A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2.Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" хөдөлгөөнийг өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр:

а/хөнгөн үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

б/үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2024 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

в/малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;

г/Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

д/малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж байгаа урамшууллыг дүгнэж, үр дүнд суурилсан, зах зээлийн зарчимд нийцүүлэхэд чиглүүлэх;

е/дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулахад шаардлагатай стандарт, техникийн зохицуулалтыг батлан хэрэгжүүлэх.

2/Түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих чиглэлээр:

а/малыг эрүүлжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи бүхий дотоодын вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал вакцинжуулах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тогтолцоог сайжруулах;

б/улс, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйл ажиллагааг уялдуулан, стандартын шаардлага хангасан өндөр хүчин чадалтай бүсийн мал эмнэлгийн лаборатори байгуулж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах;

в/бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан хөдөө аж ахуйн тэргүүлэх бүсүүдэд дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын тайван бүсийн үзүүлэлтийг тогтоож, тогтвортой хадгалах;

г/малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалах, түүхий эд бэлтгэлийн нэг цэгийн зохион байгуулалтыг бий болгож, нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

д/түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлж, гарал үүсэл, чанар нь баталгаaжсан түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, экспортлохыг дэмжих;

е/түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг стандартын дагуу түүхий эд бэлтгэхэд чадавхжуулах, мэргэшүүлэх.

3/Үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр:

а/түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд татвар, зээлийн хүүгийн бодлогоор дэмжлэг үзүүлэх;

б/олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүсийн онцлогт тулгуурласан үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад чиглүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

в/эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн бодлогоор дэмжиж, үндэсний үйлдвэрүүдийг олон улсын томоохон үзэсгэлэнд тогтмол оролцоход дэмжлэг үзүүлэх;

г/байгаль орчин, мал амьтанд ээлтэй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

д/нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй, шинэ, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчинд эерэг нөлөөтэй, зохистой дадал, стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг ногоон санхүүжилтэд хамруулах, арга туршлагыг нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулах;

е/үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, байгаль орчинд ээлтэй тогтолцооны болон зохистой дадлын стандартын хэрэгжүүлэлт, баталгаажуулалт зэрэг үйлдвэрлэлийн хөгжил, дэвшлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;

ж/"Цагаан алт" хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийг түүхий эдийн нөөцийн зохистой харьцааг хангасан, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэлд түлхүү чиглүүлэх;

з/малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг газар зүйн заалтаар тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай бараа, бүтээгдэхүүнийг гадаад улсын газар зүйн заалтад бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх.

4/Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр:

а/үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/ болон сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулах;

б/гадаадын өндөр хөгжилтэй оронд инженер, техникийн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрт хамруулах;

в/бүсийн үйлдвэрлэлийн чиглэлтэй уялдуулан салбарын хүний нөөцийг коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургах, нарийн мэргэжлийн ажилтнуудыг дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцахад дэмжлэг үзүүлэх;

г/Улаанбаатар хотоос орон нутгийн хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллахаар шилжин суурьших иргэдийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах;

д/үндэсний ажил мэргэжлийн стандарт ба цалин хөлсний бодлогыг боловсруулах, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хүн төвтэй зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх Тарифын хэлэлцээр боловсруулж, хэрэгжүүлэх.

3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг "Цагаан алт" хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээтэй уялдуулан ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган, хэрэгжилт, үр дүнг Монгол Улсын Их Хуралд жил бүр танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Г.Ганболд/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР