A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.4, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих, зорчигчдын ая тухтай аялах орчныг бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар олон улс, улсын чанартай авто зам дагуу аймаг, нийслэл, суманд ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах газрын байршлын жагсаалт, солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан байршилд эзэмшүүлэх газрыг аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлэх ажлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), аймаг, сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор олон улс, улсын чанартай авто зам дагуух шатахуун түгээх станцын нийтийн бие засах газрыг байгальд ээлтэй, эко байхаар холбогдох стандартад нийцүүлэн шинэчлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэл, ногоон зээлийн хүрээнд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгасугай.

4.Олон улс, улсын чанартай авто зам дагуу ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэгийн цэвэрлэгээ, арчлалт, хог хаягдлын асуудлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Олон улс, улсын чанартай авто зам дагуу ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолбор барих, түр буудаллах цэг байгуулахад шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ