A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

"НИЙСЛЭЛ ХОТЫН УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ"

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг нэмэгдүүлэх, нөөцийг хуримтлуулах, зүй зохистой ашиглах, хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг гуравдугаар хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталж шинэчлэн тогтоосугай.

2.Усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааг "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын дагуу зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг газрын удирдлагын систем, улсын усны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хилийн заагийн солбицлын жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д даалгасугай.

4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН