A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.5, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт, "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Төрийн өмчийн их, дээд сургуулийн харьяа өөрийн удирдлагаас сургалтын төлбөр тогтоосон ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлыг төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын хувьсах зардлаар тооцож олгох, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын 2024 онд хуваарилагдах нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, цаашид улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт, "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамааран өсөн нэмэгдэх итгэлцүүр"-ийг 3 дугаар хавсралт, "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Тухайн хичээлийн жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ачаалал, орон нутгийн хүн амын тоо, газар зүйн байршил, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан суурь судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт үндэслэн сургалтын байгууллагын бүтцийг оновчтой хэлбэрээр шинэчлэн тогтоож, анги, бүлэг дүүргэлтийг холбогдох норм, стандартад нийцүүлэн зохион байгуулах, төсвийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг суралцагчийн тоо, барилгын хүчин чадалтай уялдуулан тогтоож, батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын хэмжээ, итгэлцүүр, журам батлах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН