байгууллагын дэргэд 3/ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна" гэсэн бол Цагдаагийн ерөнхий газрын тайлбарт Монгол Улсын хэмжээнд 48 цаг хүртэл түр саатуулах байр 25 байгаа бол нийслэлийн хэмжээнд зөвхөн эрүүлжүүлэх, саатуулах төв 1 байр байгаа гэжээ.
Дээрх нөхцөл байдлаас үндэслэн дүгнэхэд холбогдох хуулиар түр саатуулах байрыг тусгайлан тодорхойлоогүйгээс өөр өөрөөр ойлгож, хуулийн ялгаатай үндэслэлээр саатуулагдаж буй этгээдийг нэг байранд байрлуулах, зарим тохиолдолд тусгайлсан байргүйгээр цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр тогтоосон газарт түр саатуулах боломжтой байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн "түр саатуулах байр" гэх ойлголтыг ийнхүү өөр өөр утгаар хэрэглэж байгаа нь эрх зүйн тодорхой байдлын зарчмыг алдагдуулж байна. Мөн түр саатуулах хүний биед үзлэг хийх, түр саатуулах байранд байлгах, суллах, түр саатуулсан талаар гуравдагч этгээдэд мэдэгдэх, өмгөөлөгчтэйгөө уулзах, утсаар ярих боломжоор хангах, түр саатуулсан үндэслэл, хугацааны талаарх гомдлыг прокурорт гаргах зэрэг хүний эрх чөлөөг хасахтай холбогдсон асуудлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын баталсан хэм хэмжээний акт /Түр саатуулах байрны дэглэм, журам, Түр саатуулах /код 225/ журам/-аар зохицуулж байгаа нь үндсэн эрхийг зөвхөн хуульд тодорхой заасан үндэслэл, журмаар хязгаарлах Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар хүний бие махбодын болон бусад эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахыг хориглосон. Үүнийг Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан дээр хэлэлцэх үед "хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур зорго байж болохгүй. Бид хуулиа эрхэмлэх, хуулиа дээдлэх эрх зүйт төрийг хэвшүүлэх гэдэг агуулгаараа энийг ойлгож болох зүйл" гэж тайлбарласан байна. /Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж II, 2022, тал 333/ Түүнчлэн Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Хэнийг ч дур мэдэн баривчилж буюу саатуулж болохгүй. ..." гэж заасан.
Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлах нь дур мэдсэнд тооцогдох боловч ийнхүү хязгаарлахыг хуулиар зөвшөөрсөн нь дур мэдсэн шинжтэй байж болно. Мөн "дур мэдэн" гэх ойлголт нь "хууль зөрчсөн" гэсэн ойлголттой адил агуулгагүй, харин зохисгүй, шударга бус, урьдчилан таамаглах боломжгүй, зохих журмыг баримтлаагүй, үндэслэлгүй, зайлшгүй бус, тохирсон бус, хэмжээ хэтэрсэн гэх зэрэг илүү өргөн хүрээнд тайлбарлагдах бөгөөд нийтийн албан тушаалтны дур мэдэл /дур зорго/, үзэмжээс ангид байх утгатай. /Ерөнхий тайлбар №35, догол 12/ Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Бага хурлын чуулганы 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед уул санааг хэмжээ хэтрээгүй байх гэх үгээр буюу "хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, нийгмээс тусгаарлаж байгаагийн хувьд энд хүний эрхийг хамгаалах тухай асуудал хурц тавигдах байх. ... цаана нь хяналтын ч юм уу, хүний эрхийг хамгаалах механизм байж таарах болов уу" гэж онцолж байжээ. /Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж I, 2022, тал 483/
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байх шаардлагатай бөгөөд энэ шаардлага нь эрх чөлөөг дур мэдэн хязгаарласан эсэхийг тогтооход хэрэглэгдэнэ. Хууль дээдлэх ёсны гол шаардлагын нэг нь үндсэн эрхийн хязгаарлалт тохирсон байх явдал бөгөөд шударга ёс бол өргөн агуулгатай ч үүний хамгийн түгээмэл утгын нэг нь тохирсон байх зарчим. Иймээс аливаа арга хэмжээ нь хууль ёсны зорилгодоо хүрэхэд тохирсон байна. Энэ талаар БНМАУ-ын Бага хурлын чуулганы 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаан дээр "…Тодорхой хүний эрх бусад хүмүүсийн мөн тийм эрхээр харьцангуй хэмжигдэн зохицуулагдах нь нийгмийн шударга ёсонд бүрэн нийцнэ" хэмээн хэлж байсан байна. /Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж XII, 2022, тал 636/ Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед туйлын эрхээс бусад үндсэн эрхийг эдлэхэд тавих хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн ашиг сонирхлыг хамгаалахад тохирсон бөгөөд хуулиар тогтоосон байх гэсэн нөхцөлийг хангах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэхүү үзэл санааг Үндсэн хуульд тусгасан байна. /НҮБ-ын Хүний эрхийн төв, 1991, догол 15, 16; Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж VI, 2022, тал 636-637/
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуур тавигддаг. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүнийг түр саатуулж болох хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцох зохицуулалт эдгээр шалгуурыг хангасан байх шаардлагатай:
2.2.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байх бөгөөд уг хязгаарлалт болон зорилго нь хоорондоо уялдаатай байна. Хязгаарлалт нь зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэх буюу чиглэсэн байхыг уялдаатай байх зарчим шаардана. Төрөөс тодорхой зорилгод хүрэхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлоход сонголт хийх өргөн боломжтой боловч тухайн сонголт нь тэрхүү зорилгод хүрэхэд үйлчилж, уялдсан байхын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон нөхцөл, шалгуурт нийцсэн байвал зохино.
Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн түр саатуулах ажиллагаа нь уг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж үзэхээр байх бөгөөд эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тус тус заасны дагуу хууль ёсны зорилго мөн байна. Мөн зүйлийн 26.2 дахь хэсгийн хүнийг түр саатуулж болох 6 цаг хүртэлх хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцох журам нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгод үйлчлэхээр байгаа тул уг зохицуулалт болон зорилго нь хоорондоо уялдаатай байна. Учир нь хүнийг түр саатуулах байранд хүргэх хүртэл тодорхойгүй хугацаагаар болон түр саатуулах байранд хүргэснээс хойш 6 цаг хүртэл хугацаагаар бие махбодын эрх чөлөөг нь хасаж буй учраас тухайн хүний зүгээс гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журмыг болон олон нийтийн аюулгүй байдлыг гажуудуулах бараг боломжгүй болно.
2.2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ зарчим шаардана. Мөн зорилгын үүднээс үндсэн эрхийг хэт өргөн хүрээнд хязгаарлах, үндсэн эрхийн хэрэгжилтийг аль нэг албан тушаалтны үзэмж, дур мэдлээс хэт хамааралтай болгохоос татгалзах бөгөөд хязгаарлалт нь үндсэн эрхийн цөмийг үгүйсгээгүй байх, хуулийн талаарх өөр өөр тайлбаруудаас үндсэн эрхэд илүү нийцсэнийг нь хэрэглэх зэрэг агуулга үүнд хамаарна.
Түр саатуулах байрны тодорхойлолтыг хуульчлаагүйгээс хүнийг хаана хүргэснээс эхлэн түр саатуулсанд тооцох нь тодорхойгүй болж, 6 цагаас илүү урт хугацаагаар эрх чөлөөг нь хасах магадлалтай байна. Гэхдээ түр саатуулах байр гэж юуг ойлгохыг нэг мөр болгож хуульчилсан ч зайлшгүй байх зарчим алдагдахаар байна. Хүнийг түр саатуулах байранд хүргэх хүртэлх хугацаанд ямар ч хязгаарыг хуулиар тогтоогоогүй нь бие махбодын эрх чөлөөний хэрэгжилтийг алба хаагчийн үзэмж, дур мэдлээс хамааралтай болгож, эрх чөлөөг хэт урт хугацаагаар, өргөн хүрээнд хасах эрсдэл үүсгэж байна.
Түр саатуулах нь эрх чөлөөг хасах арга хэмжээ учраас эцсийн арга байх ёстой бөгөөд хүнийг түр саатуулахгүйгээр хууль ёсны зорилгод хүрэх боломжтой бол хүнийг түр саатуулж болохгүй. Хуульд заасан үндэслэл бүрдсэн ч гэсэн түр саатуулах хугацаа нь хамгийн бага байх, хэрэв уул үндэслэл арилбал нэн даруй суллах шаардлагатай. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулахаар заасан бол 26.2 дахь хэсэгт хүнийг тодорхойгүй буюу 6 цагаас илүү урт хугацаагаар саатуулж, бие махбодын эрх чөлөөг нь хасах боломжийг бий болгож өргөтгөсөн байна. Иймд уг зүйлийн 26.2 дахь хэсэг нь эрх чөлөөнд хамгийн бага халдсан зохицуулалт биш учраас дээр дурдсан зорилгод хүрэхэд зайлшгүй байх зарчмыг хангахгүй байна.
2.2.3.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалт нь хууль дээдлэх ёсны үүднээс зөвтгөгдөх боломжтой. Харин зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй.
Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу түр саатуулагдсан хүн бол гэмт хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй байгааг уг харилцааг зохицуулахад анхаарах нь зүйтэй. Уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь гэмт хэрэгт холбогдоогүй байгаа хүнийг тус зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хэт ерөнхий үндэслэлээр 6 цагаас илүү урт хугацаагаар түр саатуулах нь үүний цаана зөрчигдөж буй бие махбодын эрх чөлөөнөөс дээгүүр ашиг сонирхол гэж үзэхээргүй байна.
Нутаг дэвсгэр, суурьшлын бүс, байршил, тээврийн хэрэгсэл, авто замын урт, цаг уурын байдал зэрэг хүчин зүйл нь хүнийг түр саатуулах байр эсхүл цагдаагийн хэлтэс, тасаг, хэсэг рүү хүргэх хугацаанд нөлөөлж болох ч эдгээр хүчин зүйл нь хүний эрх чөлөөг тодорхойгүй буюу урт хугацаанд хасахыг дангаараа зөвтгөх үндэслэл болохгүй. Эрх чөлөөг 6 цагаас илүү урт хугацаагаар хасах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /уг хуулийн 31.4, 31.5, 31.12, 14.9 дүгээр зүйл/-ийн баривчлах, цагдан хорихтой адил түвшний ноцтой, тодорхой үндэслэл шаардлагатай бөгөөд түр саатуулсан 6 цагт багтаж ийм үндэслэл тогтоогдоогүй бол тухайн хүнийг шууд суллах ёстой. Өөрөөр хэлбэл, хүний бие махбодын эрх чөлөөг хасах нь үндсэн эрхэд ноцтой халддаг учраас түүнийг хасах бол зөвхөн адил түвшний тодорхой үндэслэл, нарийвчилсан журам, урвуулан ашиглахаас сэргийлэх хараат бус, төвийг сахисан, бодитой хяналттай байх шаардлагатай.
Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь мөн зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хугацааг тооцох зохицуулалт учраас уул хугацаагаар түр саатуулах үндэслэлийг үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нөхцөл /эрх зүйн тодорхой байдал, дур мэдээгүй байх, тохирсон зарчим/-ийн дагуу нягтлах нь зүйтэй. 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил гаргасан этгээдийг ... захиргааны журмаар албадан саатуулж болно.", 3 дахь хэсэгт "Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар түр саатуулах хугацаа 6 цагаас илүү байж болохгүй." гэж заасан байжээ. Үүний зэрэгцээ 1993 оны Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болохоор зохицуулсан байжээ. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно." гэж тусгасан байсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан /энэ өдрийн 32 дугаар протокол, тал 13-15/ дээр гэмт хэргийн асуудал Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар, захиргааны зөрчил Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус тус зохицуулагдаж байхад албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд түр саатуулна гэх ойлгомжгүй гурав дахь зохицуулалтыг Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслөөр бий болгохоос татгалзах хэрэгтэй, үгүй бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар ноцтой хязгаарлах эрсдэл үүсгэхээр байна гэсэн санал гаргаж байсныг тэмдэглэж байна.
Уг 1993 оны Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дээрх зохицуулалтыг 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт уламжлан тусгасан байх бөгөөд түр саатуулах үндэслэлийг эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцүүлэх шаардлага үүсэж байна. Тухайлбал, тус хэсгийн "гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах" зорилгоор түр саатуулах нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын "... хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар;" саатуулах үндэслэлээс ялгаагүй байна. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хүнийг саатуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг баривчлах үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан байхад Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч "... гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах ..." зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болохоор заасан нь давхардсан шинжтэй байна. Мөн уг зүйлийн 26.1 дэх хэсэгт "... албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох ..." зорилгоор түр саатуулж болохоор заасан ч "албадан саатуулах" гэх ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид байхгүй бөгөөд үүнийг Шинжээчийн дүгнэлтэд ч мөн дурджээ.
Дээрхээс үзэхэд мөн зүйлийн 26.1 дэх хэсгийн үндэслэл бусад хуулийн эрх чөлөөг хасах арга хэмжээний үндэслэлтэй давхацсан шинжтэй, хэт ерөнхий байгаа учраас эрх зүйн тодорхой байдал алдагдаж, цагдаагийн алба хаагч аль хуулийнх нь дагуу эрх чөлөөг хасахаа үзэмжээрээ дур мэдэж шийдвэрлэх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо дахь хүний эрхийг хамгаалсан нарийвчилсан журмаас зайлсхийх зорилгоор түр саатуулах ажиллагааг урвуулан ашиглах эрсдэл үүсгэж байна. Энэ талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо "... эрүүгийн хэрэг үүсгэн яллах зорилгогүйгээр аюулгүй байдлыг хангах үүднээс саатуулах /заримдаа захиргааны журмаар баривчлах, саатуулах гэж нэрлэдэг/ арга хэмжээ авахын хэрээр ийнхүү саатуулах нь дур мэдэн эрх чөлөөг хасах ноцтой эрсдэлтэй" гэж үзсэн бөгөөд "аюулыг арилгах бусад үр дүнтэй арга хэмжээ, тэр дундаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог хэрэглэх боломжтой байхад ийм байдлаар саатуулах нь дур мэдэн саатуулсанд тооцогдох магадлалтай" /Ерөнхий тайлбар №35, догол 15/. Мөн Эмнести Интернэшнлийн дүгнэлт /догол 23/-д "... Тухайн харилцааг зохицуулсан хэд хэдэн эрх зүйн зохицуулалт байгаа тохиолдолд энэ нь онцгой анхаарах асуудал бөгөөд шийдвэр гаргагчдад ижил нөхцөл байдалд аль хуулийг хэрэглэх дээр хувийн үзэмжээр хандах боломж олгодог. Энэ шалтгаанаар ... цагдаагийн алба хаагчдад өргөн эрх мэдэл олгосон түр саатуулах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль алиныг нь зохицуулсан зэрэгцсэн, зөрчилтэй хуулиуд байгаа нь эрх зүйн тодорхой байх зарчмыг зөрчсөн бөгөөд дур мэдэн хандах боломжтой байгаад санаа зовниж байна" гэжээ.
2.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... хууль зүйн туслалцаа авах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ..." эрхтэй гэж заасан. Энэ эрх нь үндсэн эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэх, дур мэдээгүй эсэх, тохирсон байх зарчмыг хангасан эсэх зэргийг шүүхээс тухайн арга хэмжээний өмнө эсхүл дараа хянах гэсэн агуулгыг багтаадаг. Үндсэн эрхэд шүүхийн бус замаар халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг зөрчинө гэж Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 05 дугаар дүгнэлтээр тогтоосон. Үндсэн эрхийн хязгаарлалт шүүхийн хяналтад байх нөхцөл нь бие махбодын эрх чөлөөг хасах хүрээнд нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан, саатуулсан тохиолдлыг даруй шүүх хянах шаардлага, хоёрдугаарт, хууль бусаар эсхүл дур мэдэн эрх чөлөөг нь хассан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхээр хэрэгждэг.
2.3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад туссан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдуулан эрх чөлөөг хассан тохиолдол бүрийг хууль ёсны эсэх асуудлыг шүүхээр даруй хянуулах эрх багтана. Өөрөөр хэлбэл ийнхүү эрх чөлөөгөө хасуулсан хүн энэ асуудлаа шүүхэд даруй шилжүүлж шийдвэрлүүлэх бөгөөд хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эсхүл суллагдах эрхтэй.
Пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Эрүүгийн хэрэгт буруутгагдаж баривчлагдсан эсхүл саатуулагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал саатуулж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно" гэсэн. Иймээс баривчлагдсан эсхүл саатуулагдсан хүн бүрийг шүүгч эсхүл хуулиар шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтны өмнө даруй аваачих шаардлагатай. /НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоол, 2012, догол 18a/ Шүүхийн хяналтыг даруй хэрэгжүүлэх шалтгаан нь баривчлах, саатуулах хууль зүйн үндэслэл хангалттай байгаа эсэхийг хянах, эс бөгөөс суллах, саатуулагдаж буй хүний эсэн мэнд байдлыг хангах, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэв баривчилсан, саатуулсан үндэслэл нь хууль ёсных бол тухайн хүнийг суллах эсэх, ямар болзол, нөхцөлийн үндсэн дээр суллахыг тогтооход орших бөгөөд эрх чөлөөгөө хасуулсан хүн нь энэ ажиллагааны эсрэг гомдол гаргасан эсэхээс үл хамааран тухайн хүн бүрийг шүүхийн өмнө даруй хүргэх үүрэгтэй. /Хүний эрхийн Европын шүүх, 2006, догол 34/
НҮБ-ын Дур мэдэн саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг /2023, догол 35/ Монгол Улсад "Цагдаагийн хэлтэст зөвшөөрөгдсөн 6 цагийн турш албан ёсоор саатуулсан бол тухайн 6 цаг нь 48 цагийн хугацаанд тооцогддоггүй. Бодит байдал дээр дийлэнх тохиолдолд цагдаагийн хэлтэст саатуулах хугацаа нь зөвшөөрөгдсөн дээд хэмжээ буюу 48 цагаас илт давж байсныг ..." онцлон тэмдэглэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 48 цаг хүртэл хугацаагаар баривчлах ажиллагаа нь шүүхийн зөвшөөрөлтэй хийгдэх бөгөөд хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд даруй шүүхээр хянагдахаар зохицуулсан. Гэтэл Цагдаагийн албаны тухай хууль дахь түр саатуулах ажиллагааг хэчнээн урт хугацаагаар үргэлжилсэн ч түүний хууль ёсны үндэслэлтэй эсэхийг шүүхээс заавал хянахгүй, харин 2017 оны Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор хяналт тавихаар заасан. Үүний дагуу түр саатуулах ажиллагаанд прокурорын хяналт хэрэгжиж буй боловч ийнхүү эрх чөлөөг хассан нийт хугацаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь баривчлах хугацаатай адил эсхүл түүнээс урт хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд үүнд шүүхийн хяналт тухайн хүн гомдол гаргасан эсэхээс үл хамааран зайлшгүй хэрэгжих учиртай. Эрх чөлөөг хасахад прокурор хяналт тавьж болох ч эрх чөлөөг хасах тохиолдол бүрийг хууль ёсны эсэхэд тавих хараат бус, бодитой, төвийг сахисан шүүхийн хяналттай үүнийг адилтгах боломжгүй. НҮБ-ын Хүний эрхийн хороо /1996, догол 11.3/ хүнийг эрүүгийн хэрэгт буруутгагдаж баривчилсан, саатуулсан нь хууль ёсны эсэхийг тодорхойлоход прокурорыг "шүүн таслах эрх хэмжээ олгогдсон албан тушаалтан" шиг төвийг сахиж, бодитой хандах институт биш гэж үзсэн байна.
2.3.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасны дагуу баривчлах, саатуулах зэргээр эрх чөлөөгөө хасуулсан хэн ч уг арга хэмжээ хууль ёсны эсэхийг хянуулахаар шүүхэд гомдол гаргах, уг шүүх хуралдаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, хууль бусаар баривчлагдаж эсхүл саатуулагдаж хохирсон бол хохирлоо нөхөн төлүүлэх зэрэг эрхтэй. Шүүх гомдлын дагуу уг арга хэмжээг хойшлуулшгүйгээр хянаж, эрх чөлөөг нь дур мэдэн эсхүл хууль бусаар хассан бол суллах шийдвэрийг гаргана. Түүнчлэн Пактын 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баривчлагдсан эсхүл саатуулагдсан хүн бүр ийнхүү саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр хойшлуулшгүйгээр тогтоолгох, хууль бусаар саатуулагдсан бол суллуулах шийдвэр гаргуулах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу "Хууль бусаар баривчлагдаж эсхүл саатуулагдаж хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй" болно.
Саатуулагдсан нь хууль ёсны эсэхийг хянуулахаар шүүхэд гомдол гаргах эрх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баривчлах, цагдан хорих төдийгүй захиргааны журмаар саатуулах /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн саатуулах, Цагдаагийн албаны тухай хуулийн түр саатуулах/ зэрэг эрх чөлөөг хасах бүх тохиолдолд хэрэгжинэ. /Ерөнхий тайлбар №35, догол 40; НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоол, 2010, догол 4(d)-(e)/ Хууль бусаар саатуулсан эсэхийг хянуулахаар гомдол гаргах эрх нь баривчлагдсан мөчөөс үйлчлэх бөгөөд ийнхүү гомдол гаргах эрхээ эдлэхийг урт хугацаагаар хязгаарлаж болохгүй. Зарчмын хувьд саатуулагдсан этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцох бөгөөд ялангуяа хууль бусаар саатуулагдсан, зүй бусаар харьцсан эсэх асуудлыг хянан хэлэлцэхэд биеэр оролцоно. /Ерөнхий тайлбар №35, догол 39/ Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт "Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй." гэж хуульчилсан. Гэвч түр саатуулагдсан нь хууль ёсны эсэхийг хянуулахаар шүүхэд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, хууль бусаар саатуулагдсаны улмаас үүссэн хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх зэрэг эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан журамлаж хуульчлаагүй, уул гомдлыг шүүх хойшлуулшгүйгээр шийдвэрлэх талаар тусгаагүй байна.
3.Иргэний мэдээлэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн улмаас түр саатуулахтай холбоотой "журмын шинжтэй зохицуулалт" хүнийг түр саатуулах байранд хүргэхээс өмнө үүссэн харилцаанд хамаарахгүй байна гэжээ. Түр саатуулах журмын салшгүй хэсэг нь тухайн түр саатуулагдсан хүний зайлшгүй эдлэх эрх тул энэ хүрээнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг болон баталгаатай эдлэх эрхийг мэдэгдэх, зүй бус хандлагаас ангид байх эрхийг эдлүүлэх зэрэг нэмэлт нөхцөлийг хангах нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ. Иймд Цагдаагийн албаны тухай хуулиар хүнийг түр саатуулах тохиолдолд эдгээр нөхцөлийг бүрэн хангах учиртай.
3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ..." гэж заасан. Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед "Үүнийг ерөөсөө баривчлах үедээ л мэдэгдэх ёстой. Яагаад гэвэл баривчлангуутаа өмгөөлөгч авах эрхтэй хүн. Хуульд заасан хугацаа гэвэл ер нь их осолтой, хэдий ч хэлж болох хэдий болтол нууж болох ийм юм байна. Тийм учраас баривчлах үедээ л мэдэгдэх учиртай, өөрт нь мэдэгдэх учиртай, түүнээсээ үндэслээд өмгөөлөгч авах ёстой." гэж тайлбарлаж байжээ. /Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж VII, 2022, тал 120/
Пактын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ." гэж заасан. Энэ заалтаар баривчлах болсон үндэслэлийг баривчлах үед тухайн хүнд мэдэгдэх болон өөрийг нь буруутгаж буй эрүүгийн хэргийн талаар даруй мэдэгдэх ёстой. Эхний шаардлага нь эрх чөлөөг хасах бүрт үндэслэлийг нь мэдэгдэх гэсэн өргөн агуулгатай бөгөөд уг шаардлага нь баривчлах ажиллагааг албан ёсоор эсхүл албан бусаар явуулсан эсэхээс, түүний тулгуурласан үндэслэл нь хууль ёсны эсхүл зохисгүй байсан эсэхээс үл хамааран үйлчилнэ. /Ерөнхий тайлбар №35, догол 24/
Төр баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүнд баривчлах үед нь ойлгогдохоор мэдэгдэх үүрэгтэй. Эрх чөлөөг нь хасаж байгаа шалтгаан, үндэслэлийг тухайн хүн мэдсэнээр өөрийг нь баривчлах, саатуулах нь хууль бус, үндэслэлгүй хэмээн үзвэл энэ тухай гомдол гаргах боломжтой болох бөгөөд үүний зорилго нь "баривчилсан үндэслэлийг хүчин төгөлдөр бус эсхүл үндэслэлгүй гэж үзвэл суллагдах боломжийг тухайн хүнд олгоход оршино" /Ерөнхий тайлбар №35, догол 25/. Баривчлах, саатуулах үндэслэл болсон хуулийн заалтыг болон ийнхүү баривчлах, саатуулахад хүргэсэн гол үйл баримтыг ойлгомжтой тайлбарлах шаардлагатай. Мэдэгдэх ажиллагааг баривчилгаатай зэрэгцүүлэн гүйцэтгэх боловч зарим тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаар мэдэгдэх боломжгүй байж болно. Тухайлбал, Монгол хэл мэдэхгүй эсхүл хөгжлийн бэрхшээлийн улмаас мэдэгдлийг ойлгож чадахгүй хүнийг баривчлах үед орчуулагч, хэлмэрч байхгүй бол түүнийг баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэхийг хойшлуулж болох ч аль болох богино хугацаанд шалтгаан, үндэслэлийг орчуулагч, хэлмэрчээр дамжуулан тухайн хүнд мэдэгдэх шаардлагатай. Насанд хүрээгүй хүнийг баривчлах үед баривчилсан шалтгаан, үндэслэлийг түүний эцэг эх, асран хамгаалагч эсхүл хууль ёсны төлөөлөгчид мөн мэдэгдэнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "Цагдаагийн алба хаагч нь ... хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж ..." гэж ерөнхий заасан ч хэзээ мэдэгдэх тухай, ялангуяа түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг түр саатуулах үед нь мэдэгдэх талаар тусгайлан хуульчлаагүй учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт болон Пактын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Түр саатуулах явцад гардаг хүний эрхийн зөрчил нь ихэвчлэн иргэдэд үндэслэл, шалтгаанаа тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөөгүйгээс шалтгаалдаг талаар Шинжээчийн дүгнэлтэд тэмдэглэжээ.
Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь нэн даруй мэдэгдэх нь тухайн хүнд хууль зүйн туслалцаа авах болон бусад эрхээ эдлэх бололцоог олгож буй хэрэг мөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ." гэж заасан ч эдгээр хүмүүст юуг мэдэгдэх тухай, тухайлбал түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэх тухай тодорхой үүрэгжүүлээгүй байх бөгөөд хуралдаанд бэлтгэх явцад цуглуулсан баримтад энэ зохицуулалтын хэрэгжилтийн талаарх мэдээлэл байхгүй байна.
3.2.Хүн үндсэн эрхээ эдлэхийн тулд эдгээр эрхийг эдлэх баталгаа байгаа гэдгийг мэдсэн байх шаардлагатай учраас баривчлагдсан эсхүл саатуулагдсан хүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалтаар баталгаажсан эрх, тухайлбал баривчилсан шалтгаан, үндэслэлийг гэр бүлийнхэн болон өмгөөлөгчдөө мэдэгдэх, тэдгээртэй холбоо тогтоох; баривчилсан эсхүл саатуулсан нь хууль зөрчсөн эсхүл дур мэдсэн эсэхийг шүүхээр хянуулах; өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, төлбөрийн чадваргүй бол үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах; өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх; гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх; зүй бус хандсан эсхүл эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг баталгаатай эдэлнэ гэдгийг нь баривчлах /саатуулах/ үед нь буюу нэн даруй ойлгомжтойгоор мэдэгдэх шаардлагатай. Эдгээр эрхийг ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд тухайн хүний өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлэхээс татгалзах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ.
Баривчлагдаж, саатуулагдсан байгаа хүн бүрт эдлэх эрхийг нь мэдэгдэх, эдгээр эрхээ хэрхэн эдлэх талаар тайлбарлаж өгөх ёстой. /НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо, 2008, догол 13; НҮБ-ын зарчмын цогц, Зарчим 13, 14/ Тодруулбал баривчлагдсан, саатуулагдсан хүнд гуравдагч этгээдэд мэдэгдэх эрх /НҮБ-ын зарчмын цогц, Зарчим 16/; хууль зүйн туслалцаа авах эрх, өөрөө сонгосон эсхүл томилогдсон өмгөөлөгчөөс зөвлөгөө авах /НҮБ-ын зарчмын цогц, Зарчим 17(1)/; эмнэлгийн тусламж авах эрх /НҮБ-ын зарчмын цогц, Зарчим 24/; саатуулах нь хууль ёсны эсэхийг хянуулах эрх /Пактын 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/; өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх эрх /НҮБ-ын Хүний эрхийн хороо, 2008, догол 14; 2009, догол 11; НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо, 2003, догол 220 (e)/; зүй бус харьцсан, эсхүл ийм нөхцөл байдлын талаар гомдол гаргах /Ерөнхий тайлбар №35, догол 42/ эрхийг баталгаатай эдэлнэ гэж баривчлах /саатуулах/ үед нь эсхүл нэн даруй мэдэгдэх ёстой. Эрхийг нь мэдэгдэхээс гадна гэр бүлийнхэн болон өмгөөлөгчтэй холбоо тогтоох, эмчээс эмнэлгийн тусламж авах зэрэг суурь баталгааг саатуулагдсан хүнд бүрэн эдлүүлбэл зохино. /НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо, 2022, догол 58-59/
Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "Цагдаагийн алба хаагч нь ... авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй." гэжээ. Энэ хэсэгт эдлэх эрхийг тайлбарлаж өгөхөөр зохицуулсан ч уг арга хэмжээг хэзээ хэрэгжүүлэхийг хуульчлаагүй учраас түр саатуулагдсан хүн дээр дурдсан эрхийг баталгаатай эдэлнэ гэдгийг нь баривчлах /саатуулах/ үед нь буюу нэн даруй ойлгомжтойгоор мэдэгдэх шаардлага хангагдсан гэж үзэхээргүй байна.
Мөн уг зохицуулалтад баривчилсан /саатуулсан/ шалтгаан, үндэслэлийг гэр бүлийнхэн болон өмгөөлөгчдөө мэдэгдэх, тэдгээртэй холбоо тогтоох, баривчилсан эсхүл саатуулсан нь хууль зөрчсөн эсхүл дур мэдсэн эсэхийг шүүхээр хянуулах, гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, зүй бус хандсан эсхүл эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг мэдэгдэх талаар тодорхой тусгаагүй байгааг тэмдэглэж байна. Шинжээчийн дүгнэлтэд түр саатуулагдсан иргэн эрхээ мэдэхгүй, мөн ямар нэгэн хуулийн заалт, тайлбаргүйгээр цагдаагийн хэсэг дээр байлгадаг тохиолдлууд гардаг гэжээ.
3.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "... Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ..." гэж зааж, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хамгаалсан. Мөн Пактын 7 дугаар зүйлд "Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй." гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг нь хүндэтгэнэ." гэж тус тус заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно." гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.12 дахь заалтад "гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх;"-ийг цагдаагийн алба хаагчид хориглон зохицуулжээ.
4.Энэ дүгнэлтэд ашигласан зарим нэр томьёог нэг мөр хэрэглээгүйн улмаас эрх зүйн алдаатай үр дагавар үүсгэх магадлалтай байна. Тухайлбал Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлүүлсэн эмхэтгэл /2015, тал 9, 24/ дотор "arrest"-ийг Тунхаглалын болон Пактын 9 дүгээр зүйлд "баривчлах" гэж буулгасан /энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад буй "баривчлах"-тай адил ойлголт/ бол "detention"-ийг Тунхаглалын 9 дүгээр зүйлд "саатуулах", Пактын 9 дүгээр зүйлд "цагдан хорих" гэж өөрөөр орчуулжээ. Пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг дэх "Anyone arrested or detained on a criminal charge …" гэдгийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Хүний эрхийн Үндэсний Комиссын эмхэтгэл /2015, тал 24-25/-д "Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг ..." гэж "саатуулсан" гэдэг ойлголтыг орхигдуулсан бол Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс хэвлүүлсэн эмхэтгэл /1993, тал 12/-д "Эрүүгийн хэргээр баривчлагдсан буюу саатагдсан хүн бүрийг ..." гэж эрүүгийн хэрэгт буруутгагдсан гэх агуулга гээгдсэн байна. Иймээс Тунхаглал, Пакт болон Монгол Улсын олон улсын бусад гэрээ дэх нэг ойлголтыг нэг нэр томьёогоор буулгаж жигдрүүлэх, Монгол бичвэрийг цаад агуулгад нь дүйцүүлж шинэчлэх хэрэгтэйг тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байх үед уг төслийн "хорих" гэдгийг "detention" гэж англи руу орчуулж байсан байна. /НҮБ-ын Хүний эрхийн төв, 1991, догол 54; Эмнести Интернэшнл, 1991, тал 6/ Гэвч Тунхаглал, Пакт болон олон улсын хүний эрхийн бусад баримт бичиг дэх уг ойлголтыг орчуулж буй чиг хандлагын дагуу энэ дүгнэлтэд "саатуулах" гэдэг нэр томьёог хэрэглэсэн болно.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтэд "the principle of proportionality"-ыг "тохирсон байх зарчим" гэж нэрлэсэн учраас энэ дүгнэлтэд адил нэр томьёог хэрэглэсэн. Өмнө нь Үндсэн хуулийн цэц энэ ойлголтыг "хэмжээ хэтрээгүй байх зарчим" /2005 оны 06 дугаар дүгнэлт, 01 дүгээр тогтоол; 2020 оны 03 дугаар дүгнэлт/, "тэнцвэрийн зарчим" /2023 оны 03 дугаар дүгнэлт/ гэж тус тус нэрлэж байжээ. Уул зарчмыг дурдаагүй ч агуулгаар нь хэрэглэсэн шийдвэр олон гарсныг дурдаж байна. Тухайлбал, ажил хаях эрхийг хэт өргөн хүрээнд хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 02 дугаар дүгнэлтээр шийдвэрлэжээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан цагдаагийн алба хаагчийн зүгээс хэрэгжүүлэх түр саатуулах ажиллагаа нь хүний бие махбодын эрх чөлөөг хасдаг тул түүнийг явуулах үндэслэл, журам нь тодорхой хуульчлагдсан, тохирсон, шүүхийн хяналтад байх шаардлагатай. Гэтэл түр саатуулах буюу хүний эрх чөлөөг хасахтай холбогдсон асуудлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын баталсан хэм хэмжээний акт /журам/-аар зохицуулж байгаа нь үндсэн эрхийг зөвхөн хуульд тодорхой заасан үндэслэл, журмаар хязгаарлах Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн мөн зүйлийн 26.2 дахь хэсгээр цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулах байранд хүргэх хүртэл хэчнээн ч урт хугацаа зарцуулж, түр саатуулах байр гэдэгт өөр өөр агуулгыг ойлгож болох тодорхойгүй байдлыг үүсгэж, түр саатуулах ажиллагааг үзэмжээрээ буюу дур мэдэн явуулах эрсдэлтэй байна. Тодруулбал тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуур тавигддаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүнийг түр саатуулж болох хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцох зохицуулалт нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгод үйлчлэхээр /уялдаатай/ байх боловч бие махбодын эрх чөлөөг хэт урт хугацаагаар, өргөн хүрээнд хасах боломж олгосон нь үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээ биш байх бөгөөд улмаар зайлшгүй байх зарчим хангагдаагүй байна. Мөн зүйлийн 26.2 дахь хэсэг нь гэмт хэрэгт холбогдоогүй байгаа хүнийг тус зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хэт ерөнхий үндэслэлээр 6 цагаас илүү урт хугацаагаар түр саатуулах нь үүний цаана зөрчигдөж буй бие махбодын эрх чөлөөнөөс дээгүүр ашиг сонирхол гэж үзэхээргүй байх тул тэнцвэрийн зарчимд нийцэхгүй байна. Иймд тус зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар баталгаажсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хүлээсэн үүргээ төр биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Түр саатуулах ажиллагааг хуулиар зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эрх чөлөөг хасах бусад ажиллагаа /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүнийг баривчлах, цагдан хорих/-тай адил түвшний тодорхой үндэслэл, нарийвчилсан журам, төвийг сахисан, бодитой хяналтаар хэрэгжихээр хуульчлагдсан байх учиртай. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу хүнийг түр саатуулж эрх чөлөөг нь хасахдаа эрх зүйн тодорхой байдлыг болон тохирсон байх зарчмыг алдагдуулж, цагдаагийн алба хаагч уг ажиллагааг хэт ерөнхий үндэслэлээр явуулахаар хуульчилсан нь үзэмжээрээ буюу дур мэдэн хэрэгжүүлэх эрсдэл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн үндэслэл бусад хуулийн эрх чөлөөг хасах арга хэмжээний үндэслэлтэй давхацсан шинжтэй, хэт ерөнхий байгаа учраас эрх зүйн тодорхой байдал алдагдаж, цагдаагийн алба хаагч аль хуулийнх нь дагуу эрх чөлөөг хасахаа үзэмжээрээ дур мэдэж шийдвэрлэх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо дахь хүний эрхийг хамгаалсан нарийвчилсан журмаас зайлсхийх зорилгоор түр саатуулах ажиллагааг урвуулан ашиглах боломжтой байна. Түүнчлэн түр саатуулах ажиллагаанд шүүхийн хяналт үр нөлөөтэй хэрэгжихээргүй байх бөгөөд одоогийн хяналтын тогтолцоо нь төвийг сахисан, бодитой байх шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал уг хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан ч түр саатуулагдсан нь хууль ёсны эсэхийг хянуулахаар шүүхэд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, хууль бусаар саатуулагдсаны улмаас үүссэн хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх зэрэг эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан журамлаж хуульчлаагүй, уул гомдлыг шүүх хойшлуулшгүйгээр шийдвэрлэх талаар тусгаагүй байна. Мөн саатуулагдсан хүнд холбогдох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх нарийвчилсан зохицуулалт хуульчлаагүй байна. Тодруулбал уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэхээр ерөнхий заасан ч хэзээ мэдэгдэх тухай, ялангуяа түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг түр саатуулах үед нь мэдэгдэх талаар тусгайлан хуульчлаагүй байх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэхээр заасан ч эдгээр хүмүүст юуг мэдэгдэх тухай, тухайлбал түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэх тухай тодорхой үүрэгжүүлээгүй байна. Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт цагдаагийн алба хаагч нь авсан арга хэмжээтэй холбогдон хүнд өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй гэж заасан ч хэзээ тайлбарлаж өгөхийг хуульчлаагүй учраас эдгээр эрхийг баталгаатай эдэлнэ гэдгийг нь саатуулах үед нь буюу нэн даруй тухайн хүнд ойлгомжтойгоор мэдэгдэх шаардлага хангагдаагүй байх бөгөөд саатуулсан шалтгаан, үндэслэлийг гэр бүлийнхэн болон өмгөөлөгчдөө мэдэгдэх, тэдгээртэй холбоо тогтоох, баривчилсан эсхүл саатуулсан нь хууль зөрчсөн эсхүл дур мэдсэн эсэхийг шүүхээр хянуулах, гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, зүй бус хандсан эсхүл эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг мэдэгдэх талаар тодорхой тусгаагүй байна. Иймээс Цагдаагийн албаны тухай хуулийн түр саатуулах зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимд харшилсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
1.Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчсөн байна.
2.Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ГИШҮҮД Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Текст томруулах
A
A
A