A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2."Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон тоог 40-өөс илүүгүй байхаар тооцон зохион байгуулалтын бүтцийг баталж, гүйцэтгэх захирлыг томилон, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн) С.Амарсайханд даалгасугай.

3."Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны санхүүжилтийг 2024 оны хувьд батлагдсан төсвийн багцаасаа, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.

4."Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, холбогдох судалгааг хийхэд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН