A

A

A

Бүлэг: 1979

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн

143 тоот тогтоолын хавсралт

 

 

Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага

(Интернэтийн үйлчилгээнд)

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Энэхүү баримт бичгээр харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн интернэтийн үйлчилгээ (цаашид "интернэтийн үйлчилгээ[1]" гэх) эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтооно.

1.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчид интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 тоотоор батлагдсан Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, үндэсний стандарт, норматив баримт бичиг болон Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх)-ноос баталсан журам, нөхцөл, шаардлага болон энэхүү баримт бичгийн хүрээнд гаргасан Зохицуулах хорооны холбогдох шийдвэрийг дагаж мөрдөнө.

1.3.Интернэтийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлнэ.

1.4.Интернэтийн үйлчилгээ гэж утастай, утасгүй[2] болон хиймэл дагуулын технологиор хэрэглэгчид гэрээний үндсэн дээр интернэт холболтын боломжийг бүрдүүлж, интернэтийн сүлжээнд холбох үйлчилгээг ойлгоно.

 

ХОЁР. ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИХ НИЙТЛЭГ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

2.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний нөхцөл, шаардлагын 4.2-т заасны дагуу улс хоорондын сүлжээ байгуулж, интернэтийн бөөний урсгал нийлүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сүлжээнд "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ын дагуу холбогдож, интернэтийн урсгал түрээслэнэ.  

2.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын интернэтийн дундын холболтын төвд холбогдох бөгөөд ингэхдээ "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам" болон Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.14.г дэхь интернетийн дундын холболтын журмыг баримталж, гэрээ байгуулан ажиллана.

2.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний чанарыг сайжруулах, сүлжээ болон үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор интернэтийн дундын холболтын төвтэй 2-р түвшинд[3] холболт үүсгэнэ.

2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн дундын холболтын төвөөр дамжиж буй хэрэглэгчийн урсгалд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй.

2.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу Зохицуулах хорооноос зарласан Монгол Улсын хууль зөрчсөн домэйн нэр, серверийн АйПи[4] хаягийг технологийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд хязгаарлана.

2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусдын дуу, дүрс дамжуулалттай холбоотой үйлчилгээг дамжуулахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд интернэт хурдны болон бусад хязгаарлалт хийхгүй.

2.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний нөхцөл, шаардлагын 4.1 дэхь заалтын дагуу сүлжээний үйлчилгээ эрхлэх зорилгоор харилцаа холбооны сүлжээ байгуулахгүй, харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээсэлнэ. Сүлжээ байгуулах тохиолдолд зөвхөн өөрийн үйлчилгээгээ хүргэх зорилгоор хот суурин газрын сүлжээ байгуулж болно.

2.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн үйлчилгээний үнэ тарифаа Зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу тогтоож, олон нийтэд ил тод мэдээлнэ.

 

ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

 

3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шугам, сүлжээтэй холбоотой дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

3.1.1.техникийн өрөө нь тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйлчилгээнд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн техникийн нөхцөлд заагдсан орчны шаардлага, үндэсний стандарт, олон улсын стандарт болон Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын 4.4 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;

3.1.2.үндсэн техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгааны хоёроос доошгүй эх үүсвэрт холбогдсон байх бөгөөд нөөц зай тэжээлийн эх үүсвэрийг зохион байгуулсан байх;

3.1.3.улс хоорондын сүлжээ байгуулж, интернэтийн бөөний урсгал нийлүүлэх эрх бүхий этгээдтэй холбогдож байгаа үндсэн замчлагч төхөөрөмж[5] нь хэрэглэгчийн интернэтийн үйлчилгээний чанарт тавигдах үндэсний болон олон улсын стандарт, шаардлагыг[6] хангахуйц холболттой байх;

3.1.4.Зохицуулах хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн нэгдсэн серверээр дамжуулан Монгол Улсын эталон цагтай холбогдож, эталон цагийг ашиглах;

3.1.5.домэйн нэрийн системүүд[7] болон сүлжээний хамгаалалтын төхөөрөмжүүдэд[8] www.black-list.mn домэйн нэрд харгалзах АйПи хаягаас ирэх домэйн нэрийн асуулга хүсэлтийг зөвшөөрөх, хариулах боломжийг бүрдүүлэх;

3.1.6.интернэт урсгалын ачааллыг үйлчилгээний төрлөөр ангилах боломжийг бүрдүүлэх[9] сервертэй байх бөгөөд холбогдох мэдээллээр Зохицуулах хороог хангаж ажиллах;

3.1.7.техник, тоног төхөөрөмж шинээр суурилуулах, өргөтгөх, шилжүүлэх, технологийн шинэчлэл хийхдээ Зохицуулах хороо болон хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх.

3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн үйлчилгээний тасалдалгүй, найдвартай ажиллагаатай холбоотой дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

3.2.1.сүлжээний удирдлага, хяналтын нэгдсэн систем, өөрийн үйлчилгээ хүргэж буй сүлжээний топологийг бүрэн хамруулсан програм хангамжтай байх ба сүлжээ, үйлчилгээний чанарт байнгын хэмжилт хийж, тогтмол хяналт тавьж ажиллах;  

3.2.2.үндсэн болон нөөц техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд хэмжих, шалгах, тухайн техник, тоног төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийж, бүртгэл хөтлөх;

3.2.3.техникийн үзлэг, хэмжилт хийх, гэмтэл саатлын үед ажиллах журамтай байх;

3.2.4.хяналтын нэгдсэн системийн мэдээллийг 6 сарын хугацаагаанд хадгалах;

3.2.5.үндсэн серверүүд (домэйн нэр[10], төлбөр тооцоо, танин баталгаажуулж холболт хийх[11] гэх мэт)-ийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах ба кибер халдлагын талаарх мэдээллийг хагас жил тутам Зохицуулах хороо болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд ирүүлэх;

3.2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу насанд хүрэгчдэд зориулсан контент (+18)-д хандах хандалтыг хязгаарлах системийн эсвэл програм хангамжийн үйлчилгээтэй байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон өөрийн цахим хуудсаар дамжуулан иргэдэд санал болгож мэдээлдэг байх.

3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн сүлжээний хаягжилт, түүний зохион байгуулалттай холбоотой  дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

3.3.1.АйПи хаягийн 4 болон 6-р хувилбарыг хослуулан ашиглах[12] техникийн боломжийг бүрдүүлсэн байна. Хэрэглэгчийн төхөөрөмжийг АйПи хаягийн 6 дугаар хувилбарыг дэмжин ажилладаг төхөөрөмжөөр шинэчлэх ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

3.3.2.интернэтийн үйлчилгээнд гадаад АйПи (IPv4) хаягийг хамгийн ихдээ 20 хэрэглэгчийн дунд нэг байхаар зохион байгуулах;

3.3.3.интернэтийн үйлчилгээнд гадаад АйПи хаягийн 4 болон 6-р хувилбарыг хослуулан ашиглах Дуал Стак технологийг нэвтрүүлсэн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд нэг гадаад АйПи хаягийг хамгийн ихдээ 100 хэрэглэгчийн дунд нэг байхаар зохион байгуулж болно;

3.3.4.хэрэглэгчийн интернэт үйлчилгээнд АйПи хаягийн хувиргалт[13] ашиглах тохиолдолд хэрэглэгчийн нэг удаагийн холболт дахь бүх хандалт нэг гадаад АйПи хаягаар дамжсан байх боломжийг бүрдүүлэх бөгөөд харгалзах /гадаад, дотоод/ хаягуудын мэдээллийг нэг жилийн хугацаанд хадгалах;

3.3.5.Интернэтийн порт (TCP,UDP)-ыг интернэтийн дугаар олгох байгууллага[14]-с албан ёсоор тогтоон хуваарилсан жагсаалтыг баримтлан нээлттэй байлгах.

3.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос шаардсаны дагуу өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх сүлжээний бүтэц, бусад сүлжээ, системтэй холбогдсон байдал, техникийн үзүүлэлт, интернэт сүлжээний серверийн холболт, хаягжилтын талаарх дараах мэдээллийг жилд нэг удаа ирүүлнэ. Үүнд:

3.4.1.Сүлжээний бүтцийн зураглал;

3.4.2.Системийн мэдээлэл, техникийн үзүүлэлт;

3.4.3.Бусад сүлжээ, системтэй холбогдсон байдал, техникийн үзүүлэлт;

3.4.4.AПНИК (APNIC)-ээс авсан АйПи (IP) хаягийн блок болон ЭйЭс (AS) дугаар;

3.4.5.Үндсэн (DNS) домэйн нэрийн серверийн IP хаяг;

3.4.6.Эталон цагт холбогдсон байдал;

3.4.7.Кэйш (cache) серверүүдийн ашиглалтын мэдээлэл (тоо, зориулалт);

3.4.8.Бусад үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн шууд холболтын (Peer-to-peer) мэдээлэл.

 

3.5.Хэрэглэгчийг интернэт сүлжээнд хиймэл дагуулын технологиор холбох тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 3.4.4, 3.4.6, 3.4.7, 5.2, 5.6 дахь заалтууд, утасгүй технологиор[15] холбох тохиолдолд энэхүү нөхцөл шаардлагын 3.3.2, 3.3.3, 3.3.4, 5.2 дахь заалтууд тус тус хамаарахгүй.

 

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА

 

4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн интернэтийн үйлчилгээнд зориулсан цахим хуудастай байна.

4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний нөхцөл, шаардлага, гэрээ, үнэ тарифын талаарх мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр боловсруулж, өөрийн цахим хуудас болон боломжит бусад сувгуудаар мэдээлнэ.

4.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн интернэтийн үйлчилгээнд ашиглах хэрэглэгчийн төхөөрөмж нь Монгол Улсаас олон улс, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэгтэй байна.

4.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндэсний болон олон улсын стандарт, баталгаажилтын шаардлага хангахгүй төгсгөлийн төхөөрөмжийг холбох, түүнийг ашиглан үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

4.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг борлуулах, ашиглалтын заавар зөвлөмж, мэдээллээр хэрэглэгчийг тогтмол хангаж ажиллана. IPTV буюу гуравласан үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хэрэглэгчийн төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх цэг ажиллуулна. 

4.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчээс интернэтийн үйлчилгээтэй холбоотой гомдол, санал хүлээж авах, шийдвэрлэх журамтай байх ба гомдол маргааныг үл ялгаварлах, шуурхай байдлаар шийдвэрлэнэ.

 

ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

 

5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн чанар, урсгалын хурдыг хянахад зориулж интернэтийн чанарыг шалгах арга зам, зөвлөмжийг өөрийн цахим хуудсанд байршуулна.

5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байршиж байгаа контентийн урсгал (цахим хуудас, цахим шуудан, файл хостинг, клауд, видео стриминг, төрийн үйлчилгээ гэх мэт хэрэглээ)-д хурдны хязгаарлалтгүй холбох бөгөөд гадаад урсгалд хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заасан хурдаар холбоно.

5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндэсний стандарт, олон улсын интернэтийн чанарын шаардлагыг тогтоосон стандарт болон Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээний чанарыг хянахтай холбогдуулан гаргасан зохицуулалтыг мөрдөнө.

5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн гэрээлсэн хурдны хэмжээ оргил ачааллын цагаар хамгийн багадаа 75 хувиас багагүй байхаар ачааллын хэмжээг тооцоолж, зохион байгуулна. Үйлчилгээний чанарт байнгын хяналт тавих боломжоор Зохицуулах хороог хангана.

5.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийт хэрэглэгчийн гадаад интернэт урсгалын хэрэглээний хэмжээг 10-аас доошгүй хувийн нөөцтэй байхаар тооцож харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээсэлнэ. Интернэтийн урсгалын хэрэглээний хэмжээ нөөцөөс хэтэрсэн тохиолдолд урсгалын хэмжээг хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана.

5.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улаанбаатар хотод 50 Mбит/сек, аймгийн төвд 10 Mбит/сек ба түүнээс дээш гадаад интернэтийн урсгалыг түрээсэлнэ. (Сум суурин газарт дээрх нөхцөл хамаарахгүй)

 

ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ

 

6.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна[16].

6.2.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед хэрэглэгчийг шилжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

 

 

--- о0о ---

 

 

1

 

 

 

 


 

[1] Интернэтийн үйлчилгээ гэж утастай, утасгүй (WiFi, mobile radio access гм) болон хиймэл дагуулын технологиор хэрэглэгчид гэрээний үндсэн дээр интернэт холболтын боломжийг бүрдүүлж, интернэтийн сүлжээнд холбох үйлчилгээг ойлгоно.

 

 

[2] Үүрэн холбооны 3G, 4G/LTE технологи, утасгүй сүлжээний WiFi технологи

 

 

[3] Layer 2 of the OSI network model

 

 

[4] IP – internet protocol

 

 

[5] router

 

 

[6] QoE- quality of experience

 

 

[7] Domain name systems

 

 

[8] Firewall

 

 

[9] коллектор сервер буюу системүүдийн лог хадгалах

 

 

[10] Domain name system

 

 

[11] PPPoE - Point-to-Point Protocol over Ethernet

 

 

[12] IPv4 and IPv6 Dual Stack

 

 

[13] NAT

 

 

[14] IANA - Internet Assigned Numbers Authority

 

 

[15] Үүрэн холбооны 3G, 4G/LTE технологи, утасгүй сүлжээний WiFi технологи

 

 

[16] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 23-р зүйл