A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын харилцааг зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт даалгасугай.

2.Төрийн байгууллага өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, үүнтэй холбогдсон гомдлыг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан авч, зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцож байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Монгол Улсын иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтийг цахим хэлбэрээр төрийн үйлчилгээний "ХУРДАН" цэг болон киоск машинаар дамжуулан олгох боломжийг судалж, зохих арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан), Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар (П.Батбаатар)-т тус тус үүрэг болгосугай.

4.Төрийн байгууллага хоорондоо төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад албан бичгийг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг ашиглаж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

5. "Журам, загвар, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар"-т "Тайлбар: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас төрийн үйлчилгээний (ТҮЦ) болон киоск машинаар олгох лавлагаа, тодорхойлолт нь А4 (210х297мм), А5 (148х210мм), (80х297мм), эсхүл (56х297мм) хэмжээтэй байна." гэж нэмсүгэй.

6.Энэ тогтоолын 5 дахь заалттай уялдуулан Монгол Улсын MNS 5140-3:2021 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Стандарт, хэмжил зүйн газар (С.Батбаатар)-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ