A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийг, олон улсын тээвэр логистик, аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ, аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилгоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийг байгуулахаар тогтсугай.

2."Агро-сити" эдийн засгийн тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээг 9,000 га-аар тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралт ёсоор баталсугай.

3."Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн газар нутгийн хэмжээ, эдэлбэр газрын байршил, хил заагийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нягтлан үзэж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т тус тус даалгасугай.

4.Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт тус тус даалгасугай.

5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ДЭЛГЭРСАЙХАН