A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 81

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

2/Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах;

3/Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх, төслүүдийн хүрээнд үүссэн хөрөнгийн өмчлөл, эргэн төлөлтийн харилцааг тодорхой болгох;

4/санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, үе шаттайгаар хөгжүүлэх;

5/зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зээлийн хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал зэрэг урсгал зарлагыг цаашид санхүүжүүлэхгүй байх чиглэлийг баримтлах;

6/Засгийн газраас гадаад зээлийн гэрээ байгуулахдаа эдийн засгийг дэмжсэн байх, үр ашигтай байх, дунд хугацааны хөгжлийн бодлого, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний баримт бичигт тусгасан байх шалгуурыг баримтлах;

7/гадаад өр, төрийн нийт өрийн олон улсын нэгдсэн бүртгэл стандарт, аргачлалыг нэвтрүүлж, холбогдох дэд бүтэц, мэдээллийн системийг сайжруулах.

2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР