- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хот байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 76
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хот байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт нийслэлийн дагуул хот "Хүннү" хотыг байгуулсугай.
/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
2.Хүннү хотын эдэлбэр газрын хэмжээг 31501.3 га-аар тогтоож, эдэлбэр газрын хил заагийг хавсралтаар баталсугай.
/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
3."Хүннү" хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Х.Нямбаатар/-т тус тус даалгасугай.
/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны "Хот байгуулах тухай" 55 дугаар тогтоолын 1 дэх заалтын ""Шинэ Зуунмод" болон "Майдар" хотыг" гэснийг "Майдар хотыг" гэж, мөн заалтын "олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх" гэснийг "эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх" гэж, мөн тогтоолын 2 дахь заалтын ""Шинэ Зуунмод" болон "Майдар" хотуудыг" гэснийг ""Майдар" хотыг" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
